Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 0241

 

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос И овгийн Б.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 06109 0052 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            И овгийн Б.А , Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” ХХК-д дампын оператор ажилтай, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ....дүгээр гудамжны ...... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ....., урьд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

             Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага .... дүгээр гудамжны ....тоотод Б.Н тэй “хоёр хүүхдээ авч явна” гэж маргалдаж улмаар гараар болон галын дэгээ төмрөөр зодож, эрүүл мэндэд “дагзны хуйхны шарх, цус хуралт, баруун гарын бугалга, шууны цус хуралт, баруун далны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Их Монгол овгийн Б.А  нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага .... дүгээр гудамжны ....тоотод хохирогч Б.Н тэй “хоёр хүүхдээ авч явна” гэж маргалдан гараараа болон галын дэгээ төмрөөр зодож, түүний бие махбодод “...дагзны хуйхны шарх, цус хуралт, баруун гарын бугалга, шууны цус хуралт, баруун далны цус хуралт, зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Иргэн Б.Н ээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...манай эгчийн нөхөр А  намайг зодсон…” гэсэн гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 6 дугаар хуудас);

3. Хохирогч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн эгч 3 хүүхдийнхээ хамт 2019 оны 08 дугаар сарын сүүлээс эхэлж манайд амьдарч эхэлсэн бөгөөд нөхөр Б.А тай гэр бүлийн маргаанаас болж салсан байсан. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны орой 20 цаг өнгөрч байхад хүргэн ах А  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирсэн. Тэгээд "хоёр хүүхдээ аваад явна” гээд байхаар нь “харанхуйд яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь А  ах намайг алгадаад, галын дэгээ төмөр газраас аваад толгой, нуруу хэсэг рүү шууд цохиод эхэлсэн бөгөөд би арай гэж салаад гэрээс гарч зугтаагаад гаднаас хаалгаа түгжчихээд цагдаад дуудлага өгсөн. Миний биед учирсан гэмтлүүдийг хүргэн ах А  гар болон галын дэгээ төмрөөр цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13707 дугаартай: “...Б.Н ийн биед дагзны хуйхны шарх, цус хуралт, баруун гарын бугалга, шууны цус хуралт, баруун далны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэвтэр гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 20-21 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч Б.А  нь 2019 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө эрүүлжүүлэгдсэн тухай “...согтуурлын зэрэг 2 хувь...” гэсэн баримт (хх-ийн 59-63 дугаар хуудас), эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хх-ийн 52-55 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 30 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 38-40 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..Би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Драгон төв дээр найз М , Б , З  нартай хамт архи ууж байсан, нэлээн согтсон байсан болохоор ямар үйлдэл хийснээ мэдэхгүй байна. Нэг мэдсэн цагдаа нар намайг эрүүлжүүлэх байр луу аваад явж байсан бөгөөд намайг Н ийн гэрт агсам согтуу тавьсан дуудлагын дагуу авч явж байна гэж хэлсэн. Би өөрөө хийсэн үйлдлээ санахгүй байгаа. Манай 6 настай хүүхэд Т  “надад та Н  эгчийг зодсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Н ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.А ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Н ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Н  нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.А ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.А  нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирогчид төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг галын дэгээ төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж байгаа. Мөн хохирогчид нөхөн төлбөргүй. Гэр бүлийн хүн болох эхнэр нь ажилгүй гэртээ хүүхдүүдээ асардаг бөгөөд бага насны 3 хүүхэдтэй. Иймд шүүгдэгчийн амьдрал ахуй, хувийн байдал, гэр бүлээ ганцаараа тэжээж байгаа зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оноож өгөхийг хүсье. Мөн оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх боломжтойгоор тогтоож өгнө үү...” гэв.

Улсын яллагч нэмэлт тайлбартаа: “...өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэх нэмэлт тайлбар байхгүй...” гэв.

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний бага насны хүүхэдтэй, гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг хувийн байдал, өмгөөлөгчийн санал, улсын яллагчийн нэмэлт тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээнд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг галын дэгээ төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.И овгийн Б.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А т оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.А т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг галын дэгээ төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА