Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 0249

 

     Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч А.Тунгалагтуяа,  шүүгдэгч З.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д  овгийн З.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05110 0186 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Д  овгийн З.Ц , Монгол Улсын иргэн, 1997 оны 08 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “....” ХХК-д ачигч ажилтай, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ...дугаар хороолол, ... байрны .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ......, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Ц  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ..... зуслангийн байранд 2019 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 03 цагийн орчим иргэн В.М ыг “эхнэр Н тай маргалдлаа” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал, доод уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Д  овгийн З.Ц  нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 03 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ..... зуслангийн байранд “эхнэр Н тай маргалдлаа” гэх шалтгааны улмаас иргэн В.М ыг зодож, түүний бие махбодод “нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал, доод уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч З.Ц ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн..” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч В.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 сарын 28-ны өдөр эхнэр Б , найз  М , Э , Н , Ц  нарын хамт СХД-ийн 21 дүгээр хороо .....од найз Н гийн аавын зуслангийн байшинд  М гийн төрсөн өдрийг тэмдэглэхээр 22 цагийн орчимд очсон. Бид хоол хийж идээд, авчирсан дарс, шар айргаа хувааж уугаад Б , Н ,  М  нар нэг залуугийн талаар яриад байхаар нь би дундуур нь орж эхнэр Б д чи тэр залуутай үерхэж байсан юм уу гэж хэлэхэд эхнэр Б  уурлаад “юу гээд байгаад юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “тоглоомоор хэлж байхад чи үхсэндээ уурлаад байгаа юм бэ” гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан. Би шар айраг уусан болохоор дотор муухай оргиод гарч ороод байсан. Намайг 2 давхарт байж байхад доор унтах гэж байсан хүмүүс ямар ядаргаатай юм бэ хүүхэд унтуулахгүй чимээ гаргаад байна гэхээр би тагтаар буух гээд зүүгдэж байхад Ц  хараад эхнэрт очиж хэлээд байсан. Намайг байшинд ороход Н  ядаргаатай юм бэ зайлаад өгөөч гэж хэлэхээр нь би “дуугүй байгаарай, гөлөг минь” гэсэн чинь Ц  “эхнэрийг маань юу гээд байна аа” гэж хэлээд гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон. Миний урд шүд хөдлөөд байхаар нь шүлс, цусаа шалан дээр хаясан. Тэгээд бид тэндээс гарч гэр гэртээ харьсан. Н г дуугүй байгаарай гөлөг минь гэж хэлснээс болж Ц  уурлаад миний нүүр лүү цохисон. Гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас);

- Хохирогч В.М ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би Туж мишээл нэртэй шүдний эмнэлэгт шүдний зураг авхуулсан 159,000 төгрөгийн баримт байгаа, өөр баримт байхгүй. Миний нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал, доод уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал гэмтлийг Ц  гараараа цохиж учруулсан. Би хаалгыг эвдээгүй намайг гарахад онгорхой байсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас);

3. Гэрч Н.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 09 сарын 28-ны өдөр нөхөр Ц ,  М , Э , М , Б  нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтэд байдаг аавын зуслангийн байшинд  М гийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. М  Б г ....д янхан байсан биз дээ гээд маргалдсан. Бид нар унтах гэж байхад М  2 давхарт холхиод чимээ гаргаад байхаар нь бид нарыг амраахгүй хүүхэд айлгаад байх юм “зайлаад яваад өгөөч" гэж хэлэхэд М  “хуцаад бай чамд хамаагүй гөлөг минь“ гэсэн. Манай нөхөр Ц  дундуур орж ирээд салгахдаа нүүр лүү нь гараараа түлхэхэд амнаасаа гарсан цус, шүлсээ гэрт хаяад цусаа нүүрэндээ арчаад байсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас);

4. Гэрч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б , М  хоёр хоорондоо маргалдаад байсан. Н  М ыг яасан ядаргаатай юм бэ зайлаач гөлөг гэхэд М  хэрэлдээд байсан. Ц  эхнэр хэл амаар доромжиллоо гээд гараараа нүүрийг нь түлхсэн. Энэ үед М ын амнаас цус гарсан, М  шүлс, цусаа энд тэндгүй нялаад байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас);

5. Гэрч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н  ямар ядаргаатай юм бэ хүүхэд унтуулахгүй гэж уурласнаас маргаан үүссэн. Ц  эхнэр юу гээд байна гээд нүүр лүү нь гараараа цохисон. Нөхөр М ын амнаас цус гараад шүд хугалчихлаа гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас);

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 сарын 09-ны өдрийн 11910 дугаартай шинжээчийн: “...В.М ын биед нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал, доод уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэсэн дүгнэлт (хх-ийн 27 дугаар хуудас);

7. Шүүгдэгч З.Ц ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 59 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 82 дугаар хуудас);

8. Шүүгдэгч З.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би түлхэхдээ гэмтэл учруулсан, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Ц  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч В.М а нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч В.М ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч З.Ц ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч В.М ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч З.Ц ийн гэмт хэрэг үйлдсэн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.

Иймд шүүгдэгч З.Ц ийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнээд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг. 

            Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч З.Ц ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч В.М а нь эмчилгээний зардалд 650,000 төгрөг авсан, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч З.Ц ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч З.Ц  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч З.Ц ид оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн хуульд заасан хугацаанд гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Д  овгийн З.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц ид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц ид оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч З.Ц ид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Ц ид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА