Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 0274

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Н.Уранбайгаль, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г , шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б  овгийн Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01337 0566 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Б  овгийн Б.О , Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “.....” ХХК-нд дуудлагын жолооч ажилтай, ам бүл гурав, өвөө, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн .... дугаар гудамж, ..... тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ......, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.О  нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Цэргийн ангийн автобусны буудлын замд “....“ ХХК-ийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 39 настай, эмэгтэй Б.М ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б  овгийн Б.О  нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Цэргийн ангийн автобусны буудлын замд ертөнцийн зүгээр зүүн хойноос баруун урагш чиглэлд “Амар Екоммерс“ ХХК-ийн эзэмшлийн “Toyota” загварын “Prius-30” маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж, явган зорчигч 39 настай, эмэгтэй Б.М ыг мөргөж, түүний бие махбодод “умдаг ясны баруун, зүүн салаа, баруун доод салааны хоёрлосон зөрөөтэй хугарал, зүүн суудал ясны хугарал, ууцны баруун латералл массын шахагдсан хугарал, хугарлуудын түвшин дэх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тахилзуур ясны дээд, доод 1/3-ийн зөрүү багатай далд хугарал, үүдэн дээд гурван шүдний сулрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаанд зулгаралт, хоёр гарын сарвуунд зулгаралт, цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.О ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойш манай охин зээл авах гэсэн юм, та надтай хамт яваад өгөөч гэж дуудсан. Зээл авсан газар нь Саппоро дээр байдаг. Бид зээлээ авах гэж нэлээн оройтоод 21 цаг өнгөрч байхад охины гэрт очсон. Тэгээд орой 23 цаг болох гэж байхад манай охин хүүтэйгээ намайг таксинд суулгаж өгсөн. Буцаад гэр рүүгээ явж байгаад машинд мөргүүлсэн байсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад над руу залгаж болсон явдлын талаар хэлж, гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэж хэлсэн. Миний охин одоогийн байдлаар 3 сар 12 хоног хэвтэж байна. Өчигдөр давтан зургийг нь авхуулсан. Манай охин сүүлийн сар гаруйн хугацаанд ямар ч эмчилгээ хийлгээгүй, эм тариа хэрэглээгүй. Өвчтөний карт дээр нь “эмчилгээ хэвээр” гэж бичээтэй байгаа. Бид нар мөнгөгүй байгаа учраас эмчилгээгээ хийлгэж чадаагүй. Шүүгдэгч шинэ он гарснаас хойш уулзаж, ярихаа больсон. Эмчилгээ хийлгэхгүй бол саажилт явагдаж эхэлнэ. Саажилт явагдаж эхэлбэл өмдөндөө сул бие засдаг болно гэж хэлсэн. Бид 8,065,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд тэргэнцрийн мөнгө 265,000 төгрөг, 3 сар гэртээ ажилгүй байсан хугацааны орлого 4,500,000 төгрөг, зээлийн 1,500,000 төгрөг, хугарсан шүдний эмчилгээний зардал 1,800,000 төгрөг зэрэг багтаж байгаа...” гэсэн мэдүүлэг;

3. Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэргийн ангийн автобусны буудлын замд гарсан Тоёота Приус маркийн ... дугаарын автомашин явган зорчигчийг мөргөсөн гэх ослын газарт очиход Тоёота Приус автомашин ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай зогсож байв. Автомашиныг “.....” ХХК-ны дуудлагын жолооч О д гэгч нь жолоодож явсан байна. Явган зорчигчийг анх мөргөсөн гэх цэгийг жолоочоор болон хохирогчтой хамт явсан хүүхдээр заалгаж А үсгээр тэмдэглэв. Хүн унасан гэх цэгийг цус мэт зүйлээр бохирлогдсон цэгээр тогтоож, Б үсгээр тэмдэглэж авсан. Зам орчин нь асфальтан хучилттай, суурины доторх, хөдөлгөөнтэй, гэрэлтүүлэгтэй, шулуун тэгш,...зохицуулдаггүй, тусгаарлах зурвасгүй, эсрэг хөдөлгөөнтэй, 4 эгнээ зорчих хэсэг байв. Явганы хүний гарцын өргөн 5 м, автомашины урд талын салхины шил хагарсан, өөр гэмтэлгүй байв. Автомашинд тоормосны мөр үлдээгүй байв...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 3-4 дүгээр хуудас);

4. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-9 дүгээр хуудас);

5. Хохирогч Б М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний шөнийн 23 цаг өнгөрч байх үед би Цэргийн ангийн автобусны буудлаас буюу замын урд талаас ээжийгээ таксинд суулгаж өгөөд буцаад урдаас хойшоо чиглэлд явган хуний гарцаар 9 настай төрсөн хүү болох Г.Г  хамт гарч явах үед манай хүүхэд түрүүлж гүйгээд би араас нь явж байх үед автомашин ирж мөргөсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Сэрэх үед уруулд оёдол тавьсан, зураг авсан байсан. Явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд гарсан. Мөнгөн гүүр эмнэлэгт 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 12 хоног хэвтэж байна. Жолооч эмнэлэгт хэвтүүлж, эмнэлгийн бүх зардал болон зургийн бүх мөнгийг төлж байна. Одоогоор надаас гарсан зардал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-18-р хуудас);

6. Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Босож чадахгүй байнга өвчин намдаах эм, тариа хэрэглэж байна. Ослоос хойш байнгын хэвтэрт байна. О д нь эмнэлэгт хэвтүүлж өгсөн, шаардлагатай бүх эм тариаг авч өгч байна. Надаас одоогоор эмчилгээнд зориулсан эм тарианы мөнгө гараагүй. Гомдолтой байна. Цаашид шүд хийлгэх зардал болон 6 сарын дараа дахин олон төрлийн зураг авхуулах, тэргэнцэр дээр явах, таяг тулах зэрэгт мөнгө шаардлагатай байна. Би хувиараа хүүхдийн гутал хийдэг байсан түүнийгээ хийж чадахгүй болохоор амьдрал хэцүү байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 124-125 дугаар хуудас);

7. Иргэний хариуцагч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зам тээврийн осол гарсан талаар манай жолооч хэлсэн. Яг ослын газарт юу болсон талаар мэдэхгүй. Жолоочийн хэлснээр мэдээлэл авсан. О д нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажилд орно гээд хүсэлт гаргаж анкет бөглөж өгөөд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс ажилд орсон. Манай байгууллагын дотоод журмын дагуу жолоочоор ажиллах хүний ур чадварыг шалгах зорилгоор Т.Приус маркийн автомашиныг унуулж үзүүлээд мөн ажиллаж байсан өмнөх ажлын туршлага, 3-аас дээш жил тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг үзүүлэлтийг нь харгалзан үзэж ажилд авсан. Тэр өдрөөс хойш 7 хоногт 1-2 хоног амарч хуваарийн дагуу ажиллаж байсан. Тухайн хэрэг гарах өдрийн өмнөх өдөр мөн амарсан байсан. Ямар нэгэн ядарсан зүйл ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39 дүгээр хуудас);

8. Иргэний нэхэмжлэгч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 23 цагийн үед дуудлагын жолооч дуудаад жолооч Б.О  гэх хүнээр Зүүн салаанаас Тоёота Приус маркийн ... дугаарын тээврийн хэрэгслийг жолоодуулан Хилчин хотхоны шатахуун түгээх станц орох гээд явж байх үед цэргийн ангийн автобусны буудлын явган хүний гарц дээр хүн мөргөсөн. Буугаад очтол эмэгтэй хүн газарт хэвтэж байсан Энэ автомашин нь “Амар Екоммерс” ХХК-ийн эзэмшлийн миний ажилдаа унадаг 3 жилийн гэрээтэй автомашин юм, гэрээ дуусаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авах ёстой. Урд салхины шил хагарсан байсан, өөр гэмтэлгүй. Үнэлгээгээр гарсан 140,000 төгрөгөө авч цаашид санал гомдолгүй болсон,  нэхэмжлэх зүйл байхгүй, автомашинаа засуулж авсан. Засвар үйлчилгээгээ би өөрөө хариуцах ёстой, байгууллагад ямар нэгэн хамааралгүй автомашин юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас);

9. “Амар Екоммерс” ХХК-ийн: “...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Амар Екоммерс” ХХК-ийн хөрөнгө мөн болно. 028 дугаартай хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Б.Г  нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, оношилгоог бүрэн хариуцахаар гэрээлсэн нь үнэн болохыг тодорхойлж байна...” гэсэн албан тоот (хх-ийн 44 дүгээр хуудас);

10. Гэрч Б Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой найз Г ийн хамт зүүн салаанд байдаг айлд очоод 2.5 литрийн пиво хоёрыг дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд дуудлагын жолооч дуудаж машинаа бариулж Хилчин хотхон орох гээд явж байх үед цэргийн ангийн автобусны буудлын зүүн талын явган хүний гарц дээр хүн мөргөсөн. Манай найз Г  “хөөе наана чинь хүн” гэж хэлэх үед мөргөх чимээ гарсан. Тэгээд зогсоод буугаад очтол мөргүүлсэн хүний амнаас цус гарч байсан. Жолооч биеийг нь асуугаад түргэн, цагдаа дуудсан. Би жолоочийн эсрэг талын арын суудалд сууж явсан. Гэрлэн дохиогүй зам байсан, замын гулгаа гайгүй байсан. Жолоочийн эсрэг талын урд буфер хэсгээр мөргөсөн. Урд салхины шилэнд мөргөгдөж шил хагарсан. Явган зорчигч 1 жаахан хүүхэдтэй хамт явж байсан, гэхдээ хүүхдийг мөргөөгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50 дугаар хуудас);

11. Гэрч Т.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яг мөргүүлж байхыг хараагүй. Би дэлгүүртээ байж байтал 3 хүүхэд уйлаад дэлгүүрт ороод ирсэн. Яасан бэ гэтэл “ээж машинд мөргүүлчихлээ” гэхээр нь гараад хартал М  зам дээр хэвтэж байсан. Явган хүний гарцаас баруун тийш шидэгдсэн байсан. Бие нь муу байх шиг байсан, ямар ч дуугүй, нэлээд цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59-60 дугаар хуудас);

12. Шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн 1545 дугаартай: “...Б.М ын биед умдаг ясны баруун, зүүн салаа, баруун доод салааны хоёрлосон зөрөөтэй хугарал, зүүн суудал ясны хугарал, ууцны баруун латералл массын шахагдсан хугарал, хугарлуудын түвшин дэх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тахилзуур ясны дээд, доод 1/3-ийн зөрүү багатай далд хугарал, үүдэн дээд гурван шүдний сулрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух. зүүн шанаанд зулгаралт, хоёр гарын сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 74-75 дугаар хуудас);

13. "Хас үнэлгээ" ХХК-ны гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “Toyota Prius" маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн- салхины шил урд /приус-20/ - нийт дүн 140,000 төгрөг...” гэсэн тайлан (хх-ийн 81 дүгээр хуудас);

14. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Л.Г ийн гаргасан: “...Тоёота Приус маркийн ....улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 85 дугаар хуудас);

15. Шүүгдэгч Б.О ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 110 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 112 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52 дугаар хуудас);

16. Шүүгдэгч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний оройн 20 цаг 00 минутын үед 25 дугаар эмийн санд байрлах “Итгэлт Сервис” ХХК-ийн байранд очиж ажлын зааварчилга авч дуудлагын жолоочийн ажил эрхлэхээр ажилдаа гарсан. Эхлээд 21 цагийн үед дуудлага авч 22 цагийн үед дуудлага буулгасан. 23 цагийн үед манай оператор зүүн салааны эцэст нэг дуудлага ирлээ гэсэн. Би үйлчлүүлэгчийн 99631327 дугаарын утсаар холбогдож зүүн салааны эцсийн Одонтын 6 дугаар гудамжнаас очиж Т.Приус маркийн ....дугаарын тээврийн хэрэгслийг жолоодон Халдварт орохоор явж байсан. Баянхошууны тойрог дээр явж байгаад Хилчин хотхоны М-Ойл ШТС-с түлш хийнэ гээд баруун эргэж Хилчин хотхон руу явж байгаад Цэргийн ангийн автобусны буудлын зүүн талын явган хүний гарц дээр хүн мөргөсөн. Тухайн үед зүүнээс баруун тийш чиглэлд явж байх үед гэнэт замын урдаас буюу зүүн гар талаас хүүхэд зам гарахаар гүйгээд ороод ирсэн. Араас нь ээж нь явж байсан. Би тоормос гишгээд гулгаад ээжийг нь мөргөсөн. Миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Эмчилгээний зардалд 3,000,000 орчим төгрөг өгөөд байгаа. Хохирогчид чадах чинээгээрээ хохирлыг нь барагдуулна гэж бодож байна. Би гаргасан алдаагаа ухамсарлаж байна. Зам тээврийн осол хэрэг анхаарал болгоомж алдах ганц хоромд л гардаг юм байна. Зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндийг хохироосондоо маш их харамсаж, гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 106-107 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Харин энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, жолооч болон явган зорчигчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх гэж хууль хэрэглээний асуулт тавьсан, шинжээч уг асуултын дагуу хэрэглэх хууль тогтоомжийн заалтыг шууд зааж хариулсан байх тул хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтийн 1 болон 3 дахь хариултыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хууль тогтоомжийг хэрэглэхэд шаардлагатай тусгай мэдлэг гэдэг нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухайд техникийн бүрэн бүтэн байдал, зогсоох арга хэмжээ, тээврийн хэрэгслийн хурд, замын нөхцөл, тэмдэг, тэмдэглэгээний бүрэн бүтэн байдал, жолоочийн эрүүл мэнд зэрэг хууль зүйн арга хэрэгслээр тогтоох боломжгүй нөхцөл байдал байх бөгөөд бусад (байгалийн) шинжлэх ухааны үүднээс үндэслэл бүхий гаргаж өгсөн мэдээллийг хэлнэ.

Харин хууль хэрэглэх эрх бүхий албан тушаалтан тусгай мэдлэгийн хүрээнд гаргаж өгсөн мэдээлэл болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харьцуулан үнэлсний үндсэн дээр ямар хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хууль зүйн шинжлэх ухааны үүднээс дүгнэлт өгөх учиртай бөгөөд энэхүү ажиллагааг шинжээчид даалгахыг 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан хориглосныг нэг мөр хэрэгжүүлэх нь зүйтэй.

Жишээ нь, энэ хэргийн тухайд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд тодорхойлуулах хууль зүйн шаардлага огт алга. Харин тээврийн хэрэгслийн хурд, бүрэн бүтэн байдал, замын нөхцөл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байж болохоор бол энэ талаар хэрэгцээтэй мэдээллээ шинжээчээс асуух нь зүйн хэрэг.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.М ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.О ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаншинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.О  нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О  нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 3,654,820 төгрөг  төлсөн байх бөгөөд шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн эмчилгээний зардлын 19,150 төгрөгийн болон хохирогч Б.М ын хэрэг гарсан өдөр авсан зээлийн үндсэн төлбөр болох 1,500,000 төгрөг, нийт 1,519,150 төгрөгийг шүүгдэгч Б.О оос гаргуулан хохирогч Б.М т олгуулах, хохирогч Б.М  нь цалин хөлстэй адилтгах орлого болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд шүүгдэгч Б.О  нь шүүхээс тогтоосон 1,519,150 төгрөгийг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан 28 ширхэг буюу 3,324,820 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч Б.О ын В, С ангиллын 998066 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх саналтай байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээ гэмшиж байна гэдгээ өөрийн биеэр илэрхийлсэн. Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэл хүнд хохирол, хор уршиг учирсан. Үүнийг шүүгдэгч ч сайн ойлгосон. Мөн хохирогчид цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө бүрэн илэрхийлсэн. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Ер нь анхнаасаа өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг хэрэг гарсан цагаас эхлэн төлж байсан. Шүүгдэгч нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Авто тээврийн хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг гэдгийг шүүх харгалзан үзээсэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

            Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх нэмэлт дүгнэлтдээ: “...Анхны саналаа дэмжиж байгаа боловч шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг, мөн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хохирол болон бусад төлбөрийг төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал байгаа учраас өмгөөлөгчөөс гаргасан тэнсэж өгнө үү гэснийг татгалзах зүйлгүй. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргах байх...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “тэнсэх” гэсэн ойлголтыг хууль зүйн агуулгаар нь багцлан тодорхойлсон зүйл, хэсэг бөгөөд хууль тогтоогч 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад илүү нарийвчилсан зохицуулалт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тусгай ангид заасан ялын хэмжээнээс хамааран хэрхэн заагтай авч үзэхийг, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнээс салгах боломжгүй болохыг хэрэглээнийх нь хувьд тусгайлан хуульчилсан.

Тодруулбал, эрүүгийн хариуцлага нь ял болон албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүх зөвхөн ял тэнсэх шийдвэр гаргавал хууль зүйн хувьд эрүүгийн хариуцлагын асуудал огт шийдвэрлэгдэхгүй үлдэх тул өмгөөлөгчөөс гаргасан “...тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Б.О  нь хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул тухайн зүйл, заалтыг журамлаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” хэмээн хуульчилсан тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, гэмт этгээдээр цаашид гарах хор уршгийг бодитойгоор нөхөн төлүүлэх боломжийг нээлттэй үлдээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангахад тал бүрээс нь харгалзан үзэх ёстой. 

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын хохирогчийн эрхийг сэргээх, гэмт этгээдийг нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ хэмээн дүгнэв.

Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэлээ.

Шүүгдэгч Б.О  нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөсөн тул улсын яллагчийн санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хэмжээг зохих хэмжээгээр нэмэгдүүлсэн болохыг дурдах нь зүйн хэрэг.  

Шүүгдэгч Б.О од тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг санууллаа.

Шүүгдэгч Б.О од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний 998066 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд шилжүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овгийн Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О од тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Б.О од тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.М  нь цалин хөлстэй адилтгах орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний 998066 дугаартай B, C ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

           

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА