Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 72

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Ц.Амаржаргал                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                  Прокурор                            Э.Энхбат

Хохирогч                               М.Мөнхтулга

Түүний өмгөөлөгч                Х.Даваасүрэн

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 08 дугаар сарын  09-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч М.Мөнхтулгын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Нэргүйн Ууганбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718020076 дугаартай, 149/2017/0087/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1981 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ганцаараа Байнхонгор аймаг 7 дугаар хорооны 9 дүгээр гудамж 3 тоотод албан ёсны хаягтай, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг Сургуулийн 54 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Нэргүйн Ууганбаатар /Регистрийн дугаар: ВЮ81031117/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Н.Ууганбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх Мандал сумын төвөөс 30км зайд орших газарт тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалж авч явсан. Мөн 2017 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх газарт тэсэрч дэлбэрэх бодисыг “Шижир-Оргил” нөхөрлөлийн босоо аманд дэлбэлж ашиглахдаа “Шижир хишиг” нөхөрлөлийн хэвтээ аманд гар аргаар алт олборлож байсан иргэн М.Мөнхтулгын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Н.Ууганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 08 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 88 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нэргүйн Ууганбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар зүйлчилж,

-Н.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Н.Ууганбаатарт 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял тус тус хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Н.Ууганбаатард оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялд нь багтааж нийт эдлэх ялд нь 03 жилийн хугацаагар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ууганбаатарт оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид  эдлүүлэхээр тогтоож,

-Энэ хэрэгт хохирол төлөгдсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжин ирээгүйг дурдан,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 08 ширхэг чулууг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах, мөн эмульс гэх бодисыг зохих байгууллагад нь шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч цаашид эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Н.Ууганбаатараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Н.Ууганбаатарт оногдуулсан 03 жилийн хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Н.Ууганбаатарт хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь цагдаагийн хэлтэст даалгаж,   

-Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Ууганбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч М.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...“Шижир-Оргил” ЗБН-ийн ахлагч Батсайхан, Ганбат нар нь Ууганбаатарт тэсэлгээ хийх зөвшөөрөл олгосны үндсэн дээр хууль бус аргаар зөвшөөрөлгүй, анхааралгагүй тэсэлгээ хийж иргэн М.Мөнхтулгад хүнд гэмтэл учруулсныг Эрүүгийн хуулийн 97.1-р зүйлчилсэн нь буруу хууль бусаар тэсэлгээ хийснийг Уртбаяр, Далайжаргал, Батмөнх, Чингис, Батбаатар, Мягмардорж, Дарханбаяр нарын мэдүүлгээр тогтоогдсон.

“Шижир хишиг” ЗБН-ийн ахлагч Туяа нь нөхөрлөлийн ажилчдад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөгүй, хамгаалах хувцас хангаагүй ажилд гаргасан буруутай. Бүх хариуцлагыг хариуцах ёстой байтал хэргийг Прокурорын зүгээс буруу тусгаарласан. “Шижир-Оргил”, “Шижир хишиг” ЗБН-үүдийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирогч Мөнхтулга миний бие тархины хүнд хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж групп тогтоолгосон. Эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадвараа алдсандаа гомдолтой байна. Эхнэр 2 хүүхдийн хамт ээжийндээ амьдардаг. Гэм хор учруулсны хохиролд 6.025.000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирол бүрэн төлөгдөөгүй, төлөгдсөн мэт тогтоолд дурьдсан нь үндэслэлгүй. Хариуцлага хүлээх ёстой Батсайхан, Ганбат, Туяа нар хавтаст хэргийн 123 хуудаст заасанчлан Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийн 1.2-т зааснаар учирсан хохирлыг ажил олгогч хариуцна гэж заасны дагуу “Шижир-Оргил”, “Шижир хишиг” ЗБН-ийн удирдлага, ахлагч нар хариуцах ёстой. 2009 оны 5 сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолын 5.1 – учирсан хохирол хариуцах этгээд, 6.1-т хохирлын хэмжээ, Иргэний хуулийн 229.1-т бодит хохирол, олох ёстой байсан орлого, 6.2-т гэм хорыг арилгах, Иргэний хуулийн 228, 228.3, 228.6, 505, 506-т зааснаар хохирлыг арилгуулах хэргийг бүх талаас нь нягталж бүрэн гүйцэд шалгаагүй, хохирлыг бүрэн барагдуулаагүйд гомдолтой.

97.1-д зааснаар зүйлчилсэн нь буруу. Шинэ хуулийн 23.5-т албан үүрэгтээ хайнга хандсан, шинэ хуулийн 24.2-т зааснаар хууль бусаар зөвшөөрөлгүй ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэсэн зүйлчлэлийн хэрэг гэж бодож байна. Иймээс шүүхийн шатанд дараах үйл ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг 33.1.2, 33.2, 33.3-т зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шалгуулах хүсэлтэй байна. Шүүх хуралд миний бие болон миний өмгөөлөгч биеэрээ орлцох болно.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралддаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч тайлбартаа:

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нэгт. “Шижир Оргил” зохион байгуулалттай нөхөрлөлийн ахлагч Батсайхан, “Шижир хишиг” нөхөрлөлийн ахлагч Туяа нар Зүүнхараагийн Засаг даргатай гэрээ хийж үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаандаа Батсайхан нь Ганбатад ажлаа шилжүүлсэн гэх боловч эрх шилжүүлсэн нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Хоёрт. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэсэн байдаг. Гэтэл энэ хэргээс Батсайхан, Туяа аль аль нь байхгүй. Прокурорын 2017 оны 10 сарын 23-ны өдрийн тогтоолоор Туяад холбогдох хэргийг тусгаарлаад хэрэгсэхгүй болгосон. Энд  гомдолтой байна.

…Хохирлын хувьд Туяа 2.000.000 төгрөг өгсөн гэж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй. Н.Ууганбаатар 1.500.000 төгрөг  өгсөн нотлох баримттай. Хохирогч 6.000.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгөнөөс 1.500.000 төгрөг авсан. 2.000.000 төгрөг өгсөн гэх нотлох баримт байхгүй байтал төлөгдсөн, мөн 6.000.000 төгрөг нэхэмжилж байхад 3.500.000 төгрөг төлж хохирол төлөгдөж барагдсан гэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлгүй юм. Хохирол төлбөрийн хувьд Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 сарын 22-ны өдрийн  10 дугаар тогтоолоор учирсан хохирлыг хариуцах этгээд нь Н.Ууганбаатар гээд байгаа боловч хоёр нөхөрлөлийн ахлагч нар байх ёстой. Иргэний хуулийн 229.1, 228.3,  228.6, 503, 505  дугаар зүйлд зааснаар хохирлыг арилгах ёстой. Энэ хэргийг шүүх бүх талаас нь нягталж бүрэн гүйцэт шалгаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, хэргийг нэгтгэж шалгуулах хүсэлтэй байна. Хэргийг үндэслэлгүйгээр тусгаарласнаас болж хохирогч хохирол төлбөрөө гаргуулж чадахгүй байна гэв.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч М.Мөнхтулгаас “...хууль бус аргаар зөвшөөрөлгүй тэсэлгээ хийж иргэн М.Мөнхтулгад хүнд гэмтэл учруулсаныг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу,

...”Шижир хишиг” ЗБН-ийн ахлагч Туяа нь нөхөрлөлийн ажилчдад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөгүй, хамгаалах хувцас хангаагүй ажилд гаргасан буруутай. Бүх хариуцлагыг хариуцах ёстой байтал хэргийг прокурорын зүгээс тусгаарласан нь буруу...,

...Хохирол төлөгдсөн мэт тогтоолд дурьдсан нь үндэслэлгүй, хохирлын асуудлыг ажил олгогч хариуцах ёстой тул Батсайхан, Ганбат, Туяа нараар хохирол төлүүлэх...,

...2015 оны Эрүүгийн хуулийн 23.5 “албан үүрэгтэй хайнга хандсан”, 24.2 “хууль бусаар зөвшөөрөлгүй ашигт малтмал, хайх олборлох, ашиглах гэсэн зүйлчлэлийн хэрэг гэж үзэж байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Н.Ууганбаатарын үйлдсэн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлүүдэд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байна. Шүүгдэгч Н.Ууганбаатар нь Шижир-Оргил нөхөрлөлийн босоо аманд тэсэрч дэлбэрэх бодис ашиглахдаа уг бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр тэсэрч дэлбэрэх бодисыг тэсэлсэн ба уг тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалсан, авч явсан, түүнчлэн тэсэлж хэрэглэсэн болох нь хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаар нотлон тогтоогдсон. Тухайн хэрэг 2017 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө болсон учраас тухайн хэргийг үйлдэгдэхэд хүчин төгөлдөр үйлчилж бйасан хуулийг хэрэглэх зарчмаар 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, өөрөөр хэлбэл Н.Ууганбаатар нь Шижир-Оргил  нөхөрлөлийн босоо аманд тэсэрч дэлбэрэх бодис ашиглахдаа бусдад гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй бөгөөд тухайн цаг хугацаанд доор нь ажиллаж байсан иргэдэд тэсэлгээ хийлээ гэж анхааруулсан байдаг ба шүүгдэгч Н.Ууганбаатар нь тэсэрч дэлбэрэх бодис хадгалах, ашиглах, тээвэрлэх эрх бүхий субъект биш бөгөөд өөрөө хууль бусаар уг тэсэрч дэлбэрэх бодисыг хадгалж, авч явсан болох нь тогтоогдсон бөгөөд тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн тохирох зүйл хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба Н.Ууганбаатарын үйлдлийн улмаас иргэн М.Мөнхтулгад хүнд гэмтэл учирсан уг үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэг мөн юм. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлд “...зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй бол уг хэргийг тусгаарлаж болно...” гэж хуульчилсан ба уг заалтын дагуу 201718020076 дугаартай хэргээс Д.Туяад холбогдох үйлдлийг тусгаарлан 201718020138 дугаар олгож одоо мөрдөн байцаалтын ажиллагаа авагдаж байна. Уг хэргийг тусгаарласан нь хохирогч болон яллагдагч нарын аль нэгнийх нь эрх ашиг зөрчигдөөгүй тусгаарласнаар хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй бөгөөд Д.Туяагийн үйлдлийг орхигдуулаагүй уг хэрэгт хохирогч М.Мөнхтулга нь хохирол төлбөрөө нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа юм.

Анхан шатны шүүх хэргийг бүх талаас хянаж шийдвэрлэхдээ хохирогч М.Мөнхтулгын хохирол төлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар хохирол тооцоход бүрэн төлөгдсөн ба шүүх хохирогчийн цаашид эмчлүүлэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүхээр нэхэмжлэх эрхийг зааж өгсөн нь үндэслэлтэй байна. Онолын хувьд эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх ойлголтыг зөвхөн шүүгдэгч, яллагдагчид ашигтай нөхцөлд буцаан хэрэглэх ёстой бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж болохоор хуульчилсан ба уг үйл явдал 2017 оны 03 дугаар сард болсон байхад 2015 оны Эрүүгийн хуулийн 23.5 “албан үүрэгтэй хайнга хандсан”, 24.2 “хууль бусаар зөвшөөрөлгүй ашигт малтмал, хайх олборлох, ашиглах” гэсэн зүйлчлэлийн хэрэг гэж үзэх нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн 201718020076 дугаартай хэргийн зүйлчлэл тохирсон, үйлдсэн хэрэг нотлогдсон ял шийтгэл оноосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна.” гэжээ.

 

Тодорхойлох нь

                

Н.Ууганбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх Мандал сумын төвөөс 30 км зайд орших газарт тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалж авч явсан, 2017 оны 03 дугаар сарын       26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх газарт тэсэрч дэлбэрэх бодисыг “Шижир-Оргил” нөхөрлөлийн босоо аманд дэлбэлж ашиглахдаа “Шижир хишиг” нөхөрлөлийн хэвтээ аманд гар аргаар алт олборлож байсан иргэн М.Мөнхтулгын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Н.Ууганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 08 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 88 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Н.Ууганбаатарт 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял тус тус хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Н.Ууганбаатард оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялд нь багтааж нийт эдлэх ялд нь 03 жилийн хугацаагар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ууганбаатарт оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид  эдлүүлэхээр тогтоож,...

...-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Н.Ууганбаатарт оногдуулсан 03 жилийн хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Н.Ууганбаатарт хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь цагдаагийн хэлтэст даалгахаар тус тус зааж шийдвэрлэсэн байна.

 

Хохирогч М.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.Ууганбаатарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад: Д.Туяа нь 2016 оны оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2 гишүүнтэй “Шижир хишиг” Зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулж 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн улсын бүртгэл статистикийн газар бүртгүүлж, 1321001066 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээ /1-р хх-ийн 196-р ху/ авчээ.

 

Нөхөрлөлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ…” гэж заасан байх тул тухайн нөхөрлөлийн гишүүн гэх  хохирогч М.Мөнхтулгад учирсан хохирлыг “Шижир хишиг”  нөхөрлөл, эсхүл түүний захирал Д.Туяа эд хөрөнгөөрөө хариуцах эсэхийг  нарийвчлан тогтоосны  эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ.

 

Мөн “Шижир-Оргил” нэртэй бүртгэгдээгүй нөхөрлөл албан ёсоор байгуулагдаж, Мандал сумын Засаг даргатай албан ёсоор гэрээ байгуулан, үйл ажиллагаа явуулж байсан эсэх, хэрэв байгуулагдсан бол тухайн нөхөрлөл нь Иргэний хуулийн 482 дугаар зүйлийн 482.1 дэх хэсэгт “…Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд холбоо болон нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ийм байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, бүтэц, зохион байгуулалтыг гишүүд хариуцан харилцан тохиролцож тодорхойлно…”, 482.2 дахь хэсэгт  “…Бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөл нь иргэний эрх зүйн харилцаанд бүрэн эрх бүхий төлөөлөгч буюу гишүүдээр дамжин оролцоно…” гэж заасны дагуу байгуулагдсан бүртгэгдээгүй нөхөрлөл мөн эсэх, Н.Ууганбаатар нь “Шижир-Оргил” нөхөрлөлийн гишүүн эсэх, гэмт хэргийн улмаас М.Мөнхтулгад учирсан хохирлыг тухайн нөхөрлөл хариуцах эсэхийг  тогтоох шаардлагатай байна.

 

 Түүнчлэн анхан шатны шүүх Н.Ууганбаатарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар  хорих ял тус тус оногдуулсан боловч тухайн зүйл, хэсгүүдээр түүнд оногдуулсан хорих ялуудыг мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар   хөнгөн ялыг хүндэд нь багтааж, эсхүл хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн шийдвэрлэлгүйгээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг буюу “Хууль буцааж хэрэглэх” гэсэн заалтыг баримтлан улмаар Н.Ууганбаатарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялд нь багтааж нийт эдлэх ялыг нь 03 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нарийвчлан заасан байхад анхан шатны шүүх  2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан Н.Ууганбаатар урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхээс  Н.Ууганбаатар ямар нэгэн таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэх боломжгүй байна.

         Иймд дээр дурьдсан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.3, 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Н.Ууганбаатарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурьдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                                     ШҮҮГЧИД                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                   Д.БУЯНЖАРГАЛ