Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох, “Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот “Усны үнэ тогтоох тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...тус зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “цэвэр бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах нийтлэх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2014 оны 57 тоот тогтоолоор Дундговь аймгийн “*******” ОНӨААТҮГ-ын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг баталсан бөгөөд Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дээр дурьдсан тариф суурь хураамжийг 2017.06.30-ны өдрийн 80 тоот тогтоолоор шинэчлэн баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017.07.21-ний 3755 дугаарт бүртгүүлээд байна.

Энэхүү тогтоолыг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.14-т “Зохицуулах зөвлөлийн шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгч дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Дундговь аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаагаа явуулж буй хангагч аж ахуйн нэгж болох ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч “Дундговь Ус” ОНӨААТҮГ болон нийт хэрэглэгчид болох хүн ам үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага дагаж мөрдөх ёстой.

“Дундговь Ус” ОНӨААТҮГ-ын 2017.06.02-ны өдрийн 93 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу тус Зохицуулах зөвлөлийн 2017.06.08-ны 01/214 тоот албан бичгээр Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга *******т Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчиж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн гаргасан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 31 дүгээр тогтоолоо хүчингүй болгож, 2017.07.08-ны дотор хариу  мэдэгдэхийг шаардсан.

Гэвч Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга С.С...... нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд одоог хүртэл уг тогтоолоо хүчингүй болгоогүй байна.

Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Захиргааны Ерөнхий хуулийг тус тус зөрчиж гаргасан  “Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот “Усны үнэ тогтоох тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.  

Хариуцагч Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот “Усны үнэ тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот “Усны үнэ тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.С....... нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот  “Усны үнэ тогтоох тухай” тогтоолыг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 19 тоот тогтоолоор хүчингүй болгож, энэ тухай баримтаа шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэсэн үндэслэлд хамаарч байх ба мөн Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 19 тоот  “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох, Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот “Усны үнэ тогтоох тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                              В.ЦЭРЭНРАГЧАА