| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01070/И |
| Дугаар | 138/ШШ2016/01164 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2016/01164
Эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би: Г.Эрдэнэхуягт холбогдох цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 617.846 төгрөг гаргуулах тухай Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 16-ны өдөр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт иргэний үндсэн үүрэг /Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах/, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дугаар зүйлд заасны дагуу 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг жил бүр Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар цэргийн жинхэнэ албанд татах шийдвэрийг гаргаж нутаг дэвсгэрийн хэмжээнд цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу “Байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана” хэмээн заасны дагуу мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаар хуульчилсан. Энэхүү орлуулан хаах болзлыг Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол”-ын 4 дүгээр зүйл “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах эсхүл төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг сум, хорооны Засаг дарга, тухайн иргэний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл, нийгмийн халамжийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг тус тус үндэслэн цэрэг татлагын товчооноос иргэн бүрээр гаргаж, аймаг, дүүргийн Цэргийн штабт саналаа оруулна. Аймаг, дүүргийн Цэргийн штаб уг үндэслэл, саналыг магадлан хянаж, дүгнэлтийн хамтаар аймаг, дүүргийн Засаг даргад уламжлах бөгөөд эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргана гэж заасны дагуу хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй иргэн Г.Эрдэнэхуягаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 33.1.4-д “Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүрэгтэй”, бөгөөд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж заасны дагуу мөнгөн төлбөрийн 617.846 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий этгээд Ганбудын Эрдэнэхуягаас мөнгөн төлбөр 617.846 төгрөгийг гаргуулан авах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг тоотод оршин суух, ЖЯ88101971 регистрийн дугаартай, Халх ургийн овогт Ганбудын Эрдэнэхуяг, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнхтуяа, Цэргийн штабын офицер, хошууч Б.Гансүх нар 2016 оны 10 сарын 05-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
1. Нэхэмжлэл гаргагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий төлбөр 617.846 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэхуяг төлөхийг хүлээн зөвшөөрөв.
2. Хариуцагч Г.Эрдэнэхуяг нь дээрх төлбөрийг 2016 оны 11 сарын 30-ны дотор бүрэн төлж дууссан байхаар тохиролцов.
3. Дээрх хугацаанд хариуцагч Г.Эрдэнэхуяг төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар нь гүйцэтгэх хуудас гаргуулан албадан гүйцэтгүүлж болно гэж заажээ.
4. Эвлэрүүлэн зуучлалын тухай 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэн хэргийг тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлжээ.
Тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талууд Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий төлбөр 617.846 төгрөг гаргуулах тухай маргаанаа өөрсдөө шийдвэрлэн, нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 617.846 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэхуяг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, Цэргийн штабын офицер, хошууч Б.Гансүх, хариуцагч Г.Эрдэнэхуяг нарын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Г.Эрдэнэхуягаас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн шаардлага 617.846 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 19185 төгрөгийн 50 хувийг гаргуулж төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, Цэргийн штабын офицер, хошууч Б.Гансүх, хариуцагч Г.Эрдэнэхуяг нарын хооронд байгуулагдсан “нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Г.Эрдэнэхуягаас Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий төлбөр 617.846 төгрөг төлүүлэх тухай” 2016 оны 10 сарын 05-ны өдрийн №138/ЭГ2016/00100 тоот эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Эрдэнэхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 9592 төгрөг 05 мөнгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Эрдэнэхуяг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 741.9 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ