Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 2020           02           05                                         2020/ШЦТ/125

 

 

     

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Б.C- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ын C-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905049690051 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо ...... гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын C-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.C- нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Irish” нэртэй зочид буудалд иргэн А.Ч-тэй маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж доод эрүүний зүүн хажуугийн 1-р шүдний булгарал, баруун хажуугийн 1-р шүд хөдөлсөн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.C- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.C- нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Irish” нэртэй зочид буудалд иргэн А.Ч-тэй маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж доод эрүүний зүүн хажуугийн 1-р шүдний булгарал, баруун хажуугийн 1-р шүд хөдөлсөн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч А.Ч-ийн “2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-ны өдөр шилжих шөнө миний бие найз эмэгтэйчүүд болох Доогий, Толиун нартай Бичил хорооллын аркны урд байрлах “Irish” гэх буудалд  хонож архи уусан. Тэгтэл Толиун хоёр эрэгтэй найзыгаа дуудсан юм. Удалгүй гаднаас  хоёр залуу орж ирсэн. Тэгээд өөрсдийгөө С-, Оогий гэж танилцуулж байсан санагдаж байна. Тэгээд бид тав гурван шил архи хувааж уугаад би нилээн согтоод өөрийнхөө гар утсаар найзууд руугаа залгахад С- гэх залуу нь миний гар утсыг булааж авчихаад өгөхгүй байсан. Би С-д миний гар утсыг өг, би хүнтэй яримаар байна гэхэд С-  “одоо утсаар ярьж болно, би утсыг чинь өгөхгүй” гээд миний гар утсыг өгөхгүй байсан. Тэгээд би С-г хувцаснаас нь барьж аваад хана руу түлхтэл С- хариуд нь миний нүүр лүү гараараа 4-5 удаа цохисон. Би цохиулаад газар унаад босох гэтэл С- намайг дарж хэвтчихээд босгохгүй байсан. Тэр үед миний амнаас цус гараад байхаар нь гайхаад үзэхэд миний доод талын үүдэн нэг шүд байхгүй, дахиад нэг шүд маань хөдлөөд байсан. Тэгээд би арай хийж газраас босоод шууд буудлын өрөөнөөс гараад цагдаа дуудсан.

... Тэр С- гэх залуу миний баруун, зүүн хацар хэсэг рүү бас эрүү, уруул руу  гараараа цохиод байсан. Би яг хэдэн удаа цохиулснаа сайн санахгүй байна. Миний мэдэж байгаагаар 4-5 удаа цохисон.

... Хоёр шүдээ бүрэн бүтэн янзлуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Х.О-ын “... Ч- гэх залуу согтчихоод хүнтэй утсаар ярих гээд байхаар нь C-, Ч-ийн гар утсыг нь булааж аваад “согтуу байж хүнтэй ярьж хэрэггүй” гээд утсыг нь өгөхгүй байсан. Тэгээд тэр хоёр тухайн асуудлаас болж муудалцаад C-, Ч-ийн нүүр лүү гараараа 2, 3 удаа цохисон. Ч- цохиулаад газар унахад C- дээр нь гараараа зууралдаад байхаар нь би очиж тэр хоёрыг салгасан. Тэгтэл Ч-ийн ам хамарнаас цус гараад “миний шүд уначихлаа, алга байна, олоод өг” гэж байгаад “цагдаа дууна” гээд гарсан. Удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд C-, Ч- хоёрыг аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №382 дугаартай:

“1. А.Ч-ийн биед доод эрүүний зүүн хажуугийн 1-р шүдний булгарал, баруун хажуугийн 1-р шүд хөдөлсөн зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө” гэсэн дүгнэлт. /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

Б.C-ын мөрдөн шалгах явцад яллагдагчаар өгсөн “... Тэгсэн чинь Ч- ах нилээн согтоод өөрийнхөө гар утсаар хүнтэй ярих гээд байхаар нь би гар утсыг нь булааж аваад “Ч- ахаа та нилээн согтсон байна, согтуу байж хүнтэй ярьж яах юм бэ” гэсэн. Тэгтэл Ч- ах “миний гар утсыг өг” гээд миний цээж рүү хоёр гараараа түлхсэн. Тэгээд би орон дээр унасан. Би орноос босч ирээд Ч- ахын нүүр лүү гараараа хоёр удаа цохиод хөлөөрөө хавирч газар унагаасан. Унасных нь дараа нүүр лүү нь хөлөөрөө нэмж нэг удаа өшиглөөд дээр нь гарч сууж байгаад нүүр лүү нь дахиад нэг удаа цохисон. Тэгэж байтал О- бид хоёрыг салгахад Ч- ах газраас  босоод ирсэн. Ч- ахын хамарнаас нь цус гарч байсан. Тэгээд Ч- ах буудлын өрөөнөөс гүйгээд гараад явсан. Удалгүй Ч- ах хоёр цагдаа дагуулаад орж ирсэн.

... Би Ч- ахад гэмтэл учруулсан. Би Ч- ахын нүүр лүү гараараа хоёр удаа эхэлж цохиод хөлөөрөө хавирч газар унагаагаад нүүр лүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөөд дээр нь гараад сууж байгаад гараараа нэмж нэг удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.C-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч А.Ч-ийн “... Батбаяр овогтой C-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. C- нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 59 дүгээр хуудас/ хүсэлт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.C- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл буюу согтуурсан байхад нь утсаар яриулахгүй гэж хэлсний төлөө хэрүүл маргаан үүсгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж прокуророос 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын саналыг хөнгөрүүлэн 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.C- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

         

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын C-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.C-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.C-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.C- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.C- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.C-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ