| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0768/Э |
| Дугаар | 802 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Аянагүл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 802
2020 05 01 2020/ШЦТ/802
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан ,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Эад холбогдох эрүүгийн 1906 06493 0929 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Э, Монгол улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Роял академи”-н 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 36-76 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хохирогч Г.Төрболдыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байранд таксигаар хүргэх замдаа түүний эзэмшлийн “Айфон-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.Төрболдод 840,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хохирогч Г.Төрболдыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байранд таксигаар хүргэх замдаа түүний эзэмшлийн “Айфон-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.Төрболдод 840,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
2. “Мост хай” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ[2],
3. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[3],
4. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хаан” банкны депозит дансны хуулга[4],
5. Гэрч Б.Баярмаагийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э миний төрсөн дүү. “Роял академ”-н 1 дүгээр курсэд суралцдаг. Эхээс гурвуулаа. Зан байдлын хувьд төлөв даруу, урлаг спортод авъяастай. Хөлбөмбөгийн улсын шигшээ багт тоглодог. Улс орноо төлөөлж Азийн тэмцээн болон бусад олон тэмцээнд байнга амжилттай оролцдог. Хөлбөмбөгийн спортын дэд мастер цолтой. Хүний үгэнд сайн ордог дүү” гэх мэдүүлэг[5],
6. Хохирогч Г.Төрболдын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим найз Б.Э, Очирбат, Үнэнбат нартай хамт пиво уугаад 00 цагийн орчим бид 4 такси бариад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Сансар” худалдааны төвийн хажууд байрлах “СиЮ” нэртэй дэлгүүрийн гадна очсон. Таксинд суухад Б.Э миний утсыг авсан. Тэндээс такситайгаа эхлээд Очирбатыг Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, Шархадны гэрт нь, Үнэнбатыг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт хүргэж өгсөн. Тэр хугацаанд би унтчихсан байсан. Намайг Б.Э сэрээгээд “гэрийн чинь урд ирчихлээ” гэж хэлсэн. Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуаран дахь гэртээ буугаад орсон. Би тухайн үед Б.Эаас гар утсаа авахаа мартаад буусан байсан. Маргааш нь өөрийн дугаар руу залгахад дуудаж байснаа 15 цагийн үед холбогдохоо больсон. Би Б.Эаас гар утсаа авъя гэхэд “надад байхгүй ш дээ” гэж хэлсэн. Би хулгайд алдсан “Айфон-8” загварын гар утсаа авсан. Одоо надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг[6],
7. Шүүгдэгч Б.Эын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр багын найз Үнэнбат, Очирбат, Төрболд нартай уулзсан. Шөнө 00 цагийн үед “Минт” нэртэй бааранд ороод 20-30 минут болоод гарч ирээд такси бариад эхлээд Очирбатыг хүргэж өгөөд дараа нь Үнэнбатыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаранд Төрболд буусан. Төрболд таксинаас буухдаа гар утсаа унагаагаад буусан байхаар нь би аваад халаасандаа хийчихсэн. Маргааш нь Төрболд надаас гар утасныхаа талаар асуухаар нь би аваагүй гээд хэлчихсэн. Төрболдыг гар утсаа хаясанаа санахгүй байх гэж бодоод Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хишиг” нэртэй ломбарданд өөрийн цахим үнэмлэхээр 420,000 төгрөгөнд барьцаалж зээл авсан. Тэгээд Төрболдын гар утсыг авалгүй зээлийн хугацааг дуусгасан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[7] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн зүгээс эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан, цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Эад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хэсгийн 2.5-т заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”-ийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Эад мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 10 дугаар тал
[3] Хавтст хэргийн 12 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 77 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 27-29 дүгээр тал
[7] Хавтаст хэргийн 103-104 дүгээр тал