| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0769/Э |
| Дугаар | 807 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 807
2020 05 01 2020/ШЦТ/807
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Ут холбогдох эрүүгийн 2006 00316 0835 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржгон том ах овогт Даваахүүгийн Д.У, Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн “Цагаан чулуут” суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, гурван хүүхэд, нэг зээгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 27-607 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.У нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26-515б тоотод иргэн Ц.Наранцэцэгийн гээгдүүлсэн гар утсыг түүнийх гэдгийг мэдсээр байж завшин 546,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.У нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26-515б тоотод иргэн Ц.Наранцэцэгийн гээгдүүлсэн гар утсыг түүнийх гэдгийг мэдсээр байж завшин 546,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.У гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
2. Гэмт хэргийн талаар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[2],
3. “Дамно” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний тайлан. /Үнэлгээний нийт дүн 546,000 төгрөг/ гэх дүгнэлт[3],
4. Шүүгдэгч Д.Уийн оршин суугаа газрын тодорхойлолт[4], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[5],
5. Гэрч Б.Мөнхсайханы 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай эхнэр Бүрэнчимэг бид хоёр найзуудаа дуудахаар болоод Урнаа эгч, Бямбаа ах хоёрыг дуудсан. Манай гэрт найзууд, ах, эгч нар ирээд хоол унд идэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө манай найз Нараа гар утсаа олохгүй байсан. Хэд хоногийн өмнө Урнаа эгчийн гэрт очиход эгч нэг утас барьчихсан байхаар нь би “наад утас чинь манай гэрээс алга болсон утас байна. Надад өгчих” гэж хэлсэн чинь Урнаа эгч уурлаад “ би энэ утсыг ломбарднаас худалдаж авсан” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд эхнэртээ хэлэхэд манай эхнэр Нараа руу залгаад “чиний утас тэнд байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[6],
6. Хохирогч Ц.Наранцэцэгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26 дугаар гудамж, 515б тоотод найз Бүрэнчимэгийнд найзуудаараа шинэ он гаргахаар болсон. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цагийн орчимд би гар утсаа үзэхэд байсан. Тэгээд 11 цагийн үед би унтаад Бүрэнчимэг нөхөртэйгээ 13 цагийн орчим Урнаа эгч, Бямбаа ах хоёрыг гаргаж өгөөд унтсан. Би 15 цагийн орчимд сэрээд утсаа хайхад байхгүй байсан. Бүрэнчимэг, Мөнхсайхан, Дамдинрагчаа нарыг сэрээгээд утсаа асуутал мэдэхгүй байсан” гэх мэдүүлэг[7],
7. Шүүгдэгч Д.У 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелд байх Мөнхсайханы гэрт шинэ он гаргах гэж очсон. Тэгээд гэрт нь өглөө болтол суусан. Өглөө Нараа, Мөнхсайхан, Дамдин нар дэлгүүр орох гээд гарсан. Дэлгүүр орох гээд гарахад нь би Нараагийн утсыг халаасанд нь хийж өгсөн. Гэтэл Нараа гар утсаа хашааны үүдэнд унагаасан. Би Нараагийн гар утас газарт байхаар нь авсан. Би тэр гар утсыг аваад гэртээ байлгаж байгаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэрийг мэдэхгүй ломбарданд тавьсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 7-9-ний хооронд утсыг аваад өөрийн дугаарыг хийж барьсан. Мөнхсайхан манай гэрт ирээд миний барьж байсан утсыг хараад “Нараагийн утас уу?” гэж асуухаар нь би “Нарааг дуудаад харуулчих таних тэмдэг байвал утсаа таниад аваг” гэж хэлсэн. Тэгээд Нараа ирээд серийн дугаарыг нь хэлээд утсаа таниад аваад явсан” гэх мэдүүлэг[8] ” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.У гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.Ут эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Ут анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Уийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Д.Ут анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Д.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 3 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 12-14 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 19 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 85 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал
[7] Хавтаст хэргийн 7-9 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал