Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Э.А-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн Ж суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс мянгад, дээд боловсролтой, банкны удирдлага, эдийн засагч  мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ... ажилладаг байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл О овогт Э.А,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь ... ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2018 оны 11 сард хоосон бичилт хийж, касснаас 20.000.000 /хорин сая/ төгрөгийг Б.Н-н ... дугаар харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээс кассанд 20.000.000 /хорин сая/ төгрөгийн дутагдал бий болсон,

2018 оны 11 сард хоёр АТМ цэнэглэх 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгнөөс 50.000 /тавин сая/ төгрөгийг дутуу цэнэглэж уг мөнгийг хувьдаа завшсан буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр касс дахь 20.000.000 /хорин сая/ төгрөгийн дутагдлыг хаасан, үлдэх 30,000,000 /гучин сая/ төгрөгийн 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийг Т.Г-т байрын төлбөр өгч, үлдэх 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан, 2019 оны 01 сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч  Б.Б-н нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 30,000,000/ гучин сая/ төгрөгийг хуурамч зээл гаргаж хувьдаа завшсан,

2019 оны 03 сарын 14-ний өдөр Төв банкнаас “...танай АТМ ажиллахгүй байгаа бол манайх руу  зузаатгал хий гэсний дагуу 2018 оны 11 сард АТМ цэнэглэх мөнгөнөөс авсан 50,000,000 /тавин сая/ төгрөгийг нөхөж хийх шаардлагаар тус  хадгаламж эзэмшигч Т.Н-н нэр дээр 50,000,000 /тавин сая/ төгрөгийн хуурамч хадгалмж барьцаалсан зээл авч, өөрийн Г банкны данс руу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр нийт 50 удаа шилжүүлэн авч улмаар түүнийгээ төв банк руу АТМ-ын мөнгө гэж зузаатгасан,

2019 оны 03 сарын 14-ний өдөр иргэн Т.Г-с худалдаж авсан байрны мөнгө болох 20,000,000 /хорин сая/ төгрөгийг өгөхийн тулд хадгаламж эзэмшигч Б.Б-н данснаас дахин 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийн хадлагамж барьцаалсан зээл гаргаж ашиглаж, нийт 176,000,000 /нэг зуун далан зургаан сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг  өгөх шаардлагагүй гэв. 

Шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 сард манай байгууллагын захирал Н надаас 20,000,000 төгрөг зээлснийг би байгууллагын мөнгөнөөс аваад өгчихсөн юм. Түүнээс хойш касс 20,000,000 төгрөгөөр дутуу яваад байсан. Манай банк нь Замын-Үүд суманд нийт 2 ширхэг АТМ-тэй ба АТМ-ыг ахлах теллер хариуцдаг юм. Би оны өмнө 2 ширхэг АТМ-ээ тус бүрийг 60,000,000 төгрөгөөр буюу нийт 120,000,000 төгрөгөөр цэнэглэхээр болсон. Ингэхдээ би Н-т байгууллагаас авч өгсөн 20,000,000 төгрөгийг буцаан төлж, Г-т байшингийн урьдчилгаа 30,000,000 төгрөгийн 26,000,000 төгрөгийг нь Г-т байрны урьдчилгаа гэж бэлнээр өгч, байшингийн түлхүүрийг авсан. Ингээд 2019 оны 01 сарын 21-ний өдөр худалдаж авсан байшиндаа засвар хийх, тохижуулах зорилгоор манай банкинд хадгаламж эзэмшдэг Б.Б гэх хүний хадгаламжийг барьцаалж 30,000,000 төгрөгний зээлийг авах материалыг өөрөө бүрдүүлсэн. Тэгээд хадгаламж барьцаалсан 30,000,000 төгрөгийн зээлийг зээлийн харилцах данснаас нь бэлнээр зарлагадаж авсан. Зээлийн материалыг бүрдүүлэхдээ болон мөнгийг бэлнээр зарлагадахдаа Б-н урьд зурсан гарын үсгийг харж байгаад би өөрөө дөхүүлж зурсан. Тухайн 30,000,000 төгрөгөөр байшиндаа засвар хийж, гэрээ тохижуулсан. Мөн ажилгүй байх хугацаандаа хүнээс зээлсэн байсан мөнгөө төлж барагдуулсан. 2019 оны 03 сарын 14-ний өдөр төв банкнаас ярьж “Танай АТМ ажиллахгүй байгаа бол манайх руу зузаатгал хий” гэсэн. Ингээд би АТМ цэнэглэхдээ авсан 50,000,000 төгрөгийг нөхөж хийх шаардлага гарсан. Тэгээд мөн манай банкинд хадгаламж эзэмшдэг Н гэх харилцагчийн хадгаламжийг барьцаалж 50,000,000  төгрөгийн нэг зээлийн хуурамч материал бүрдүүлэн авсан. Уг мөнгийг Н-н зээлийн харилцах данснаас Г банк дахь өөрийн ... дугаарын данс руу 1,000,000 төгрөгөөр 50 удаа шилжүүлэн авч, түүнийгээ төв рүүгээ АТМ-ийн мөнгө гэж зузаатгасан. Мөн тухайн өдрөө Г-т өгөх ёстой байрны үлдэгдэл мөнгө болох 20,000,000 төгрөгийг төлөхийн тулд харилцагч Б.Б-н хадгаламжийг барьцаалж дахин 26,000,000 төгрөгийн зээлийг хуурамч материал бүрдүүлэн гаргасан. Урьд авсан 30,000,000 төгрөгийн зээлийн хүү нь 900,000 гаруй төгрөг болсон байсан тул түүнийг нь төлөөд үлдэгдэл 25,000,000 төгрөгийг нь бэлнээр зарлагадсан. Би 25,000,000 төгрөгийнхөө 20,000,000 төгрөгийг нь Г-т өгч, үлдэгдэл 6,000,000 төгрөгөөр нь цагаан сараар хүнээс зээлсэн 4,500,000 төгрөгийн өрийг өгч үлдэгдлийг нь үрээд дууссан. Намайг Н, Б нарын хадгаламжийг барьцаалж зээл аваад Г банкны өөрийн данс руу нэг нэг сая төгрөгөөр гүйлгээ хийж байгааг төвөөс хянаж байгааг мэдэж байсан боловч надад төв рүү зузаатгах 50,000,000 төгрөгийг олох өөр арга байгаагүй юм. Тэр өдрийн маргааш өглөө нь буюу 2019 оны 03 сарын 15-ны өдөр төв банкны дотоод аудитын газраас манай банкинд шалгалт хийж миний зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайн үед би өөрийн авсан мөнгөний 40,000,000 төгрөгт Г-с худалдаж авсан амины орон сууцыг банкинд өгч, үл хөдлөх болон газрын гэрчилгээг нь шилжүүлсэн. Үлдэгдэл 46,000,000 төгрөгт нь өөрийн аавын эзэмшлийн Замын-Үүд сум Сүлд баг байрлах амины орон сууцыг шилжүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан. Одоо би банкинд нийт 46,000,000 төгрөгийн өртэй байгаа” гэх мэдүүлг /1-р хх-ийн 49-51/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Э.А нь К банкны Замын-Үүд дэх салбарт ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа хадгаламж эзэмшигч 2 иргэний хадгаламжийг барьцаалж 3 удаагийн үйлдлээр нийт 106,000,000 төгрөгийн зээлийг авч иргэдэд хохирол учруулсан. 2019 оны 03 сарын 15-ны өдөр К банкны Дотоод аудитын газраас манай банкинд шалгалт хийж Э.А-н дээрх үйлдлүүдийг илрүүлсэн. А нь 2019 оны 01 сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч иргэн Б.Б-н хадгаламжийг барьцаалж 30,000,000 төгрөг, 03 сарын 14-ний өдөр мөн Б.Б-н хадгаламжийг барьцаалж нэмж 26,000,000 төгрөг, мөн 03 сарын 14-ний өдөр хадгаламж эзэмшигч Б.Н-н хадгалмжийг барьцаалж 50,000,000 төгрөгийн зээлийг тус тус хуурамч материал бүрдүүлэн авч хувьдаа завшсан байсан. Дээрх хадгаламж эзэмшигч нар нь өөрсдөө банкин дээр ирж зээлийн материалыг бүрдүүлээгүй байхад Э.А нь Б.Б-н гарын үсгийг дуурайж зурсан байсан. А нь Б-н хадгаламжийг барьцаалж 2 удаагийн үйлдлээр авсан нийт 56,000,000 төгрөгийг Б.Б-н ... дугаарын дансруу хийж, тухайн данснаас бэлнээр зарлагадсан байсан. Эхний авсан 30,000,000 төгрөгийн хүү болох 983,013.69 төгрөгийг сүүлд авсан 26,000,000 төгрөгөөс төлж, 25,000,000 төгрөгийг нь бэлнээр зарлагдсан. Харин Б.Н-н хадгаламжийг барьцаалж авсан 50,000,000 төгрөгийн зээлийг харилцагч Н-н ... дугаарын данс руу шилжүүлж, тухайн данснаас Г банк дахь өөрийн ... дугаарын данс руу зээл авсан өдрөө буюу 2019 оны 03 сарын 14-ний өдөр нэг нэг сая төгрөгөөр 50 удаа шилжүүлж авсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 3 сарын 06-ны өдөр 3 сарын хугацаатай хадгаламж нээлгэсэн, түүнээс хойш дахин банкин дээр очоогүй. Би хадгаламж барьцаалсан зээл аваагүй 2019 оны 04 сарын 08-ны өдөр К банк татан буугдаж, хадгаламж эзэмшигч  нарын 20,000,000 төгрөг хүртэлх мөнгөнүүдийг  Х банк руу шилжүүлсэн юм. Тэр үед миний 20,000,000 төгрөг Х банк руу орж ирэхгүй байсан. Түүнээс хойш буюу 04 сарын сүүлээр би Улаанбаатар хотод очиж нэхэмжлэх өгөхдөө банкны эрх хүлээн авагчаас “Миний мөнгө Х банкаар орж ирэхгүй байна” гэж асуухад “та хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Түүнээс болж таны мөнгө орж ирэхгүй байгаа юм байна. Гэхдээ таны зээлийг 2019 оны 03 сарын сүүлээр хаасан байна” гэж хэлсэн. Би хэн гэдэг ажилтан, яаж авсан талаар асуухад “Та өөрөө зээл авсан юм биш үү? Таны нэрээр авсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгвэл энэ мөнгө нь хаашаа ямар данс руу орсныг харъя гэхэд Г банк дахь А гэх хүний данс руу нэг нэг сая төрөгөөр 50 удаа гүйлгээ хийгдсэн байна гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...” Би ямар ч зээл аваагүй. Би 2018 оны 12 сараас хойш К банкин дээр очоогүй. Би өөрийн хадгаламж барьцаалж огт  зээл аваагүй. 2018 оны 12 сард хадгаламжаа нээлгэж, мөнгө хийчихээд л явсан. Уг гэрээн дээр байгаа гарын үсэг нь миний гарын үсэг биш. Дуурайлгаж зурсан байна. Би миний хадгаламжийг барьцаалж өөр хүн зээл авсан талаар огт мэдээгүй. Танаас л сая сонслоо. 2018 оны 09 сарын 08-ны өдөр  К банк татан буугдсаныг мэдсэн. Тухайн банкинд хадгаламж эзэмшиж байсан иргэдэд Х банкаар дамжуулж 20,000,000 хүртэлх төгрөгийг өгч байгаа гэсэн боловч  миний мөнгө орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь  04 сарын 25-ны өдөр Х банкин дээр очоод асуухад “та өргөдөл бичээд өгчих, яагаад мөнгө чинь орохгүй байгаа талаар асууж тодруулаад эргээд хариу өгье гэж хэлсэн. Тэгээд би өргөдөл өгчихөөд өөрийн хадгаламжийн дэвтэр гэх мэт зүйлүүдийг хавсаргаж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллгаанд мэдүүлэхдээ: “Би 2018 онд теллер А-с 20 сая төгрөг зээлүүлээч гэж гуйсны дагуу А надад 20 сая төгрөг зээлүүлсэн юм. Тухайн үед А-г хаанаас мөнгө олж өгсөнийг би мэдэхгүй. ... Түүнээс хойш буюу 2019 оны 03 сарын 15-ны өдөр төв банкны дотоод Аудитын газраас манай банкин дээр шалгалт ирсэн юм билээ. А миний утас руу залгаад “Манайд дотоод Аудитын газраас шалгалт ирчихлээ гэж хэлсэн. Би түүнээс яагаад, ямар шалтгаанаар ирсэн талаар асуухад А мэдэхгүй гэж хэлсэн. 2019 оны 03 сарын 18-ны өдөр шалгалтын бүрэлдэхүүн тайлангаа танилцуулна гэж намайг дуудсан. Тухайн үед А нь хоёр иргэний хадгаламжийг барьцаалж 3 удаагийн үйлдлээр 106 сая төгрөгийн зээлийг хуурамч материал бүрдүүлж авсан нь тогтоогдсон. Тэгээд би А-с яагаад ийм үйлдэл хийсэн, тухайн мөнгийг юунд зарцуулсаныг  асуухад “би амины орон сууц худалдаж авах гэж, бас өвчтэй эгчийнхээ эмчилгээний мөнгийг өгөх гэж энэ мөнгийг авчихсан юм. Мөн танд дээр зээлүүлсэн 20 сая төгрөгийг касснаас аваад өгчихсөн байсан юм. Түүнийг төлөхийн тулд ийм зүйл хийчихлээ” гэж хэлсэн. Ингээд би А-г надад зээлүүлсэн 20 сая төгрөгийг банкны касснаас авч надад өгсөнийг мэдээд 20 сая төгрөгийг өөрөө төлсөн. Харин үлдэгдэл 86 сая төгрөгийг А төлөх болсон. Миний бие А-с 20 сая төгрөг зээлсэн нь үнэн боловч тухайн мөнгийг банкны касснаас авч өгсөнийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

Б.Б-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн болон барьцааны гэрээ /хх-ийн 05-07/

Б.Б-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-ийн 11/

Б.Б-н данснаас 25,000,000 төгрөг зарлагдсан К банкны зарлагын мэдүүлэг /хх-ийн 12/

Б.Н-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн болон барьцааны гэрээ /хх-ийн 14-15/

Б.Н-н хадгаламж барьцаалсан зээлийн харилцах данснаас гүйлгээ хийсэн депозит дансны хуулга / хх-ийн 18-20/

К банкны Замын-Үүд салбарт хийсэн иж бүрэн шалгалтын тайлан, /хх-ийн 25-39/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн ажлын албаны шүүгдэгч Э.А-н ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 79/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/

Шүүгдэгч Э.А-н шүүхэд гаргасан хохирол барагдуулах тухай өргөдөл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч О овогт Э.А нь К банкны Замын-Үүд сум дахь салбарт ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2018 оны 11 сард хоосон бичилт хийж, касснаас 20.000.000 /хорин сая/ төгрөгийг Б.Н-н ... дугаар харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлж, кассанд 20.000.000 /хорин сая/ төгрөгийн дутагдал бий болсон,

2018 оны 11 сард хоёр АТМ цэнэглэх 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгнөөс 50.000 /тавин сая/ төгрөгийг дутуу цэнэглэж уг мөнгийг хувьдаа завшсан буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр касс дахь 20.000.000 /хорин сая/ төгрөгийн дутагдлыг хаасан, үлдэх 30,000,000 /гучин сая/ төгрөгийн 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийг Т.Г-т хувьдаа авсан байрны төлбөр өгч, үлдэх 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан, 2019 оны 01 сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч  Б.Б-н нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 30,000,000/ гучин сая/ төгрөгийг хуурамч зээл гаргаж хувьдаа завшсан,

2019 оны 03 сарын 14-ний өдөр Төв банкнаас “...танай АТМ ажиллахгүй байгаа бол манайх руу  зузаатгал хий гэсний дагуу 2018 оны 11 сард АТМ цэнэглэх мөнгөнөөс авсан 50,000,000 /тавин сая/ төгрөгийг нөхөж хийх зорилгоор тус  банкны хадгаламж эзэмшигч Т.Н-н нэр дээр 50,000,000 /тавин сая/ төгрөгийн хуурамч хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулан авч, өөрийн Г банкны данс руу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр нийт 50 удаа шилжүүлэн авч улмаар түүнийгээ төв банк руу АТМ-ын мөнгө гэж шилжүүлсэн,

2019 оны 03 сарын 14-ний өдөр иргэн Т.Г-с худалдаж авсан байрны мөнгө болох 20,000,000 /хорин сая/ төгрөгийг төлөхийн тулд хадгаламж эзэмшигч Б.Б-н данснаас дахин хуурамч зээлийн гэрээ байгуулан  26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гарган ашиглаж, нийт 176,000,000 /нэг зуун далан зургаан сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулжээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д заасан бусдын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Э.А-н бусдын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Э.А нь К банкны Замын-Үүд дэх салбарт ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа хадгаламж эзэмшигч 2 иргэний хадгаламжийг барьцаалж 3 удаагийн үйлдлээр нийт 106,000,000 төгрөгийн зээлийг авч иргэдэд хохирол учруулсан. 2019 оны 03 сарын 15-ны өдөр К банкны Дотоод аудитын газраас манай банкинд шалгалт хийж Э.А-н дээрх үйлдлүүдийг илрүүлсэн. А нь 2019 оны 01 сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч иргэн Б.Б-н хадгаламжийг барьцаалж 30,000,000 төгрөг, 03 сарын 14-ний өдөр мөн Б.Б-н хадгаламжийг барьцаалж нэмж 26,000,000 төгрөг, мөн 03 сарын 14-ний өдөр хадгаламж эзэмшигч Б.Н-н хадгалмжийг барьцаалж 50,000,000 төгрөгийн зээлийг тус тус хуурамч материал бүрдүүлэн авч хувьдаа завшсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/, гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед миний 20,000,000 төгрөг Х банк руу орж ирэхгүй байсан. Түүнээс хойш буюу 04 сарын сүүлээр би Улаанбаатар хотод очиж нэхэмжлэх өгөхдөө банкны эрх хүлээн авагчаас “Миний мөнгө Х банкаар орж ирэхгүй байна” гэж асуухад “та хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Түүнээс болж таны мөнгө орж ирэхгүй байгаа юм байна. Гэхдээ таны зээлийг 2019 оны 03 сарын сүүлээр хаасан байна” гэж хэлсэн. Би хэн гэдэг ажилтан, яаж авсан талаар асуухад “Та өөрөө зээл авсан юм биш үү? Таны нэрээр авсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгвэл энэ мөнгө нь хаашаа ямар данс руу орсныг харъя гэхэд Г банк дахь А гэх хүний данс руу нэг нэг сая төрөгөөр 50 удаа гүйлгээ хийгдсэн байна гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би өөрийн хадгаламж барьцаалж огт  зээл аваагүй. 2018 оны 12 сард хадгаламжаа нээлгэж, мөнгө хийчихээд л явсан. Уг гэрээн дээр байгаа гарын үсэг нь миний гарын үсэг биш. Дуурайлгаж зурсан байна. Би миний хадгаламжийг барьцаалж өөр хүн зээл авсан талаар огт мэдээгүй. Танаас л сая сонслоо. 2018 оны 09 сарын 08-ны өдөр  К банк татан буугдсаныг мэдсэн. Тухайн банкинд хадгаламж эзэмшиж байсан иргэдэд Х банкаар дамжуулж 20,000,000 хүртэлх төгрөгийг өгч байгаа гэсэн боловч  миний мөнгө орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь  04 сарын 25-ны өдөр Х банкин дээр очоод асуухад “та өргөдөл бичээд өгчих, яагаад мөнгө чинь орохгүй байгаа талаар асууж тодруулаад эргээд хариу өгье гэж хэлсэн. Тэгээд би өргөдөл өгчихөөд өөрийн хадгаламжийн дэвтэр гэх мэт зүйлүүдийг хавсаргаж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/, гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн “...Тухайн үед А нь хоёр иргэний хадгаламжийг барьцаалж 3 удаагийн үйлдлээр 106 сая төгрөгийн зээлийг хуурамч материал бүрдүүлж авсан нь тогтоогдсон. Тэгээд би А-с яагаад ийм үйлдэл хийсэн, тухайн мөнгийг юунд зарцуулсаныг  асуухад “би амины орон сууц худалдаж авах гэж, бас өвчтэй эгчийнхээ эмчилгээний мөнгийг өгөх гэж энэ мөнгийг авчихсан юм. Мөн танд дээр зээлүүлсэн 20 сая төгрөгийг касснаас аваад өгчихсөн байсан юм. Түүнийг төлөхийн тулд ийм зүйл хийчихлээ” гэж хэлсэн. Ингээд би А-г надад зээлүүлсэн 20 сая төгрөгийг банкны касснаас авч надад өгсөнийг мэдээд 20 сая төгрөгийг өөрөө төлсөн. Харин үлдэгдэл 86 сая төгрөгийг А төлөх болсон. Миний бие А-с 20 сая төгрөг зээлсэн нь үнэн боловч тухайн мөнгийг банкны касснаас авч өгсөнийг мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59/, Б.Б-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн болон барьцааны гэрээ /хх-ийн 05-07/, Б.Б-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-ийн 11/, Б.Б-н данснаас 25,000,000 төгрөг зарлагдсан К банкны зарлагын мэдүүлэг /хх-ийн 12/, Б.Н-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн болон барьцааны гэрээ /хх-ийн 14-15/, Б.Н-н хадгаламж барьцаалсан зээлийн харилцах данснаас гүйлгээ хийсэн депозит дансны хуулга / хх-ийн 18-20/, К банкны Замын-Үүд салбарт хийсэн иж бүрэн шалгалтын тайлан /хх-ийн 25-39/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна. 

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.А нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хуурамч баримт бичиг бүрдүүлж үйлдэж, бусдад 176,000,000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.А нь энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 176,000,000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 130,000,000 төгрөгийг төлж, үлдэх 46,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул бусдад төлөх төлбөртэй гэж үзэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчийг К банкны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь салбарт ахлах теллерээр ажиллаж байхдаа бусдын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, нийт 176,000,000 /нэг зуун далан зургаан сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б шүүгдэгч Э.А-г “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч Э.А-н үйлдлийг тохиодлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн үйлдлийг санаатайгаар үргэлжилсэн, олон удаагийн үйлдлээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол цалин орлогогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 46,000,000 төгрөгний хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

Шүүгдэгч Э.А нь 46,000,000 төгрөгний хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн санаа зорилгоо нотлоогүй байна.  Аав, ээж нарынхаа эзэмшлийн 120м2 амины сууцыг Капитал банкны эрх хүлээн авагчид шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж мэдүүлж байгаа ч энэ талаар К банкны эрх хүлээн авагчтай харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, эцэг, эхийн зөвшөөрлийг бичгээр аваагүй зэрэг байдлыг уг хохирлыг төлөхөө бүрэн илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 2019 оны 06 сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллгаа болон 2019 оны 08 сарын 21-ний өдөр болсон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “аав, ээж нарынхаа эзэмшлийн 120 м2 амины сууцаар төлж барагдуулна” гэж мэдүүлж байсан боловч тэр цаг мөчөөс өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг барагдуулах талаар санаачлага гаргаагүй байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Э.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч О овогт Э.А-г 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.А-с бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын төлбөрт 46,000,000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулж К банк дахь эрх хүлээн хүлээн авагчид олгосугай.

 5. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох болон хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                     Д.Ц