Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 01

 

Ш.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.*******

Хариуцагч С.*******

Нарийн бичгийн дарга: Э.Баасандэмбэрэл нар оролцов.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2016 оны 10 дугаар сарын 18-ныөдрийн 217 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч С.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.*******тай 1997 онд гэр бүл болсон. Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тус шүүхээр 2014 онд гэрлэлтээ цуцлуулж, том хүү Э.*******, Э.******* хоёр өөрсдийн хүсэлтээр миний асрамжинд үлдэж, хүү Э.*******, Э.******* нар шүүхийн шийдвэрээр ээж С.*******ын асрамжинд үлдсэн. Гэвч С.******* нь өөрийн гэсэн орон гэргүй, ээжийндээ, хүргэн *******ынхаа хашаанд амьдарч байгаа ба асрамжлагч С.******* нь орой үдэш хүүхдүүдээ хаяж баар цэнгээний газраар явж хэрүүл зодоон гаргах, хол ажлаар явахдаа хараа хяналтгүй орхих, нийллэг зугаалганд явахдаа багш нартайгаа зодолдох зэрэг энэ байдлаас болж хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байна. Хүү ******* 1 жилийн өмнө гуяны дотор тал нь буюу нимгэн цавь газраа хүүхдэд өшиглүүлж гэмтэл авсан. Энэ бүгдийг өөрт нь хэлэхээр чамд хамаагүй хууль надад өгсөн. Би ардчилсан нийгэмд амьдарч байна. Миний яаж явах нь чамд хамаагүй, миний эрх гэх юм. Хүү *******ийгоо эмчийн зөвлөснөөр Улаанбаатар хотод ГССТөвд үзүүлж эмчлүүлээд ирсэн. Мөн С.******* нь янз бүрийн хүмүүстэй нэр холбогдож, гэр орондоо хүн авч ирж хонож ёс зүйгүй байдал гаргадаг. Иймд би хүүхдүүдийнхээ ирээдүй, эрүүл мэнд, нийгэмд эзлэх байр суурийг хамгаалах гэж нэхэмжлэл гаргасан. *******ын асрамжинд байгаа *******, ******* нарыг өөрийн асрамжиндаа авч ээж *******аар нь тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Бага хүү маань хүүхдүүдтэй тоглож байгаад хөлөө гэмтээсэн нь үнэн. Тэр үед Ш.******* нь хүүхдээ сургуульд орохоос өмнө эмчид үзүүлнэ гээд Улаанбаатар хот руу аваад явсан. Гэвч хүүхдийн хичээл ороод 14 хоног өнгөрч байхад Ш.******* хүүг авч ирж өгөхгүй байсан. Тэгээд би тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хандаж хүүхдээ авсан. Одоо манай хүүхэд эрүүл саруул байгаа. Би хүүгээ Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч *******ид үзүүлэхэд цаашид биед нь ямар нэгэн өөрчлөлт орохгүй зүгээр гэж хэлсэн. Би 2 хүүхдээ тус шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн асрамжиндаа авсан. Миний хувьд 2 хүүхдийн эрхийг зөрчсөн асуудал гаргаагүй тул өмнөх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ хүн хүүхдүүдээ асрамжиндаа авна гэж байгаа боловч 2 хүүхдээ асарч чадахгүй. Учир нь *******ийг хот руу эмчилгээнд авч явчихаад төрсний гэрчилгээгүй болгосон байгаа. Сургуульд орох гээд төрсний гэрчилгээ байхгүй болсон гээд төрсний гэрчилгээг нь иргэний бүртгэлд захисан байгаа. Захын жишээ ийм байгаа тул би 2 хүүхдээ өгч чадахгүй, өөрөө харж хамгаалж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдүүдийнхээ ирээдүй, эрүүл мэнд, нийгэмд эзлэх байр суурийг нь хамгаалах гэж нэхэмжлэл гаргасан юм. С.*******ын асрамжид байгаа *******, ******* нарыг өөрийн асрамжиндаа авч ээ С.*******аар тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хоёр хүүхдээ тус шүүхийн шийдвэрийн дагуу асрамжиндаа авсан. Миний хувьд хоёр хүүхдийн эрхийг зөрчсөн асуудал гаргаагүй тул өмнөх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ хүн хүүхдүүдээ асрамжиндаа авна гэж байгаа боловч 2 хүүхдээ асарч чадахгүй. Учир нь *******ийг хот руу эмчилгээнд авч явчихаад төрсөний гэрчилгээгүй болгосон байгаа. Сургуульд орох гэхэд төрсөний гэрчилгээ байхгүй гээд төрсөний гэрчилгээг нь иргэний бүртгэлд захиалсан байгаа. Захын жишээ ийм байгаа тул би 2 хүүхдээ өгч чадахгүй. Өөрөө харж хамгаалж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 5 дугаар сарын 24-нд төрсөн хүү Э.*******, 2011 оны 01 дүгээр сарын 06-нд төрсөн хүү Э.******* нарын асрамжийг өөрчилж, эцэг Ш.*******ын асрамжинд шилжүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Э.*******, Э.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эх С.*******аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Ш.*******т даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 116676 төгрөг гаргуулан 70200 төгрөгийг нэхэмжлэгч Ш.*******т, 46476 төгрөгийг төрийн санд тус тус олгож, шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Баттулгад даалгаж, шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт авагдсан дуу бичлэг бүхий 4,7 GB багтаамжтай DVD, дуу болон дүрс бичлэг бүхий 2 GBбагтаамжтай SD карт, 4 GB багтаамжтай SD картуудыг нэхэмжлэгчид буцаан олгож, захиргааны арга хэмжээний материалыг Цагдаагийн байгууллагад хүргүүлж, рентген зургийг хэрэгт хавсаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: С.******* миний бие 2014.04.11-ний өдөр Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэрээр Ш.*******оос хуулийн дагуу гэр бүл цуцлуулсан. Энэ шийдвэрээр хоёр бага хүү болох Э.*******, Э.******* нарыг миний асрамжид шийдвэрлэсэн юм. Гэвч салсан нөхөр Ш.******* нь салсан цагаасаа хойш байнга хэрүүл хийж, элдвээр доромжилж, гэр оронд төдийгүй ажлын байран дээр хүртэл ирж бага насны хүүхдүүдийг минь доромжилж байсан. Энэ байдлыг гэрч миний ээж болох *******, аа, , , ой, *******а нар мэдэж байгаа. Энэ хүмүүсээр мэдүүлэг өгүүлээгүй нь миний хуулийн мэдлэг дутмаг байснаас болсон байна.

Ш.******* нь 2 бага хүүгээ өөр дээрээ аваачиж, хэд хоног байлгахдаа хүү *******ид Аав, ах нартайгаа баймаар байна гэж хэлээрэй гээд ундаа чихрээр хууран захиж байгаад тийм саналыг хүчээр өгүүлсэн байдаг. Ингэж хүү *******ийн саналыг өгүүлэхдээ өмгөөлөгч оролцуулалгүй, сурган хүмүүжүүлэгч багшийг байлгаж санал авсан.

Мөн ******* нь салахаасаа өмнө тоног төхөөрөмж худалдаж авна гэж надаар банкнаас 8.300.000 төгрөгийн цалингийн зээл авахуулчихаад эргэн төлөлт ганц удаа ч төлөөгүй. Одоог хүртэл би цалингаасаа төлж байгаа.

Салсан цагаасаа хойш 2 бага хүүхдийн тэтгэлэгийг огт төлөөгүй өнөөдрийг хүрсэн хүн.

Шүүгч хүүхдийн эрх зөрчсөн гэж шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д. ахлагчтай шинжээчийн дүгнэлтээр намайг хүүхдийн эрх зөрчсөн гэж дүгнэлт гараагүй. Шүүгч тус шинжээчийн дүгнэлтэд байгаа *******ын бүрдүүлсэн дуу бичлэг болон утасны бичлэг, эмнэлэгийн бичиг зэрэг баримтаас үзэхэд ээж ******* нь хүүхдүүддээ тавих анхаарал дутмаг, ёс зүйн хувьд доголдолтой болох нь харагдаж байна гэсэн өгүүлбэрийг иш татан авч шийдвэрт бичсэн нь агуулгын хувьд дүгнэлтийн утгыг өөрчилж эсрэгээр нь тусгасан нь учир дутагдалтай байна.

Мөн гэрч ын өгсөн ... нар манай буудалд нэг хоносон гэж өгсөн мэдүүлгийг , , *******, ой нар манай буудалд нэг хоносон гэж гуйвуулж шийдвэрт бичсэн байна.

С.******* миний бие боловсролын байгууллагад бага ангийн багшаар 19 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд өөрийн төрүүлсэн хүүхэд төдийгүй ард түмний бага насны олон хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл хийж байсан удаагүй. Одоо би 810.000 төгрөгийн сарын дундаж цалин авдаг, хоёр хүүхдээ тэжээн асрах боломжтой гэж үздэг.

Ш.*******ын хувийн байдал нь өөрөө тодорхой эрхэлсэн ажил байхгүй, сарын тогтсон орлогогүй, өөрийн гэсэн гэр оронгүй, аав ээж, ах дүү нарынхаараа өдөр хоногийг өнгөрөөдөг төдийгүй архи их ууж, ёс зүйн зөрчил их гаргадаг. Энэ талаараа Цагдаагийн байгууллагад удаа дараа эрүүлжүүлэгдэж, захиргааны арга хэмжээ авагдаж байсан. Ийм хүний асрамжид бага насны 2 хүүхдийг маань өгөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр хянуулан хүчингүй болгож, 2 хүүхдийг маань С.******* миний өөрийн асрамжинд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар шийдвэрт намайг хүүхдийн эрх зөрчсөн гэсэн үндэслэлээр хоёр бага хүүг маань эцгийнх нь асрамжинд шилжүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өнөөг хүртэл хоёр хүүгээ асарч хамгаалж, өсгөж хүмүүжүүлж ирсэн.

Би төрүүлсэн ээжтэйгээ хамт амьдардаг. Намайг таних танихгүй хүмүүсээс янз бүрийн мэдүүлэг цуглуулж намайг хүүхдийн эрх зөрчсөн гэж гүтгэж байна. Гэрчүүдийн мэдүүлэг дотор хүүхдийн эрх зөрчсөн гэдгийг батлах зүйл байдаггүй. Намайг баар буудал хэсч явдаг гэх яриаг Ш.******* өөрөө сэдэж, гэр орон албан байгууллагад хүртэл ирж хэл амаар доромжилдог. Гэрчүүдийн мэдүүлэг нь хүүхдийн эрхтэй холбогдолгүй мэдүүлэг өгсөн байдаг.

Миний зүгээс 2 хүүхдээ тэжээн тэтгэж явах боломжтой. Харин Ш.******* эрхэлсэн ажилгүй, айлаар хоноглож явдаг. Хүүхдээ асарч халамжилдаг дүр үзүүлдэг ч бодит байдал дээр тусалж дэмжсэн зүйл байдаггүй. Мөн би Ш.*******т авч өгсөн цалингийн зээлээ одоо хүртэл өөрөө төлж байгаа. Хоёр том хүү маань оюутан учраас би энэ хүнээс цалингийн зээлээ нэхэмжилдэггүй.

Ш.******* бага насны 2 хүүхдийг асарч халамжлаад явах чадваргүй, нэг гэр бариатай байдаг ч түлш модгүй, өөрөө айлаар хоноглож явдаг. Анхан шатны шүүх хуралдааны үед ажлын цаг завгүй, хуулийн мэдлэггүй улмаас гэрчийн мэдүүлэг өгүүлж чадаагүй гэв.

Нэхэмжлжэгч Ш.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. С.*******ын хэлж байгаа үг, үйлдэл нь зөрүүтэй хүн. Өөрийгөө зөвтгөх нотлох баримт гаргаж өгөх эрх нь нээлттэй байхад ямар ч баримт гаргаж өгөөгүй. Тэгээд шүүх хуралдаан болохоор дандаа цалингийн зээл ярьдаг, хүүхдийнхээ ирээдүйд анхаарсан тал дээр юу ч ярьдаггүй. Өсвөр насны 2 том хүүхэд бага насны 2 бага хүүхдийнхээ амьдрах орчин нөхцлийг огт анхаардаггүй.

Би хувиараа бизнес эрхэлж гэртээ 2 том хүүхэдтэйгээ амьдраад болж байгаа. Сонгуулийн дараа миний бүрэн эрх дууссан ч гэсэн хувиараа бизнес эрхэлж байгааг маань үгүйсгэдэг. С.******* хүүхдээ орхиж хонуутаар явдаг нь тогтоогдсон. С.******* хүүхдүүдийнхээ асран хамгаалуулах эрхийг нь зөрчиж байгаа. Хүүхдийн эрүүл мэндийн талаар тодорхойлолт авахдаа улсын эмнэлэгээс биш дандаа хувийн эмнэлэгээс гуйж тодорхойлолт авсан байдаг.

Миний хувьд өөрийн гэртээ байдаг, хааяа ах дүү нар дээрээ очих шаардлага гардаг. Хүүхдийн тэтгэлэг мөнгө огт авч байгаагүй гэж байгаа боловч бүх малыг С.******* авсан. Том хүүхдүүдийнхээ төлбөр мөнгийг нэг ч удаа төлж байгаагүй. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаардаггүй, саяхан очиход хоёр бага хүүхэд миний хот руу авч явахдаа авч өгсөн хувцастай л байсан. Хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтрийг авах гээд очихоор өгдөггүй, саад болдог. Сүүлийн үед хүүхдийн байцаагч шөнө орой очиж эргэж тойрдог болсон гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан хүү Э.Бямба-Очир, Э.******* нарын асрамжийг өөрчилж, өөрийн асрамжид авах, эх С.*******аас тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч С.******* нар нь 1997 оны 9 дүгээр сарын 10-нд гэр бүл болсоныг 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлснээр гэр бүл болж байсан ба тэдний дундаас 1996 оны 02 дугаар сарын 20-нд төрсөн хүү Э.*******, 1998 оны 6 дугаар сарын 13-нд төрсөн хүү Э.*******, 2009 оны 5 дугаар сарын 24-нд хүү Э.*******, 2011 оны 01 дүгээр сарын 06-нд төрсөн хүү Э.******* нар төрсөн болох нь зохигчидын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийдвэрээр Ш.*******, С.******* нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 5 дугаар сарын 24-нд төрсөн хүү Э.*******, 2011 оны 01 дүгээр сарын 06-нд төрсөн хүү Э.******* нарыг эх С.*******ын асрамжинд үлдээж, Э.*******, Э.******* нарыг 18 нас хүртэл Ш.*******оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С.******* нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал халамж тавьдаггүй, гадуур архидах, зодолдох зэрэг үйлдэл гаргаж байгаагаас хүүхдүүдийн нэр хүнд, хүмүүжилд ноцтой нөлөө үзүүлж байна... гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч С., Н., Д., Б. нарын мэдүүлэг, шинжээч Д., Д., Н., Д. нарын дүгнэлтээр эх С.******* нь хүү Э.*******, Э.******* нарыг асрамжиндаа байлгах хугацаанд тэднийг хувцас хунар, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, эрүүл мэнд, сэтгэхгүй, ёс суртанхууны хүмүүжилд нь хохирол учруулсан, хүүхэддээ хэрцгий хандсан, эх байх эрхээ зүй бусаар ашигласан зэрэг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

Харин С.******* нь хүү Э.*******, Э.******* өөрийн эх, дүү нарын хамт гэрт амьдардаг, тэрээр Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар сургуульд багшаар ажиллаж, цалин хөлс авч тэднийгээ хоол, хүнс, хувцас болон хэрэгцээтэй зүйлээр хангаж, дутагдах гачигдах зүйлгүй амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хүүхдийн санал, эцэг эхийн анхаарал, халамж болон бусад байдлыг харгалзан үзээд асрамжийг өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэсэн байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 д зааснаар хүү Э.*******ийн.. Би аав , ах нартайгаа хамт амьдармаар байна гэсэн саналыг шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ харгалзан үзэхээс бус түүний санал нь дангаараа түүний асрамжийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзнэ.

Түүнчлэн эцэг Ш.******* хоёр том хүүгээ тэжээн тэтгэж, тэднийхээ сургалтын төлбөрийг төлж, тэднийгээ асран халамжилдаг гэж тайлбарлаж байгаа ба хоёр бага хүү болох Э.*******, Э.******* нарыг мөн асрамжиндаа авахад өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байхад хүүхдүүдийг эхээс нь илүүтэйгээр тэжээн тэтгэж, цаашид асран хүмүүжүүлэх боломжтой гэж үзэхэд хангалтгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.******* нь хүүхдүүдийн асрамжийг өөрчлүүлэх, эх С.*******аар тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлож чадаагүй, тэдний асрамжийг өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыгбүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ш.*******ын нэхэмжлэлтэй С.*******д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулйн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР