Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01043

 

С.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2018/00078 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар магадлалтай,

С.Тгийн нэхэмжлэлтэй

Ц.Лд холбогдох

Түлшний модны үнийн үлдэгдэл 1 520 000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Тгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэнмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Л нь Бууцагаан сумын захиргааны орлогч дарга байхдаа надаас түлшний мод авч борлуулж өгч байсан боловч модны үлдэгдэл үнэ 1 520 000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа тул надад гаргуулж өгнө үү. Ц.Л нь надтай уулзаж чи наад модоо надад зарж байгаач, би мөнгийг саадгүй авч өгнө гэсэн санал тавьж байсан. Ц.Лд 2007 онд нэг удаагийн ачилтын 3 машин мод буулгаж өгсөн. Надад 400 000 төгрөг өгөөд 1 520 000 төгрөг үлдсэн. Тэгээд Ц.Л нэг ямааны мах надад өгсөн. Тэгээд би Ц.Лд үлдсэн мөнгөө авъя гэхэд нэг ямааны мах өгөөд танай өр дуусч байгаа гэсэн гэж манай эхнэр хэлсэн гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ц.Л нь машинаа мөргүүлээд хэрүүл хийгээд машиныг мөргөсөн хүнээс мөнгө авна гээд зогсож байхад нь би би чамаас мөнгө авах ёстой юм чинь энэ асуудлыг чинь би хөөцөлдөөд мөнгийг нь авчих уу гэхэд Ц.Л нь тэг чи хөөцөлдөөд өрөндөө ав гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 оноос 2008 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. С.Т нь 2007 онд Зил-130 автомашинаар нэг удаа мод ачиж ирж байсан. Тухайн үед эмнэлгийн нярваар ажиллаж байсан Б.Баянсүрэн машинтай ирж уг модны тэн хагасыг ачихад Зил 130 автомашины тэвш бараг дүүрэхгүй байсан. Би 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвийн Мобиком салбарын өмнө Ланд-100 автомашин гэнэт ухарч миний машины урд талын нүүрийг гэмтээсэн. Энэ үед С.Т тааралдаж энэ машины нүүрийг ямар үнэтэй болохыг лавлаж би 750 000 төгрөг, хуучин нь 450 000 төгрөг байдаг гэж хэлсэн. Гэтэл би энэ хүнээс нүүрийг нь аваад чамд олж өгье гэж хэлсэн. Гэтэл хамт явсан хүмүүс яараад би машины жолооч С.Сумъяасүрэнтэй ярилцаад тэрхүү хэлцлийг хийж байсан. Гэтэл одоо С.Т надад машины нүүр олж өгөөгүй нөгөө хүнээс мөнгө аваагүй талаар ярьж байна. 2006 онд манай сумын сургууль эмнэлэг зэрэг байгууллагууд төвийн эрчим хүчинд холбогдоогүй байсан учраас түлшинд мод хэрэглэдэг байсан нь үнэн. Надад мод өгөөгүй. Сургууль дээр мод буулгасан юм байна лээ. Тэгээд тэр модны нь мөнгө нь надаар дамжаагүй, тухайн сургуулийн нягтлан болон нярав нар мэдэх асуудал. Мөн сүүлчийн нэг машин мод гэж байгаа нь 2007 оны асуудал 2010 онд би мод аваагүй. Тэгээд тухайн үед сургууль мод авахгүй гэхээр нь би С.Тг манай хашаанд буулгачих чадвал борлуулаад өгье гэсэн тухайн мод нэг машин мод байсан, нэг машинд гурван машин мод орохгүй С.Т нь худлаа ярьж байна. Мөн тэр модыг хэнд ч зарж чадаагүй би түлээд дуусгасан. Тэгээд тэр модны мөнгө болох 400 000 төгрөгийг С.Т нь нэхэж ирэхээр нь би өгсөн. Дараа нь нэг ямааны мах өгсөн. Ингээд бид хоёрын тооцоо дууссан гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2018/00078 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Лд холбогдох түлшний модны үнийн 1.520.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.270 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ний өдрийн 131/ШШ2018/00078 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Тгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Тгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39.270 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Т хяналтын гомдолдоо: Магадлалыг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. С.Т би 2007 онд Ц.Лд 1 ачилтын 3 машин мод буулгаж өгсөн бөгөөд нэг машин модыг 450 000 төгрөгөөр борлуулж мод борлуулж өгсөн хөлсөнд нь машин мод тус бүрээс 100 000 мянган төгрөг бүгд 300 000 төгрөгийг Ц.Лд үлдээж 3 машин модны үнэ болох 1 050 000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцож тухайн ондоо 255 000 төгрөгийг Ц.Л надад өгөөд 795 000 төгрөг өгөөгүй үлдсэн юм. С.Т би мөн Бууцагаан суманд Даваа гэгч хүнээр мод заруулдаг байсан бөгөөд Ц.Л өөртөө байсан 3 машин модыг зарж дуусаад Даваагаас 75 000 төгрөгний мод нэмж авч зарсан байсан С.Т би 2010 оны 09 дүгээр сард дахин 1 ачилтын 3 машин мод буулгаж өгснөөс мөн мод борлуулсны хөлс 300 000 төгрөгийг Ц.Лд өгөөд уг 3 машин модны үнэ болох 1 050 000 төгрөг, 2007 оны модны үнийн үлдэгдэл 795000 төгрөг, Даваагаас мод авч борлуулсны 75 000 төгрөг нийт Ц.Лгээс 1 920 000 төгрөг авахаас 2010 оны 11 дүгээр сард 400 000 төгрөг авсан бөгөөд одооны модны тооцооны үлдэгдэл 1 520 000 төгрөг Ц.Лгээс нэхэмжлэж байгаа билээ. Хэдийгээр он цагийн хувьд олон жил болсон боловч модны үнийн үлдэгдлийг боломжтой үедээ өгч авахаар бид тохиролцож, хөөн хэлэлцэх хугацааг зогсоосон байсан. Үүнийг магадлалын үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч 2013 оноос 2017 оныг дуустал хугацаанд Ц.Лгээс үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.” гэж зөв дүгнэсэн байна. Ц.Л нь С.Т надтай 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хэлцэлдээ надад өртэй гэдгээ нотолсон үүнийгээ ч шүүхэд үгүйсгээгүй болно. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь үнэлээгүй. Иймд хуулийг хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө гэжээ

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Т нь худалдсан түлшний модны үнийн дутуу 1 520 000 төгрөгийг хариуцагч Ц.Лгээс гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч модны үнэ 400 000 төгрөгийг төлж, 2013 онд нэг ямаа өгснөөр төлбөр тооцоо дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Нэхэмжлэгч С.Т нь нэхэмжлэлийн үндэслэлээ худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, хариуцагч Ц.Л үүргээ хүлээн зөвшөөрсөн нь 2017 оны 08 сарын 25-ны өдрийн бичгийн баримтаар нотлогдоно гэж, уг баримтыг шүүхэд өгчээ.

Зохигч талуудын тайлбар, хэрэгт байгаа баримтаар талуудын хооронд худалдах-худалдах авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй боловч хоёр шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн хуульд заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд С.Т нь Ц.Лд түлшний мод худалдсан үйл баримт тогтоогдож байх боловч хэдий хэмжээний модыг худалдсан, хариуцагч модны үнийг төлсөн эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох хэргийн 5, 4 дүгээр хуудсан дах бичгийн баримтад дараах мэдээлэл тусгагджээ.

“2017 оны 8 сарын 25-ны өдөр Ц.Л, С.Т, Г.Сбид нар дараах зүйлийг харилцан тохирч хэлцэл хийв. УБП 8099 дугаарын патрол машины урд нүүрийг БНХ 8696 дугаарын Ланд 100 машин мөргөж, урд нүүрийг гэмтээсэн тул уг нүүрний үнийг Сумьяасүрэнгээр төлүүлж иргэн С.Тд олгохоор харилцан тооцов. Уг машины нүүр шинэ нь 730 000 төгрөг, хуучин нүүр нь 400 000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд уг үнийг иргэн С.Тд гаргуулахаар тооцов.” гэж Ц.Л, С.Т, Г.Снар гарын үсгээ зурсан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс уг баримтыг тайлбарлахдаа С.Ц.Л нь модны үнийг төлөөгүй байсан ба хүнээс авах машины нүүрний үнийг модны үнэд тооцон өгч гэж дээрх баримтыг үйлдсэн гэсэн бол хариуцагч маргаж, С.Т нь надад машины нүүр олж өгнө гэсэн тул түүнд мөнгийг өгөх тухай баримт үйлдсэн гэж маргажээ.

Хоёр шатны шүүх дээрх баримтыг үнэлэхдээ уг баримтад модны үнэ төлөх талаар тусгагдаагүй, маргаанд хамааралгүй баримт гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.   Нэхэмжлэгчийн зүгээс уг баримтаар нэхэмжлэлээ нотолно гэж үзсэн байхад шүүх Иргэний хуульд заасан үүргийг өөр үүргээр солих, гэрээний үүрэгт өөр үүргийг тооцох, үүргийг харилцан тооцох аль эрх зүйн харилцаа үүссэнийг анхаарахгүйгээр, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой мэдээлэл баримтад тусгагдсан байх ёстой гэсэн агуулгаар дүгнэсэн нь хууль зөрчинө.

Дээрх баримтыг дүгнэвэл хариуцагч Ц.Л нь Г.Сумьяасүрэнгээс авах машины гэмтээсэн эд ангийн үнийг С.Тд тооцон өгөх, Г.Снь мөнгийг С.Тд өгөх талаар харилцан тохирсон байх ба хариуцагч дээд тал нь 730 000 төгрөгийг С.Тд өгөх үүргийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна. Тухайн баримтад модны үнийн талаар дурьдаагүй боловч хариуцагч Ц.Л нь нэхэмжлэгч С.Тд мөнгө өгөхийг зөвшөөрснөөс үзэхэд мөнгөн төлбөр төлөх үүрэгтэй байсан нь тогтоогдсон гэж үзнэ.  Уг баримтад С.Т нь хариуцагчийн өмнө машины нүүрийг олж өгөх үүрэг хүлээсэн гэх агуулга байхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч нь 2017 оны 8 сарын 25-ны өдөр баримт үйлдснээс үзэхэд үүргийг энэ хүртэл хугацаанд зөвшөөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байв.

Иймд хариуцагч 730 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар магадлал, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2018/00078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ц.Лгээс 730 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Тд олгож, нэхэмжлэлээс 790 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дах заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 22 070 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 39 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА