Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 000107

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

                                                   Э.Э.т холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0295/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Л.Оюунтуяа

               Шүүгдэгч                                           Э.Э

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

     

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаар цагаатгах тогтоолтой Э.Э.т холбогдох, 1725001590075 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 04-нд Дорноговь аймгийн Зүлэгт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр суманд оршин суудаг, урьд ял шийтүүлж байгаагүй, регистрийн дугаартай, Т овгийн Э.Э.

 

Шүүгдэгч Э.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Хүлэг” хүнсний захын иргэн Х.Б-ын лангуун дээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа 543 162 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаар цагаатгах тогтоолоор:

 

Шүүгдэгч Э. Э-т Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж,

 

Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж,

 

Хохирогч Х.Б-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч байна.

 

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 2017 оны 08 сарын 29- ний өдрийн тогтоолтой “Бан Хас” ХХК-ийн шинжээч Д.Мөнхбат нь танилцаад өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд, хэрэгт цугларсан баримтаар дүгнэлт гаргах боломжтой гэж үзэж, эрх үүрэгтэй танилцаж гарын үсэг зурсан. Хэрэв өөрийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл Шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол...” татгалзах үүрэгтэй ба шинжээч нь зориуд худал дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж гарын үсэг зурсан байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу шинжээч Д.Мөнхбат нь санхүүч мэргэжилтэй тул түүнийг нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэг эзэмшсэн этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Д.Мөнхбатыг шинжээчээр томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1, 6.1.2, 6.1.5 дахь заалтад нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “шүүгдэгчийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэж заасан.

 

Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт гэрч Э.Э, Ж.С нарын мэдүүлэг болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж шинжлэн судалсан. Шүүх дээрх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн яллах дүгнэлтэнд заасан нотлох баримтууд нь ямар нотлох баримтаар няцаагдаж байгаад дүгнэлт хийлгүйгээр үндэслэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Мөн шүүхийн цагаатгах тоггоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг ямар үндэслэлээр цагаатгасан үндэслэлээ дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг зөрчиж байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хохирогч Х.Б давж заалдах гомдолдоо:

 

Хохирогч Х.Б миний бие Хүлэг худалдааны төвийн хажууд өөрийн хүнсний буюу өндөг зардаг лангууг ажиллуулдаг бөгөөд тус лангуун дээрээ иргэн Э-той тохиролцон түүнийг 2017 оны 08 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулах болсон юм .

 

Ингээд ажиллуулж байгаад 08 дугаар сарын 13-ны өдөр орой хот яваад 15 нд ирнэ гээд ажил дээрээ ирээгүй. Эхний өдөр буюу 14 нд дүүгээ ажиллуулсан дараагийн өдөр нь өөрөө ч дүү нь ч ирээгүй. Түүнийг хүлээгээд нэг өдөр ажил, орлогоо алдсан. Иймээс яаралтай бараагаа тоолох шаардлага гарч бараагаа тоолоход дутагдал гарсан тул цагдаад гомдол гаргасан. Ингээд Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар шүүхэд шилжүүлж шүүх хурал болж Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Эт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан болно. Гэвч би ийнхүү Энхболорыг цагаатгаж байгаад гомдолтой байна.

 

Яагаад гэвэл би өөрийн эд хөрөнгөө түүнд итгэн хүлээлгэж өгсөн байсан. Гэтэл миний итгэлийг эвдэн бараа дутааж орлогыг маань завшаад алга болсон байсан.

 

Э нь шүүх хурал дээр намайг байнга худалдагч сольж өрөнд оруулж цалинг нь өгөхгүй гаргадаг гэх мэтээр худал гүтгэлгийн шинжтэй зүйлүүд ярьж, миний 7 хоног бүр тоолно шүү гэж хэлснийг өөрийгөө 7 хоног болгон тоолъё гээд гуйгаад байхад тоолоогүй гэхчлэн худлаа ярьж байсан. Харин би эхний 7 хоногт бараагаа тоолох гээд очиход өөрөө тоолчихсон гээд байхаар нь итгэж өөрийнх нь тоолсноор тэмдэглэж тооцоогоо хийж итгэл үзүүлж байсан.

 

Энхболорын миний мөнгийг завшсан тухай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх зөв үнэлж дүгнэсэнгүй. Миний эд хөрөнгө дутагдаж мөнгө алга болсныг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болон шинжээчээр дүгнэлт гаргасныг шүүх цагаатгах тогтоолдоо энэ чиглэлээр шинжилгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын баримтууд, хувийн гар тэмдэглэлүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нь Э.Э-ыг миний барааг хүлээн аваад буцааж хүлээлгэж өгөөгүйг нотлох баримт байсаар байтал үнэн зөв нотлох баримтаар тооцохгүй байгаа нь шүүх хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

 

"Бан хас" ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 173 тоот албан бичигт "Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой санхүүгийн шинжилгээ дүгнэлт хийж " гээд 2017 оны 08 дугаар сарын тооллогоор 175 355 төгрөгийн зөрүү, 2017 оны 08 дугаар сарын 14-ний тооллогоор 367 807 төгрөгийн зөрүү 543 162 төгрөгийн дутагдал гаргасан. Энэхүү тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тухайн маргааныг шийдвэрийг шүүх гаргахдаа ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байна гэж мөн шинжээчийн дүгнэлтэд үнэлгээний зорилгоо "санхүүгийн шинжилгээ хийх" гэж тодорхойлж, хэдэн төгрөгийн дутагдал гаргасныг хүнэгтээр харуулж 543 163 төгрөгийн дутагдал гарсныг дүгнэсэн, үнэлгээгээ олон улсын стандарт, монгол улсын холбогдох хууль заавар журамд нийцсэн шударгаар үнэн зөв гүйцэтгэсэн гэсээр атал шүүх үүнийг санхүүгийн мэргэжлийн шинжээч үнэлээгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Миний бие Э-ыг миний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэргийг тал бүрээс нь дахин нягтлан үзэж Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр, “Хүлэг” хүнсний захын иргэн Х.Б-ын лангуун дээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа 543 162 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалтгүй, санхүүгийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлгүй этгээдээр дүгнэлт гаргуулсан байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Э.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Э.Э нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл “Хүлэг” хүнсний захад иргэн Х.Б-ын тахианы мах, өндөг зэрэг хүнсний  бүтээгдэхүүн худалддаг лангуунд худалдагчаар ажиллаж байсан болох нь :

 

Гэрч Э.Э-ийн ...2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тооллогоор Э-т 175. 000 төгрөгийн алданги гарсан гэсэн..., Тэрнээс хойш лангуун дээр сууж байгаад Улаанбаатар луу явсан хойгуур нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тооллого хийгээд дахиад 300 гаруй мянган төгрөгийн дутагдал гаргасан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.С-ийн ...Би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ногооны зах дээр ажиллаж байхад Б-ын лангуун дээр Э гэдэг охин суудаг байсан..., 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Б лангууны бараагаа тоолж байгаад намайг бичээд өгөөч гэхээр нь цуг тоолсон..., Б тооцоо хийгээд 200 гаруй мянган төгрөг байхгүй байна... Өмнө нь бас дутаж байсан гэж надад хэлж байсан... гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Э-ын ...Би 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой бараа хүлээн авсан. Гэхдээ хэдэн төгрөгийн бараа хүлээн авсныг мэдэхгүй байна. Өдөр болгон орсон орлогоо орой Б эгчид хүргэж өгдөг байсан. Лангуун дээр намайг ажиллаж байх хугацаанд буюу 08 дугаар сарын 09-ний өдөр тооллого хийхэд 175 000 төгрөг дутагдсан. Би өөрөө бараагаа тоолсон болохоор дутуу тоолсон гэж бодож байгаа. 08 дугаар сарын 13-ны орой Улаанбаатар явах хэрэгтэй болоод нөхрийнхөө дүү А-г суулгасан. Намайг явсан хойгуур Б эгч бараагаа өөрөө тоолоод дахиад 300 гаад мянган төгрөгийн дутагдал гаргасан байсан. Би ямар нэгэн бүртгэл хөтөлж байгаагүй. Орсон орлогын мөнгийг нь Б эгчид өгдөг байсан. Бүх баримт нь Б эгчид байгаа. Намайг байхгүй байхад тооллого хийж мөнгө дутагдуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн мэдүүлэг зэргээр нотлогджээ.

 

Харин шүүгдэгч Э.Э нь хохирогч Х.Б-ын лангуунд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа 543 162 төгрөг завшсан гэдэг нь нотлогдохгүй байна.

 

Хэрэгт Х.Б, Э.Э нарын хүлээлцсэн барааны тоо, хэмжээ тодорхойгүй, хувийн гар тэмдэглэл, зарлагын падан зэрэг нь анхан шатны нягтлан бодох бүртгэлийн шаардлагад нийцэхгүй, тодорхой бус байхаас гадна тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай баримтад хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй шинжээч Д.Мөнхбат нь санхүүгийн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.

 

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг, завших гэдэг нь итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлийг хууль бусаар эргэлтэнд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байгааг тус тус ойлгох ба ийнхүү үүрэг хүлээсэн байдаг.

 

Өөрөөр хэлбэл Э.Э, Х.Б нарын хооронд хөлсөөр ажиллах иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн байгаа боловч эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тодорхойгүй байхад шүүгдэгч Э.Э-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Э-ын бусдын эд хөрөнгийг дутагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн шинжгүй байх тул ... хохирогчийн ...Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэж хохирлыг барагдуулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдол, улсын яллагчийн ...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү... гэсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж,  

улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Х.Б-ын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР                                                                                           

 

               ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

           

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА