| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0066/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 76
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000220031 дугаартай, 163/2020/0066/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужаан хийдэг, ам бүл 4, 2003 онд Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1- т зааснаар 1 жил тэнсэн харгалзах, 2006 онд Орхон аймгийн сум дундын шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 6 жил 1 сарын хорих ялаар, 2012 онд Орхон аймгийн сум дундын шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2017 онд Орхон аймгийн сум дундын шүүхийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Б овгийн Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтээр/ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ...ийн нутаг “Б ” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 4.9 м3 мод бэлтгэн, өөрийн эзэмшилийн **-** ОРО улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгсэлд тээвэрлэж байгаль экологид 139650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
2015000220031 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Иргэний нэхэмжлэгч Б.П гийн өгсөн: “...Бугат сумын 1-р баг Б гэдэг газарт мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй байгаа. Б гэдэг газар нь ашиглалтын бүсийн ойд орно. Б.Б надаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.Э гийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр Б Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр Б гэх газраас мод бэлтгээд цагдаад баригдсан байсан. Миний эзэмшилийн тээврийн хэрэгсэл гэхдээ одоо Нет капитал банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. Би 2 сая төгрөгний зээл авчихсан байсан. Тэгээд зээлээ төлж барагдуулсан боловч өөрийн нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэрч Н.Б ы өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр 10-ны өдөр Бугат сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд **-** ОРО улсын дугаартай цагаан өнгийн амбаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б сумын төвийн замын хөдөлгөөнд оролцоод явж байхад зогсоож шалгахад тээврийн хэрэгсэлийн тэвшин дотор түлээний хуурай шинэс төрлийн мод тээвэрлэж явсан. Тээвэрлэж яваа модны зөвшөөрөл байгаа эсэх талаар асуухад зөвшөөрөл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-87 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.Б мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн **-** ОРО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн Бугат сумын Б гэх газраас түлээний иод бэлтгэсэн юм. Тэгээд ачиж яваад Бугат сумын төв рүү ороход сумын цагдаа Б зогсоогоод бичиг баримт байгаа юм уу гэж асуухад би байхгүй гэсэн, тэгээд цагдаагийн кабон орж машинаа тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-87 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16, 20-27 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 12, 17 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 95 дугаар хуудас/, Нэткапитал ББСБ-ын албан тоот №03 албан бичиг /хх-ийн 41 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 хуудас/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.Б нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж “Б ” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 4,9 м.куб хуурай шинэс модыг бэлтгэж тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.
Иймд шүүгдэгч Б.Б гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч Б.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б гийн үйлдлийн улмаас ойн санд 418950 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Б.П гийн мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б г зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 418950 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б гээс 418950 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд Портер маркийн машин нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Б.Б д холбогдох хэрэгт гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Булган аймгийн Бугат сумын Цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгслийг түр хадгалах хашаанд байгаа 55 ширхэг хуурай шинэс модыг хурааж, мөн энэхүү гэмт хэргийг үйлдэхэд ашигласан **-** ОРО улсын дугаартай 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2015 онд Монгол улсад орж ирсэн Хюандай Портер маркийн машин нь гэмт хэргийг шалгах явцад шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж, түүний үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-д “эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь Б.Б нь мэдүүлэхдээ... цагдаа машинд байсан миний өөрийн 2 ширхэг цахилгаан хөрөөг гаргаад ир гэсэн удалгүй 1 ширхэг ажилдаггүй хөрөөг эд мөрийн баримтаар хурааж авсан гэх мэдүүлэгээс үзэхэд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй байх тул битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч Б.Б д буцаан олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Б г “хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Булган аймгийн Бугат сумын Цагдаагийн тээврийн хэрэгсэл түр хадгалах байранд байгаа 55 ширхэг хуурай шинэс модыг хурааж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 70.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг битүүмжлэлээс чөлөөлж, **-** ОРО улсын дугаартай 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2015 онд Монгол улсад орж ирсэн Хюандай Портер маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч нарт буцаан олгож, түүний үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гээс 418950 /дөрвөн зуун арван найман мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
6. Шүүгдэгч Б.Б гийн иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөөг тогтоол хүчинтөгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН