| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1263/Э |
| Дугаар | 1263 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Ч.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1263
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Ч.Оюун-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ШТЭД-2260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ст холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд Ховд аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгний торгох ялаар, мөн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэссэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Б овгийн Лын С /РД:.../,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0,93% согтолттой үедээ 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын 2-27-р гудамжинд Хьюндай Грейс маркийн ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Мыг мөргөн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургууд /хх3-5/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх14/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б ийн мэдүүлэг /хх24-25/, гэрч М.Б ийн мэдүүлэг /хх28, 34/, гэрч Д.Г ын мэдүүлэг /хх36/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1715 дугаар дүгнэлт /хх48-50/, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 335 дугаар дүгнэлт /хх61-62/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Л.Сыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургууд /хх3-5/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зурагт “...Л.Сыг драйгер багаж ашиглан шалгахад 0,93% тоон үзүүлэлттэй согтууруулах ундааны зүйл уусан болохыг тогтоолоо...” гэжээ. /хх14/,
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б ийн “...2019.08.07-ны өглөө би талийгаачийг зам тээврийн осолд орж нас барсан талаар мэдсэн...би төрсөн дүү нь байгаа юм. Талийгаач гэр бүлээсээ салсан, тусдаа ганцаараа амьдарч байсан. Голдуу гудамжинд, траншейнд, заримдаа найзындаа амьдардаг байсан. Жолооч өөрөө талийгаачийн оруулгын зардлыг зохион байгуулсан. Бүх мөнгө төгрөгийг нь өөрөө сэтгэл гарган даасан. 2.600.000 төгрөг гарсан гэж надад хэлсэн. Мөн ах дүүс хандив өгсөн. Одоо надад гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх24-25/,
4. Гэрч М.Б ийн “...2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд гэртээ иртэл манай хашааны зүүн урд буланг ... УНЧ улсын дугаартай автомашин мөргөөд цөмрөөд орсон байхаар нь ...хашаагаа тойроод хартал жолооч нь бололтой залуу машиныхаа ард зогсож байсан. Ах нь танай хашаа руу машинаа алдчихлаа гэж хэлсэн. Энэ хүн яасан юм бэ гэхэд автомашины хажуу талд зогсож байгаад шидэгдээд унасан гэж хэлэхээр нь хартал манай хашааны баруун урд булангийн гадаа дөрвөлжин цемент түшүүлээд 50 орчим насны эрэгтэйг хэвтүүлсэн байсан. ...баруун талын чих нь сэтрээд цус гарсан, дүүн дээд шанаа орчимд халцарсан харагдсан. Тэгээд та зүгээр үү яаж байна гэхэд ёолоод байхаар өөрийнхөө гар утсаар 102, 103 дуудсан...хашааны нэг тулгуур шон хугараад нүүр хэсэг нь унасан байсан, үнэлгээ хийлгээгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх28, 34/,
5. Гэрч Д.Г ын “...2019 оны 8 дугаар сарын 06-ны орой гэртээ ирэхэд С манай гэрт сууж байсан. Тэгээд хоёулаа дугуй нөхүүлээд ирэе гэхээр нь хамт гарсан. ...Өргөө кинотеатрын ард байрлах дугуй засварын газар очоод дугуй нөхүүлж байгаад тамхинд яваад ирэхэд талийгаач Сын машин дотор сууж байсан. Энгэртээ нэг шил архи хийсэн харагдсан. Зүүн салаа явмаар байна, автобусны буудал хүргээд өгчих гэж хэлэхэд С хөдөлсөн. Тэгээд овоон дээр тал шил архиа гурвуулаа хувааж уугаад засмал зам орохоор доошоо уруудсан. Би ар талд нь сууж явтал С зогссон. Тэгээд бид хоёр буугаад хартал автомашины зүүн урд дугуй замын ховил руу орсон байсан. Тэгээд С өргөх үү гэтэл талийгаач би дэм болъё гээд буух гэтэл С хэрэггүй хөл муутай байж машиндаа сууж бай гэж хэлсэн. Тэгээд С хоёулаа өргөе гээд зүүн урд дугуй орчмоос өргөх өргөх үед талийгаач баруун урд хаалганы тэнд зогсож харагдсан. Тэгээд машиныг өргөхөд уруу газар байсан болохоор өнхрөөд айлын хашаа мөргөөд зогссон. Тэгээр хартал машины машины дугуй жалга руу орсон газрын зүүн хойд талд талийгаач түрүүлгээ хараад унасан харагдсан. Тэгээд С та зүгээр үү түргэн дуудах уу гэтэл гайгүй юм шиг байна гэтэл С цаад талаас нь өргөчих замаас гаргая гээд өргөөд машин мөргөсөн хашааны баруун урд талд цемент түшүүлээд тавьсан...” гэх мэдүүлэг /хх36/,
6. Иргэний нэхэмжлэгч Л.М ы “...миний нэр дээр бүртгэлтэй болохоос ... УНЧ улсын дугаартай автомашин нь Л.Сын өөрийнх нь өмч байгаа юм. 2019 оны 8 сард бэлэн мөнгөөр зарсан, садан төрлийн хүмүүс болохоор амаар тохиролцоод л өгсөн...” гэх мэдүүлэг /хх30/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1715 дугаар дүгнэлтэд “...талийгаач Б.Мын цогцост хоёр талын олон хавирганы давхар хугарал, цээжний хөндийд цус хуралдалт, зүрхний баруун тосгуур, үнхэлцэг хальс, хоёр уушигт цус хуралт, өвчүү яс, баруун эгэм, сээрний 12-р нугалмын хугарал, баруун чихний дэлбээ, дух, зүүн шанаанд шарх, зүүн мөрөнд зулгаралт, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтэл авсан дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэжээ. /хх48-50/
8. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 335 дугаар дүгнэлтэд “...Жолооё Л.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7-а заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй, зорчигч Б.М нь мөн дүрмийн 1.3 заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэж тодорхойлжээ. /хх60-61/
9. Л.Сын яллагдагчаар өгсөн “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ маш тодорхой ярьсан байгаа. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх70-71/, түүний гэрчээр өгсөн “...миний машин шарваад бөгсөө хаяад байсан. Тэгээд жаахан дартал зөв талын урд дугуй нь жалга руу орсон. Тэгээд зөв талруугаа дартал эргэхгүй хойшоо ухрах гэхэд маажаад гарахгүй болохоор нь би Г ыг хоёулаа энэ дугуйг өргөөд жалганаас гаргаадхи гээд автомашинаас буусан. Тэгтэл талийгаач би бас бууна дэм болно гэхээр нь би та хэрэггүй хөл муутай байж гэж хэлээд буухад талийгаач бас буугаад буруу талын урд хаалганы толины тэнд зогсож байсан. Би машинаас Бихаж гэж бодоод машиныхаа зөв талын урд хаалганаас хоёул татаад өргөхөд машин урагшаагаа шууд өнхрөөд айлын хашаа мөргөсөн. Би машиныхаа урд хаалганаас хальт татаад алдсан. Тэгтэл С гэж хэлэх шиг болохоор нь хартал талийгаач жалганы жаахан доор хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх44-45/
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Л.С.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүрнэлт хийж үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Л.С нь “Хьюндай Грейс” маркийн ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ гэрч Д.Г а, амь хохирогч Б.М нартай Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах овоонд гарч архи хувааж уусан нь гэрч Д.Г а, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхиийг шалгасан тэмдэглэлээр,
- Л.С тээврийн хэрэгслийг жолоодон буцаж уруудахдаа Хонхорын 2-27 дугаар гудамжинд тээврийн хэрэгслийн жолоочийн зөв талын урд дугуйгаа жалганд тээглүүлэн зогсоосон. Түүнээс гаргахын тулд гэрч Д.Г ын хамт бууж, жолооч талын урд дугуйны дээрээс татаж, жалганаас гаргах үйлдэл хийсэн нь гэрч болон шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтээр,
- Тээврийн хэрэгсэл доош уруудан өнхөрч, айлын хашаа мөргөн зогссон, энэ үед амь хохирогч Б.М тээврийн хэрэгслийн баруун урд тал орчим зогсож байгаад өнхөрсөн тээврийн хэрэгсэлд дайрагдан, амь насаараа хохирсон нь гэрч Д.Г а, М.Б нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 1715 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Л.С нь дээрх тогтоогдсон хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон бол шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах байр суурьтай оролцож мэтгэлцсэн болно.
Шүүхээс дараах үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгчийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Сын үйлдэл нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй тухайд:
Прокуророос шүүгдэгч Л.Сыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн (а)-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0,93% согтолттой үедээ ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 1.3 заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн.
Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл эсвэл ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг. Харин согтууруулах ундааны зүйл уусан байсан нь хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахаар хуульчилсан болно.
Дээрх тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн буюу техникийн шаардлага хангаагүйгээс зам тээврийн осол гарсан гэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учран зогссон нөхцөл байдал болох урд дугуй жалганд гацсан. Тухайн жалганаас гаргахын тулд бусдын тусламжтайгаар дугуйг өргөн гаргасан, замын нөхцөл байдлаас хамааран уруу газар өнхрүүлэн алдсан үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхэд хууль зүйн талаас дүгнэлт өгөх шаардлагатай.
Улсын яллагчаас жолооч нь учирсан саадаас тээврийн хэрэгслийг гаргахын тулд тээврийн хэрэгслийн жолооны ард хүн үлдээх, уруу газарт өнхөрөх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байсан, энэхүү аюулгүй байдлыг хангаагүй. Энэ нь замын хөдөлгөөнд оролцогч аюул, хохирол учруулж, осолтой байдал бий болгож зорчсон гэх үндэслэлд хамаарна. Тээврийн хэрэгслээс буухаар жолооч биш гэж үзэж болохгүй гээд Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэнтэй адилтган тайлбарлаж мэтгэлцсэн.
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтад зааснаар “замын хөдөлгөөнд оролцогч”-д замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг ойлгохоор заажээ.
Энэхүү хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Л.Сыг замын хөдөлгөөнд оролцон зорчин яваа жолооч гэж үзэх боломжгүй буюу хөдөлгөөнд саад учран тээврийн хэрэгсэл зогссон нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар жолооч хөдөлгөөнд хэрхэн аюул, осолтой байдал гаргасан нь тодорхойгүй байна. Тиймээс шүүгдэгчийг хөдөлгөөнд оролцогч гэхээс илүүтэй тээврийн хэрэгслийг саатсан нөхцөл байдлаас нь гаргах үйлдэл хийсэн тээврийн хэрэгсэл эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлд заасан “түр ба удаан зогсох” үеийн дүрэм, 3 дугаар зүйлд заасан жолоочийн үүргийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Л.Сын үйлдлийг хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой байхад хэт болгоомжгүй хандсаны улмаас автомашин өнхөрч осол гарч бусдын амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Дээр дурдсанаар болгоомжгүй гэмт хэргийг хууль зүйн хувьд мэдсэн /ухамсарласан/ болон мэдээгүй /мэдэх ёстой, мэдэх боломжтой/ гэж ангилан авч үздэг бөгөөд дээрх тохиолдолд шүүгдэгч нь хууль бус шинжтэй үйлдэл гэж ухамсарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь 2009 онд жолооч болсон хэдий ч хэргийн нөхцөл байдлын хувьд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилсан мэдэх ёстой /үүрэг хүлээсэн эсвэл тусгай мэдлэг, чадвартай байх/ үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх боломжгүй байна.
Харин шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой буюу ердийн өдөр тутмын амьдралын туршлагын явцад хүн болгоны тооцоолж, мэдэх боломжтой /газрын уруу байрлалтай тээврийн хэрэгслийн дугуйг жалганаас гаргах үед автомашин инерцийн дагуу өнхрөхийг/ байхад, согтуурах ундааны зүйл уусан, анхаарал, болгоомжтой байгаагүй, хэт хайхрамжгүй хандсаны улмаас осол гарч хүний амь нас хохирсон гэж дүгнэв.
Энэхүү үйлдэлд шүүгдэгч Л.С нь бусдын тусламжтайгаар /гэрч Д.Г а/ автомашины дугуйг өргөж гаргах үйлдэл хийсэн нь тогтоогдсон бөгөөд түүнийг хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг журамлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Ст холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон хор уршиг арилахгүйг дурдаж, шүүгдэгч Л.С нь амь хохирогчийн оршуулгын зардлыг бүрэн хариуцан төлсөн нөхцөл байдал тогтоогдлоо.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн ар гэрээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Л.Ст 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Сыг гэм буруутайд тооцсон нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг мөн хохирол нөхөн төлсөн байдал, талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Л.Сын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хуульд заасан хор уршиг арилахгүй боловч шүүгдэгч Л.С нь болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдлын хувьд амь хохирогчийг автомашинаас гаралгүй сууж бай хэлж байсан, хохирогчийн ар гэрт хохирлыг барагдуулсан байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг тус тус журамлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх шаардлагагүй, мөн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.
Харин улсын яллагчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн “В” ангилалын 595475 дугаар жолооны үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Л.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Лын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст хорих ял оногдуулахгүйгээр, 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийг 3.3 дахь заалтад заасан шүүгдэгчид “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа” хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн “В” ангилалын 595475 дугаар жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР