Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1230

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,  

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Т.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ж д холбогдох эрүүгийн 1908 02432 1671 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1963 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, индүүчин мэргэжилтэй, Дархан-Уул аймагт ....... ресторанд үйлчлэгч ажилтай, ам бүл-1, Дархан-Уул аймгийн дархан 18 дугаар баг Малчин ....., Шар дэнж гудамж .... тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэлгүй,

Б  овогт Т.Б  / РД:......./

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Ж  нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр ..... үйлчилгээний төвийн орчим ..... гэх нэртэй зочид буудалд иргэн Д.С ийн банкны картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Оргил зоогийн газарт байрлах АТМ-ээс 800.000 төгрөг, 800.500 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон төвийн АТМ-ээс 800.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 500.500 төгрөг хулгайлан авч нийт 2.901.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Д.С ийн өргөдөл /хх8/, хохирогч Д.С ийн дансны хуулга /хх9/, хохирогч Д.С ийн мэдүүлэг /хх15/, гэрч Д.С ийн мэдүүлэг /хх18/, хаан банкнаас ирүүлсэн камерын бичлэг, гэрэл зураг бүхий диск 1 ширхэг, бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /хх25-29/, Т.Ж гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх34/, шүүгдэгч Т.Ж гийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй эсэхийг шалгах хуудас /хх37/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх45/, эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх46-47/, хохирлын 2.901.000  төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн тухай баримт /хх51/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Т.Ж г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн Д.С ийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан “...2019 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө ..... буудал орчмоос картаа алдсан...” гэсэн өргөдөл /хх8/,

2. Хохирогч Д.С ийн ..... дугаарын Хаан банкны дансны хуулга баримтаар 2019 оны 4 дүгээр сарын 27-ны 06 цаг 36 минутанд 800.000 төгрөг, 06 цаг 39 минутанд 800.000 төгрөг, 06 цаг 50 минутанд 800.500 төгрөг, 10 цаг 39 минутанд 500.500 төгрөгийн зарлага тус тус гарсан дансны хуулга /хх9/

3. Хохирогч Д.С ийн “...2019 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө такси бариад Цамбагарав дээр буугаад гэртээ ороод унтсан... өглөө сэрэхэд иргэний үнэмлэх, банкны карт алга болсон байхаар нь дансаа хаалгах гээд Хаан банк руу залгахад миний дансны үлдэгдэл 400.000 төгрөг байна гэж хэлсэн. Дансанд 3.341.675 төгрөг байсан юм...”, “...алдагдсан 2.900.000 төгрөгөө олж авмаар байна, хуучин хэрэглэж байсан үнэмлэхний гэр байсныг үнэлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /хх15, 18/,

5. Хаан банкнаас ирүүлсэн камерын бичлэг, гэрэл зураг бүхий диск 1 ширхэг, бичлэг үзлэгт хийсэн “... Үзлэг хийж буй камерын бичлэг нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-н хяналтын камер байх бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутаас эхэлж байв. Камерын бичлэг дээр 06 цаг 34 минут 04 секундэд ногоон өнгийн куртиктэй, хар өнгийн өмд, бор өнгийн гуталтай, шардуу өнгийн зстэй 45-50 орчим насны эмэгтэй орж ирээд хоёр АТМ-с мөнгө аваад 06 цаг 36 минут 42 секундэд гараад явж байгаа...” гэсэн тэмдэглэл /хх25-29/

6. Т.Ж гийн яллагдагчаар өгсөн “........ дэн буудал гэх зочид буудалд хохирогч залуу бид 2 хамт орсон. Замаараа тэр залуу дэлгүүрээс архи пиво авсан. Буудалд ороод тэр залуу хоёулаа унтаж болох уу гээд би дургүйцээд зөвшөөрөөгүй. Тэгээд бид юм ярьж сууж байгаа надад мөнгө хэрэгтэй байна гэхэд картныхаа нууц үгийг карттайгаа өгч явуулахаар нь би гараад АТМ-ээс 150.000 төгрөг авсан. Буцаж ирээд картыг нь буцааж өгсөн. Тэгээд хамтдаа архи пиво уугаад өглөө гэгээ орж байсан байх тэр залуу орон дээр хэвтэж байхад нь зочид буудлын өрөөний ширээн дээр байсан картыг нь авч гараад АТМ-ээс 4 удаа гүйлгээ хийж мөнгө авсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нь төлөхөд бэлэн байна. Тэтгэврийн зээл авсан миний дансанд мөнгө байгаа...” гэсэн мэдүүлэг /хх34/

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Т.Ж .

Шүүгдэгч Т.Ж  нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр ..... үйлчилгээний төвийн орчим ..... гэх нэртэй зочид буудалд хохирогч Д.С тэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хохирогч нь өөрийн виза картын нууц дугаарыг хэлсэн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Д.С ийг согтоод унтсан байдлыг далимдуулан шүүгдэгч Т.Ж  нь виза картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4 удаагийн үйлдлээр АТМ-аас гүйлгээ хийж, нийт 2.901.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон камерын бичлэг, хохирогчийн хаан банкны депозит дасны хуулга болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ж гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, картнаас мөнгийг авсанаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байна.

Шүүгдэгч Т.Ж гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байх бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

Шүүгдэгч Т.Ж  нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрсэн, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.

Дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал нь хэргийн нөхцөл байдалд тохирч байх тул шүүгдэгч Т.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг... тавин таваас дээш насны эмэгтэй... хүнд оногдуулахгүй” гэж заасан. Шүүгдэгчийн хувьд хэдий 56 настай байх боловч түүний биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхгүй нийтэд тустай ажил хийлгэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж д 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР