Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1259

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,  

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч С.Т  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т д холбогдох эрүүгийн 1908 04608 1813 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ...... ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ....дугаар хороо ..... тоотод оршин суугаа, урьд нь ял шийтгэлгүй,

Х  овгийн С.Т  /РД:........../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Т  нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .....  хороонд байрлах Дотоодын .....  ангийн хажууд байрлах сагсны шийдэн дээр “дуудаад байхад ирсэнгүй” гэх шалтгааны улмаас хохирогч М.Д тай хувийн таарамжгүй харилаа үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: ИргэнМ.Д тай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Бусдад зодуулсан”  тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл /хх5-6/, хохирогч М.Д ийн мэдүүлэг /хх10-17/, гэрч Э.Х ын мэдүүлэг /хх25/, гэрч Д.Х гийн мэдүүлэг /хх26/, гэрч  Д.Т ын мэдүүлэг /хх29/, гэрч Ч.О ийн мэдүүлэг /хх31/, гэрч Н.Б гийн мэдүүлэг /хх34-36/, шинжээч эмч Ц.Б ын мэдүүлэг /хх32-39/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10602 дугаартай дүгнэлт /хх20/, шүүгдэгч С.Т гийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх56/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх60/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх лавлагаа /хх65/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч С.Т г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн М.Д иас 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Бусдад зодуулсан”  тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл /хх5-6/

2. Хохирогч М.Д ийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн орой Сонгинохайрхан дүүргийн .....  хороо Хилчин 35-55 тоот өөрийн гэртээ харих гээд найз Х , Ц , Б  нарын хамт явж байхад Дотоодын .....  ангийн хажууд төв зам дагуу байдаг сагсны шийдний тортой хашаан дотор сууж байсан хүмүүс намайг дуудаад байхаар нь тоохгүй хажуугаар нь өнгөрөөд төв зам дагаад алхаад байсан чинь хөөе нааш ир ах дуудаж байна гээд танихгүй улаан футволктой хүүхэд /дараа нь нэрийг нь мэдэж авсан Т  гэх хүүхэд/ дуудаад байхаар нь яах гээд байгаа юм бэ би гэр лүүгээ харьж явна гэж хэлээд цааш явах үед та нар ирэхгүй бол бид нар очих уу гээд байсан. Тэгээд Т  гэх залуу ганцаараа гүйж ирээд намайг заамдаж аваад нааш ир гээд дуудаад байхад ирэхгүй байна гээд миний цамцны захаас бариад авахаар нь би мөн адил зөрүүлээд цамцных нь захаас барьж авсан. Энэ үед араас нь 3 хүүхэд гүйж ирээд хар цамцтай хүүхэд нь намайг араас татаж газар унагасан. Тэгэхэд нь би духаараа газар мөргөж унасан чинь улаан футволктой залуу болох Т  миний нүүр хэсэгт өшиглөхдөө баруун нүдийг оноод өшиглөсөн. Улаан фудволктой залуу болох Т , сагсны шийд байсан газар руу чирээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх10-17/

3. Гэрч Э.Х ын “…2019 оны 9 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .....  хорооны нутагт байрлах Дотоодын .....  ангийн зүүн талд байрлах 4 давхар хоёр байрны орчимд сагсны шийдний дэргэд найз Д , Ц , Б  нарын хамт харих гээд алхаж байтал сагсны шийдэнд тоглож байсан залуус бид дөрвийг  дуудахаар нь бид дөрөв тоолгүй цааш алхаад явж байтал араас хөөш гээд дахиад дуудаад байхаар нь найз Д  яах гээд байгаа  юм гээд асуутал улаан хүрэн подволк өмссөн залуу эхэлж гүйж гарч ирээд найз Д  зодож эхэлсэн. Хүрэн Фодволктой залуу Д йг алгадаж унагааж зодож байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх25/

4. Гэрч Д.Х гийн “2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .....  хорооны нутаг дэвсгэрт байрлах Дотоодын  .....  цэргийн ангийн зүүн талд байрлах сагсны шийдэн дээр найзууд болох Т , Т  болон өөр хүүхдүүдийн хамт сагс тоглож байтал бөмбөггүй болчихсон юм тэгээд байж байтал нэг гудамжинд хамт амьдардаг зүс танил дүү нь найзуудын хамт бөмбөгтэй явж байхаар нь би таньдаг хүүхэд бөмбөгтэй явж байна гээд хэлтэл Т  хөөе нааш ир гээд дуудсан чинь хамт явсан танихгүй залуу /сүүлд нэрийг мэдсэн Д / эргэж хараад яасан та нар шоронд ормоор байна уу гээд хэгжүүрхсэн хариулт хэлэх үед Т  шийднээс гарч очоод Д тай ярилцаж байгаад гэнэт барьцалдаад авчхаар нь би Т гийн хамт очоод салгахаас өмнө Т  Д йг цохиод газар унагаачихсан. Бид хоёр Т г салгаж аваад явсан. Т гээс өөр хүн түүнд гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх26/

5. Гэрч  Д.Т ын “...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .....  хорооны нутаг дэвсгэрт байрлах Дотоодын  .....  цэргийн ангийн зүүн талд байрлах сагсны шийдэн дээр найзууд болох Т , Х  болон өөр хүүхдүүдийн хамт сагс тоглож байтал бөмбөггүй болчихсон юм тэгээд байж байтал нэг гудамжинд хамт амьдардаг зүс танил дүү нь найзуудын хамт бөмбөгтэй явж байхаар нь би таньдаг хүүхэд бөмбөгтэй явж байна гээд хэлтэл Т  хөөе нааш ир гээд дуудсан чинь хамт явсан танихгүй залуу /сүүлд нэрийг мэдсэн Д / эргэж хараад бид нар гэртээ харих гээд явж байна гээд хэгжүүрхсэн хариулт хэлэх үед Т  шийднээс гарч очоод Д тай ярилцаж байгаад гэнэт барьцалдаад авчхаар нь би Т гийн хамт очоод салгахаас өмнө Т  Д йг цохиод газар унагаачихсан. Бид хоёр Т г салгаж аваад явсан. Т гээс өөр хүн түүнд гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх29/

6. Гэрч Ч.О ийн “...Манай дүү Т  хэд хоногиин өмнө сагс тоглож байгаад сагсан бөмбөгнөөс болж хүүхэд цохичихсон юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх31/

7. Гэрч Н.Б гийн “...Бид 4 тоохгүй цааш алхаж явахад араас улаан фодволктой ах гүйж ирээд та нарыг ах нар чинь дуудаад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь Д  ах зүгээр явуулчхаарай, шоронд орох чинь дутаад байна уу гээд маргалдсан. Энэ үед араас нь 2 ах гүйж ирсэн чинь улаан фодволктой дараа нь нэрийг мэдэж авсан Т  гэх ах Д  ахыг гараараа 1 цохисон чинь Д  ах газар унасан. Энэ үед Т  гэх ах нүүр лүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд Т  ахтай хамт явж байсан, 2 ах харж зогсоод байхаар нь Ц  очиж салгаад Х  бид 2 Д  ахын 2 суганаас өргөөд босгосон...” гэсэн мэдүүлэг /хх34-36/

8. Шинжээч эмч Ц.Б ын “...М.Д ийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,  баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд дух, баруун хацарт зулгаралт, зүүн тохойд зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа буюу нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх32-39/

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10602 дугаартай “...М.Д ийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт, зүүн тохойд зулгаралт зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх20/

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч С.Т .

Шүүгдэгч С.Т  нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .....  хороонд байрлах Дотоодын .....  ангийн хажууд байрлах сагсны шийдний орчим “дуудаад байхад ирсэнгүй” гэх шалтгааны улмаас хохирогч М.Д йг зодсон болох нь хохирогч М.Д гийн мэдүүлэг, гэрч Э.Х , Д.Х , Д.Т , Ч.О , Н.Б  нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Т гийн гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Д гийн эрүүл мэндэд “...биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт, зүүн тохойд зулгаралт зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10602 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Т гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байх бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.

Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал нь хэргийн нөхцөл байдалд тохирч байх тул шүүгдэгч С.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т г 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор  тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР