Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1260

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Р.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б д холбогдох эрүүгийн 1908 05511 1805 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, “......” зах дээр автомашины жанам засварын газарт засварчин ажилтай,  ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн  .... дугаар хороо ..... дугаар гудамжны ..... тоот оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Р овогт Р.Б  / РД:......../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Р.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн  ...... хороо ...... дугаар гудамжны ..... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Д г шалтгаангүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цохиж зодон  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-9/, хохирогч Д.Д гийн мэдүүлэг /хх12-13/, гэрч Д.О гийн мэдүүлэг, дахин мэдүүлэг /хх17-18, 30/, гэрч Д.Дгийн мэдүүлэг /хх23-24/, гэрч Б.С гийн мэдүүлэг /хх27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх32/, Р.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх46/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийг бүртгэх хуудас /хх61/, аюулгүйн зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл, байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх67-75/, цагдаагийн байгууллагын 102-ын лавлагаа /хх63/, шүүгдэгч Р.Б гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх51/, эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа /хх52/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа /хх53/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх54/, Хас банкны дансны хуулга /хх55/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх лавлагаа /хх57/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

           Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Р.Б г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-9/,

2. Хохирогч Д.Д гийн “...би эгчид ор засч унтуулчхаад гэр орноо цэвэрлэж байгаад нөхрийн унтаж байсан өрөө рүү орох гэж байхад нөхөр Б  миний өмнөөс гарч ирээд толгой руу маш хүчтэй цохиод зодоод байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх12-13/,

3. Гэрч Д.О гийн “...намайг унтаж байхад дүү Д  намайг сэрээгээд толгойноос цус гараад байна гэсэн. Гар нүүр нь нэл цус болсон, гэрийн шалаар цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,

Мөн “...би Б гаас яагаад Д г зодсон юм бэ гэхэд би мэдэхгүй байна гээд байсан, тэгээд гэрээсээ явлаа гээд хөнжил гудас хунараа бэлдээд байсан. тэгэхэд Д  Б д хандаад чи намайг зодоод тархи толгой хагалчихлаа гэж хэлсэн...” гэсэн дахин мэдүүлэг /хх30/

4. Гэрч Д.Д  гийн “...шөнө унтаж байхад төрсөн дүү Д  над руу яриад Б  намайг цохичихлоо би цус алдаад байна түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх23-24/,

5. Гэрч Б.С гийн “....шөнө 2-3 цагийн үед аав Б  над руу залгаад ээж чинь цус алдаад байна, хурдан ирээрэй гэхээр нь гэрт нь очсон. Тэгэхэд ээжийн толгой хагарсан цус гоожоод толгойг нь О  эгч боож байсан. Мөн ээжийн хамар нь хавдсан байсан. Ээж гэмтлийн эмнэлэг орж толгойдоо оёдол тавиулаад буцаж ирээд аав Б  руу дайрч чи миний толгойг хагалсан гэрээс зайл гэсэн. Ээжээс юу болсон талаар асуухад аав чинь согтуу унтаж байгаад босч ирээд намайг цохиод миний толгойг хагалсан, хамар руу цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх27/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 12685 дугаартай “...Д.Д гийн биед хамрын нуруу, баруун өвдөгт цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ойролцоогоор нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд дарааллыг тогтоох боломжгүй, уг гэмтлүүд мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүтухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх32/,

7. Р.Б гийн яллагдагчаар өгсөн байцаалт “...тэр өдөр эхнэрийнхээ хамт хурим дээр очоод буцахдаа хадам эгч О гийн хамт бид 3 такси бариад манай гэрт ирсэн. Замдаа нэг шил архи дэлгүүрээс авсан...согтуу байсан болохоор болсон үйл явдлын талаар санахгүй байна. Манай гэрт хадам эгч О , эхнэр Д  бид 3 байсан болохоор би Д гийн биед гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх46/,

8. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийг бүртгэхдээ “хүнд цохиулсан” гэсэн лавлагаа хуудас /хх61/,

9. Аюулгүйн зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл, байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх67-75/

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Р.Б

Шүүгдэгч Р.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ...... хороо ...... дугаар гудамжны 10 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Д г шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Д гийн мэдүүлэг, гэрч Д.Д  , Б.С  нарын мэдүүлэг, шүүгдэгч Р.Б гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Б гийн үйлдлийн улмаас хохирогч Д.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 12685 дугаартай “.. “Д.Д гийн биед хамрын нуруу, баруун өвдөгт цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх, зулгаралт, тархи доргилт ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа” хүмүүсийг хамааруулахаар заасан.  

Хохирогч Д.Д , шүүгдэгч Р.Б  нар нь 1992 онд албан ёсны гэрлэлтээ бүртгүүлсэн, 1992 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан, дундаасаа гурван хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагаа, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

Иймд шүүгдэгч Р.Б  нь хохирогч Д.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Р.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.

Иймд шүүгдэгч Р.Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б гийн баривчлагдсан 2 хоногийг торгох ялд шилжүүлэн, 30.000 төгрөгийг хасч тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б  600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б гийн баривчлагдсан 2 хоногийг торгох ялд шилжүүлэн тооцон, 30.000 /гучин мянган/ төгрөгийг торгох ялаас хасч тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР