Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1273

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Д.О , түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О од холбогдох эрүүгийн 1908 05680 1723 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр  сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн ... дугаар баг.... оршин суух, урьд

Өвөрхангай аймгийн Хархорин сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Х овгийн Д.О  /РД:........./.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ..... байрлах ..... хотхоны гадна хохирогч С.Г ыг “Нагац дүүг зоддог” гэх шалтгаанаар  нүүрэн тус газар гараараа алгадан цохиж, эрүү ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Иргэн С.Г ын гаргасан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Бусдад зодуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл /хх2-3/, хохирогч С.Г ын мэдүүлэг /хх6-8/, гэрч З.О ийн мэдүүлэг /хх13-14/, гэрч Д.Д гийн мэдүүлэг /хх16/, гэрч Б.А ийн мэдүүлэг /хх18/, гэрч О.Ц ын мэдүүлэг /хх77-78/ шинжээч эмч Т.Ц ын мэдүүлэг /хх24-25/ шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13209 дугаартай дүгнэлт /хх20-21/ шүүгдэгч Д.О ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх38/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх41/, хаан банкны депозит дансны хуулга /хх53-60/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх66-76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх ял шалгасан хуудас /хх77/, шийтгэх тогтоолын хуулбар /хх81-84/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Д.О ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн С.Г ын гаргасан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Бусдад зодуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл /хх2-3/

2. Хохирогч С.Г ын “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг  дэвсгэр ..... хороололд амьдардаг манай хадам талын айл шинэ байранд орсон хүүхдийн  үсний найр болно гэхээр нь би эхнэр хүүхдийн хамт 20 цагийн үед очход хадмын талын зөндөө хүмүүс байсан түүн дотор хадам ах О , хадмын дүү А  нар байсан. Би тэнд очихдоо баз хүргэн Ц  болон түүний эхнэр хүүхдийн  хамт очиж тэндээ хоол унд идэж байтал манай ажлын газраас залгахаар нь би орцонд  утсаар яриад зогсож байтал О  ах А , Ц  нар араас гарч ирээд  О  ах хоёулаа юм яръя гэхээр нь би араас нь байрны гадаа гартал чи надтай юм ярих гээд байгаа юм уу гэхээр нь би утсаар ярьж  байснаа тасдаад за ахаа гээд хэлтэл үг дуугүй өөдөөс нүүрэнд гараараа цохиж аваад хоолой боогоод дахин нэг удаа нүүрэнд цохиж би газар ухаан алдаж унаад босоод иртэл баз хүргэн Ц   О ыг хориглоод А  намайг татаж босгосон чи ганц цохилт даахгүй  байна уу гээд хэлж байсан тэгээд бид нар салаад би цагдаад дээр ирж өргөдөл бичиж өгчихөөд явсан ... Дээрхи гэмтлүүдийг О  ах гараараа хоёр удаа алгадан цохиж байхдаа надад учруулсан гэмтэл байна Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх6-8/

3. Гэрч З. О ийн “...Нөхөр манайд өссөн дүү охин Д г өмөөрч нөхөрт нь хэдэн үг хэлж байгаад хоёр удаа алгадаж унагаасанаас өөр цохиж зодоогүй гэсэн. Д  Г  хоёр нэг хүүхэдтэй байнгын хэрүүл маргаантай байгаад байдаг гэдгийг урьд өмнө хөдөө байхдаа зөндөө сонсож байсан. Д  миний мэдэхээр саллаа гээд хүүхдээ дагуулаад 1-2 удаа манайд ирж байсан тэгээд л буцаад нийлээд байдаг юм. Манай нөхрийг цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх13-14/

4. Гэрч Д.Д гийн “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо ..... хотхоны байранд манай ээжийн талын хамаатны хүүхэд шинэ байранд орж хүүхдийнхээ сэвлэгийг үргээх ёслол найр болсон юм. Тэгээд би хамтран амьдрагч Г  хүүхдийнхээ хамт очиход багадаа өссөн хөдөө амьдардаг нагац ах О  ирчихсэн байсан. Намайг тэнд цай хоол идэж байх хооронд О  ах Г ыг дагуулж гараад орж ирэх үед Г ын баруун нүд хавдчихсан зүүн хацар халцарчихсан байдалтай орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад юм дуугарахгүй байж байгаад хамт харихаар гадаа гарах үед Г  би танай О  ахыг цагдаад өгнө гэж хэлээрэй гэж хэлээд удалгүй Г ын ээж ирээд цагдаа дээр хамт ирээд өргөдөл бичиж өгсөн. ...Г  бид хоёр хамтран амьдрах хугацаандаа надад гар хүрдэг байсан би тэрийг хамт амьдарч байсан О  ахынд нэг удаа очиж байхдаа хэлж байсан юм.Түүнээс болоод ах О  Г ыг зодсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх16/

5. Гэрч Б.А ийн “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргрийн 27 дугаар хороо ..... хотхоны байранд миний төрсөн ах А ын шинэ байр болон хүүхдийн үсний найр давхар болж би  үйлчилгээнд ажилласан юм. Тэр өдөр ахын хүүхдийн сэвлэгийг О  ах үргээх ёстой байсан тэгээд хөдөөнөөс тэр өдөр ирээд ахынд сууж байсан. Тэгтэл 20 цагийн үед Г  эхнэр хүүхдийн хамтаар ахынд ирж сэвлэг үргээсэн тэгж байтал О  ах намайг ханьдаа гараад ирье гэж хэлээд намайг болон Г , Ц  нарын хамт бид дөрвийг аваад гарсан бид байрны орчимд зогсох үед О  ах Г д хандаж чи дандаа эхнэр хүүхдээ зоддог гэсэн сайхан амьдарч болохгүй байна уу гэж хэлээд Г ын нүүрэнд нэг удаа алгадсан чинь ахын өөдөөс сарвалзах үед О  ах дахиад алгадаад унагаах үед нь Ц  бид хоёр О  ахыг хориглож одоо болноо гээд салгасан одоо яаж ийм царайтай найранд орох вэ гээд Ц  цэвэр усанд явж ирээд нүүрийг нь гадаа угааж байгаад орсон. О  ах дүү Д г өмөөрч Г ыг хоёр удаа нүүрэнд нь гараараа алгадаж унагаасан өөр нэмж цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх18/

6. Гэрч О.Ц ын  “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн үед байх манай эхнэрийн талын хамаатан ах нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо ..... хотхонд шинэ байранд орж хүүхдийнхээ үсний найрыг хамт хийж эхнэр бид хоёр уригдаж очсон надтай хамт баз хүргэн Г  эхнэрийн эгч Д  нартай хамт ирсэн юм. Тэгээд тэндээ хоол унд идчихээд сууж байтал хадам ах О  Г ыг аваад найрнаас гарах үед Г ын эхнэр Д  чи араас нь гардаа наана чинь янз бүрийн юм болох гээд байх шиг байна гэхээр нь би тэр хоёрын араас байрны гадаа гартал О  ах Г тай юм яриад зогсож байсан тэр хоёрын дэргэд А  хамт зогсож байх үед О  ах Г ыг алгадаад авсан чинь Г  уналгүй ганхас хийтэл дахин О  ах нэмээд алгадсан чинь газар нүүрээрээ шарваад уначихсан тэр үед А  Г ыг түшиж босгож байсан. Тэгсэн Г  намайг ус аваад ирээч гэхээр нь би дэлгүүр орж ус авчрах үед Г  авчирсан усаар нүүрээ угаагаад бид цугтаа буцаад айлдаа орсон.  О  ах Г тай юм яриад зогсож байснаа Г ыг хоёр удаа алгадаж сүүлийн алгадалтанд Г  хацраараа газар унаад хацраа шалбалчихсан тэр  шалбарсан хэсгээс цус гарч байсан, О  ахаас өөр түүнд гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх78-79/

7. Шинжээч эмч Т.Ц ын “...дүгнэлтэнд тусгагдсан дэээрх гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна, эрүү ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдни зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн хацарт цус хуралт, зулгаралт хүзүүнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх24-25/

8. Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13209 дугаартай “...С.Г ын биед эрүү ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээ үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь эрүүл мэндийн хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх20-21/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Д.О .

Шүүгдэгч Д.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ..... байрлах ..... хотхоны гадна хохирогч С.Г ыг “Нагац дүүг зоддог” гэх шалтгаанаар  нүүрэн тус газар гараараа алгадан цохисон болох нь хохирогч С.Г аын мэдүүлэг, гэрч З. О , Д.Д , Б.А , О.Ц  нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.О ын гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч С.Г ын эрүүл мэндэд “...биед эрүү ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт ...” бүхий хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13209  дугаартай  шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Т.Ц ын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.О ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.О од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байх бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.

Дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал нь хэргийн нөхцөл байдалд тохирч байх тул шүүгдэгч Д.О од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О од 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор  тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР