| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0064/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 82
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Гэрч Б.С , Н.Б ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д сүрэн,
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т т холбогдох эрүүгийн 1815000430037 дугаартай, 163/2020/0064/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, С овогт Н.Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ...ийн “Д” гэх газраас тус сумын 1 дүгээр багийн иргэн Г.Т ийн 6 тооны адууг хулгайлж 7000000 /долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан бусдын мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Б ын өгсөн: Манайд С ирээд Д гэдэг айлаас мал авах гэсэн юм, машинаараа ачаад Эрдэнэт оруулаад өгөөрэй гэсэн. Тэгээд бид хоёр нөгөө айлдаа очиж чадалгүй цасанд суугаад машинаа өөр машинаар татуулсан. Зам хэцүү болохоор очих айлдаа очиж чадалгүй эргэсэн. Буцах замдаа Ж гуайнд ирэхэд Т , Ж , Г , Г , А нар байсан ба орой болсон учраас тэндээ хоносон. Маргааш нь явах гэж байхад С ах нь хүнээс мал авахаар болчихлоо гэсэн. Орой адууг авч ирэхээр нь цуг гаргалцаад махыг ачиж явсан. Би түүнээс 1200000 төгрөгийг зээлсэн гэх мэдүүлэг,
Гэрч Б.С ын өгсөн: Би Т ыг танина. Миний бие Эрдэнэт хотод амьдраад 8 жил болж байна. Тэр үед Бүрэгхангай суманд манай хадмынх амьдардаг байсан бөгөөд манай мал хадмынд байсан. Би мал мах авдаг байсан учраас тэнд байгаа айлаас мал авахаар явсан боловч цас их ороод машин явахгүй, уг айлдаа очиж чадаагүй. Тэгээд замд явж байгаад Ж ыд ирсэн. Тэнд ирж хонохдоо Т тай тааралдаж мал авч өгөхөөр болсон. Би Т аас 6 тооны адууны мах авсан. Уг адууг ахынхаа гадаа Т өөрөө тууж авчирсан. Адууг хоёр сая төгрөгөөр авна гэж тохиролцсон, тухайн үед махны үнэ хямдхан байсан болохоор тэгж тохиролцсон. Энэ адуу нь хулгайнх байсан гэдгийг сүүлд Булган аймгийн Цагдаагийн газраас дуудаж мэдүүлэг авахад мэдсэн. Би адууг нядлахад гар бие оролцоогүй. Би нилээн архи уусан байсан гэх мэдүүлэг болон эрүүгийн 1815000430037 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ...ийн иргэн Г.Т ийн өмчлөлийн тус сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газар бэлчээрт байсан 6 тооны адууг хулгайлж, 7000000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Г.Т ийн өгсөн: “...Манай адууг ...ийн иргэн А.Г гэх залуу малладаг, миний нийт 60 тооны адуу байдаг. Үүнээс 7 тооны адуугаа алдаж, 12000000 төгрөгийн хохирол учраад байна. Адууны заримыг нь угшил хөөж худалдаж авсан, зарим нь хурдны удамтай гүүнүүд байгаа. Манай адуу сумын төвөөс зүүн урагшаа 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэх газар байсан. Би адуугаа 2017 оны 12 сарын дундуур “Д ” гэх газар байхад нь нэг харсан. Тэрнээс хойш адуун дээрээ очилгүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 30-ны үед очиж харахад миний адуунаас 7 тооны адуу дутсан. ...” гэх мэдүүлэг /1хх-33-37 тал/,
“...Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо барагдуулж авсан. ...” гэх мэдүүлэг /2хх-144 тал/,
Гэрч Б.С ын өгсөн: “...Ж гуайнд ирээд тэднийд хоноод байж байтал Төөгөө гэдэг залуу “адуу авах уу?” гэж асуухаар нь “үнэ тохирвол авна” гэж хэлсэн. Тэгээд Төөгөө гэдэг залуу “за тэгвэл аваад ирье” гэсэн. Тэгээд нэлээн удаж байгаад 2 цаг гаран болоод 6 адуу авчирч, Ж гуайн баруун талын жалганд байсан улаан хашааны хажууд гаргасан. Махаа ачаад Орхон аймаг руу явах гэтэл цас их байсан учир явж чадалгүй Улаанбаатар явсан. Би тэр үед О гэдэг өөрийн таньдаг мал гаргадаг залуутай хамт явж байсан. ...Төөгөө гэдэг залууг зүс танина...нэрийг нь сайн мэдэхгүй, Төөгөө л гэж мэднэ. …Гаргасан адууны толгой шийр, арьсийг нь уг газартаа орхисон, би аваагүй. Би 6 тооны адууг хулгайнх гэдгийг мэдээгүй, хаанаас авчирсаныг мэдээгүй, өөрсдийнх нь адуу гэж бодсон...” гэх мэдүүлэг /1хх-39-41 тал/,
Гэрч Ж.Г ийн өгсөн: "...амралтаараа гэртээ очиход аав Ж , ах Г , нагац ах Т нар байсан. Өдөр манай ах Г ыг доошоо гүүр орж хүргэж өгнө гээд явсан, буцаж ирэхдээ А ахтай хамт 18 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд бид нар унтаж амарч байтал шөнө хэдэн хүмүүс ирэх шиг болсон. Маргааш өглөө нь сэрээд хартал манай нутгаар мал авдаг С гэх залуу, манайхаас хойно байдаг Шөнөө гэж дууддаг Б , зүс танихгүй 3 хүн ирчихсэн байсан. Би босоод хониндоо явсан. Аав, ах хоёр Бүрэгхангай явна гэж хэлээд үлдсэн. Намайг 18 цагийн үед ирэхэд манайд нөгөө хүмүүс байсан, гэрийн баруун талын жалганд байрлах хашаанаас адуу дуугарах шиг болсон. Тэгээд би тухайн үед адуу мал худалдан авсан юм байх гэж бодсон. Би хоол идээд байж байтал аав, ах хоёр Бүрэгхангай сумаас ирсэн. Тэгээд байж байтал гаднаас мал нядалж янзалсан бололтой А , Т , С , Б , зүс танихгүй хүмүүс орж ирсэн. Тэгээд хоол идчихээд С , Б , зүс танихгүй хүмүүс машинтайгаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-51 тал/,
Гэрч Ж ы өгсөн: “...2018 оны 01 сарын үед шиг санагдаж байна. Өөрийн хүү Г , Г , төрсөн дүү Т нарын хамт гэртээ байхад А ирсэн. Тэгээд удалгүй байж байгаад С , мах нядлагч, Б гурав манайд ирсэн. С “зам шуураад харанхуй болчихлоо танайд хоноод явья” гээд ирсэн, би Г тай Бүрэгхангай сум явсан. Бүрэгхангай сумаас ирэхэд гэрийн баруун талд хэсэг хүмүүс адуу алж байхаар нь би гэртээ ортол манай хүү Г байсан. Г ээс асуухад С худалдан авсан адуугаа төхөөрч байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-56-58 тал/,
Гэрч Ж.Г ын өгсөн: “...унтаж амарч байтал 01 цагийн үед байх гаднаас мах нядлагч, С , Б , гурав ирсэн. Тэгээд цас шуурганд явахгүй байна, танайхаар хоног төөрүүлье гэж хэлж байсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед босоход Б , С , Т , мах нядлагч нар архи ууцгааж байсан. Би аавтай Бүрэгхангай сум явсан. Ирэхэд адуу нядалсан байсан С гэх залуу хэлэхдээ сая худалдаж авсан юм гэсэн...” гэх мэдүүлэг /1хх 52-53 тал/,
Гэрч Ж.Э ын өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр билүү дээ дэд ахлагч М ын хамтаар асфальтан зам дээр үүрэг гүйцэтгэж байсан. Дашинчилэн сумын зүгээс портер загварын тээврийн хэрэгсэл ирэхээр нь зогсоож байгаад “юу ачиж яваа” талаар асуухад мах гэсэн. Гарал үүсэл асуухад “байхгүй” гэсэн. Тэгээд тухайн үед орой байсан учир тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хураан аваад маргааш өглөө асуудлаа шийдүүлчихээд яв гэсэн. Тэгээд би өглөө М ын хамтаар дуудлаганд яваад ирэхэд нөгөө тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь уг тээврийн хэрэгслийн жолооч нь урьд шөнө байхгүй байсан зүс танихгүй нэг залуутай хамт ирсэн. Асуухад махаа зарчихсан цуг явсан хүмүүс Улаанбаатар хотод яаралтай ажилтай гээд явчихлаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-48 тал/,
Гэрч Ц.А ын өгсөн: “...Т бор морийг унаад ойролцоогоор 30-40 минутын дараа 10 гаран тооны цоохортой бараан голдуу адууг тууж ирсэн. Тухайн үед нар жаргаад харанхуй болж байсан тул сайн харагдаагүй. Тэгээд тэр адуунаас 5, 6 адуу гаргана, “чи адуу гаргалцаад өг” гэж Т надад хэлсэн. Тэгэхээр нь би “хэний юун адуу юм бэ?” гэхэд С ын адуу байгаа юм гэж хэлж байсан.
Тэгээд Ж ахын баруун талын жалганд байрлах малын хашаанд тэр адуунуудаас 6 тооны адууг гаргаж ачсан. ...” гэх мэдүүлэг /1хх-96-99 тал/,
“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 08ны өдрийн 19/20 дугаартай: “Өндөр хул гүү 1 сая төгрөг, бор хул гүү 1 сая төгрөг, том хул гүү 1 сая төгрөг, цоохор гүү 1 сая төгрөг, шарга гүү 1 сая төгрөг, хүрэн халзан гүү 1 сая төгрөг, хязаалан насны хул үрээ 2 сая төгрөг, нийт 8 сая төгрөг” гэх дүгнэлт /хх-101-105 тал/,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяагийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/09 дугаартай: “яллагдагч Н.Т нарт холбогдох 1815000430037 дугаартай хэргээс “хохирогч Г.Т ийн 7 тооны адуунаас 1 сая төгрөгийн үнэлгээтэй “хүрэн халзан” зүсмийн гүү”, мөн ...” зэргийг хулгайлсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол /хх-216 тал/,
Шүүгдэгч Н.Т ын яллагдагчаар өгсөн: “Би энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бусад зүйлийг өмгөөлөгчтэй мэдүүлнэ” гэх мэдүүлэг /1хх126-127 тал/,
“2018 оны 01 дүгээр сарын үеэр Булган аймгийн Бүрэгхангай сумын Өндөр буурал гэх нэртэй газар 6 тооны адууг махны ченж С т зарсан. Уг 6 тооны адууг Бүрэгхангай сумын Баянтөгс гэх газраас тууж ирсэн. Тухайн үед тэр адуунаас бугуйлдаж нэг адууг нь ногтлон унаж хөөсөн. Тэр 6 тооны адуу нь хул, шарга, буурал зүсмийн адуунууд байсан. С оос 1 200 000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг мах зарсны дараа өгөхөөр тохиролцсон байсан. Би С т манай адуу байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-128-129 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч Н.Т ын бусдын малыг бэлчээрт ижил сүргээс нь таслан авчирч өөрийн үзэмжээр захиран зарцуулж буй үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Т ын гэм буруутай үйлдлийн улмаас Булган аймгийн ...ийн иргэн Г.Т д 7000000 төгрөгийн хохирол учирсан нь “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 19/20 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх ба хэргийн хоёрдугаар хавтасны 144, 146, 147 дугаар талд авагдсан ХААН банкны орлогын мэдүүлэг, хохирогчийн “миний данс руу С , Б гэсэн утгатай тус бүр 2 сая төгрөг орсон, ...С аас 4 сая төгрөг авчихсан байгаа. ...Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлыг бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Т ын 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бусдын 6 тооны адуу хулгайлсан энэ үйлдэл бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчимд нийцсэн байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Т ын бусдын мал хулгайлсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Н.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Н.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-204/ болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудад дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу долоон сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Н.Т т 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, өнөөдрийн байдлаар нийт 218 хоног цагдан хоригдсон байна.
Иймд түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Н.Т нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД