Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0269

 

 

 

 

Д х и с-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээд Я.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар шийдвэртэй, Д х и с-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Я.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар шийдвэрээр: “... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д х и с-ийн эзэмшиж байсан 49457 м.кв газраас 1488 м.кв талбайн зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжийн Т.С-д холбогдох хэсэг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/99 дүгээр захирамжийн Ё.Ц-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-оос тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч Д х и с нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар 45033 м.кв газар эзэмшүүлж, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч нь тус захирамжаар 45033 м.кв газар эзэмшүүлснийг 47803 м.кв болгож эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д х и с нь 2015 онд гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон хэмжээг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулахдаа мэдсэн боловч тухайн үед ямар нэгэн гомдол, санал гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан байхад шүүхээс тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар буюу 1488 м.кв талбайн зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд Я.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ Д х и с-ийн эзэмшиж буй газрын талбайн зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Тодруулбал, Д х и с нь өөрийн эзэмшиж буй 49457 м.кв талбай бүхий газраа нийт 4 хэсэгт хуваах шийдвэрийг гаргаж Төрийн өмчийн хороо болон Барилга, хот байгуулалтын яаснаас холбогдох зөвшөөрлийг авч газраа 4 хэсэгт болгон хуваах хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогддог.

Улмаар Нийслэлийн Засаг даргаас 1654.6 м.кв, 1280.9 м.кв талбайн хэмжээг өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд 1488.8 м.кв талбайн хэмжээг хэрхэн талаар шийдвэр гаргалгүйгээр орхигдуулсан байдаг.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж заасны дагуу 1488.8 м.кв талбайн зориулалт өөрчлүүлэх тухай өргөдлийг Нийслэлийн Засаг дарга нийт 60 хоногийн хугацаанд багтаан шийдвэрлэх үүрэгтэй байсан.

Гэтэл 2015 оноос өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй мөн юм. Энэхүү эс үйлдэхүйгээр гарсан захиргааны актад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нэхэмжлэгч болох Д х и сд нээлттэй байсан.

Гэтэл энэхүү эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргаагүй нь захиргааны актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нөхцөл байдал бий болсон байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг бүрэн хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагаар маргаагүй асуудлаар дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Дотоод хэргийн их сургуулиас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/99 дүгээр захирамжийн Ё.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах[1], Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/680 дугаар захирамжийн хавсралтын 8-д 47803 м2 гэсэн өөрчлөлт оруулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, 45033м2 гэснийг 47803м2 болгон өөрчлөхийг хариуцагчид даалгуулах[2]” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/680 дугаар захирамжаар анхны 49457 м.кв бүхий сургалтын зориулалттай газраас орон сууцны зориулалтаар 1655 м.кв газрыг хасахад 47803 м.кв үлдэх ёстой  гэтэл 45033 м.кв газрыг сургалтын, 1655 м.кв газрыг орон сууцны зориулалтаар үлдээж, 2770 м.кв газрыг орхигдуулж шийдвэрлэсэн” гэж маргадаг.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, маргаж байгаа үндэслэлд дурдаагүй “Д х и с-ийн эзэмшиж байсан 49457 м.кв газраас 1488 м.кв талбайн зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалган” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.”  гэж заасантай нийцээгүй байна.

Дээрхээс гадна, анхан шатны шүүхийн шийдвэрт “2015 оны А/906 дугаар захирамжаар “Ш х” сууц өмчлөгчдийн холбоонд 1281 м.кв...газрыг эзэмшүүлсэн” гэж дүгнэж,  хавтас хэрэгт нэхэмжлэгч “Ш х” сууц өмчлөгчдийн холбооны 1281 м.кв газрын кадастрын зураг, уг газрыг 2533 м.кв болгон нэмэгдүүлэх хүсэлт, бүртгэл хяналтын карт, кадастрын зургууд[3] авагдсан боловч уг 2015 оны А/906 дугаар захирамж, уг газрыг нэмэгдүүлэн “Ш х” сууц өмчлөгчдийн холбоонд олгосон шийдвэр гарсан эсэхтэй холбоотой баримтууд авагдаагүй,  “Ш х” сууц өмчлөгчдийн холбооны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байдлыг тодруулалгүй орхигдуулжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасантай мөн нийцээгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн маргаж буй 2770 м.кв газарт “Ш х” сууц өмчлөгчдийн холбооны 1280 м.кв орж байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах, холбогдох баримтыг цуглуулах, шаардлагатай тохиолдолд “Ш х” сууц өмчлөгчдийн холбоог гуравдагч этгээдээр татан оролцуулах, хариуцагчаас маргаан бүхий А/680 дугаар захирамжийг гаргахдаа 2770 м.кв, эсхүл 1488 м.кв газрыг орхигдуулсан эсэх, уг зөрчил хэзээ, ямар шалтгаанаар үүссэн гэдгийг тогтоох шаардлагатай.

Үүнд хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, орхигдуулсан гэх газарт ямар байршилтай газар хамаарч байгаа, уг газар нь бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа газартай давхцалтай эсэх, гуравдагч этгээд Ё.Ц-ийн газрын эзэмшил нэхэмжлэгчийн газрын эзэмшлээс түрүүлж, эсхүл сүүлд үүссэн эсэх, түүний эзэмшлийн газар нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “Академи хотхон” сууц өмчлөгчдийн холбооны эзэмшил, ашиглалтад хамаарах газартай давхцалтай эсэх зэрэг үйл баримттай хамааралтай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримт, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь шаардлагатай. 

Түүнчлэн гуравдагч этгээд Ё.Ц болон хариуцагч талаас маргаж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “нэхэмжлэл гаргах хөөн хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлд анхан шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд Я.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                         А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 49-50 дахь тал

[2] Хэргийн 3-р хавтас 51, 208 дахь тал

[3] Хэргийн 3-р хавтас 118-198 дахь тал