| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2017/0795/З |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 48
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:В ХХК /РД:52...../
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “В” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-014037, ХV-014038 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэснийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 529 дүгээр шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ХV-0140**, ХV-0140**, ХV-0140**, ХV-0140с, ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлийн маргаантай байсан хугацааг хасч тооцуулах, хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, маргаантай байгаа хугацааг хасч тооцон, хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Манай компани нь Ховд аймгийн Цэцэг сумын нутагт Шимбулаг нэртэй 2043 га талбайд ХV-0140** тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, Ховд аймгийн Алтай сумын нутагт Шарбулаг нэртэй 471 га талбайд ХV-0140** тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, Ховд
аймгийн Алтай сумын нутагт Ганцмод нэртэй 875 га талбайд ХV-0140** тоот
хайгуулын тусгай зөвшөөрөл, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт Ихнарт нэртэй 4203 га талбайд ХV-140** тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт Шороот нэртэй 197 га талбайд XV-0138** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд эрх зүйн ямар нэг зөрчилгүйгээр эзэмшиж байсан.
2011 онд манай компанийн ерөнхий захирал Соловьев А.С-ыг Тагнуулын ерөнхий газраас Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, баривчилж, улмаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд манай компанийн байрлаж байсан Нийслэлийн Баянгол дүүрэг, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бьюлдингийн 909 тоот албан өрөөнд үзлэг нэгжлэг хийж, “В” ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрөл, санхүүгийн баримт, тамга тэмдэгийг хураан авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/657 тоот, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/531 тоотуудаар манай компанийн эзэмшлийн дээр дурьдсан хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг түдгэлзүүлсэнээс шалтгаалан манай компани нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Ашигт малтмал, газрын тосны газраас ийнхүү түдгэлзүүлэн шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглээгүй байдаг.
Ингээд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ерөнхий захирал С. А.С-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэ тухай 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт 11/4-2329 тоотоор мэдэгдсэн байдаг. Үүний дагуу манай компани дээр дурьдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан боловч Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 529 дүгээр шийдвэрээр хугацааг сунгахаас татгалзан шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсгох ажиллагааг хэрэгжүүлээгүй ба үүнээс үүдэн манай компанид хууль ёсны эрх ашгаа хамгаалах боломж өгөөгүй юм.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 7/2624 тоот албан бичигт “В” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг 2012 оны 07 дугаар сарын 30-наас 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл түдгэлзүүлсэн байсан тухайгаа мэдэгдсэн байсан
атлаа 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 529 дүгээр шийдвэрийн тухай
мэдэгдэлдээ хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хориг тавьсан хугацаа буюу 2012-2013 онуудын үйл ажиллагаанд хамаарах хэсгийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байхад 529 дүгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, түүнчлэн 529 дүгээр шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хууль ёсны эрхээ хамгаалах ямар нэг боломж олгохгүйгээр шийдвэр гаргасан болох нь одоог хүртэл манай компанид 529 дүгээр шийдвэрийг гардуулж өгөөгүй байгаа үйл баримтаар нотлогдно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж байна.
Манай компани нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн хүрээнд уг шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Баатарцогтод хандан гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Манай компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг биднээс үл хамаарах шалтгаанаар төрийн эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлж, холбогдох баримт бичгүүдийг хураан авч, хайгуулын талбайд үйл ажиллагаа эрхлэх бүх нөхцлийг хаасан. Гэтэл дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр 529 тоот шийдвэрийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудыг тус тус зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В” ХХК-ийн захирал С “А.С-ыг Авилгатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газраас шалган эдгээр 5 тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан бөгөөд түүний дагуу түдгэлзүүлэн шийдвэрлэж хариу мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдана. “В” ХХК-иас эдгээр тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2014 онд өгөхөд XV-0140**, XV-0140** дугаартай 2 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, үлдсэн 3 тусгай зөвшөөрлийг сунгахгүйгээр сунгах процессыг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байдаг. Уг асуудал үргэлжилсээр
2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 529
дүгээр тушаал гарч маргаан бүхий 3 тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзан шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагчаас маргаан бүхий тушаалын үндэслэлээ “В” ХХК-ийн 2012-2013 оны хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 31, 32, 33 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлийг хангаагүй гэж үзэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзан шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн гаргасан тайлбар зэргээс үзэхэд тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Түдгэлзүүлнэ гэдэг нь аливаа нэг актын биелэлтийг тодорхой он цаг хугацаагаар зогсоох бөгөөд түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн мөрдөхийг хэлнэ. Эсхүл тодорхой хугацаа заагаагүй бол эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл олгох, тодорхой үйл явдлын дараагаар тухайн үйл ажиллагааг хэвийн болгон сэргээхийг хэлдэг. 2014 онд Тагнуулын ерөнхий газрын даргын албан бичгээр нэр бүхий 5 тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь эх хувиараа хураагдсан байгаа талаар хариуцагчид мэдэгдсэн байдаг. 2012-2013 онууд нь түдгэлзүүлсэн хугацаанд хамаарах хирнээ ямар үндэслэлээр түдгэлзүүлсэн зүйл дээр үйл ажиллагаа явуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй гэж хугацааг сунгахаас татгалзсан нь ойлгомжгүй байна. Тэгэхээр маргаан бүхий 3 тусгай зөвшөөрлийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ заалтыг баримтлан хугацааг сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус байна.
Мөн XV-0140**, XV-0140** дугаартай 2 тусгай зөвшөөрлийг 2014-2017 он хүртэл 3 жилээр сунгаж, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хугацаа нь дууссан байхад хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэж хариуцагч тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сараас эхлэн учир шалтгаанаа тайлбарлаж хугацаа сунгуулах хүсэлтээ удаа дараа гаргасаар байтал Захиргааны ерөнхий хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид заасан захиргааны байгууллагын хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлэхгүй явсаар хугацаа нь өнгөрсөн. Энэ нь шүүхийн үзлэгээр хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.
Тодорхой хэлбэл нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур буюу түүнээс үл шалтгаалах нөхцөл байдал үүсч тэрхүү нөхцөл байдлыг хариуцагч байгууллага тодорхой мэдсээр байтал хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан, хугацааг дуусгавар болгосон үйлдлийг эс зөвшөөрч маргаж байна.
Маргаан бүхий 2017 оны 529 дүгээр шийдвэр нь 2017 оны 08 дугаар сард гарсан бөгөөд бидний зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдлоо гаргахад хариу өгөөгүй тул Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ нь 2017 оны 10 дугаар сард ирүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан бичгээр тодорхой нотлогдох тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Захиргааны байгууллагын үйл ажиллагааны гол зарчмыг баримтлан үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой байтал үүнийг хянаж шалгаагүй байгаа нь ирсэн бичгүүдийг ирээгүй гэж байгаа үйл баримтаар нотлогдоно.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн үед бид сунгахгүйгээр шийдвэрлэх байсан ч түдгэлзүүлэх шийдвэр ирүүлсэн байсан тул одоо ийм шийдвэр гаргаж байна гэж тайлбарлаж байна. Гэтэл 2014 онд сунгасан XV-0140**, XV-0140** тусгай зөвшөөрлүүд нь яг ижил нөхцөл байдалтай байсан. Тухайн үед хариуцагч байгууллагад ажиллаж байсан ажилтан, албан хаагчид нөхцөл байдлыг сайн ойлгож, өөрсдийн үүргээ ухамсарлаж байсан тул дээрх 2 тусгай зөвшөөрлийг сунгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл өргөдлөө өгөхдөө бүрдүүлж өгсөн баримтууд яг ижилхэн хирнээ 2 тусгай зөвшөөрлийг сунгаж, үлдсэн 3 тусгай зөвшөөрлийг сунгах ажиллагааг түдгэлзүүлээд, түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц сунгахаас татгалзсан.
Эрүүгийн хэрэг шалгаж байхад тусгай зөвшөөрлүүдийн эрхийг түдгэлзүүлснээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ нөхцөл байдал арилснаас хойш ашиглаж чадаагүй хугацаагаа хасч тооцуулъя, хугацаа сунгуулъя гэж удаа дараа хүсэлт гаргахад хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эцэст нь 2012, 2013 онуудад буюу хоригтой байсан хугацаанд хайгуулын ажлын зардлын доод хэмжээний ажил хийгээгүй гэж цуцалж байгааг хууль бус гэж үзэж, хугацааг хасч тооцон сунгуулах тухай хүсэлтэд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж маргаж байна.
ХV-0140** тусгай зөвшөөрлийн гэрчилгээ эрүүгийн хэрэгт хурааж авсан эд хөрөнгийн бүртгэлд эх хувиараа байгаа хирнээ буцааж өгсөн эд хөрөнгийн бүртгэлд байхгүй. Тагнуулын ерөнхий газраас Нийслэлийн Прокурорын газар руу
шилжүүлсэн үйл баримтууд байгаа боловч аль шатандаа алга болсныг мэдэхгүй
байна. Эрүүгийн хэрэгт хурааж аваад шалгаж байхад гээгдсэн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гээд нөхөж авахаар хүсэлт өгсөн ч нөхөж олгоогүй, хүсэлтийг шийдвэрлээгүй.
Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчимд захиргааны байгууллагын гаргасан шийдвэр нь иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хөндөгдөхөөс сэргийлж, хөндөгдсөн тохиолдолд эрх, ашгийг сэргээх юм.
Иймд “В” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэснийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 529 дүгээр шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ХV-0140**, ХV-0140**, ХV-О140**, ХV-0140**, ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлийн маргаантай байсан хугацааг хасч тооцуулах, хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, маргаантай байгаа хугацааг хасч тооцон, хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлсэн шалтгаан нь нэхэмжлэгч компаниас хамааралгүй бөгөөд төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй хууль хүчний байгууллагын эрүүгийн хэрэгт шалгасан хугацаанаас хамаарч “В” ХХК-ийг 2011-2015 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулах, цалин тавих, өөрийн ажлын байранд ажиллах эрхгүй болгож, компанийн захирал С А.С-г цагдаж хориод компанийн бүх баримт бичгийг хурааж авч 3, 4 жил үргэлжлүүлэн шалгасан. Энэ хугацаанд Тагнуулын ерөнхий газар болон Нийслэлийн Прокурорын газраас хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэхэд шаардлагатай улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, санхүүгийн баримт зэрэг нь манайд бүгд эх хувиараа байна гэж мэдэгдсэн байдаг. Тэгэхээр хугацаа сунгах болон ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахад байгууллагын тамга, холбогдох бусад баримтууд байхгүйгээс үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаанд “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчим баримтлана гэж тус тус заасан бөгөөд хариуцагч байгууллага давуу эрхээ ашиглан нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр тулган шаардсан, хуульд нийцээгүй акт гаргаж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “В” ХХК-ийн байранд үзлэг хийж дээрх баримтуудыг хураан авсан. Мөн эрүүгийн хэрэг үүсгээд “В” ХХК-ийн захирал Соловьев А.С-г 6 сар цагдан хорьсон. Нэхэмжлэгч компани Тагнуулын ерөнхий газарт болон Ашигт малтмал, газрын тосны газраар дамжуулан хугацаагаа сунгуулахад улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тамга зэрэг шаардлагатай байгаа талаар өргөдөл, гомдол гаргаж байсан. Тухайн үед Тагнуулын ерөнхий газраас тусгай зөвшөөрлийн эрхэд хориг тавьсан. Нэгэнт бүх бичиг баримтаа хураалгасан, тусгай зөвшөөрлийн эрх нь түдгэлзсэн, захирал нь хоригдсон, оффис нь битүүмжлэгдсэн, санхүүгийн эх үүсвэр байхгүй тохиолдолд хэрхэн үйл ажиллагаа явуулах вэ? Бодит нөхцөл байдлаас хамааран хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсныг харгалзан үзэж маргаантай байсан хугацаааг хасч тооцон, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлээгүй, харин ч тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус, мөн маргаантай байсан хугацааг хасч тооцон, хугацааг сунгуулах талаарх хүсэлтийг удаа дараа гаргасаар байхад шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тусгай зөвшөөрлийн хугацаанаас маргаантай байсан хугацааг хасч тооцон хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү.” гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
1.1 Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших Шимбулаг нэртэй газар 2043 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014039 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1186 дугаар шийдвэрээр “В” ХХК-д олгосон байна.
1.2 Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Шар уул нэртэй газар 471 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0140** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1186 дугаар шийдвэрээр “В” ХХК-д олгосон байна.
1.3 Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Ганцмод нэртэй газар 875 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0140** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1186 дугаар шийдвэрээр “В” ХХК-д олгосон байна.
1.4 Дорноговь аймгийн Айраг, Даланжаргал сумдын нутаг, Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших Ихнарт нэртэй газар 4203 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0140** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1171 дугаар шийдвэрээр “В” ХХК-д олгосон байна.
1.5. Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Шороот нэртэй газар 197 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 947 дугаар шийдвэрээр “В” ХХК-д олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажпын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, туүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.
“В” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140**, ХV-0140**, ХV-0140**, ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг 2014 оны 07, 08 дугаар саруудад Кадастрын хэлтэст гаргасан.
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/531 тоот албан бичгээр “В” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн дугаарыг өөрчлөх, эзэмших эрхийг шилжүүлэх, өөрчлөлт оруулахгүй, цуцлахгүй байхыг мэдэгдсэн мэдэгдэл ирсэн тул дээрх тусгай зөвшөөрлүүдийг Кадастрын хэлтсийн бүртгэлийн УУККСистемд хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн.
Кадастрын хэлтэс дээрх өргөдлүүдийг хянаж үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр дээрх 2 тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 3 жилээр сунгаж, Кадастрын хэлтсийн бүртгэлийн УУККСистемд болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад хугацааг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр тооцож бүртгэсэн байна.
Кадастрын хэлтсээс “В” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140**, ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хянаж үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй байсан бөгөөд дээрх өргөдлүүдийг хянаж шийдвэрлэхэд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/531 тоот албан бичгээр “В” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлахгүй байхыг мэдэгдсэн тул шийдвэр гаргах боломжгүй байсан.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11/4-2329 тоот албан бичгээр “... Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 86 дугаартай тогтоолоор Беларус улсын иргэн Соловьёв.А.С-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/531 тоот албан бичгээр мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгосныг мэдэгдсэн” тул дээрх шийдвэрийг үндэслэн “В” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн хязгаарлалтын хоригийг чөлөөлж Кадастрын хэлтсийн бүртгэлийн УУККСистемд бүртгэсэн.
Кадастрын хэлтсээс “В” ХХК-ийн 2014 онд гаргасан ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140**, ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, холбогдох байгууллагууд болох Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраас
холбогдох лавлагааг авч, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7/258 тоот албан бичгээр ““В”” ХХК-д мэдэгдэл хүргүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 28, 27 дугаар зүйлд заасны дагуу тайлбар, нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгдсэн.
“В” ХХК-иас ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг үндэслэж, тус компанийн эзэмшлийн ХV-0138**, ХV-0140**, XV0140** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хянахад 2012-2013 онуудад хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт дутуу, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 529 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/6226 тоот албан бичгээр тус компанид хүргүүлж мэдэгдсэн байна.
“В” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, XV-0140** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг ханган хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт огт гаргаж өгөөгүй тул ашигт малтмалын хайгуулын XV-0140** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсныг Кадастрын хэлтсийн бүртгэлийн УУККС-д 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, ашигт малтмалын хайгуулын ХV-0140** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсныг Кадастрын хэлтсийн бүртгэлийн УУККС-д 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус бүртгэсэн байна.
Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгах хууль зүйн үндэслэлгүй юм.
“В” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэл, XV-0138**, ХV-0140**, ХV-0140** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 529 дүгээр шийдвэртэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Иймд “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ““В” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэснийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 529 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140с, ХV-О140**, ХV-0140**, ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлийн маргаантай байсан хугацааг хасч тооцуулах, хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, маргаантай байсан хугацааг хасч тооцуулах, хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Юуны урьд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хайгуулын тусгай зөвшөөрлүүд тус бүрийн анх олгогдсон, хугацаа сунгагдсан байдлыг дурьдвал:
1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 947 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Шороот нэртэй газар 197 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлийг “В” ХХК-д олгож, 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 640 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгаж, энэ талаар болон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн талаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ.
2. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1171 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Айраг, Даланжаргал, Дундговь аймгийн Өндөршил сумдын нутагт орших Ихнарт нэртэй газар 4203 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0140** дугаартай тусгай зөвшөөрлийг “В” ХХК-д олгож, 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 738 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, энэ талаар болон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн талаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ.
3. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1186 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Шар уул нэртэй газар 471 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0140** дугаартай тусгай зөвшөөрлийг “В” ХХК-д олгож, 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 787 дугаар шийдвэрээр 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус сунгаж, энэ талаар болон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн талаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ.
4. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1186 дугаар дээрх шийдвэрээр Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Ганц мод нэртэй газар 875 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014038 дугаартай тусгай зөвшөөрлийг “В” ХХК-д олгож, 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 788 дугаар шийдвэрээр 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус сунгаж, энэ талаар болон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн талаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ.
5. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1186 дугаар дээрх шийдвэрээр Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших Шимбулаг нэртэй газар 2043 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0140** дугаартай тусгай зөвшөөрлийг “В” ХХК-д олгож, 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 788 дугаар шийдвэрээр 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, энэ талаар болон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн талаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2008 онд олгогдож, 2011 онд хугацаа сунгагдсан ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140**, ХV-О140**, ХV-0140**, ХV-0138** дугаартай 5 тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар 2014 оны 7, 8 дугаар сард өргөдөл гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 415 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус сунгаж, харин ХV-О140**, ХV-0140**, ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл шийдвэрлэх ажиллагааг “эрх бүхий байгууллагаас хориг тавьсан” үндэслэлээр түдгэлзүүлсэн байдаг.
Үүнийг тодруулбал “В” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Соловьев Александр Сергеевичид холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйлийн 1661.3-т зааснаар эрүүгийн 21147392 дугаартай хэрэг үүсгэн , 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс түүнийг сэжигтнээр баривчлан, улмаар цагдан хорьж , 12 дугаар сарын 16-ны өдөр тус компанийн байранд нэгжлэг хийн компанийн тамга тэмдэг, үндсэн болон санхүүгийн бичиг баримтууд, тэр дундаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг хураан авч , 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 01/657, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/531 тоот албан бичгээр тус компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөн, захиран зарцуулах эрхийг хориглож, тусгай зөвшөөрлүүдийг цуцлахгүй байхыг Ашигт малтмалын газарт мэдэгдсэн байдаг.
Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардлагатай тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүдийн эх хувь, компанийн бусад шаардлагатай материалууд эрүүгийн хэрэгт хураагдсан байсан нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст явуулсан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 6-5356, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 6-5423, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 6/3892 тоот албан бичгээс харагдаж байна.
Улмаар Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 86 дугаар тогтоолоор “В” ХХК-ийн захирал С Александр Сергеевичид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/4-2329 тоотоор Ашигт малтмалын газарт мэдэгдэж, дээрх шийдвэрүүдийг үндэслэн тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдэд тавигдсан хоригийг цуцалсан талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “В” ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 7/2624 тоотоор мэдэгдсэн байна.
Ийнхүү “В” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдэд тодорхой хориг тавих үндэслэл болсон эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгогдсоноор тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар 2014 онд гаргасан өргөдлийг шийдвэрлэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тодорхой ажиллагаа хийж, тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хангаж байгаа эсэх”-ийг тодруулахаар Татварын ерөнхий газарт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 7/2163 тоотоор “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлөгч мөн эсэхийг”, мөн өдрийн 7/2164 тоотоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг” лавлаж , “В” ХХК-д 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 7/258 тоотоор “2014 оны 07, 08 дугаар саруудад гаргасан ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140**, ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхэд “аж ахуйн нэгжийн гэрчилгээ, 2012-2013 онд хайгуулын хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн баримт дутуу” болохыг мэдэгдсэн” байдаг.
Энэ дагуу “В” ХХК 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 10/17, 5 дугаар сарын 10-нд 48/17 тоотоор “эрүүгийн хэрэгт шалгагдан геологи хайгуулын болон санхүүгийн бичиг баримтуудыг хураан авч тусгай зөвшөөрлийн эрхэд хориг тавьснаас үйл ажиллагаа явуулах бодит боломжгүй байсныг дурьдан тусгай зөвшөөрлүүдийн эрх хязгаарлалтын бүртгэлд байсан үйл ажиллагаа явуулаагүй хугацааг хасч тооцон шийдвэрлүүлэх” талаар хүсэлт гарган хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүгийн хэргийг шийдвэрлэж дууссан талаарх прокурорын тогтоол, хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2012, 2013 оны хайгуулын ажлын төлөвлөгөө зэрэг баримтуудыг хавсарган Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан байна. Мөн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 36/17, 7 дугаар сарын 18-ны өдрийн 58/17 тоотоор тус компанийн гүйцэтгэх удирдлагын талаарх улсын бүртгэлийн тухайд тайлбар хүргүүлсэн байдаг.
Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 529 дүгээр шийдвэрээр “... 2012-2013 онуудад хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт дутуу, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй” үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын ХV-0138**, ХV-0140**, XV0140** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэн, энэ талаар мөн өдрийн 7/6226 тоот албан бичгээр тус компанид мэдэгдсэн байна .
Ийнхүү хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ тус компанид үйл ажиллагаа явуулах бодит нөхцөл байдал байсан эсэхийг, дээрх онуудад хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэх боломж байсан эсэхийг тодруулаагүйгээс, тухайлбал тус компанийн хүсэлтдээ дурьдсан “эрүүгийн хэрэгт шалгагдан геологи хайгуулын болон санхүүгийн бичиг баримтуудыг хураан авч тусгай зөвшөөрлийн эрхэд хориг тавьснаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан” нөхцөл байдлыг судлан шинжлэлгүй “2012-2013 онуудад хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт дутуу” гэж үзэн ХV-0138**, ХV-0140**, XV0140** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтдээ хавсарган өгсөн Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтуудад ХV-0138**, ХV-0140**, XV0140** дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд “2012, 2013 онд геологи хайгуулын ажлын тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан эсэх” хүснэгтэд “2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 10/16 тоот албан бичиг ирүүлсэн” гэж тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл “В” ХХК-ийн үүсгэн байгуулагч Казмон контакт ХХК-иас 2014 оны 2 дугаар сарын 13-нд 10/16 тоотоор Ашигт малтмалын газрын Геологийн албанд “... эрүүгийн хэрэгт “В” ХХК-ийн үндсэн баримт бичгүүд, тусгай зөвшөөрлүүдийг хураан авснаас үйл ажиллагаа явуулах, хайгуулын ажлын тайланг хянуулах боломжгүй нөхцөлд байгааг” мэдэгдсэн буюу 2012, 2013 онд геологи хайгуулын ажлын тайлан ирүүлээгүй, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй шалтгаан, бодит нөхцөл байдлаа тухайн үед нь ийнхүү тайлбарласан байдаг.
Түүнчлэн “В” ХХК-ийн үүсгэн байгуулагч Казмон контакт ХХК-иас 2013 оны 1 дүгээр сарын 08-нд 05 тоотоор Тагнуулын ерөнхий газарт “... компанийн тамга, бичиг баримтууд, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүд эрүүгийн хэрэгт хураагдсанаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байгааг Ашигт малтмалын газарт тодорхойлж өгөх”-ийг хүсч, мөн дээрх 2014 оны 2 дугаар сарын 13-нд 10/16 тоотоор Ашигт малтмалын газрын Геологийн албанд “... эрүүгийн хэрэгт “В”- ХХК-ийн үндсэн баримт бичгүүд, тусгай зөвшөөрлүүдийг хураан авснаас үйл ажиллагаа явуулах, хайгуулын ажлын тайланг хянуулах боломжгүй нөхцөлд байгааг” мэдэгдэж, 2014 оны 7 дугаар сарын 01-нд 157/14 тоотоор Тагнуулын ерөнхий газарт “... хайгуулын тусгай зөвшөөрлүүд эрүүгийн хэрэгт хураагдсан тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар Ашигт малтмалын газарт хандаж өгөх”-ийг хүсч байжээ.
Дээрхээс дүгнэхэд 2011 оны 12 дугаар сараас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн компанийн удирдлагыг шалгах ажиллагааны хүрээнд тус компанийн тамга, компанийн үндсэн болон санхүүгийн бичиг баримтууд, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг эх хувиар нь хураан авч, үйл ажиллагаа явуулах боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн, өөрөөр хэлбэл хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд хүрэх зардал гаргах хайгуулын ажил хийх бодит боломжгүй байсан нь тогтоогдож байна.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээ бүхий төрийн захиргааны байгууллагын нэгж бөгөөд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд Ашигт малтмалын тухай хуулиас гадна нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн шийдвэр гаргах замаар захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах суурь харилцааг нь Захиргааны ерөнхий хуулиар зохицуулна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах үндэслэл бүрийг нарийвчлан шинжлэн судалж бодит нөхцөл байдлыг тогтооно, 42 дугаар зүйлийн 42.2-т ... захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасан байна.
Гэтэл хариуцагч нь тусгай зөвшөөрлийн эрхээр хийгдэх үйл ажиллагаанд хориг тавигдсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа уг хориг цуцлагдахад ийнхүү үйл ажиллагаа явуулаагүй бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, энэ талаарх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлбар, холбогдох баримтуудыг судлалгүй, хоригтой байсан хугацааг хасч тооцуулах тухай удаа дараа гаргасан хүсэлтүүдийг нь шийдвэрлэлгүй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсаныг бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглээгүй буруутай, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.
Ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, XV-0140** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хувьд “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд огт гаргаж өгөөгүй” үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэлийн системд бүртгэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь дээр дурьдсанаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “В” ХХК 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 10/17, 5 дугаар сарын 10-нд 48/17 тоотоор “... тусгай зөвшөөрлүүдийн эрх хязгаарлалтын бүртгэлд байсан үйл ажиллагаа явуулаагүй хугацааг хасч тооцон шийдвэрлүүлэх” талаар хүсэлт гарган хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүгийн хэргийг шийдвэрлэж дууссан талаарх прокурорын тогтоол, хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2012, 2013 оны хайгуулын ажлын төлөвлөгөө зэрэг баримтуудыг хавсарган Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан байхад эдгээр хүсэлтийг нь шийдвэрлээгүй орхигдуулсан атлаа хугацаа сунгуулах хүсэлтээ огт гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д хууль, шүүхийн байгууллагад маргаантай байсан хугацааг тусгай зөвшөөрлийн нийт хугацаанаас хасч тооцох зохицуулалт байхад тусгай зөвшөөрлүүдийн эрх хязгаарлалтын бүртгэлд байсан үйл ажиллагаа явуулаагүй хугацааг хасч тооцон шийдвэрлүүлэх талаарх хүсэлтийг шийдвэрлээгүй, уг зохицуулалтад хамаарах эсэхийг дүгнээгүй, хүсэлтэд ямарваа хариу өгөөгүй байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын хайгуулын ХV-0140**, ХV-0140**, ХV-О140**, ХV-0140**, ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлийн маргаантай байсан хугацааг хасч тооцуулах, хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэхээр удаа дараа ийнхүү хандсан байхад өргөдөлд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус байх тул маргаантай байсан хугацааг хасч тооцуулах, хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг болон тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэснийг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан, үүнд нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/7177 тоотоор хариу өгсөн байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүйн дээр захиргааны журмаар урдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр ашигт малтмалын хайгуулын XV-014037, XV-014038 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсныг бүртгэснийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 529 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хайгуулын ХV-0140**, ХV-0140**, ХV-О140**, ХV-0140**, ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлийн маргаантай байсан хугацааг хасч тооцуулах, хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, маргаантай байгаа хугацааг хасч тооцон, хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 56 дугаар зүйлийн 56.8, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын хайгуулын XV-0140**, XV-0140** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсныг бүртгэснийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 529 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хайгуулын ХV-0140**, ХV-0140**, ХV-О140**, ХV-0140**, ХV-0138** дугаартай тусгай зөвшөөрлийн маргаантай байсан хугацааг хасч тооцуулах, хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, маргаантай байгаа хугацааг хасч тооцон, хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА