Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01043

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/02576 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 423 дугаар магадлалтай,

Б.Гын нэхэмжлэлтэй

ЭХЯанд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас чөлөөлсөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тушаал нь Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээл тусламжийн хөрөнгөөр санхүүждэг төслийг хэрэгжүүлэхэд баримталдаг журмыг үндэслэн гарсан байдаг. Энэ журам нь улсын төсвөөр санхүүжигдэж байгаа төсөлд хамаарахгүй, мөн байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Б.Гын ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн хуралдаанаар хангалттай гэж үнэлээд гэрээний 3.1-т заасан хугацаагаар хөлсөөр ажиллах гэрээг сунгасан байгаа. Гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй, ямар үндэслэлээр гэрээг цуцалсан нь тодорхойгүй байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодож, дүгнэдэг. Иймээс хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээтэй хослуулж Иргэний хуулийн заалтыг хэрэглэсэн нь алдаатай гэж үзэж байгаа. Иймээс хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгж нь Эрчим хүчний сайдын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаар тушаалаар, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Сангийн сайдын 2011 оны 86 дугаар тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг хэрэгжлүүлэхэд баримтлах журам"-ыг үндэслэн байгуулагдсан. Сангийн сайдын 2011 оны 86 дугаар тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам"-ыг Сангийн яамнаас хүчингүй болгож Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ыг дахин шинээр батлан Монгол Улсад хэрэгжиж буй бүх төсөл хэрэгжүүлэх нэгжүүд мөн адил уг журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Уг журмыг Хууль зүйн яамнаас улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 3549 дугаарт бүртгэгдсэн байдаг. Дээрх тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт дахь загварын дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээ биш, харин зөвхөн хөлсөөр ажиллах гэрээг байгуулдаг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсаны дагуу нэхэмжлэгч Б.Гтай хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд журмын дагуу хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан байна. Захиалагч ЭХЯны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс нэхэмжлэгч Б.Гад 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн В/690 тоот албан бичгээр 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хөлсөөр ажиллах гэрээг цуцлах, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 105 дугаар тушаалаар мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дараагаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Иймд иргэн Б.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/02576 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гтай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/01 тоот хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусах хүртэл үргэлжлүүлэхийг хариуцагч ЭХЯанд даалгаж, ажлын хөлсөнд 19 697 524 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч ЭХЯанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 256 437 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 256 437 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 423 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/02576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ЭХЯнаас төлсөн 256 437 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх хяналтын гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67 дугаар зүйлийн 67.1.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар Иргэний хэрэг үүссэн дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах учиртай” гэжээ. Хариуцагч ЭХЯ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь удаа дараа шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хурлын товыг удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно. Шүүх хуралдаан нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч ирээгүй тул шүүхэд албадан ирүүлсний дараа шүүх хуралдааныг зарлан хуралдуулах хүсэлт гаргаж байсан. Хариуцагчид шуудангаар шүүхийн мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу явуулж шүүх хуралдаан товлосон боловч мөн л шүүх хуралд удаа дараа ирээгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу “...Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” Хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 “...Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.” гэж заасны дагуу шүүх хуралдаан хоёр дахь удаагаа зохигч мэдсээр байж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг явуулсан болно. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б.Г хариуцагч ЭХЯанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага нь хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэлгүй гэсэн агуулгатай болохыг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэлд нийцээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил хэлбэрийн хувьд байгаа боловч зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн, шүүх зохигчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй байна. 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд хөлсөөр ажиллах харилцаанаас үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЭХЯтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ Д.Б.Гын нэхэмжлэлийн үндэслэл болжээ. ЭХЯны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 144 тоот тушаалаар хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр Б.Гыг Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдагчаар томилсон, зохигч талууд хөлсөөр ажиллах гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулсан байна. Талууд гэрээний нөхцлийг тодорхойлохдоо харилцан тохиролцож Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байна.

Зохигч талууд гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь ажилтнаар гэрээнд заасны дагуу гүйцэтгэх захиалагчийн нэрийн өмнөөс гэрээний 1 дүгээр Хавсралтад заасан ажлыг гүйцэтгүүлэх, захиалагчаас ажилтны ажлын үр дүнд үндэслэн гэрээнд заасан ажлын хөлс төлөх, талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага болон тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.” 4.1-д “захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 3 000 000 төгрөг төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно.” гэж гэрээний гол нөхцлийг тогтоосон бөгөөд ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай хариуцагчийн тушаал хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэл, журам, гэрээ дуусгавар болох талаар анхан шатны шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

            Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар  сарын 07-ны өдрийн 423 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/ 02576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА