Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1305

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Б.Э д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04549 1415 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 409 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

М овгийн Б.Э  /РД:УП99100756/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ...... тоот Г.Т гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 43 инчийн Тошиба маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3/, хохирогч Г.Т гийн мэдүүлэг /хх23/, иргэний нэхэмжлэгч Э.Ц гийн мэдүүлэг /хх29/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний  тайлан /хх33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 49/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх57/, заан барьцаат зээлийн  гэрээ /хх48/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх54/, гэрч А.Э ын мэдүүлэг /хх18, 77/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх82/, Б.Э ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх73/ шүүгдэгч Б.Э ы иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх92/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх93/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх ял шалгасан хуудас /хх84/, шийтгэх тогтоолын хуулбар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Б.Э г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

            1. Хэргийн газарт үзлэг хийсэн “...Байшин руу хаалгаар ороход 2 өрөөтэй байх ба том өрөөнд буюу урд өрөө нь 3 цонхтой, хана дагуулсан эд зүйлсийг зэрэгцүүлсэн байрлуулсан байх ба зурагт алга болсон гэх газарт №01 дугаар байрлуулан гэрэл зургаар бэхжүүлэв... цонхны хүрээн дээрээс бээлийний мөр 1, гарын мөр 1 ширхэгийг бэхжүүлэн авсан ба тус өрөөнд байсан орон дээр байсан хөнжил дээрээс 1 ширхэг гутлын мөр бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-6/

2. Хохирогч Г.Т гийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ...... тоотод байшинд ээж, эхнэрийн хамт амьдардаг. 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эхнэртэйгээ хамт гэртээ байж байтал ээж ажлаас тосоорой гэж 20 цагт над руу залгахаар нь би эхнэрээ дагуулан байшингаа цоожлоод бүх цонхнуудаа хаагаад ..... улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн машинтай гэрээсээ гарсан. Ээжийг тосох гээд явж байхдаа авто сургуулийн буудлын орчим Приус 30 маркийн машинтай  мөргөлдөж цагдаа дуудсан учраас бага зэрэг саатсан. Цагдаа ирээд 21 цаг 40 минут орчим асуудал шийдэгдсэн учир тэндээсээ гэр рүүгээ явж 22 цагт орж ирэхэд гэрийн хойд өрөөний цонх онгорхой байшин дотроос 43 инчийн Тошиба маркийн зурагт алдагдсан байсан учраас дахиад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2018 оны өвөл 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Ямар нэгэн сэв зураас байхгүй. Хананд өлгөгч нь болохгүй болохоор хананаас уяагаар уячихсан байсан. Удирдлаганы хамт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх23/

3. Иргэний нэхэмжлэгч Э.Ц гийн “...Б.Э  гэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн орчим манай “Заан” ломбарданд 43 инчийн Тошиба маркийн зурагтыг удирдлагын хамт 300.000 төгрөгөөр барьцаалсан. Манай ломбардны зүгээс 300.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн /хх29/ мэдүүлэг.

4. Гэрч А.Э ын “...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс надаас гэрчийн мэдүүлэг авсан. Би мэдүүлэг өгчихөөд гэртээ хариад байж байтал Э  манай гэрт ирж ээжийн бие муу байгаа тул гэрийн зурагтыг ломбарданд тавьмаар байна хамт яваад өгөөч гэхээр нь би хамт машинтай нь ломбард хайж явж байгаад Дарь-Эхэд байх Заан ломбарданд гэгээ тасарч байх үед очиж 300 000 төгрөгөөр тавьсан. Э  өөрийн нэрээр зурагтыг барьцаалсан... Маргааш өглөө Э ы гэрт ортол гэрийнх нь зурагт байсан. Би Э гаас ямар зурагт барьцаалсан талаар асуухад  Т гийн зурагтыг хулгайлсан тухайгаа надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх18, 77/

            5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний “43 инчийн Тошиба зурагт 950.000 төгрөг” тайлан /хх33/

            6. Эд зүйлд үзлэг хийсэн “...43 инчийн хар өнгийн зүүн доод буландаа Тошиба гэсэн бичиглэл бүхий зурагт байх ба дэлгэц болон нүүрний хэсэгт ямар нэгэн сэв зураасгүй байв. Зурагтны ар хэсэгт үзлэг явуулахад байшингийн хананд тогтоох зориулалт бүхий эд ангиас цагаан өнгийн уяагаар уясан байх бөгөөд сери дугаар Н445F5J00298L1 гэсэн дугаартай байх бөгөөд арын хэсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй өнгийг ялган ажиллаж байна...” тэмдэглэл /хх49/,

            7. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх57/

            8. Заан барьцаат зээлийн “Б.Э  Тошиба 43 инчийн зурагт 300.000” гэрээний хуулбар /хх48/,

            9. Б.Э ы яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, .... дүгээр гудамжны ... тоотод байх найз Т гийн гэрт очиход ямар ч хүн байгаагүй. Тэгэхээр нь би байшингийн хаалгыг гараараа татаж онгойлгоод гэрийнх нь хойморт өлгөөтэй байсан зурагтыг хананд тогтоогчоос салгаж аваад зүүн тийшээ харсан вакум цонхоор гараад хашааны хаалгаар чигээрээ гарч гэрийнхээ гудамжинд өвсөн дунд хулгай хийж авсан зурагтаа нуусан...” гэсэн мэдүүлэг /хх73/.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Э :

Шүүгдэгч Б.Э  нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ...... тоот Г.Т гийн байшингийн цонхоор орж 43 инчийн Тошиба маркийн зурагтыг авсан, улмаар “Заан” гэх ломбарданд барьцаанд тавьсан болох нь хохирогч Г.Т , гэрч А.Э , иргэний нэхэмжлэгч Э.Ц  нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Заан” барьцаат зээлийн гэрээний хуулбар болон шүүгдэгч Б.Э ы гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т д “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд зааснаар “... 43 инчийн хар өнгийн Тошиба зурагтыг 950.000 төгрөгийн...” хохирол учиржээ.

Шүүгдэгч Б.Э  нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 950.000 төгрөгний хохирол учруулахдаа хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтрэн үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Мөрдөн байцаалтын шатанд 43 инчийн Тошиба маркийн зурагтыг хураан авч, хохирогч Г.Т д биет байдлаар хүлээлгэн өгсөн байна.

Мөн шүүгдэгч Б.Э  нь иргэний нэхэмжлэгч Э.Ц д 300.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн /хх111/ байна.  

Иймд шүүгдэгч Б.Э ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Б.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. 

Шүүгдэгч өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Б.Э  нь анхнаасаа гэм буруу дээрээ маргадаггүй, иргэний нэхэмжлэгч Э.Ц д учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршиг арилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж” болохоор заасан.

Шүүгдэгч Б.Э  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Э  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, өмгөөлөгчийн эрүүн хариуцлагын дүгнэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э д 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР