Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1321

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Э.Ө  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ө т холбогдох эрүүгийн 1908 05138 1529 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, “....” ХХК-д туслах ажилтан, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо,толгойтын .....тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Б овгийн Э.Ө /РД:........./

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ө  нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд өөрийн гэртээ 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр  С.П г “гэрт шүлс хаялаа” гэх шалтгааны улмаас гараараа нүүр лүү мөн газар унахад нь цээжин хэсэгт цохиж биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, хүзүү цээжний цус хуралт, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч С.П гийн мэдүүлэг  /хх6/, гэрч Ц.Б ын мэдүүлэг /хх12/, гэрч  Б.Э ын  мэдүүлэг /хх9/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11939 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх19/, Э.Ө ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх28-30/ шүүгдэгч Э.Ө ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх33/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх38-39/, ......... ХХК-д ажилладаг талаарх тодорхойлолт /хх54/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Э.Ө ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч С.П гийн “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай найз Э  залгаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах 555 гэсэн хаягтай газар байна хүрээд ир гэхээр нь очсон Э , Б , А түүний найз танихгүй залуу байсан. Бид нар 0.5 граммын шилтэй пиво 20 ширхэгийг уусан. Бид 20 цагийн орчим пабаас гараад Э ын найзынд очиход түүний найз гээд 3 залуу байсан. Бид хоёр замаасаа 3 том 2.5 литрийн хэмжээтэй пиво авч очиж Э ын найзуудтай уусан. Э ын найз гэх залуу “нарангийн голын атман” гэхээр “чи юу юм бэ” гэсэн тэр залуу шууд нүүр лүү цохисон. Намайг Э.Ө  гэдэг залуу гараараа миний нүүр, хамарт, газар унахад цээжин хэсэгт 1-2 удаа цохисон, би газар унахдаа гараараа модон шал нь дээр цохиж унасан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх6/

2. Гэрч Б.Э ын “...Би 2019 оны 9 дүгээр сарын 30-ны орой П тэй уулзаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 555 гэсэн хаягтай газар очиход манай 10 жилийн ангийн Б , А мөн түүний хамт ажилдаг ах байсан. Бид хэд 20 ширхэг пиво уучихаад П  бид хоёр салаад Э.Ө ын гэрт очсон. С.П  Э.Ө ын гэрт шүлсээ хаяад тэгээд маргалдсан. Э.Ө  2-3 удаа С.П гийн нүүр лүү цохисон...” гэсэн мэдүүлэг /хх9/

3. Гэрч Ц.Б ын... 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э.Ө  бид хоёр пиво уугаад сууж байсан чинь Ө ын найз Э  найзын хамт ирсэн. ...П  гэх залуу Ө ын гэрт шүлсээ хаяхаар Ө  “та яагаад шүлсээ хаяад байгаа юм бэ” гэсэн чинь П  “шүлсээ хаяхаар яадаг юм бэ” гээд маргалдсан. Ө  П гийн нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх12/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11939 дугаартай шинжээчийн “...С.П гийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, хүзүү цээжний цус хуралт, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо  зүйлийн хэд хэдэн удаагийн цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх19/

5. Э.Ө ын яллагдагчаар өгсөн “...П д яагаад манай гэрт “шүлсээ хаяад байгаа юм бэ” гэсэн чинь би танай гэрт “шүлсээ хаяхаар яадаг юм бэ” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. П гийн хөлнөөс татаад газар унагаад нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохиод цээж хэсэгт толгойгоороо мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх28-30/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Э.Ө :

Шүүгдэгч Э.Ө  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд дараах үйл баримт тогтоогдлоо:

Шүүгдэгч Э.Ө , хохирогч С.П , гэрч Б.Э , Ц.Б  нар нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын .....тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хохирогч С.П  нь шүүгдэгч Э.Ө ын гэрт шүлсээ хаялаа гэх шалтгаанаар хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Э.Ө  нь хохирогчийн нүүр рүү гараараа, түүнийг газар унахад нь цээжин хэсэгт цохисон болох нь хохирогч С.П , гэрч Б.Э , Ц.Б  нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч С.П гийн биед “...биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, хүзүү цээжний цус хуралт, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11939 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Ө ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу хохирогчийг эрүүл мэндэд хохирол, хор уршигийг хүсч бий болгосон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч С.П  нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.   

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Э.Ө  нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.4 дэх заалтад зааснаар “....хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн…” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг байдал болон талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Э.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө ын цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 165.000 төгрөгийг /11*15.000=165.000/ түүний эдлэх торгох ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө ыг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-ийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө ын цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 165.000 төгрөгийг түүний эдлэх торгох ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР