Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1323

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Н.Х  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х өд холбогдох эрүүгийн 1908 05791 1762 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, “....” ХХК-нд ажилладаг, ам бүл 2 эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ....хороо Рашаант ухны ам ....тоотод оршин суух,

Ч овгийн Н Х  /РД:......./

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Х  нь Сонгинохайрхан дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ний “....” гэх задгай хашаанд өвс буулгаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Б маргалдаж түүн рүү өвсний сэрээ чулуудсаны улмаас түүний биед биед зүүн богтос ясны хугарал үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б.Б ийн мэдүүлэг /хх6-7/, гэрч Б.Ж гийн мэдүүлэг /хх11/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13424 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх13-14/, Н.Х ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх22-25/, шүүгдэгч Н.Х ийн  иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх28/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх лавлагаа /хх33/, ажлын байрны тодорхойлолт /хх34/, зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Н.Х ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Б ийн “...Сонгинохайрхан дүүргийн ....хорооны “....” гэх газарт байх гэрийнхээ гадаа Т  гэх залуутай хамт өвс буулгаж байхад манай эхнэр Ж  гэртээ усанд орж байсан. Т  та эхнэрээ дуудаад газар унасан өвсийг хамж цэвэрлүүл гэхээр нь манай эхнэр Ж  гэртээ усанд орж байгаа маргааш ажилтай юм маргааш цэвэрлүүлнэ гэж хэлсэн чинь Т  намайг чи эхнэрээ гаргаж ирээч гэж хэлээд над руу төмөр өвсний сэрээ авч шидэхэд би зүүн гараа өргөөд нүүрээ хамгаалсан чинь миний гарын шуу хэсэгт цохисон. Миний гар өвдөөд байхаар нь би Т д миний гар өвдөөд байна чи өөрөө ганцаараа буулгаарай гээд гэрлүүгээ яваад орсон юм. Би тухайн өдөр цагдаад дуудлага өгөөгүй 2019 оны 11 дүгээр сарын 05-нд ирж цагдаад өргөдөл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх6/

2. Гэрч Б.Ж гийн “...Б , Х  хоёрыг юунаас маргалдсан талаар мэдэхгүй би тухайн өдөр гэртээ байсан.  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн орчим Х  өвсний сэрээгээр цохисон гар өвдөөд байна гэсэн. Би Б ийг аваад Сонгинохайрхан дүүргийн 21 хорооны эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч гар нь цуурсан байна...” гэсэн мэдүүлэг /хх11/

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 13424 дугаартай “... Б.Б ийн биед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарнулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх13-14/

            4. Н.Х ийн яллагдагчаар өгсөн “... Би өвс буулгаж байхдаа машины дээрээс өвсний төмөр сэрээ шидсэн чинь Б  гараа бариад миний гар өвдөөд байна гээд гэрлүүгээ явсан... Манай ээж Н  надад Б ийн гар хугарсан байна гэж эхнэр яриад байна гэсэн. Б.Б ийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх22-25/

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Н.Х .

Н.Х , Б.Б  нар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ний “....” гэх задгай хашаанд өвс буулгаж байхдаа нь хоорондоо маргалдсан.

Улмаар шүүгдэгч Н.Х  нь уурандаа хохирогч Б.Б  рүү өвсний сэрээ чулуудсаны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б ийн мэдүүлэг, гэрч Б.Ж гийн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Х ийн хохирогч руу өвсний сэрээ шидсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх буюу энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд “...биед зүүн богтос ясны хугарал ...” бүхий хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 13424 дугаартай  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Х ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Х өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.

Дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх торгох ялын тохиролцоог багасган шүүгдэгч Н.Х өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х өд 700 /долоон зуун/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор  тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР