| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0081/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2036000000064 дугаартай, 178/2020/0081/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 02 сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* тоот хашаанд өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Ц.гийн зүүн хөлийн шилбэ рүү түлээний мод хагалах зориулалттай сүхээр цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч овогт ий гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 02 сарын 29-ний орой охин Ю.ийн хамт гэртээ байж байтал хүргэн Д.******* согтуу ирсэн.Тэгээд эхнэр лүүгээ “цагаан сарын таваг хураачихлаа” гэж уурлаад түлээ хагалдаг сүх аваад гэрийнхээ ширээг цохиж хагалсан. Ю.ийн баруун болон зүүн гарыг барьж байсан сүхээрээ цохисон.Тэгэхээр нь би “ болиоч чи, яагаад охин цохиод байгаа юм бэ” гээд баруун орон дээр сууж байтал сүх барьж ирээд миний зүүн хөлийн шилбэ орчим сүхний ар талаар 1 удаа цохисон.Тэгээд 1 том шил архи барьчихаад “чадалтай юм бол цагдаад өг” гээд хаалгаа цоожилчихоод үүдэнд суугаад байсан... гэх мэдүүлэг / хэргийн 7-8-р хуудас/
Гэрч Ю.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 02 сарын 29-ний орой манай ээж Ц. бид хоёр гэртээ байж байтал манай нөхөр согтуу ирсэн.Над руу уурлаад түлээний сүхээр ширээ цохисон, дараа нь намайг тавгаа буцааж өр гээд сүхээр миний баруун шууны дотор талд,зүүн гарын тохой хэсэгт цохихоор нь ээж “ болиоч , яаж байгаа юм бэ, болохгүй” гэхэд ээжийг түлхэж орон дээр суулгаад барьж байсан сүхээрээ ээжийн зүүн хөлний шилбэ орчимд хүчтэй цохисон... гэх мэдүүлэг / хэргийн *******-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 237 дугаартай ...Ц.гийн биед зүүн хөлийн шилбэ ясны хугарал, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Ц.гийн биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 19-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 224 дугаартай ...Ю.ийн биед зүүн гарын шууны дотор дээд хэсэгт цус хуралт, баруун гарын шууны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Ю.ийн биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт / хэргийн 23-р хуудас/
Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2020 оны 02 сарын 29-ний орой Ерөөл архи ганцаараа уучихаад гэртээ харьсан. Намайг гэрт ороход манай эхнэр хадам ээж хоёр ширээн дээр байсан цагаан сарын тавгийн идээг буулгачихсан байхаар нь “ яагаад цагаан сарын тавгийн идээ буулгачихав, болоогүй байхад буулгалаа” гээд уурлаад ойрхон сүх байхаар нь аваад ширээгээ цохисон.Тэгээд эхнэрийгээ тавгаа буцааж өр гээд хажууд нь сүх барьж сууж байгаад эхнэрийнхээ баруун шуу, зүүн тохой орчимд сүхээр цохисон.Тэгснээ баруун орон дээр сууж байсан хадам ээжийнхээ хөлийн шилбэ рүү цохисон.Тэгээд урьд өдөр нь уугаагүй үлдээсэн байсан тал шил архиа уугаад унтсан.Өглөө нь эхнэр “ чи ээжийн хөл рүү сүхээр цохисон” гэж хэлсэн.... гэх мэдүүлэг / хэргийн 28-29-р хуудас/ Аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 58-60-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 02 сарын 29-ний өдөр согтуугаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* тоот хашаанд байх өөрийн гэртээ эхнэр Ю.тэй марган түүний гар луу сүхээр цохиход, тухайн гэрт байсан хадам ээж Ц. нь “ болиоч, яаж байгаа юм” гэснээс шалтаглан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Ц.гийн зүүн хөлийн шилбэнд мод хагалах зориулалтын сүхээр цохиж Ц.гийн биед ... зүүн хөлийн шилбэ ясны хугарал, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт ... гэх хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Ц. нь шүүгдэгч Д.*******гийн эхнэрийн ээж бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээждээ хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Д.******* нь согтуугаар эхнэртэйгээ үл ялих зүйлээр маргалдаж мод хагалах зориулалтын сүхээр гэрийнхээ ширээг цохих, эхнэрийнхээ гар луу цохих зэргээр авирласныг хадам ээж Ц. нь хориглосноос түүний зүүн хөлийн шилбэнд цохиж санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогч Ц.гийн мэдүүлэг, гэрч Ю.ийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 237 дугаартай шинжээчийн дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “дунд” гэх үнэлгээ / хэргийн 52-55/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ эхнэртээ үл ялих ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж улмаар өөрийн хадам ээжийг түлээний сүхээр цохиж хүндэвтэр хохирол учруулсан нь гэм буруугийн санаатайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулсан гэж үзнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн...хүргэн Д.Баатахүү бид нар эвлэрч учраа олсон. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 83-р/, Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1996 оны 03 сарын 14-ний өдрийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбараар / хэргийн 67-70-р хуудас/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар гэрч ын ...Д.******* бид хоёр нэг ангийн найзууд, Д.******* нь айлын том хүүхэд дороо олон дүү нартай. Ажилсаг, намуун дөлгөөн зантай, хүний үгэнд оромтгой хүн.1986-1988 онд хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаасан....гэх мэдүүлэг /хэргийн 14-15-р хуудас/
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д.******* нь багаасаа хар бор ажил хийсэн,хүнд хар бор ажил хийж өгөөд олсон мөнгөөрөө хааяа архи уучихдаг. Архи уусан үедээ хэсэгхэн хугацаанд дуу нь чангарч орилж чарладаг боловч тэгсгээд унтчихдаг, 1996 онд хэрэгт холбогдож шийтгүүлээд тэрнээс хойш тогтвор суурьшилтай, хүмүүжилтэй болсон.... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/ гэх баримтууд хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.*******г 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохиролгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих гэх дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хадам ээжтэйгээ эвлэрсэн, хохирол төлбөргүй, миний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүхээс шүүгдэгч Д.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 08 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Мөнхзаяад даалгаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6- 36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д хорих ял оногдуулахгүйгээр 08 / найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д 8 сарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эрүүгийн 2036000000064 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг, модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Мөнхзаяад даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС