Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 10

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Баярбаатарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг АШАА-гийн  гудамж 1-29 тоотод оршин суух Шаргачин овогт Даажинбаагийн Мөнхцэцэг /ФБ72100701/ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2016 оны 06 сарын 26-нд Мөнхбаатарын Баярбаатарт ахын бие их муу байна эм тариа авч өгөх гэсэн юм мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь өвчтэй ахыг нь өрөвдөөд  450.000 төгрөг зээлсэн. Гэтэл цалингаа авчихаад өгнө гээд одоо болтол өгөхгүй зугтаагаад байна. Ээж нь болохоор мөнгө байхгүй Баярбаатараас ав гээд өгдөггүй. Мөнгө олж байгаа мөртлөө миний мөнгийг өгье гэж огт бодохгүй байна. Иймд М.Баярбаатараас 450.000 төгрөг гаргуулж өгнө үү ” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие хариуцагч М.Баярбаатартай тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 450.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 16-нд 150.000 төгрөг, 2017 оны 01 сарын 23-нд 150.000 төгрөг, 2017 оны 01 сарын 30-нд 150.000 төгрөгөөр тус тус хүлээж авахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. .

Хариуцагч Дорноговь аймгийн, Замын-Үүд сумын 1-р баг 97 дугаар байрны 01 тоотод оршин суух, Булган овогт Мөнхбаатарын Баярбаатар /РД: ЕО92121011/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Мөнхцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 01 сарын 16-нд 150.000 төгрөг, 2017 оны 01 сарын 23-нд 150.000 төгрөг, 2017 оны 01 сарын 30-нд 150.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Иймд хэргийг  хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь хариуцагч М.Баярбаатараас зээлийн гэрээний үүргийн төлбөр 450.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь хариуцагч М.Баярбаатарт 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 450.000 төгрөгийг зээлүүлж, М.Баярбаатар нь А.Оюунцэцэгийн 5374251011 тоот дансаар шилжүүлж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Баярбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн төлбөр 450.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 16-нд 150.000 төгрөг, 2017 оны 01 сарын 23-нд 150.000 төгрөг, 2017 оны 01 сарын 30-нд 150.000 төгрөгөөр тус тус барагдуулахаар хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлжээ. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Баярбаатарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 450.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч М.Баярбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.150 төгрөгийн 50 хувь буюу 7.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 7.075 төгрөгийг, хариуцагч М.Баярбаатараас 7.075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт олгосугай.

3. Хариуцагч М.Баярбаатар нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА