Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1350

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Х.Онолт,

иргэдийн төлөөлөгч Д.Сэржмядаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э ,

шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч А.Сандагдулам /ШТЭД-0684/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А д холбогдох эрүүгийн 1908 03950 1193 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “...” хотхонд манаач ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний ... гудамж, .... тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “.....” хотхоны харуулын байранд түр оршин суух, урьд

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн

Х овогт Ц.А  /РД:......./.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.А  нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ....., .....үйлчилгээний төвийн автобусны буудал дээр иргэн Н.О ыг газар савж унаган, амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Дуудлага лавлагааны хуудас /хх2-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх5-6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх7-9/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх27-28/, хохирогч О.Э ын мэдүүлэг /хх36-39/, гэрч Ц.Ц ын мэдүүлэг /хх51/, гэрч М.М ын мэдүүлэг /хх53/, гэрч Р.Б ийн мэдүүлэг /хх59/, гэрч Ө.М ын мэдүүлэг /хх63/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх64-66/, гэрч О.Х ийн мэдүүлэг /хх71/, гэрч С.Б гийн мэдүүлэг /хх73/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1657 дугаартай дүгнэлт /хх81-87/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1223 дугаартай дүгнэлт /хх94-96/, шинжээч эмч О.Б гийн мэдүүлэг /хх98-99/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1192 дугаартай сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх118-119/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ц.А ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх5-6/,

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх7-9/,

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх15-21/ болон шүүхийн хэлэлцүүлэгт автобусны хяналтын камерын бичлэгийг үзэхэд “...амь хохирогч автобусны буудал дээр газар хэвтсэн байдалтай, хажууд нь шүүгдэгч Ц.А  зогсож байгаа, бусад зорчигч нар зай авч зогссон байдалтай, улмаар шүүгдэгч автобусанд урд талын хаалгаар суун явж байгаад, хойд талын хаалгаар бууж байгаа дүрс...” бичигджээ.

4. Гэрч Ө.М ын “...2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед .....гийн автобусны буудал дээр гэр рүүгээ харих гээд автобус хүлээгээд зогсож байтал хүмүүс шаагилдсан. Тэгэхээр нь яасан юм бол гээл буудлын сүүдрэвч рүү харахад 50 гаран насны нэг согтуу ах буудлын сүүдрэвчний сандал дээр сууж байсан ба улаан футболктай, бор билүү саарал өмдтэй, өндөр махлагдуу ах сандал дээр сууж байсан согтуу ахыг заамдаад сандалаас нь босгож ирээд буудлын боржуур руу унагаачихсан. Тэгэхэд буудал дээр байсан хүмүүс хүн алаа шүү дээ гэхэд нөгөө улаан футболктай ах “та нарыг ална шүү, хамаагүй шүү” гээд хашхираад байсан. Тэр хооронд газар унасан ах хэвтсэн чигээрээ л байгаад байсан. Тэгсэн удалгүй нөгөө улаан футболктай ах газар унагаасан ах дээр очоод тэр ахыг энгэрээс нь заамдаж цээжин биеийг нь өндийлгөж босгож ирсэнээ дагзаар нь арагшаа түлхээд газар савуулаад унагаасан. Тэгэхээр нь би өөрийн ..... дугаарын утаснаас 102 дугаарт дуудлага өгсөн. Улаан футболктай ах хохирогчийг энгэрээс нь заамдаад биеийг нь өндийлгөж байгаад май гээд түлхээд дагзаар нь хойшоо савуулсан. Дагзаараа их хүчтэй савагдсан... Би тэр хүнийг дахиж харвал шууд танина...” гэх мэдүүлэг /хх63/,

5. Гэрч О.Х ийн “...18 цаг өнгөрч байхад .....гийн автобусны буудал дээр гэртээ харих гээд зогсож байсан юм. Намайг автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхад хоёр согтуу ах хоорондоо юм яриад улаан футболктай ах нь нөгөө согтуу ахыг дээрэлхэх маягтай харьцаад байсан ба заамдаж аваад, угз татаад тиймэрхүү хүч хэрэглэсэн үйлдэл үзүүлээд байсан. улаан футболктай ах нөгөө согтуу ахыг заамдсан чигээр нь татаад буудлын хажууд дагзаар нь савуулаад газар аймар унагаасан. Нөгөө дагзаараа савагдаж унадаг ах газар унасан чигээрээ хэвтээд байсан. Тэнд байсан хүмүүс болиоч ээ, чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлж байсан. Гэтэл улаан футболктай ах газар унасан нөгөө ах дээр дахиж очоод энгэрээс нь заамдаж, цээжин биеийг нь газраас өндийлгөж байгаад арагш нь дагзаар нь дахиад савуулаад унагаасан. Буудал дээр байсан хүмүүс бүгд шахуу “чи хүн аллаашдээ болиоч” гэхэд та нарт хамаагүй гээд агсарч байгаад Орбитын автобус ирэхэд суугаад яваад өгсөн. Би цагдаагаас 102 дугаарт дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх71/,

6. Гэрч Ө.М ыг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-64-66/,

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э ын “...тухайн үед 18 цаг болж байсан...Цагдаагаас залгаад танай аав чинь цагдаа дээр ирсэн байна, ар гэрийн хүмүүст хүлээлгэж өгмөөр байна, ирээд аваарай гэсэн. Тэгээд шууд нөхрийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирсэн...нөхөр аавыг авч гарч ирсэн...аав машинд суунгуутаа аавынх нь тархиар хатгуулаад байна. Аав нь үхлээ, толгойны эм байна уу гэсэн...Аавыг гэрт оруулаад толгойны эм өгөөд хэвтүүлсэн...22 цагийн үед гэртээ ирэхэд аав доошоо харсан байдалтай хурхираад унтаж байсан. тэгээд би нөхөртөө ямар аймар хурхирч байнаа гэж хэлж байсан. Тэгээд л бид нар унтсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 7 дугаар сарын 26-ны өглөө 06 цаг 30 минутын үед манай аав сонин хүржигнээд байгаа юм шиг хурхираад байсан. Тэгээд би аав дээр очиж татаж үзэхэд аавын амнаас хүрэн өнгийн зүйл гарсан байсан ба ухаан алдсан байсан...Түргэн дуудаад гэмтэл рүү аваад явсан. Тэгээд гэмтэл дээр ирээд аавыг эмч нар үзээд, томографик зураг аваад ар гэрийн хүмүүсийг нь дуудаарай, ер нь бол найдваргүй байна, нэг хагалгаанд орж үзвэл үзэх юм. Мөн ар гэрийнхнийгээ хүлээх үү гэдэг дээрээ тулсан байна гэсэн. Тэгээд бид нар хагалгаанд оруулъя гэсэн бөгөөд хагалгаанд орж гарч ирээд хоёр хоноод 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн орой 19-20 цагийн хооронд нас барсан...байрны 6 сая төгрөг болон оршуулгын зардал, бензин тос болон бусад урсгал зардалд зарцуулсан мөнгө гээд нийт 11.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх36-39/,

8. Гэрч Ц.Ц ын /СХД-н Цагдаагийн 3-р хэлтсийн офицер/ “...18 цаг өнгөрч байхад Мангалжав бид хоёрыг дэнж рүү дуудлаганд явж байхад Бүргэд 10-аас “яаралтай .....гийн автобусны буудал руу оч, зодоон болоод байна...” гэсэн. Ингээд дуудлагын дагуу .....гийн автобусны буудал дээр очиход автобусны буудлын саравчны доторх сандал дээр 50 гаран насны эрэгтэй хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан... Нүүрэн тус газарт зодуулж, цохиулсан шинж тэмдэг байгаагүй, харин малгайны дээд хэсэгт нь улаан өнгийн толбо мэт зүйл болчихсон байхаар нь малгайг нь аваад үзэхэд толгойны баруун талын дагз орой хэсгээс цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, /хх51/,

9. Гэрч М.М ын /СХД-н Цагдаагийн 3-р хэлтсийн цагдаа, жолооч/ “...ахмад Ц  бид хоёр тэр ах дээр очоод юу болсон талаар асуухад “ах нь хүнд зодуулчихлаа, гэхдээ би явчихъя” гэсэн. Тэр хүний нүүр болон биед ил харагдах ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй. Харин толгойн дагзны орой хэсгээр бага зэрэг цус шүүрч гарч ирж байсан...” гэх мэдүүлэг, /хх53/,

            10. Гэрч Р.Б ийн “...2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрээс толгой нь хагарсан хүн байна гэсэн дуудлагыг хүлээн аваад цагдаагийн хэлтэс дээр ирэхэд 45-50 орчим насны эрэгтэй хүн сууж байсан. Тэр хүний толгойн зулайн хэсгээс бага зэрэг цус шүүрч гарч байхаар нь та яасан юм бэ? хүнд зодуулсан юм уу гэж асуухад асуусан асуултанд тодорхой хариулаагүй. Ингээд би тэр хүний цус гарч байгаа хэсгийг нь цэвэрлэхэд цус нь гарахаа болиод тогтсон. Тэр хүнийг үзэхэд хүүхэн хараа нь өргөсөж, нарийссан зүйлгүй, гэрлийн урвалд хоёр талд ижил, асуусан асуултанд хариулж байсан болохоор хэвийн байна гэж үзсэн...” гэх мэдүүлэг /хх59/

11. Гэрч И.Б ын /Замын цагдаагийн хэлтсийн цагдаа-зохицуулагч/ “...2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ....., Миний дэлгүүрийн урд зам дээр үүрэг гүйцэтгэж байхад 175-178 орчим өндөр нуруутай залуу над дээр ирээд .....гийн автобусны хойд талын зогсоол руу заагаад “...тэнд хүн алчих шиг боллоо. Амьдралдаа ийм юм үзсэнгүй, 2 согтуу нэгнийгээ замын боржур луу хоёр удаа саваад хаячихлаа...” гэхээр нь хамт очиж үзсэн. 60-70 насны цайвардуу богино үстэй, ногоон өнгийн цамцтай, хар хөх өнгийн өмдтэй согтуу өвгөн автобусны зогсоол дээр бүсэлхийнээс дээш хэсэг нь явган хүний зам дээр, бүсэлхийнээс доош хэсэг нь машин зам дээр, дээшээ харсан, ам нь ангайсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх60-61/,

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1657 дугаартай дүгнэлтэд “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун зулайн чамархайн яс, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорхи цус хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг, бага тархины аалзан хальс доор тархмал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн урд ба дунд хэсэг, мөн уртавтар тархины гүүр хэсэг ба 2 хажуу ховдлын хажуу дээд хана, эдийн цэгчилсэн цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохой, цээж, зүүн шилбэний гадна дээд, уруулын зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтлүүд болно...Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэж тодорхойлжээ. /хх81-87/,

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1223 дугаартай дүгнэлтэд “...Урьд гаргасан 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1657 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачийн цогцост баруун зулай чамархайн яс, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорхи цус хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг, бага тархины аалзан хальс доор тархмал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн урд ба дунд хэсэг, мөн уртавтар тархины гүүр хэсэг ба 2 хажуу ховдлын хажуу дээд хана, эдийн цэгчилсэн цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохой, цээж, зүүн шилбэний гадна дээд, уруулын зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтээл нь дагз хэсгээр арагш савж унахад үүсэх боломжгүй. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд тархины хатуу хальсан доорх цусан хураа нь нэмэгдэж тархийг дарах хүртэлх хугацаанд идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Дээрх талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч амьдрах боломжгүй байжээ. Учир нь тархины гүүрний хэсэг болон ховдлуудад цус харвасан тохиолдолд мэс заслын эмчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломжгүй байдаг...” гэж тодорхойлжээ. /хх94-96/,

14. Шинжээч эмч О.Б ийн “...амь хохирогчид учирсан гэмтэл нь зулайн баруун хэсэгт хүч үйлчилсэний улмаас үүссэн... Хохирогч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд гавал тархины гэмтлийн шинжүүд нь бүдгэрдэг. Энэ үед эмчийн үзлэгээр 100 хувь тодорхойлох ямар ч боломжгүй...” гэх мэдүүлэг /хх98-99/,

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц.А :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ....., .....үйлчилгээний төвийн автобусны буудал дээр шүүгдэгч Ц.А  нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ амь хохирогч Н.О ыг толгойн ар дагз хэсгээр 2 удаа газар савуулж унагаасан, улмаар амь хохирогч нь тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан үйл баримт тогтоогдлоо.  

Тодруулбал, үйл явдлыг шууд харсан гэрч Ө.М ын “...улаан футболктай, бор билүү саарал өмдтэй, өндөр махлагдуу ах сандал дээр сууж байсан согтуу ахыг заамдаад сандалаас нь босгож ирээд буудлын боржуурлуу унагаачихсан. ...нөгөө улаан футболктай ах “та нарыг ална шүү, хамаагүй шүү” гээд хашхираад байсан. Тэр хооронд газар унасан ах хэвтсэн чигээрээ л байгаад байсан. Тэгсэн удалгүй нөгөө улаан футболктай ах газар унагаасан ах дээр очоод тэр ахыг энгэрээс нь заамдаж цээжин биеийг нь өндийлгөж босгож ирсэнээ дагзаар нь арагшаа түлхээд газар савуулаад унагаасан...” гэх мэдүүлэг, мөн гэрч О.Х ийн “...улаан футболктай ах нь нөгөө согтуу ахыг дээрэлхэх маягтай харьцаад байсан ба заамдаж аваад, угз татаад тиймэрхүү хүч хэрэглэсэн үйлдэл үзүүлээд байсан. Улаан футболктай ах нөгөө согтуу ахыг заамдсан чигээр нь татаад буудлын хажууд дагзаар нь савуулаад газар аймар унагаасан. ...Гэтэл улаан футболктай ах газар унасан нөгөө ах дээр дахиж очоод энгэрээс нь заамдаж, цээжин биеийг нь газраас өндийлгөж байгаад арагш нь дагзаар нь дахиад савуулаад унагаасан...” гэх мэдүүлэг болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, автобусны хяналтын камерийн бичлэгээр нотлогдож байна.

Мөн амь хохирогчийн гэмтэл авсны дараах нөхцөл байдлыг тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Ц.Ц , М.М , И.Б  нарын мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч Р.Б ийн мэдүүлгүүд нь харилцан зөрүүгүй байдлаар нотолж байна.

Амь хохирогчийн үхлийн шалтгааныг нягтлан шалгах үүднээс тус хэрэгт 2 удаа шинжилгээ хийлгэсэн байх бөгөөд эхэлж хийсэн Шүүхийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1657 дугаар дүгнэлтээр “...Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсныг...” тогтоосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1223 дугаартай дүгнэлтэд “...Урьд гаргасан ... дүгнэлт үндэслэлтэй байна. ...гавал тархины битүү ...гэмтлийг авсан тохиолдолд тархины хатуу хальсан доорх цусан хураа нь нэмэгдэж тархийг дарах хүртэлх хугацаанд идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. ...талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч амьдрах боломжгүй байжээ. Учир нь тархины гүүрний хэсэг болон ховдлуудад цус харвасан тохиолдолд мэс заслын эмчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломжгүй байдаг...” гэж тодорхойлсон дүгнэлтүүд нь баримтаар тогтоогдсон үйл баримттай тохирсон, хохирогчид учирсан гэмтэл, амь насанд хэрхэн нөлөөлсөн талаарх үндэслэл бүхий дүгнэлт байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч Ц.А ы үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан, хохирогч тэр даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амьд гарах боломж байсанг үгүйсгэхгүй, цаг хугацаа алдсаны улмаас нас барсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учуулсны улмаас хохирогч нас барсан гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох буюу хүн нас барах хохирлыг хүсэж, эсхүл хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд зориуд хүргэсэн байдаг онцлогтой.

Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Ц.А  нь амь хохирогч Н.О ыг автобусны хүлээлгийн сандал дээр сууж байхад нь татаж босгон хатуу гадаргуу дээр толгойн дагз хэсгээр савуулж унагаасан, ойролцоо байсан хүмүүсээс “...болиоч хүн аллаа...” гэхэд  “...та нарт хамаагүй, ална шүү...” гэх байдлаар сүрдүүлж, тухайн үед ухаангүй хэвтэж байсан амь хохирогчийн цээж хэсгийг дахин дээш татан толгойн тус хэсгээр 2 дахь удаагаа хүчтэй савуулсан нь хор уршигийг зориуд хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, үйлдэл нь хүнийг алах санаа зорилготой байсан гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “...талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч амьдрах боломжгүй. Учир нь тархины гүүрний хэсэг болон ховдлуудад цус харвасан тохиолдолд мэс заслын эмчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломжгүй байдаг...” гэсэн нь шүүгдэгч Ц.А ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй, мөн шүүгдэгч тухайн үед согтуу байсан, болсон үйл явдлыг санахгүй байна гэх тайлбар хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг тус тус дурдаж байна.

Тиймээс шүүхээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э  нь “...цалингийн зээл болох 6 сая төгрөг болон оршуулгын зардал, бензин тос болон бусад урсгал зардалд зарцуулсан мөнгө нийт 12.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ.

Хэрэгт цугларсан баримтын хүрээнд 6.219.620 төгрөгийн баримт хэрэгт хавсаргуулсан /хх41-46/ дээрх баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал байх тул шүүгдэгч Ц.А аас уг хохирлыг гаргуулан шийдвэрлэв. 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э ын амь хохирогчийн зээлтэй байсанг дурдаад тухайн зээлийн төлбөрт 6.000.000 төгрөг нэхэмжилсэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд /“ЗД” ХХК-ийн албан бичиг-хх47/ шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхиж, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэйг дурдаж шийдвэрлэв.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч хувийн байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулах саналыг гаргасан.

Шүүгдэгч Ц.А ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1192 дугаартай Сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосонг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл уусан үедээ ямар ч шалтгаангүйгээр амь хохирогчид халдсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

  Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А  нь бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А ы цагдан хоригдсон 139 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А д 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А ы цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.А аас 6.219.620 /зургаан сая, хоёр зуун арван есөн мянга, зургаан зуун хорин/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э д олгуулсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э аас цалингийн зээлтэй холбоотой 6.000.000 төгрөг нэхэмжилсэнг хэлцээгүй орхиж, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.  

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүйг дурдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХБААТАР

                    ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ

       ШҮҮГЧ                                     Б.БАТАА