| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1292/Э |
| Дугаар | 1296 |
| Огноо | 2019-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 1296
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,
улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн 1908 05729 1781 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ......тоот оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Т овгийн Д.Б /РД:............./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Сонгинохайрхан дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт эхнэр С.А ыг хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, уруулд цус хуралт, шарх, баруун зүүн гар, баруун бугалганд цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч С.А ын мэдүүлэг /хх26/, шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13024 дугаартай дүгнэлт /хх30/, Д.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх40-42/, шүүгдэгч Д.Б ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх45/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх46/, эд хөрөнгөтэй эсэхи дэлгэрэнгүй лавлагаа /хх47/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх49/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх50/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /хх51/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Д.Б ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч С.А ын “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байсан нөхөр Б над дээр ирчхээд миний утсыг аваад гарсан. Тэгсэн миний фэйсбүүкийн чат руу миний танил залуу чат бичсэн чинь нөхөр хардаад уурлаад байсан. Тэгээд бид хоёр ажлаа тараад машиндаа суугаад явсан чинь “юу юм, яадаг хүн юм” гээд хэрүүл хийгээд байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн .... хороо Их наранд нэг гудамжинд машинаа зогсоогоод намайг чат бичсэн эрэгтэй хүнтэй хардаад нүүр, гар руу олон удаа гараараа цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх26/
2. Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13024 дугаартай “...С.А ын биед баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, уруулд цус хуралт, шарх, баруун зүүн гар, баруун бугалганд цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх30/,
3. Д.Б ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цаг өнгөрч байхад би эхнэрээ авах гээд ажил дээр нь очоод хүлээж байсан чинь утсанд нь уйдаад байна гэсэн мессеж танихгүй эрэгтэй хүнээс мессеж ирсэн. Тэгэхээр нь ямар учиртайг нь асуусан чинь мэдэхгүй, танихгүй гээд тэрнээс болж бид хоёр маргалдсан. Би тэгээд машиндаа суулгаад Сонгинохайрхан дүүргийн .... хороо Их нарангийн гудамжинд очоод уурандаа хэд хэдэн удаа гараа зангидаж байгаад цохиж зодсон. Би эхнэрээ зодсон үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Одоо бид хоёр эвлэрсэн одоо хамт амьдарч байна...” гэсэн мэдүүлэг /хх40-42/
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Д.Б
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой Сонгинохайрхан дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт эхнэр С.А ыг хардалтын улмаас зодож , эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б ын үйлдлийн улмаас хохирогч С.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13024 дугаартай “ С.А ын биед баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, уруулд цус хуралт, шарх, баруун зүүн гар, баруун бугалганд цус хуралт, баруун бугалганд зулгаралт... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа” хүмүүсийг хамааруулахаар заасан.
Хохирогч С.А , шүүгдэгч Д.Б нар нь албан ёсны гэрлэлт бүртгэлийн лавлагаатай, гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч, дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.
Иймд шүүгдэгч Д.Б нь хохирогч С.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17..... зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.
Иймд шүүгдэгч Д.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д 280 /хоёр наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР