Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 04

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Л.О-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга Д.Б-д холбогдох “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Л.О-ийг Орхон аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилохыг Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2017/0034/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.О би Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан “Наран” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орж тэнцээд аймгийн Засаг даргын 2014 оны  02 дугаар сарын 21-ний өдрийн Б/07 тоот захирамжаар “Наран” цогцолбор сургуулийн захирлаар томилогдон ажилласан юм. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/363 тоот захирамжаар зарим сургуулиудын бүтэц өөрчлөгдөж, бүрэн дунд боловсрол олгох Ерөнхий боловсролын сургууль болгон өөрчилж, нэршил солигдсон. Миний удирдан ажиллаж байгаа “Наран” цогцолбор сургууль нь “...3 дугаар сургуулийн бүтэц /1-5, 6-9/, 10-12/, хэв шинж /ерөнхий боловсролын сургууль/, сургалт явуулах чиглэл /өдөр/, эзэмшүүлэх боловсролын түвшин /бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох/, сургалтын хугацаа /12 жил/, багш, сурагчид, анги бүлгийн тоо болон удирдах ажилтны тоо /захирал-1, сургалтын менежер-3/ зэрэг бүтэц, орон тоо хэвээрээ зөвхөн нэршилд өөрчлөлт орсон болно. “Наран” цогцолбор сургуулийн захирлын орон тоо хасагдаагүй, 3 дугаар сургуулийн захирлын орон тоо-1, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тул аймгийн Засаг дарга Д.Б-ын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн “Л.О миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ...сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдан нэр дэвших хүртэлх хугацаанд 3 дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэснийг эс зөвшөөрч байна.

Орхон аймгийн Засаг даргын 2017 оны А/363 тоот захирамжийг 5 сургуульд холбогдуулж гаргасан. Үүнээс хоёр сургуулийн бүтэц өөрчлөгдсөн. Манай сургуулийн хувьд зөвхөн нэр өөрчлөгдсөн. Нэр солигдоход хөдөлмөрийн гэрээ цуцлах захирамж гаргах үндэсгүй гэж үзэж байгаа. Ямар нэгэн алдаа дутагдал гаргасан зүйлгүй байхад Засаг дарга захирамж гаргаж байгаа нь буруу байна. Сургуулийн үйл ажиллагаа, зорилго, чиг үүрэг өөрчлөгдөөгүй. Өнөөдөр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байгаа ч ажлын чиг үүрэг хэвээрээ байгаа. Надтай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнээд хариу өгөөгүй. Би тайлангаа тавьсан. 2018 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй байгаа. Иймд Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохыг Орхон аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байгаа. Л.О нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 тоот захирамжийг эс зөвшөөрч өргөдлөө гаргасан. Анх иргэний журмаар хандаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Иргэний хэргийн шүүхээс Захиргааны хэргийн шүүхэд харъяалагдах маргаан учир Захиргааны хэргийн шүүхэд хандуулахаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Ингээд Төрийн албаны салбар зөвлөлд хандаад 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариу ирээд Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хариуцагч өөрөө “Наран” цогцолбор сургуулийн захиралтай холбоотой энэхүү маргааныг Захиргааны хэргийн шүүхийн маргаан гэж Иргэний хэргийн шүүх хуралдаан дээр хэлж байсан. Гэтэл одоо урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа тодорхой бус байна гэж байна. Тэгээд одоо ямар байдлаар яаж шийдүүлэх гээд байгаа нь тодорхой бус байна. Үндэслэлгүй гэж үзээд байгаа бол хэрхэн шийдвэрлүүлэх талаар ямар нэгэн байр суурь байхгүй байна. Би хуулийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаагаа хийлгээд явж байгаа. Тиймээс энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Захиргааны хэргийн шүүх энэ хэргийг хүлээж авсан нь үндэслэлтэй байна. Л.О Засаг даргын захирамжийг хүчингүйд тооцож өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан. Засаг даргын Б/363 дугаар захирамжийг үндэслээд А/39 дугаар тушаал гарсан. Энэ захирамжийн дагуу “Наран” цогцолбор сургуулийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Харин зөвхөн сургуулийн нэршил өөрчлөгдсөн. Нэхэмжлэгчийн тайлбараас өөрийнх нь гарсан тушаалууд дээр “Наран” цогцолбор сургуулийн нэг захирлын орон тоо байсан. Одоо 3 дугаар сургууль болсон ч нэг л орон тоо байгаа. Уг сургуулийн захирлын ажлын чиг үүрэгт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасныг баримталсан байгаа. Гэхдээ Засаг даргын эрх хэмжээтэй нь маргахгүй. Харин Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д  “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний шаардлагыг хангахгүй байна. Засаг дарга Б/24 захирамжаараа захирлаар томилох байтал түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байна. Энэ захирамжийг нэгэнт хүчингүй болговол Л.О-ийн хөдөлмөрийн гэрээтэй холбоотой ажиллах үүргийг хангах эрхтэй. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 тоот захирамжаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ хүний хөдөлмөрлөх үйл ажиллагаа нь эрх зүйн хувьд өөрчлөлт орох үндэс байхгүй байхад “Наран” цогцолбор сургуулийг 3 дугаар сургууль болгосны төлөө захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч болгож байгаа нь алдаатай байна. Тиймээс 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохыг даалгаж өгөөч. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү?” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/363 дугаар захирамжаараа цогцолбор сургуулиудыг ерөнхий боловсролын сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан. Ийнхүү өөрчлөхдөө Боловсролын тухай хуульд зааснаар Боловсрол соёл, урлагийн газрын санал, дүгнэлтийг үндэслэн зохион байгуулсан. Өөрчлөн байгуулахдаа цогцолбор сургуулиудын захирлуудыг шинээр бий болсон сургуулиудын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Нэгэнт цогцолбор сургуулийн захирлын албан тушаал үгүй болсон, цогцолбор сургуулийн зохион байгуулалт үгүй болсон тул нийт цогцолбор сургуулийн захирлыг сургуулийн захирлаар томилсон, тухайн үед энэхүү шийдвэрийг цогцолборуудын захирал нарт танилцуулсан. Тухайн үед ямар нэгэн санал, хүсэлт тайлбар гаргаагүй, аймгийн Засаг даргын шийдвэрийн төслийг хүлээн зөвшөөрч байсан. Орхон аймгийн хэмжээнд 1, 3 дугаар сургуулиас бусад нийт сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөж байна. Одоогоор шалгаруулалт хэзээ болох, ямар, хэдэн хүн оролцох зэрэг нь тодорхойгүй байна. Энэхүү сонгон шалгаруулалт нээлттэй зохион байгуулагдах бөгөөд тухайн шалгаруулалтын болзол шалгуурыг хангасан этгээд оролцох боломжтой бөгөөд нэхэмжлэгч уг шалгаруулалтад оролцох эрхтэй. Нэхэмжлэгч Л.О нь шалгаруулалтад орох эрх нээлттэй байна. Аймгийн Засаг даргын Б/24 дугаар захирамж нь ашиг сонирхлын зөрчилгүй, хууль, эрх зүйн баримт бичгүүдийг зөрчсөн нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд цогцолбор сургуулийн үйл ажиллагааг ердийн бүрэн дунд боловсролын сургууль болгон өөрчилсөн нь дан ганц иргэн Л.От чиглэгдээгүй нийт иргэд, сурч боловсрох хүүхэд, багш ажилчдад хамааралтай, тэдний цаашдын боловсролын системийн үйл ажиллагаанд хийж буй өөрчлөлт юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Оээс Орхон аймгийн Засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс шүүхэд хариу тайлбараа өгсөн. Орхон аймгийн Засаг даргын А/363 дугаартай захирамжаар цогцолбор сургуулиудыг Ерөнхий боловсролын сургууль болгон өөрчилж үүнтэй холбогдуулан хуучин цогцолбор сургуулийн захирлуудыг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Нийт захирлуудад захирамж гарахаас өмнө танилцуулсан. Тухайн үед эдгээр хүмүүсээс энэ захирамжтай холбоотой гомдол, санал, хүсэлт ирүүлээгүй. Уг захирамж өөрөө ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Л.О-ийг 3 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Одоогийн байдлаар сонгон шалгаруулалт зарлагдаагүй байна. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр захирамж гарсан. Нэхэмжлэлээ 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Тэгэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах журам зөрчсөн байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн төрийн албаны салбар зөвлөлд хандахад гомдлыг буцаалаа гэсэн байдаг. Төрийн жинхэнэ албатай холбоотой буюу төрийн үйлчилгээний удирдах албан хаагчтай холбоотой маргаан байхад төрийн албаны салбар зөвлөл хэлэлцээгүй буцаасан нь буруу байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хийгээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй байна. Хөдөлмөрлөх эрх гэж байгаа боловч одоогийн байдлаар 3 дугаар сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэж байгаа хэвээрээ байгаа. Захирлын үйл ажиллагааны зорилго, чиг үүрэг хэвээрээ байгаа. Энэ хүнийг төрийн албанаас чөлөөлөөгүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.О нь Орхон аймгийн Засаг дарга Д.Б-д холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулж “Л.О-ийг Орхон аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилохыг Засаг даргад даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 /боловсрол, шинжлэх ухаан...зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал.../ дахь хэсэгт зааснаар сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 /Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно/ дахь хэсэгт зааснаар Л.О-ийн тус шүүхэд гаргасан маргааныг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын тухай хуулийг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэг. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: “Наран” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд зарлагдсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/07 дугаар “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” захирамжаар[1] Л.О-ийг “Наран” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилсон байх бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Засаг дарга, Л.О нарын хооронд “Хөдөлмөрийн гэрээ”[2] байгуулжээ. 

Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” захирамжаар[3] Л.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, “Наран” цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, “сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдан нэр дэвших хүртэл хугацаанд 3 дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсон байна.

Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” захирамжаар Л.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг үндэслэл болгожээ.

Орхон аймгийн Засаг даргаас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 /ажил олгогч санаачилсан/ дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 /аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн/ дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 

Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан гэх үндэслэлийн тухайд: Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/363 дугаар “Ерөнхий боловсролын зарим сургуулиудын талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” захирамжаар[4] “Наран” цогцолбор сургуулийг “Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль” болгон өөрчилсөн байх бөгөөд үүнийг аж, ахуйн нэгж, байгууллага /сургууль/ татан буугдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах гэдгийг хуульд заасан /Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг/ үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дуусгавар болгож, цааш үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал бий болохыг ойлгох нь зүйтэй бөгөөд “Наран” цогцолбор сургуулийн хувьд тухайн сургууль татан буугдаагүй, зөвхөн сургуулийн нэр өөрчлөгдөж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, үндсэн зорилгоо хэрэгжүүлж байгаа болно.

Аймгийн Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.З дахь хэсэгт зааснаар “орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх” бүрэн эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/363 дугаар “Ерөнхий боловсролын зарим сургуулийн талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” захирамжийг гаргаж, энэхүү захирамжаар “Наран” цогцолбор сургуулийг “Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль” болгон өөрчилсөн байна.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл “Наран” цогцолбор сургууль нь зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж, “Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль” болон өөрчлөн байгуулагдсан байх бөгөөд тус сургуулийн үндсэн зорилго өөрчлөгдөөгүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа болох нь тус сургуулийн Улсын бүртгэлийн 2070001008 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага өөрчлөн байгуулагдахад хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт байхгүй байх тул сургуулийн нэрийг өөрчлөн зохион байгуулахад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу байна.

Орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлийн тухайд: “Наран” цогцолбор сургуулийг Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль болгон өөрчлөхөд тус сургуулийн захирлын ажлын байрны орон тоо хасагдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэл байхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг, “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.

Дээрх тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан эсхүл цөөрүүлсэн орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах бөгөөд “Наран” цогцолбор сургуулийг “Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль” болгон сургуулийн нэрийг өөрчилснөөр тухайн сургуулийн захирлын орон тоо хасагдаагүй, орон тоог цөөрүүлээгүй, сургуулийн захирлын орон тоо-1 хэвээр байгаа болох нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/39 дугаар “Хэрэгжүүлж ажиллах тухай” тушаал[5], “Наран” цогцолбор сургуулийн ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 дугаар “Ажил, албан тушаалын жагсаалт, орон тоо батлах тухай” тушаал[6], Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/41 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах, ажил албан тушаалын жагсаалт орон тоог батлах тухай” тушаал[7] болон нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбаруудаар тогтоогдож байна.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 /аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал...-ийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх/ дахь хэсэгт зааснаар Л.О-ийг “Наран” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөх үндэслэл бий болоогүй байна.

            Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, “Наран” цогцолбор сургуулийн захирал Л.О нар нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Үр дүнгийн гэрээ”-г байгуулсан[8] бөгөөд Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дугаартай захирамжийг гаргахдаа уг гэрээг дүгнээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан Л.О-ийг эрхэлж байсан ажлаас нь чөлөөлсөн нь  хууль бус байна.  

Хоёр: “Л.О-ийг Орхон аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилохыг Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нь дээр заасан үндэслэлүүдээр Л.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль зөрчин цуцалж, төрийн үйлчилгээний албан тушаалаас чөлөөлж, түүнийг 3 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдан нэр дэвших хүртэлх хугацаанд захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль бус байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар түүнийг өөрчлөн байгуулагдсан Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн түүнчлэн “Наран” цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт[9], Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтуудыг[10] харьцуулан авч үзвэл тухайн төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, тухайн албан тушаалд тавигдах шаардлага, чиг үүрэг өөрчлөгдөөгүй байх тул түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлтэй байна.

            Хариуцагчаас төрийн албан хаагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 /Төрийн албан хаагч, ... түүнийг томилох, чөлөөлөх ...зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих...-ыг хориглоно/ дэх хэсэгт заасан журмыг зөрчиж, Л.О-ийг төрийн үйлчилгээний албан тушаалаас хууль бусаар чөлөөлж, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.

            Иймд Л.О-ийн нэхэмжлэлийг хангаж, “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн  Б/24 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Л.О-ийг Орхон аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн байна. Мөн төрийн албаны салбар зөвлөлд хандахад гомдлыг буцаалаа гэсэн байдаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хийгээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?.” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

            Учир нь: Нэхэмжлэгч Л.О нь Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дугаартай захирамжийн талаар Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдлоо гаргасан байх бөгөөд тус салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3/2806 дугаартай албан бичгээр түүнийг холбогдох шүүхэд гомдлоо гаргахыг мэдэгджээ. Иймд Л.О нь маргаан бүхий захиргааны актын талаар холбогдох дээд шатны захиргааны байгууллагад гомдлоо гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан гэж үзнэ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.4  дэх заалтуудыг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Л.О-ийг Орхон аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохыг Орхон аймгийн Засаг дарга /Д.Б/-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Л.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга, дөрвөн зуун/ төгрөгийн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн сангийн 130000801681 дугаарын данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ

 

 

 

 


[1] ХХ-ийн 6-7 дугаар тал

[2] ХХ-ийн 8-11 дүгээр тал

[3] ХХ-ийн 24 дүгээр тал

[4] ХХ-ийн 63-64 дүгээр тал

[5] ХХ-ийн 65 дугаар тал

[6] ХХ-ийн 58-62 дугаар тал

[7] ХХ-ийн 53-57 дугаар тал

[8] ХХ-ийн 12-22 дугаар тал

[9] ХХ-ийн 95-97 дугаар тал

[10] ХХ-ийн 108-110 дугаар тал