Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0404

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 243 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан давж заалдах гомдлын дагуу “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр: Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, И ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Г г ХХК-тай Эрлийн ажлын гэрээ байгуулсан хариуцагчийн үйлдлийгИ ХХК-ийн эзэмшиж байсан ХV-013168 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсантай адилтгахуйц эрх зүйн харилцаа болохыг тогтоож, И ХХК-д эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын үйлдэл хууль бус болохыг тогтоож, И ХХК-д эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгох асуудлыг зохих хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, үлдэх Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тус компанийн эзэмшлийн ХV-013168 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга давж заалдах гомдолдоо: “ ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан ... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхдээ ... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсны үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгуулах эрхтэй байхаар хуульчилсан. ... “И” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа дуусахаас өмнө сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаагүй тул ХV-013168 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон.

... Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон явдлыг Газрын тосны эрлийн ажлын гэрээтэй хольж хутгах ямар ч үндэслэлгүй.

... “Г г” ХХК нь Бүтээгдэхүүн хуваах гэрээт гэрээлэгч компани биш.

... Нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

НЭГ. “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс И ХХК-ийн эзэмшлийн ХV-013168 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газрын Хэрэг эрхлэх газар 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “И” ХХК-д Говь-Алтай аймгийн Бугат, Алтай сумын нутаг дэвсгэр, Жавхлант нэртэй газарт орших 100678 га талбайд ашигт малтмалын хайгуулын 13168Х дугаар тусгай зөвшөөрөл[1]-ийг 3 жилийн хугацаагаар олгож, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1336 дугаар шийдвэр[2]-ээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцон 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл,

Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар шийдвэр[3] ээр тус тус 3 жилээр сунгасан,

Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэр[4]-ээр “И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас тодорхой хэсгийг буцаан өгөх хүсэлтийг үндэслэн XV-013168 дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас 42436.00 га талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 58121.64 га талбайд XV-013168 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах”-аар,

53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор заажээ.

Нэхэмжлэгч “И” ХХК өөрийн эзэмшлийн хайгуулын XV-013168 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хариуцагч төрийн захиргааны байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж байгаагүй, улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон, энэ талаар шүүхэд маргаагүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Энэ тохиолдолд хариуцагч төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17 /тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх/-д заасан бүрэн эрхийн хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-013168 дугаар тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг бүртгэсэн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

ХОЁР. ““И” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан ашигт малтмалын XV-013168 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсантай адилтгахуйц эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тосны газар “Г г” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат, Алтай сумдын нутаг дэвсгэр, 11,969,14 м.кв талбайд газрын тосны эрлийн ажил гүйцэтгэхээр “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ.

Ашигт малтмал, газрын тосны газар Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгэнэ” гэж зааснаар “Г г” ХХК-тай дээрх гэрээг байгуулсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Улсын тусгай хамгаалалттай газраас бусад улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийж болно”, 42 дугаар зүйлийн 42.3-д “Түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан гэрээ байгуулж, бие биенийхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллана” гэж зааснаас үзвэл газрын тосны уламжлалт бус эрлийн болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах талбайд нь давхацсан байж болохоор хуульчилсан.

Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий талбайд газрын тосны уламжлалт бус эрлийн үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр явуулж болохыг хуулиар хориглоогүй энэ тохиолдолд төрийн захиргааны байгууллагын хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч “И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-013168 дугаар тусгай зөвшөөрөл нэгэнт дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон учраас Газрын тосны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д заасан “газрын тосны болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа нь давхацсан”, “бие биенийхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллах” нөхцөл байдал үүсээгүй байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсантай адилтгах, улмаар уг эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоох үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь үндэслэлгүй.

ГУРАВ. ““И ХХК-д эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг гаргахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус компанид эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх нэгэнт нэхэмжлэгчийн “хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон үйл ажиллагааг илт хууль бус болохыг, тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсантай адилтгахуйц эрх зүйн харилцаа байгаа болохыг тус тус тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаагүй, өөрөөр хэлбэл, хариуцагч төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь дээрх байдлаар тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хангах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 243 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг “1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1, Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 42 дугаар зүйлийн 42.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч И ХХК-ийнАшигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс И ХХК-ийн эзэмшлийн ХV-013168 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон үйл ажиллагааг илт хууль бус болохыг, “И” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан ашигт малтмалын XV-013168 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсантай адилтгахуйц эрх зүйн харилцаа байгаа болохыг тус тус тогтоолгох, “И ХХК-д эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг гаргахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус компанид эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

[1] Хэргийн 126 дахь тал.

[2] Хэргийн 128 дахь тал.

[3] Хэргийн 129 дэх тал.

[4] Хэргийн 130 дахь тал.