| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0034/И |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 19
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Ч.Сэнгэбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхбатад холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 1.121.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Өртөөний гудамж 1-7 тоотод оршин суух Боржигин овогт Чимэддоржийн Сэнгэбаатар /ЕН59080716/ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний өөрийн эзэмшлийн 42-96 УНА улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцож байхад УАЗ 469 машин мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол гаргасан Мөнхбат нь машины баруун талын арын крилон, гэрэл, гупер хагалж хохироосон тул үнэлгээнд заагдсан 1.121.500 төгрөгний хохирлыг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Мөнхбатын хариу тайлбартай танилцлаа. Би Мөнхбатаас 2017.01.10-нд 130.000 төгрөг хүлээн авсан. Үлдэгдэл 991.500 төгрөгийг 2017 оны 01 сарын 31-ний өдөр төлж барагдуулна гэсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Дорноговь аймгийн, Замын-Үүд сумын 2-р баг Хилийн гудамж 1-28 тоотод оршин суух, Хариад овогт Базарсадын Мөнхбат /РД: ХЖ71041616/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Ч.Сэнгэбаатарын гаргасан 1.121.500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь 2016 оны 12 сарын 27-ны өдөр авто осол гаргаж Ч.Сэнгэбаатарын 42-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага 1.121.500 төгрөгнөөс 2017 оны 01 сарын 10-ны өдөр 130.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 991.500 төгрөгийг 2017 оны 01 сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Сэнгэбаатар нь хариуцагч Б.Мөнхбатаас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 1.121.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Мөнхбат нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа нэхэмжлэгч Ч.Сэнгэбаатарын жолоодож явсан 42-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Ч.Сэнгэбаатарын тээврийн хэрэгсэлд 1.121.500 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын 5/06 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 1.121.500 төгрөгнөөс 2017 оны 01 сарын 10-ны өдөр 130.000 төгрөг төлж, үлдэгдэл 991.500 төгрөгийг 2017 оны 01 сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлжээ. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Сэнгэбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхбатад холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 1.121.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Б.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.466 төгрөгийн 50 хувь буюу 15.733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 15.733 төгрөгийг, хариуцагч Б.Мөнхбатаас 15.733 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Сэнгэбаатарт олгосугай.
3. Хариуцагч Б.Мөнхбат нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА