| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0051/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 -т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Ж.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн М суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа машин засварын ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл Е овогт Ж.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Петровис” шатахуун түгээх станцын баруун талын засмал зам дээр ... улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а “...согтууруулах ундаа,... хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12 дугаар бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч Э.О-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 сарын 27-ны орой 18 цагийн үед Петровис шатахуун түгээх станцын баруун талын зам дээр хохирогч О.Б миний бие архи ууж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохироосон, машиндаа би хүргэн дүүтэйгээ явж байсан, тэгээд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай гээд болгоомжтой өргөж хойд суудал дээрээ хэвтүүлээд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Маргааш өглөө нь яаралтай хот явж үзүүлэх хэрэгтэй гээд машин хөлслөөд хот руу Эх нялхсын үндэсний төв рүү явсан. О-г манай эгч нар тосож авсан, тухайн үед яаралтай эмчилгээнд оруулсан боловч тээж явсан ураг нь бүтсэн байсан учир зулбуулах арга хэмжээ авсан. Утас дуугараад хурдаа хассан байсан, яг тулаад зогссон. Тэр гупер угаасаа хагарсан байсан, салхины шил тэр үед хагарсан. Би тэр өдөр машины сэлбэг хайхаар Өгөөмрийн гудамж руу явсан, тэнд нэг таньдаг хүн таараад 0,33 граммын шилтэй архи уугаад өөрийн засварын газар руу явах замд тийм зүйл болсон юм гэв.
Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би Дорнод аймгийн Хэрлэн сумаас 2019 оны 11 сарын 23-ны өглөө Замын-Үүд суманд ирээд Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу гарч хоноод маргааш нь буюу 2019 оны 11 сарын 24-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос 16 цаг өнгөрч байхад Замын-Үүд сум руу орж ирээд Т нэртэй буудалд байж байгаад буудлын эсрэг талд байдаг “З” нэртэй хүнсний дэлгүүр орж ус, ундаа аваад 18 цаг 05- 10 минутын орчимд дэлгүүрээс гараад “Петровис” шатахуун түгээс станцын баруун талын зам буюу “Т” буудлын харалдаа замаар гарах санаатай зам дээр зогсож байгаад машинуудын хөдөлгөөнийг харж байгаад миний зүүн гар талаас ирсэн машиныг өнгөрөөгөөд замаар гарч байхад миний баруун гар талаас ирж явж байсан машин миний баруун талаас мөргөж би газар унаж ухаан алдсан. Тэгээд би сэрэхэд машин дотор миний куртикнээс тайлж намайг амьсгалуулах гээд байх шиг байсан. Тэгээд би эмнэлэг дээр ирсэн байсан. Эмнэлэг дээр ирээд цаг харахад 18 цаг 48 минут болж байсан. Миний зүүн талын шанаа хэсэг халцарч хавдсан, баруун болон зүүн хөл шалбарсан., хавдсан, нуруу болон бөгсөн бие хөдөлж болохгүй мөн хүүхдийн биеийн байдал ямар байгаа талаар рентген зураг авч үзэх шаардлагатай гэсэн...Би замаар гарах гэж байхад миний баруун талаас ирж байсан тээврийн хэрэгсэл хурдтай ирж байсан гэж бодож байна...2019 оны 10 сарын 09-ний өдөр ЭХО-д харуулаад дахин өрхийн эмчид үзүүлсэн. Эмч үзээд ураг болон миний биеийг хэвийн зүгээр байна гэж байсан...Надад эмчилгээний зардал болон бусад хохирол нийлээд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан. Надад хохирлын талаар ямар нэг баримт байхгүй. Зээлийн гэрээ хийсэн баримтуудаас өөр баримт байхгүй. Надад хэрэгтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Дорнод аймгийн Хэрлэн суманд амьдардаг хол байгаа тул шүүх хуралд оролцохгүй, хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад учирсан 4,900,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул хохирлын талаар санл хүсэлт байхгүй. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг. / хх-ийн 13-15, 23/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ”... Б ах унаж явсан тээврийн хэрэгслээр зүүн баруун тийшээ зам хөндлөн гарах гэж явж байсан явган зорчигч буюу эмэгтэй хүнийг жолоочийн талаар мөргөж зогссон. Тэгээд бид 2 машинаас буугаад машины урд талд машинд мөргүүлээд засмал зам дээр хэвтэж байсан эмэгтэй хүнийг машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Би архи ямар нэг эм бэлдмэл согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би зам тээврийн осол гарах үед ямар нэг саад учруулаагүй. Харин жолоочийн гар утас дугараад утсаар ярьсан... гэх мэдүүүлэг. / хх-ийн 27-28/
Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Э.О 2019 оны 11 сарын 25-ны өдөр яаралтай тусламжийн тасгаар үзүүлэхэд ураг амьгүй байсан юм билээ. 11 сарын 26-ны өдөр дутуу тээлт судлалын тасагт ирж хэвтэхэд ураг нь амьгүй байсан болохоор хийн аргаар зулбуулсан. ... Ураг 5 сар орчим байсан мөн 460 гр-тай байсан. Ураг амьгүй ирсэн учир ураг зулбуулах заалтаар зулбуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн хүнд үзлэг хийж байхад биеийн гадна талд гэмтэл шарх учирсан, умайд тонус өгөх шалтгаан нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Тухайн эмнэлэгт ирэхдээ зам тээврийн осолд орсон талаар ярьж байсан тул сэтгэл санааны цочролд орсон болон доргилт авсан үед ураг амьгүй болох боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/
Жолооочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15/
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 сарын 01-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 46/
Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 12 дугаартай техникийн хяналтын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “дээрх гэмтлүүдээс ураг амьгүй болсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна” гэсэн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 404 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүнэлт /хх-ийн 113-117/
Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-ийн 141-146/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 174/
Замын-Үүд сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 164/
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Петровис” шатахуун түгээх станцын баруун талын засмал зам дээр 23-26 ДОР улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а “...согтууруулах ундаа,... хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12 дугаар бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явж байсан явган зорчигч Эрдэнэ-Очирын Отгончимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ.
Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан жолооч согтуугаар хөдөлгөөний аюулгүйн байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ж.Б-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Б ах унаж явсан тээврийн хэрэгслээр зүүн баруун тийшээ зам хөндлөн гарах гэж явж байсан явган зорчигч буюу эмэгтэй хүнийг жолоочийн талаар мөргөж зогссон. Тэгээд бид 2 машинаас буугаад машины урд талд машинд мөргүүлээд засмал зам дээр хэвтэж байсан эмэгтэй хүнийг машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүүлэг. / хх-ийн 27-28/, гэрч А.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Э.О 2019 оны 11 сарын 25-ны өдөр яаралтай тусламжийн тасгаар үзүүлэхэд ураг амьгүй байсан юм билээ. 11 сарын 26-ны өдөр дутуу тээлт судлалын тасагт ирж хэвтэхэд ураг нь амьгүй байсан болохоор хийн аргаар зулбуулсан. ... Ураг 5 сар орчим байсан мөн 460 гр-тай байсан. Ураг амьгүй ирсэн учир ураг зулбуулах заалтаар зулбуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн хүнд үзлэг хийж байхад биеийн гадна талд гэмтэл шарх учирсан, умайд тонус өгөх шалтгаан нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Тухайн эмнэлэгт ирэхдээ зам тээврийн осолд орсон талаар ярьж байсан тул сэтгэл санааны цочролд орсон болон доргилт авсан үед ураг амьгүй болох боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/, Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/, жолооочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15/, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 сарын 01-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 46/, Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 12 дугаартай техникийн хяналтын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “дээрх гэмтлүүдээс ураг амьгүй болсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна” гэсэн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 404 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүнэлт /хх-ийн 113-117/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-ийн 141-146/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Б нь үйлдсэн үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй, хэлбэрээр, согтуугаар үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн байна.
Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд “надад учирсан 4,900,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул хохирлын талаар санл хүсэлт байхгүй” гэж мэдүүлэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлыбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан жолооч согтуугаар хөдөлгөөний аюулгүйн байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэнийбичиг баримт нь шүүхэд ирээгүй болно.
Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Б-т ял оногдуулахдаа анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал болон Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис, хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох саналтайгаар ирүүлсэн тул прокурорын санал болгосон ялын төрөл хэмжээ, албадлагын арга хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е овогт Ж.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-т зааснаар шүүгдэгч Ж.Б-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис, хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-т зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах учрыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц