Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Л.Батжаргал даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Голомт банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Д.Ганбаатарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Түмэнтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Замын-Үүд тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банкны Замын-Үүд тооцооны төв нь зээлдэгч Дашравдангийн Ганбаатартай 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1915005929 тоот зээлийн гэрээ байгуулж, 10.100.000 /арван сая нэг зуун мянган/ төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн билээ. Д.Ганбаатар нь тухайн үед Вагон ашиглалтын депод зэхэгч жолоочоор ажиллаж, Замын-Үүд сум 1 дүгээр баг 132 байр 27 тоотод амьдран суудаг байсан. Гэрээ байгуулж зээл авснаас хойш 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж тэрнээс хойш огт зээлийн төлбөрт төлөөгүй. Эхэндээ ажлаасаа гарсан төлөлт хийнэ гэж байсан боловч дахин төлөлт төлөөгүй. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Ганбаатарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Эхнэр нь нас барсан. Охин Г.Одгэрэл нь авто тээврийн биржид кассаар ажиллаж байсан. Утас 99675353 гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан  нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.      

Д.Ганбаатар нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1915005929 тоот зээлийн гэрээ байгуулж, 10.100.000 /арван сая нэг зуун мянган/ төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Д.Ганбаатарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зээлдэгч Д.Ганбаатар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягыг нь тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Д.Ганбаатар нь Вагон ашиглалтын Депод Зэхэгч жолоочоор ажиллаж байсан, Замын-Үүд сумын 1 дүгээр баг 132-27 тоотод оршин сууж байсан, охин Г.Одгэрэл нь Авто тээврийн биржид кассаар ажиллаж байсан, одоогоор Н.Ганбаатар нь Төмөр замын 52 дугаар зөрлөгт мал маллаж байх магадлалтай, ээж Цэрэнбадам нь Дорноговь аймгийн Айраг суманд оршин суудаг бөгөөд  холбоо барих утасны дугаарууд  96225303, 93123187 зэргийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Дашравдангийн Ганбаатар /РД:ЕА72081215/-ыг  эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Ганбаатарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Д.Ганбаатарын хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Голомт банкны Замын Үүд тооцооны төвд нэн даруй мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ