Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч  Б.Д

Шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г.Ж-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, А ХХК-нд ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Д аймгийн Ө сумын 4-р багт оршин суух, С овогт Г.Ж,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт иргэн Т.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд гэртээ Г-н хамт байж байхад гаднаас Өргөн суманд үйл ажиллагаа явуулдаг Монцемент үйлдвэрт хамт ажиллаж байсан А, Б, Н нар орж ирсэн. Тэгээд би А, Г, Б, Н нарын хамт архи согтууруулах ундааны зүйл уугаад сууж байхад А нь над руу үг хаяад томроод байхаар нь би өөдөөс нь хэдэн үг хэлсэн чинь А босоод ирсэн. Тэгээд томроод байхаар нь би мөн босож ирээд бид хоёр хоорондоо маргалдаад барилцаад автал Н, Б хоёр бид хоёрын дундуур орж салгасан. Тэгээд бид нар 20 цагийн орчимд гэрээс гараад бөөндөө тамхи татаад байж байхад дахин А над руу томроод намайг цохих гээд дайраад байсан. Тэгээд би А-г цохих гэтэл Б, Г нар бид хоёрын дундуур орж салгасан. Би тэр хоёрыг тойрч очоод А-г нүүр лүү нь нэг удаа цохиж, хавирч унагаагаад хоёроос гурван удаа толгой нүүрэн хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд А гараараа нүүрээ хаахаар нь би гар луу нь хэд хэдэн удаа өшиглөж мөн нуруу хэсэг рүү нь нэг хоёр удаа өшиглөсөн. Манай гэрээс Н гарч ирээд намайг салгаад Н, А хоёр гэртээ харьж амарлаа гээд хашаанаас гараад явсан гэжээ. /хх-ийн 50-51/

Шүүгдэгч Г.Ж шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэг үнэн учир нэмж ярих зүйл алга гэв.

Хохирогч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 сарын 02-ны орой 19 цагийн үед хуучин манай ээлжинд ажилладаг байсан Ж-н гэрт Г, Б, Н, Ж нарын хамт архи уусан. Тэгээд архиа уугаад сууж байгаад би ямар шалтгааны улмаас гэдгээ мэдэхгүй байна нэг мэдэхэд Ж-тай маргалдаж байсан. Тэгээд Н бид хоёрын голоор ороод салгасан. Тэгээд Ж-н хашааны гадаа гараад иртэл Ж намайг зодно гээд миний өөдөөс учир зүггүй дайраад байсан. Тухайн үед Н Ж-н урд талын гэр лүү орчихсон байсан. Тэгээд Ж бид хоёр зууралдаад автал Б, Г хоёр бид хоёрыг салгасан. Тэгтэл Ж тэр хоёрыг тойрч ирээд намайг газарт унагааж байгаад нүүр нүдгүй өшиглөөд цохиод зодоод эхэлсэн. Тэгээд би нүүрээ гараараа хаагаад хэвтэж байтал Н гэрээс гарч ирээд салгаад Н бид хоёр гэрлүүгээ явсан. Надад учирсан хохирол буюу эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй, ажилтай тул ирж шүүх хуралд оролцох боломжгүй байна гэжээ. /хх-ийн 6-11/

Гэрч Ө.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид хэд архи уугаад сууж байтал Ж, А нар нь маргалдаж эхэлсэн. Тэгээд бид хэд голоор нь орж салгаад тамхи татахаар бөөндөө гэрээс гарсан. Би тухайн үед тамхиа татаж дуусгаад Ж-н хашаанд гэртэйгээ байдаг А-н гэрт орж нүүр гараа угаачихаад гараад иртэл Ж, А-г газарт унагаагаад зодож байсан. Тэгээд би тэр хоёрыг очиж салгаад А-г аваад гэртээ очиж унтацгаасан.” гэжээ. /хх-ийн 12-13/

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Бөөндөө нийлээд Ж-н гэрт архи уусан. Тэгтэл Ж, А нар маргалдаад би, чи гээд хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл А “би чамайг ална” гээд босоод иртэл Ж өөдөөс нь босч ирээд тэр хоёр барилцаад авсан. Б, Н бид гурав арай хийн тэр хоёрыг салгаж тайвшруулаад бөөндөө тамхи татахаар гарсан. Тэгтэл Н Ж-н хашаанд байдаг айл руу яваад орчихсон тэр хооронд Ж, А нар дахин маргалдаж эхэлсэн бөгөөд Б бид хоёр салгах гээд дийлээгүй. Тэгтэл Ж А-г очоод нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. А зөрүүлээд цохисон. Тэгээд Б бид хоёр дахин очиод салгатал Ж А-г барьж аваад хавирч унагаагаад нүүр толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Тэгж байтал Н гэрээс гарч ирээд А-г салгаж аваад Ж, А хоёрыг эвлэрүүлээд А-г аваад гэрлүүгээ явсан гэжээ. /хх-ийн 17-19/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 сарын 02-ны өдөр ажлаасаа 17 цагт буугаад нутгийн залуу болох Ж-н гэрт Н, А нарын хамт очсон тэгтэл Ж-н гэрт Ж, Г нар байж байсан. Тэгээд бид хэд нийлээд тэндээ архи ууж эхэлсэн. Архи уугаад байж байтал А, Ж хоёр бие биерүүгээ үг хаяад хараагаад эхэлсэн. Тэгээд би гайгүй байлгүй гэж бодоод сууж байтал А “би чамайг ална” гэж хэлээд босоод ирсэн. Тэгтэл Ж “харин чамайг” гээд өөдөөс нь бас босоод ирсэн. Тэгээд тэр хоёр барилцаад авахаар нь бид нар голоор нь орж арай хийн салгаад хоёуланг нь тайвшруулаад гадаа гарч тамхилахаар болоод гарцгаасан. Тэгээд гадаа агаарт тамхи татаад шээгээд зогсож байтал А, Ж хоёр дахин маргалдаж эхэлсэн. Тэгээд Г бид хоёр тэр хоёрыг голоор нь ороод арай гээд салгатал Ж миний араар гүйж гараад А-г нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл А зөрүүлээд цохисон. Тэгтэл Г бид хоёр очоод салгах санаатай бариад автал Ж, А-г хавирч унагаад толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед Н гэнэт урд айлаас гарч ирээд “болиоч” гэж орилоод Ж-г түлхэж холдуулаад А-г босгож авсан. Тэгээд бид хэд хэсэг хоорондоо юм ярьж байгаад салцгаасан гэжээ. /хх-ийн 20-22/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Шинжээчийн 04/35 дугаартай дүгнэлт: 1.Т.А-н биед нүүр, цээж, нуруу орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 25-26/

Хохирлын тооцоо, баримт /хх-ийн 45-46/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 47-49/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэх, Өргөн сумын Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-59,69/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 62-63/

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/11 дугаартай тогтоол, хялбаршуулсан журмаар шалгах хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал  /хх-ийн 66-68/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт иргэн Т.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Т.А-н “...архиа уугаад сууж байгаад би ямар шалтгааны улмаас гэдгээ мэдэхгүй байна нэг мэдэхэд Ж-тай маргалдаж байсан. Тэгээд Н бид хоёрын голоор ороод салгасан. Тэгээд Ж-н хашааны гадаа гараад иртэл Ж намайг зодно гээд миний өөдөөс учир зүггүй дайраад байсан. Тухайн үед Н Ж-н урд талын гэр лүү орчихсон байсан. Тэгээд Ж бид хоёр зууралдаад автал Б, Г хоёр бид хоёрыг салгасан. Тэгтэл Ж тэр хоёрыг тойрч ирээд намайг газарт унагааж байгаад нүүр нүдгүй өшиглөөд цохиод зодоод эхэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Д.Г-н “...Тэгтэл Ж А-г очоод нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. А зөрүүлээд цохисон. Тэгээд Б бид хоёр дахин очиод салгатал Ж А-г барьж аваад хавирч унагаагаад нүүр толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөж цохисон.” гэх мэдүүлэг, гэрч Ө.Н, Б.Б нарын мэдүүлэг, шинжээчийн 04/35 дугаартай дүгнэлтээр “Т.А-н биед нүүр, цээж, нуруу орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтлүүд тогтоогдсон. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.” /хх-ийн 22-26/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Г.Ж-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Шүүгдэгч Г.Ж-н үйлдсэн гэх хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан байдал, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал,үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзлээ. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд прокурорын санал болгосон торгуулийн ялыг оногдуулав.

Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага байхгүй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Г.Ж нь хохиролд 879,801 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11/, хохирлын тооцоо /хх-ийн 45/ зэргээр нотлогдсон болно.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 1, 2, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Г.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Э.Б