Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 15

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Усны 1-46 тоотод оршин суух Нацагын Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонтуяа, Ч.Ууганбаатар, гэрч Г.Дэлгэрхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Бямбасүрэн, Тэмүүлэн-Өлзий ХХК нараас 2016 оны 03 дугаар сард шүүхийн шийдвэр гарч ХАС банкинд төлбөр төлөхөөр болсон. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиж банкны барьцаанд байгаа эд хөрөнгөө үнэлүүлэхээр болж миний Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8-р хэсэг 133-р байранд орших 150 м2 талбай бүхий хүнсний дэлгүүрийн зориулалттай үйлчилгээний обьект, тус байранд орших 50 м2 талбай бүхий эмийн сангийн зориулалттай үйлчилгээний обьект тус бүрийг үнэлэхдээ ШШГ байгууллага нь хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК компаниар үнэлүүлсэн уг үнэлгээг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тавьсан хүсэлтэнд дурьдсан агуулгаар буюу зах зээлийн үнээс доогуур үнэлгээ гарган өгснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.Уг обьектын өөрийн бий болсон өртөг болон худалдан авсан үнийн төлбөр, нэмэлтээр үйлчилгээ хийж 40 м2 талбай нэмж бий болгож өргөтгөж тохижуулсан зардлыг оруулалгүй үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир бодит үнийг дахин тогтоолгох, дахин үнэлгээ хийлгэхээр шүүхэд хандаж байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн гаргасан Замын-Үүд сумын 1 дүгээр баг 133 дугаар байрны 1 дүгээр орц, 1 давхарт байрлах 150 м2  талбайтай объектын үнэлгээ болох 274.600.200 төгрөг, Замын-Үүд сумын 1 дүгээр баг 133 дугаар байрны 1 дүгээр орц 1 давхарт байрлах 50 м2  талбайтай эмийн сангийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болох 91.533.400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бид уг үл хөдлөх эд хөрөнгө дээр 40 м2 талбайг нэмж өргөтгөсөн байхад уг нэмж өргөтгөсөн талбайг үнэлээгүй орхигдуулсанд гомдол гаргасан. Тиймээс уг нэмж өргөтсөн 40 м2  талбай бүхий өргөтгөлийг Вендо ХХК-аар үнэлүүлж өгнө үү гэсэн саналтай байна.  Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь уг нэмж өргөтгөсөн 40 м2  талбай бүхий объектыг үнэлж өгнө гэсэн тул хариуцагч байгууллагатай эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйл алга гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлсэн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 133 дугаар байрны 1 дүгээр орц, 1 давхарт байрлах 150 м2  талбайтай объектын үнэлгээ болох 274.600.200 төгрөг, Замын-Үүд сумын 1 дүгээр баг 133 дугаар байрны 1 дүгээр орц 1 давхарт байрлах 50 м2  талбайтай эмийн сангийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болох 91.533.400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нуугдмал эд хөрөнгө болох нэмж өргөтгөсөн 40 м 2 талбайг дахин үнэлүүлэхэд хариуцагч байгууллагын зүгээс татгалзах зүйл алга гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэмүүлэн-Өлзий ХХК нь Хас банкинд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 303.742.656 төгрөгийн төлбөртэй байгаа бөгөөд уг зээлийн төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Н.Бямбасүрэн нь хариуцагч Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр нь хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн гаргасан 316-62, 316-63 дугаартай үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэмж өргөтгөсөн 40 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргасныг  хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар зөвшөөрч, эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гаргасан гомдолтой иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч, нэмж өргөтгөсөн 40 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  нар нь зөвшөөрч, эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ