Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 13

 

 

 

    СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2017 оны 01 дүгээр

сарын 04-ний өдөр                                  Дугаар 13                                     Баруун-Урт

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Нэгдэл дундын 10 айлын 1-1 тоотод оршин суух, /РД:ЛЮ60102214, утасны дугаар 99678803/, Мандал овогт Содовын Хүдэрчулууны

 

“Байрны өмчлөгч мөн болохоо тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Хүдэрчулуун нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 оноос одоог хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нэгдэл дундын 10 айлын 1-1 тоотод оршин сууж байна. Тус байшин одоо хүртэл эзэмшигчдийн гэрчилгээ байхгүй байгаа. Тухайн үед хувьчилсан  тогтоол нь аймгийн архиваас олдохгүй байна. Иймд С.Хүдэрчулуун намайг Баруун-Урт сумын 5 дугаар багт орших Нэгдэлд дундын 10 айлын 1-1 тоот байрны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Мандал овогт Содовын Хүдэрчулуун нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт орших Нэгдэл дундын 10 айлын 1-1 тоот байрны өмчлөгч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч С.Хүдэрчулуун нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт орших Нэгдэл дундын 10 айлын 1-1 тоот байрны өмчлөгч мөн болох нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 тоот Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар,

 

          гэрч Боржигон овгийн Будын Анхбаяр /РД:ЛЖ69071918/-ын С.Хүдэрчулууныг 1989 оноос таньдаг болсон. Нэг байранд амьдарч байсан. Манайх 1992-1997 он хүртэл Нэгдэл дундын 10 айлд байсан. С.Хүдэрчулууных, Даваагийнх гээд тэр үед  тэр байранд амьдарч байсан.Одоо ч тэр байрандаа амьдарч байгаа. Манайх одоо нэгдэл дундын 10 айлын баруун талд хашаа байшинд амьдарч байгаа. С.Хүдэрчулууных Нэгдэл дундын 10 айлын урдаасаа 1-1 тоотод байдаг. Манайх      1-4 тоотод амьдарч байсан. С.Хүдэрчулууных эзэмшигчийн гэрчилгээгээ авсан эсэхийг би мэдэхгүй байна. Манайх 1997 онд тэр байрнаасаа гарсан. Тэр байрнаас гарахад гэрчилгээ аваагүй байсан. Тэр үед гэрчилгээ гэдэг зүйлийг мэддэггүй байсан. Цаад айл нь ч манайхаас гэрчилгээ гэж нэхэж байгаагүй гэх мэдүүлэг, 

          гэрч Тамга овгийн Сампилын Даваа /РД:ЛЮ60030271/-гийн С.Хүдэрчулуун бид хоёр багаасаа нэг ангийн хүүхэд юм. Бас нэг байр буюу Нэгдэл дундын 10 айлд 1989 оноос эхлэн саахалт амьдарч байна. С.Хүдэрчулууных манайх хоёр 1989 онд цуг орж байсан одоог хүртэл тэр байранд амьдарч байна. С.Хүдэрчулууных 1-1 тоот байдаг. Манайх 1-2 тоотод амьдардаг. С.Хүдэрчулууных эзэмшигчийн гэрчилгээгээ авсан эсэх талаар мэдэхгүй байна.  Манайх гэрчилгээгээ 1991 онд авсан. Энэ байрыг өмч хувьчлалаар авч байсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт орших Нэгдэл дундын 10 айлын 1-1 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь С.Хүдэрчулуун мөн болохыг тогтоож хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дугаар зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт орших Нэгдэл дундын 10 айлын 1-1 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Мандал овогт Содовын Хүдэрчулуун мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Хүдэрчулуун нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ