Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 39

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Б.У,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-т холбогдох 2028000000017 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, малчин, 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдон 6 сарын хугацаатай засарч хүмүүжих албадлагын арга хэмжээ авагдсан,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг Цохион усны 12-09 тоотод Г.М-тай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 11 цаг өнгөрч байхад манай найз Ариунболд над руу залгаад чи гэртээ байна уу? гэж ярьсан. Би гэртээ байна гэхэд юм хэлээгүй утсаа тасалчихсан. Төд удалгүй М, Ариунболд хоёр манай гэрт ирсэн. Ирэхдээ нэг шил 0.75 л архи авч ирсэн. Би хүн ирэхээр нь хоол унд өгөөд, архиа тойруулаад уусан. Би тэр архинаас нь уугаагүй, Магнайбаяр нь аягалж байсан аягатай архиа асгаад, шүлсээ гоожуулаад байхаар нь чи жоохон цэвэрхэн суу, хүүхэд унтаж байна гэхэд би Гурвантэс суманд тийм жижиг хүн биш үзье гээд архи уусан стаканаа бариад босоод ирэхээр нь би нүүр рүү нь баруун гарынхаа тохойгоор тохойлдсон. Тэгээд босоод ирэхээр нь нэг цохьсон. Өөр зүйл болоогүй. М нь түрүүлж гараад явахад Ариунболд араас нь гарсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 01 сарын 28-29-нд шилжих шөнө найз Ариунболдын хамт Ууганбаатарын гэрт очиж архи уусан гэрт нь архи ууж байхдаа хивсэн дээр нь ууж байсан архиа асгаад тэрнээс болж бид 2 маргалдсан Ууганбаатар нь уурлаж миний нүүр лүү нэг удаа тохойлдсон тэгээд миний нүүр лүү бас гараараа цохисон тэгээд би удалгүй гэрээс нь гарч явсан. Тэгэхэд Ариунболд нь намайг өмөөрч Ууганбаатартай маргалдаад үлдсэн. Би гэр лүүгээ явж байх замдаа харанхуйд гүйж байхдаа бүдэрч унаад зүүн гарынхаа алгыг шалбалсан юм. Гэртээ очсон тэгээд толинд харахад миний уруул язараад цус гарч байсан бас зүүн нүдний доогуур хөхөрсөн байсан. Тэгээд эхнэртэйгээ хамт эмнэлэгт очиж урууландаа оёдол тавиулсан. Манай эхнэр цагдаад хандаж гомдол гаргасан... Надад одоо Ууганбаатараас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...” гэжээ /хх-6-7/,

Гэрч С.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 01 сарын 28-ны орой манай нөхөр гэртээ найзтайгаа пиво уусан тэгээд найз нь согтоод унтчихсан тэгэхэд манай нөхөр М нь гэрээсээ Ариунболдтой уулзана гээд гараад явсан. Тэгээд 2 цаг гаруй явж байгаад ирэхдээ хүнээр зодуулсан байдалтай ирсэн. Тэгээд хэнээр зодуулсан талаар нь асуухад огт хэлэхгүй байсан тэгээд уруул нь язарсан шархтай цус гараад байсан тэгэхээр нь эмнэлэг явж үзүүлье гэхэд явахгүй гээд уурлаад байсан тэгээд цус гараад байхаар нь би авч яваад эмнэлэг орж шархан дээр нь оёдол тавиулсан. Тэгээд зодсон хүнийхээ нэрийг нь хэлэхгүй байхаар нь би цагдаад мэдэгдсэн...” гэжээ. /хх-8/,

Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 01 сарын 28-ны оройн 22 цагийн орчимд гэрээсээ гарсан. Тэгээд найз Ариунболдтой утсаар ярьж уулзсан. Тэгээд дэлгүүрээс нэг шил архи аваад явсан. Ариунболд манай найзын гэрт очиж архиа уу гээд утсаар ярьж очно гэсэн тэгээд Ууганбаатар гэх хүний гэрт очоод анх уулзаж танилцсан. Тэгээд гэрт нь мах идэж байгаад архиа задлаад бид 3 тойруулж уусан би 2 дахь аягатай архи надад ирсэн тэрийгээ хивсэн дээр нь асгачихсан тэгэхэд Ууганбаатар нь уурлаж архи асгалаа гэсэн би тухайн үед за яахав юм асгаа биз цэвэрлээд болчихно гэхэд миний хажууд сууж байхдаа миний уруул руу нэг удаа тохойлдоод авсан...” гэжээ /хх-10-11/,

Гэрч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 01 сарын 28-ны орой гэртээ байж байхад Магнайбаяр нь утсаар залгаад хүрээд ирээч гээд хэлэхээр нь би байгаа газрыг нь асуугаад очсон тэгээд бид 2 дэлгүүрээс нэг 0,75 литрийн ерөөл архи авсан тэгээд би найз У-тай утсаар яриад гэртээ байна гэхээр нь гэрт нь очсон. Тэгээд мах идээд сууж байхдаа архиа задлаад 1-2 л тойруулсан байхаа тэгэхэд Магнайбаяр нь архиа асгалаа гээд У нь уурлаж нэг удаа нүүр лүү нь цохисон тэгэхээр нь би болио чи яах гээд байгаа юм бэ хэрэггүй гэж У-г хорьсон тэгэхэд Магнайбаяр нь гараад явчихсан би Ууганбаатарын гэрээс удалгүй гарч яваад гэртээ очиж амарсан....” гэжээ. /хх-12/,

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Г.М-ын биед уруулын баруун талд язарсан шарх, зүүн нүдний доод хэсэгт хөхрөлт үүссэн гэмтэлтэй байна. Г.М-ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Г.М-ын биед учирсан гэмтэл нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-15/,

Яллагдагч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 01 сарын 28-29-нд шилжих шөнө Магнайбаяр гэх залуу манай найз Ариунболдын хамт манайд ирсэн ирэхдээ согтуу байсан тэгээд архи ууж байхдаа гэрийн хивсэн дээр асгаад шүлсээ гоожуулаад байсан тэгэхэд нь би жоохон цэвэрхэн бай гэж хэлсэн тэгэхэд миний өөдөөс би Гурвантэс суманд жижигхэн хүн биш зодолдох уу гэх зэрэг юм ярьсан тэгэхэд нь би уурлаад баруун гарынхаа тохойгоор нэг удаа нүүр лүү нь тохойлдсон тэгэхэд уруул нь язарсан байсан тэгээд удалгүй манай гэрээс гараад явсан...” гэжээ. /хх-23-24/,

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн засаг даргын тодорхойлолт /хх-27/,

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-28/,

Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-29/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-32-33/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ууганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Ууганбаатарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.У-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах байдлаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг Цохион усны 12-09 тоотод Г.М-тай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-6-7/, гэрч С.Заяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-8/, гэрч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-10-11/, гэрч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-12/, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаартай шинжээчийн “...Г.М-ын биед уруулын баруун талд язарсан шарх, зүүн нүдний доод хэсэгт хөхрөлт үүссэн гэмтэлтэй байна. Г.М-ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Г.М-ын биед учирсан гэмтэл нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  гэх дүгнэлт /хх-15/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М нь найз Ариунболдын хамт шөнийн цагаар шүүгдэгч Б.У-ын гэрт очиж архи ууж, улмаар архи хивсэн дээр нь ууж байсан архиа асгасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн дүгнэхээр байна. 

Шүүгдэгч Б.У-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.У нь  26 настай, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сум Урт баг Цохион усны 12-09 тоотод оршин суух, 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдон 6 сарын хугацаатай засарч хүмүүжих албадлагын арга хэмжээ авагдаж байсан болох нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн засаг даргын тодорхойлолт /хх-27/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-28/, Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-29/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-32-33/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн байцаалтын шатанд “...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.У-ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүгдэгч Б.У-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.У-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Ууганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.У 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Б.У торгох биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.У 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М нь шүүгдэгч Б.У-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхийг тус тус  мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ