Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 45

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

 Иргэдийн төлөөлөгч Б.Отгончимэг,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, Ц.Баярмаа,

 Гэрч Х.М /онлайн/, Ц.Б, М.Ү,

Шүүгдэгч А.Э,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э-д холбогдох 1928000650042 дугаартай хоёр хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 07-нд Өмнөговь аймаг, Номгон суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч А.Э 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Номгон сумын төвд байрлах “Түшиг” дэлгүүрийн урд Н.Б-ийн толгойн тус газарт шилтэй архиар цохиж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд маш их харамсаж, хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. 2019 оны 03 дугаар сарын 21-ний 16 цагийн үед Номгон сумын Түшиг дэлгүүрийн үүдэнд мотоцикльтой очиход манай сумын Мөнхцолмон, Үүрийнтуяа, хохирогч Б нар машиндаа суусан байсан. Машины хажууд очоод зогсоход Мөнхцолмон машиныхаа цонхыг нээгээд надтай мэнд мэдэхэд хохирогч Б суудлын араас Мэндээ муу гөлөг минь, шээс минь ална шүү гээд салаавч өгөхөд мотоциклиосоо буугаад машины араар тойроод хаалгыг нээхэд хохирогч газарт унах үед энгэрээс нь шилтэй архи унасан. Би шилтэй архийг авч толгойн тус газарт нэг удаа цохисон. Шилтэй архийг арагш нь шидчихээд мотоциклиороо дэлгүүрээс 100 метрт очоод хүнтэй уулзаад зогссон. Тун удалгүй манай сумын Амарсанаа хохирогчийг аваад эмнэлэг рүү явж байсан. Та 2 яасан юм муудалцсан юм уу? би эмнэлэг рүү аваад явж байна, араас хүрээд оч гэсэн. Мотоциклио унаад эмнэлэг рүү очиход хохирогчийн ах болох Батсайхан, эхнэр Үүрийнтуяа, манай эхнэр Гүнжидмаа нар ирсэн. Яаралтай тусламжийн өрөөнд Мядагмаа эмч үзээд сувилагчдаа эмчилгээ зааж өгөөд гараад явсан. Зааж өгсөн эмчилгээг нь хийлгэх гээд Батсайхан эмийн сангаас эм, тариа авч ирээд хийх гэтэл хохирогч эмчилгээг нь хийлгэхгүй эмч рүү турхираад байсан. Бид нар дарж байж өвчин намдаах тариа хийгээд эмчилгээ хийлгэхгүй гараад явсан. Үүрийнтуяа, Батсайхан нар аваад явсан. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өглөө гэртээ байж байх үед хохирогчийг ухаангүй, эмнэлэг дээр байна гэж манай эхнэр рүү Үүрийнтуяа утсаар ярьсан. Эхнэртэйгээ эмнэлэг дээр очиход ухаангүй байдалтай, хүчилтөрөгч залгачихсан байсан. Эрүүл мэндийн даатгалыг нь бөглүүлээд шинжилгээ авч аймаг руу явуулна гэсэн. Хордлого тайлах дусал хийгээд, эмчилгээ эхэлсэн. Архины хордлоготой байна гээд эмчилгээг нь зааж өгсөн. Зааж өгсөн эм тариа нь манай сумын эмийн санд байхгүй байсан учир аймаг руу захисан. Эм тариа нь орой ирээд эмчилгээгээ хийж эхэлсэн. 23-ны өглөө очиход хэвийн байж байгаад үдээс өмнө эмнэлгийн гадаа байж байхад Үүрийнтуяа  гарч ирээд хөл гар нь хөдөлж, дохиогоор юм ярих гээд гар атгаж байна гэж хэлэхэд ороод 2 эмчид хэлсэн. Саруул эмч, Мядагмаа эмч хоёр орж үзсэн. Цангаж байвал гар атга гэхэд атгаж байсан. Амны халбагаар бүлээн цай жоохон жоохноор өгсөн. 23-ны өдөр тиймэрхүү байдалтай эмчилгээ хэвээр үргэлжилж байсан. Эм тариаг өдөр өдөрт нь аймгаас сумын эмийн сангаар дамжуулаад авч, хийлгэж байсан.  24-ний өглөө хэвийн байдалтай байж байгаад эмчилгээ хийгдээд, бүлээн цай халбагаар өгөөд эмчилгээ хийж байсан. 16 цагийн үед бие нь халуурч эхэлсэн. Түргэн дуудах уу? гээд гэрийнхэнтэй нь зөвлөлдөөд Мядагмаа эмчтэй уулзахад түргэн тусламж ирэхгүй архины хамааралтай гэж хэлсэн. Гарч ирээд хохирогчийн ах болох Батсайхантай ярилцаад түргэн дуудах уу? машин олох уу? зардлыг нь төлье гэж хэлсэн боловч дуудаагүй. Батсайхан Улаанбаатар руу охин нь болох Мягмарсүрэнтэй утсаар ярьсан. Бүх байдлаа хэлсэн. Удалгүй Улаанбаатар хотоос Мягмарсүрэн Батсайхан руу ярьж Өмнөговь аймгаас түргэн тусламж гарахаар боллоо гэсэн. 19 цагийн үед Мядагмаа эмч Өмнөговиос түргэн гарах гэж байна гээд бид нарт мэдэгдсэн. Орой  23 цагийн үед түргэн тусламж очиж үзсэн. Сахиж байсан бид нартай уулзаад, эмч нар орж үзээд 2 уушиг  битүү хатгалгаатай, тархины гэмтэлтэй, зөөвөрлөх боломжгүй байна гэж хэлсэн. Зөөвөрлөх ямар ч боломжгүй гээд 3 хоногийн эмчилгээ зааж өгөөд биеийн байдал нь хэвийн байвал зөөвөрлөх боломжтой гэсэн тайлбарыг бидэнд хэлсэн. Цуг явсан эмч нар хооллох гуурс тавьж өгөөд, шингэн зутангаар хооллохыг зааж өгөөд явсан. 24-нд эмчилгээ хэвийн хийгдэж байсан. 25-ны өглөө хөл гар хөдөлсөн цай уу гэхэд гар атгадаг, гэхдээ ухаангүй байсан. 25-нд Өмнөговь аймгийн цагдаагаас намайг дуудсан. Тэр өдрөө би сумын төвөөс аймагт ирсэн. Манай ах болон ээж хохирогчийн ар гэртэй хамт сахиж үлдсэн. 27-ны үдээс хойш манай ээжийн машинаар эмнэлгийн тоног төхөөрөмжийг ачаад ээж, ах, хохирогчийн ах, сумын эмч, сувилагчтай ирсэн. Доод эмнэлэгт хүлээж аваад томографийн зураг авахуулаад, сэхээний тасагт оруулсан. Батцэнгэл эмч  томографийн зургийг харж бид нартай ярилцсан. Одоо яаралтай хагалгаа хийхгүй бол болохгүй. Цусан бүлгэм үүссэн байгааг авна гэсэн. Ар гэрийнхэнтэй нь зөвлөлд гэсэн.   28-ны өглөө 09 цагт хагалгаанд орохоор болсон. Хагалгаа амжилттай болоод гарч ирсэн. Хагалгааны бүх зардлыг манай ар гэр болон миний бие төлсөн. 28-ны өдөр биеийн байдал нь тайван байсан. 29-ний өглөө биеийн байдал гайгүй байж байгаад өдөр биеийн байдал муудаж эхэлсэн. Бөөрний аппаратад залгуулаад биеийн байдал  улам муудсаар байгаад орой 20 цаг өнгөрөөгөөд нас барсан. Хохирогчийн ажил явдалд манай ар гэр оролцсон гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний төрсөн ах талийгаач Н.Б 1976 онд төрсөн. Бид эхээс 12-лаа ах маань айлын 6 дахь хүүхэд байсан. Ахын хувьд ээжтэй хамт амьдардаг байсан. Анх би ахыгаа гэмтэл авсан талаар 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн цахим бүртгэл хариуцсан ажилтан Ууганцэцэг залгаад Номгон сумаас яаралтай шинжилгээ хийлгэхээр Н.Б ухаангүй гэсэн оноштой ирсэн байна. Танай ах юм биш үү? ахтайгаа ойрд холбоо барьсан уу? гэж асуусан. Тухайн үед нь би төрсөн ах Батсайхантай холбогдоод юу болоод байна гэхэд талийгаачийг эмнэлэгт ухаангүй хэвтэж байна. Өчигдөр орой Энхмэндэд шилтэй архиар толгойдоо цохиулсны улмаас ухаангүй эмнэлэгт ирчихсэн  эмчилгээ хийгдэж байна, ухаан орохыг нь хүлээж байна, яаралтай шинжилгээнд явуулах хэрэгтэй гэж хэлсэн. Тэр цагаас хойш эмнэлгийн бүх тусламжийг авах гэж хичээсэн. 03 дугаар сарын 22-ны орой Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн Батцэнгэл эмчтэй би холбогдсон. Ийм зүйл болчихоод байна. Ямар нэгэн тусламж байна уу? гэж асуухад Номгон сумын эмнэлгээс Мядагмаа эмч өөрөө холбогдож өвчтөний биеийн байдлыг танилцуулж надаас зөвлөгөө авсан. Би өөрөө Улаанбаатар хот руу хүн аваад явж байна гэж надад хэлсэн. Ер нь бол бие нь ямар байгааг асуухад нэлээн хүнд гэмтэл байна гэсэн. Би ямар ч аргагүй болсон гэж бодоод 03 дугаар сарын 24-нд Бүсийн оношилгооны төвөөс хагалгааны баг дуудсан. Газар дээр нь очоод хагалгаа хийх боломжгүй, биеийн байдал дийлэхгүй гэж 2 хоногийн эмчилгээ бичиж орхисон. 03 дугаар сарын 27-ны өдөр Номгон сумаас талийгаач ахыгаа авч ирж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд томографийн зураг болон бусад яаралтай шинжилгээнүүдийг өгүүлсэн. Тэр дор нь томографийн зураг дээр 6х8 хэмжээтэй цусан хураа үүссэн байна. Яаралтай авах шаардлагатай, тархийг дарчихсан байна гэсэн. Хагалгаа хийх талаар ар гэрээс нь зөвшөөрөл авдаг гэсэн. Бид бол нэгэнт эмнэлэгт авч ирсэн юм чинь хагалгааг яаралтай хийлгэх гэж зөвшөөрсөн. 03 дугаар сарын 28-ны өглөө 10 цагаас хагалгаа эхэлсэн. Хагалгаанаас гарч ирсний дараа Батцэнгэл эмчтэй би үүдэн дээр уулзсан. Тэгэхэд 600-800 гр цусан хураа авсан. Гавлын яс цөмөрсөн, бяцарсан, хугаралтай байна гэж хэлсэн. Зөвлөх Зоригоо эмчтэй манай төрсөн ах болон бэр Үүрийнтуяа нар уулзсан. Хагалгааны дараа 72 цаг хиймэл амьсгаатай байх талаар хэлсэн. Батцэнгэл эмч тархи сэргэхэд хүнд байна гэж хэлсэн. 28-ны өдөр манай том эгч талийгаачийг сахиж хоносон. Биеийн байдалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. 29-ний үдээс хойш биеийн байдалд өөрчлөлт орж муудаж эхэлсэн. 15 цагт аппаратад оруулсан. Бүх л эмчилгээг авсан. Гэвч биеийн байдал нь дийлээгүй. 20 цаг өнгөрөөгөөд ах маань нас барсан. Ах маань хүнд гэмтлийн улмаас нас барчихлаа. Үлдэж байгаа хүмүүст маш хэцүү байдаг юм байна. Энхмэндийн зүгээс талийгаачийн эмчилгээний явцад гарсан зардал, оршуулгын зардал, төрсөн охин Мягмарсүрэнд дэм тусламж, хоног хураах буяны ажил болон манай ээжийг эмчилгээ сувилгаанд явуулахад зардал нийт 19.321.100 төгрөгийг манайд тусламж болгон өгсөн байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид талийгаачийн ар гэр, үр хүүхэд, ээжийг минь харж хандаж явна гэж Энхмэндийн ээж манай ээж дээр очиж уучлалт гуйсан. Энхмэнд өөрөө уучлалт гуйдаггүй, уулздаггүй. Ээж нь хэрэг хийсэн юм шиг байнга уулзаж, ярьдаг. Шат шатны шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээс харахад ах маань маш хүнд гэмтлийн улмаас нас барсан гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. Яг нэг жил болох гээд явж байна. Тийм учраас бидний хүсч байгаа зүйл бол хуулийн дагуу шударга шийдэж өгч тус болооч гэж хүсч байна. Энэ бол эрдэнэт хүний амь нас хохирсон бүхэл бүтэн гэр бүл ахан дүүсээрээ хохирсон үйл явдал гэж бодож байгаа гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.О дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Э нь Баянмөнх гэдэг хүний толгойн тус газарт архины шилээр цохиж гэмтэл учруулсны улмаас амь насанд нь хүрсэн тул гэм буруутай гэж үзэж байна гэв.

Гэрч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ер нь бол сумын эмнэлгүүд дандаа стандарттай байдаг. Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS:50812013 гэдэг стандарттай байдаг. Энэ стандарт 2013 оны 12 дугаар сард батлагдаад 2014 оны 8 дугаар сараас хэрэглэгдсэн стандарт байгаа. Сумын эрүүл мэндийн төвийг гурван зэрэглэлээр ангилдаг. Зэрэглэлийн хувьд  алслагдсан бүс нутаг, хэдий хугацаанд зорчих ёстой, хүн амын тооноос хамаарч сумын эмнэлгийг 3 зэрэгт хуваадаг. Энэ эмнэлэгт нь 50-99 км, аймгийн төв рүү зорчих хугацаа нь 2 цаг байдаг. Тийм учраас 2 дугаар зэрэглэлийн эмнэлэгт хамаарагддаг. Сум дундын эмнэлэг нь 100 км-ээс дээш явдаг. Сум дундын эмнэлэг нь гуравдугаар зэрэгт орно гэж заасан байдаг. Энэ эмнэлэг нь сумын эрүүл мэндийн төв учир 2 дугаар зэрэглэлийн төвд хамаарна. Сумын эмнэлгүүд ямар тоног төхөөрөмжтэй байхыг заадаг. Оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж дутагдалтай буюу заасан стандартдаа байсан. Тархины хүнд гэмтлийг рентген, томографаар оношлох ёстой байдаг. Хоёрдугаар зэрэглэлд рентген аппарат байдаггүй. Гуравдугаар зэрэглэл болон түүнээс дээш зэрэглэлтэй эмнэлгүүдэд рентген аппарат байдаг. Томограф бол байдаггүй. Энэ эмнэлэгт бол дижитал аппарат ч байхгүй. Сум дундын эмнэлгийн оношилгоотой холбоотой зүйл байгаа. Оношилгоо хийхийн тулд тоног төхөөрөмж хэрэгтэй болно. Энэ өвчтөнд илэрч байгаа зовуурь шаналгаа, гадна байгаа гэмтэл зэргийг үзээд энэ гэмтэл нь хүнд юм уу? хөнгөн юм уу? гэдгийг ерөнхийд нь оношилдог. Сумын эмнэлэгт их эмч, бага эмч нар байдаг. Хүнд өвчтөн ирвэл эмч нар зайлшгүй хамтарсан үзлэг хийж шийдвэрлэдэг. Энэ эмнэлэгт хамтарсан үзлэг хийчихсэн гэж би ойлгож байна. Хамтарсан үзлэгээрээ дараагийн шатлалын эмнэлгээс тусламж авах уу? зөвлөгөө авах уу? гэдгийг шийддэг. Гэмтлийн нарийн мэргэжлийн эмчтэй холбогдож зөвлөгөө аваад эмчилгээ эхэлсэн байх гэж ойлгож байна. Үнэхээр эмчилгээ үр дүнд хүрэхгүй байвал дараагийн шатлалын эмнэлэгтэйгээ зөвлөлдөж байгаад энэ хүнийг зөөвөрлөх үү? гэдгээ шийднэ. Амь насны заалтаар зөөвөрлөх асуудал байдаг. Хүнд гэмтэлтэй хүмүүсийг зөөвөрлөхгүй гэдэг. Гэхдээ нөгөө талаараа зайлшгүй хоёрдугаар шатлалын эмнэлэгт онош тодруулах, томограф хийлгэх ёстой байвал амь насны заалтаар шилжүүлж болдог. Хоёрдугаар шатлалын эмнэлэг эсхүл гуравдугаар шатлалын эмнэлгээсээ зөвлөгөө авна гэж заасан байдаг. Яг нэг албан тушаалтныг заадаггүй. Энд цаг хугацааны асуудал яригдана. Тэр талаар тодорхойлж заасан зүйл байхгүй. Орлогч руу ярьж цаг алдсанаас нарийн мэргэжлийн эмч рүүгээ яривал цаг алдахгүй. Биеийн ерөнхий байдлын хувьд тогтвортой байсан ч гэмтлийн хувьд ямар байсныг мэдэхгүй байна. Гэмтлээсээ хамаараад мэдээгүй байх ч юм уу? ерөнхий амин үзүүлэлт гэдэг нь зүрс судас, амьсгал зэргийг хэлдэг. Ерөнхий гэмтлийн хувьд өөр зүйл болно. Тэр амин үзүүлэлтийг нь харчихаад зөөвөрлөх нь боломжгүй. Гэмтлийн зэргээс хамаарна гэв.

Гэрч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б гэдэг хүн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажил тарах дөхчихсөн 16 цаг 20-иод минутын үед орж ирж үйлчлүүлсэн. Би ажлынхаа өрөөнд сууж байхад нэлээн чанга дуутай хоёулаа билүү гурвуулаа ороод ирсэн. Б нэлээн согтуу байдалтай, уйлсан чанга дуугарсан орж ирсэн. Дахиад хоёр хүн байсан санагдаж байна. Нэг нь Энхмэнд байсан байх. Б орж ирэхдээ энэ намайг цохичихлоо гэж орж ирсэн санагдаж байна. Тэр залуу нэлээн согтуу байсан. Анх харахад тархи толгойноос нь цус гарсан зүйл байхгүй байсан. Энэ намайг цохисон гэхээр хамт явсан залуу нь үгүй гэсэн. Би эрүүл хүнд нь итгэнэ. Ямар ч байсан яаралтай тусламж үзүүлээд, нэлээн удаан цагаар ажиглана, тусламж үзүүлнэ гэсэн бодолтойгоор яарч хуулийн байгууллагад хандаагүй. Гэмтлийн урьдчилсан оношоо тавиад нарийн мэргэжлийн эмч нартайгаа холбогдсон. Глазмо үнэлгээ 3, 4 хүртэл ахихгүй бол зөөвөрлөх боломжгүй, сумынхаа эмнэлэгт зөвлөсөн эмчилгээнүүдээ хийгээд харзнаад бай гэсэн хариулт өгч байсан. Манай сумын эмнэлэг бол 1 дүгээр шатлалын эмнэлэг, 2 дугаар шатлалын эмнэлэг биш гэж би бодож байна. Монгол улсын стандарт MNS:50812014 гэсэн стандартаар манайх сумын эрүүл мэндийн төв байгаа. Мэдрэлийн эмч хүнийхээ биеийг сайжиртал хүлээгээд харж бай гэсэн. Мэдрэлийн эмч, гэмтлийн эмч хоёр хоёулаа тэж зөвлөж байсан гэж санаж байна. Би эмчилгээ эрхэлсэн орлогчтойгоо холбогдсон. Өвчтөн хүлээгдээд байна. Ар гэрийнхэн нь өөрсдийн унаагаар зөөвөрлөх саналтай байна гээд өвчтөний биеийн байдлыг танилцуулахад ямар ч байсан эмчилгээнээс анхны өдөр татгалзсан хуудсаа стандартын дагуу бөглөсөн биз дээ. Ярилцаж байгаад баг очно. Хүний биеийн байдал тийм байхад очоод нарийн хагалгаа хийгдэхгүй учир очоод нэмэргүй. Биеийн байдлыг нь сайжиртал хар гэсэн чиглэл өгч байсан. Хүнийг орж ирэхээс нь дуугарахаас нь эхлээд энэ хүн яаж байна вэ? гэдгийг дотроо бодчихоод би шийдвэр гаргаад яаралтай тусламжид байх хүн, ажиглалтын хугацаанд байх хүн гэж үзээд тусламжаа үзүүлэх гэхэд маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Бид нарыг хэн ч хамгаалдаггүй. Барьж аваад цохиод авахад ч хамгаалах хүн тэнд байхгүй. Ах эгч нар нь байсан ч тэр согтуу хүний гар хөлийг нь барьж байгаад тариа хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй. Бид нар сувилагчтайгаа ноцолдож байж тэр хүнд өвчин намдаагч тарьсан. Гар хөл нь яахад ч бэлэн тийм хүнтэй би нүүр тулсан. Тэр хүнд тусламж үзүүлж байхдаа ч би бодож байгаа. Энэ хүн намайг цохисон гээд байдаг. Хамт ирсэн хүн нь би цохиогүй гэдэг. Би эрүүл, согтуу хоёр хүний хэнд нь итгэх вэ? Энэ хүн харахад олон хоног архи уусан шинжтэй байсан. Тэгэхэд гэрийнхэн нь авч явлаа гээд аваад явсан. Хэрвээ энэ согтуу хүнийг цохисон байвал би гэмтлийн цонх үеийг ажиглах ёстой. 6-12 цагийн дараа тэр хүн ямар байх юм. Гэтэл хамт ирсэн эрүүл хүн нь би цохиогүй гээд байсан. Тэр хооронд би зөндөө эмчилгээний тактик бодож, эргэцүүлж байгаа. Би хүний төлөө л ажиллаж байсан. Манайд томограф байхгүй. Гэхдээ би өөрийн мэдлэг туршлагын хүрээнд хүнд илэрч байгаа клиник шинжүүдээр урьдчилсан оношоо тавьсан. Томограф бол нарийвчлаад байршил, хүрээг нь тодорхойлно. Тухайн үед Э архи уучихсан согтуу хүнийг гэмтээчихсэн юм бол үнэнээ хэлээд эмчлүүлж болох байсан. Бид нар гэмтлийн талын оношийг тавихын тулд гадны нөлөөтэй гэж үзвэл ямар хүчээр үйлчилсэн бэ? юугаар цохисон, хүч үйлчлэхэд ойчсон бол яаж ойчсон гэдгийг бид нар мэдэж байж оношоо тавина. Тэр хүн цохиогүй гээд гүрийгээд, нэг нь цохисон гэж орилоод, эмчилгээнээсээ татгалзчихдаг. Энэ шүүгдэгч А.Э бол иргэний үүргээ биелүүлж надад үнэнээ хэлээгүй гэв.

Гэрч М.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед биеийн байдал муу байна аймгаас түргэн дуудъя гэхэд мэргэжлийн эмчээс утсаар зөвлөгөө аваад, түүнийхээ дагуу эмчилж байгаа гэж хэлж байсан. Эмнэлэгт хэвтсний маргааш нь буюу 23-ны өдөр үдээс өмнө баруун гар, хөлөө хөдөлгөсөн. Мэдэж байгаа бол гараа атга гэхэд мэдэж байна гээд гар атгасан. Таньж байгаа бол гар атга гэхэд атгаж байсан. Би эмээгээ хардаг. Эмээ маань байшинд ганцаараа амьдардаг. Нөхөр бид 2 эмээгийн хажууд амьдардаг. Манай өөрийн гэр урдхан байдаг. Эмнэлгээс авч ирээд ор засаад унтуулах гэхэд толгой өвдөөд байна гэхээр нь хүйтэн жин тавиад унтуулсан чинь гарч ирээд манай гэрт ороод унтчихсан байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний төрсөн ах талийгаач Н.Б-ийг 2019 оны 03 дугаар 22-ны өдөр Номгон сумын эмнэлэгт ухаангүй байна яаралтай шинжилгээ авахаар аймгийн эмнэлэгт дээр цахим мэдээ ирсэн тухай манай найз надад хэлсэн. Тэгээд би үүнийг тодруулахаар төрсөн ах Батсайхан руу утсаар залгаж асуусан. Тэгэхэд ах Батсайхан надад хэлэхдээ А.Э өчигдөр орой шилтэй архиар цохиулаад өнөөдөр эмнэлэг дээр ирсэн ухаан ороогүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар талийгаачийг эмчлүүлэх талын зүйлүүдийг ярилцаж байгаад Номгон суманд эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 03 дүгээр сарын 27-ны орой аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд талийгаачийг авч ирээд томографикийн болон бусад шинжилгээнүүдийг өгүүлсэн. Тэгээд талийгаачийг маш хүндэрсэн байна. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд манай гэр бүлийнхэн ярилцаж байгаад хагалгаанд оруулахаар шийдвэрлэсэн. Тэгээд 2019 оны 03 дүгээр сарын 28-ны өдөр хагалгаанд оруулсан. Томографийн шинжилгээгээр талийгаачийн тархи цуурсан, тархинд 6 см х 8 см хэмжээтэй цусан бүлэн үүссэн байна. Түүнийг яаралтай авахгүй бол төв мэдрэлийн системийг гэмтээнэ гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө уг цусан бүлэнг авах хагалгаа хийгдсэн. Хагалгааны дараа 72 цаг хиймэл амьсгаатай байлгана гэж байсан. Талийгаачаас авсан бусад шинжилгээгээр бөөрний дутагдалтай, 2 уушгиндаа хатгалгаатай, нэвчистэй байна гэж гарсан. Зүрх бол хэвийн ажиллагаатай байна гэж байсан. Тэгээд талийгаач тархины хагалгаанд ороод 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр болохоор биеийн байдал хэвийн тогтвортой хоносон. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн өглөөнөөс хойш биеийн байдал нь муудаж эхэлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн үдээс хойш бөөрний аппаратад 2 цаг оруулсан боловч биеийн байдал нь эрс муудсан. Ингээд тэр оройноо буюу 20 цаг өнгөрөөгөөд нас барсан... Хагалгаагаар бол авах ёстой цусан хураа бүлэнг нь авсан гэж хэлсэн. Хагалгааны дараа эмч нь болохоор ер нь найдваргүй дээ гэж хэлж байсан. Надад тэр тархины бяцрал болон цусан хурааных нь зургийг үзүүлж байсан. Талийгаач бол гэмтлээсээ болоод нас барсан... Сэргэлэн цовоо хүнд тусархуу цагаан цайлган зантай хүн байсан. Үргэлж хүний төлөө гэж явдаг тийм л хүн байсан. Найз нөхөд олонтой хүн байсан... Хуулийн дагуу оногдуулах ёстой хариуцлагыг нь оногдуулна биз .Өөр илүү дутуу санал хүсэлт байхгүй байна...” гэжээ /хх-28-29/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Гомдолтой гээд тэр хүн босоод ирэхгүй болохоор яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан хуулийн дагуу шийдвэрлэж хуульд заасан хариуцлагаа хүлээсэн байхад бид нарт гомдол санал гээд байх зүйл байхгүй. Талийгаачийн ажил явдал болох үед А.Э нь оршуулгын зардалд 5 сая төгрөг өгсөн байсан. Одоо бид нарт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-31/,

Гэрч П.Е мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Түшиг нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юм. Тухайн үед би өөрөө дэлгүүртээ сууж байсан. 16 цагийн орчимд Б манай дэлгүүрт орж ирээд надтай “Би айлын ямаа самнах гэж байгаа нэг ямааг 10000 төгрөгөөр самнаж байна би 100 ямаа самнахад нэг сая төгрөгтэй болно би маргааш хөдөө явна гэх мэтийн нилээд юм ярьж байгаад манайхаас 0,5 литрийн хар экс 1 ширхэгийг аваад гарсан. Тухайн үед Баянмөнх их согтсон зүйл бол байгаагүй архи хэрэглэхийн хувьд бол хэрэглэсэн байсан бүр айхтар согтуу бол байгаагүй. Тэгээд манай дэлгүүрээс гарч яваад 10 минут ч болоогүй буцаж орж ирээд толгойныхоо нэг талыг дараад юм хэлж чадахгүй сонин дуугараад байсан өмнө гарч явснаасаа биеийн байдал нь шал өөр болчихоод ороод ирсэн. Тэгэхээр нь би утсаар Амарааг дуудаад “Б бие сонин байна ирж эмнэлэгт хүргэж өг гэж хэлээд удаагүй Амараа ирээд Б манай дэлгүүрт сууж байхад нь аваад явсан. Тэрний дараа би Баянмөнхийн ах Батсайхан руу утсаар залгаж Б бие сонин байна сая эмнэлэг рүү явуулчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш юу болсныг бол мэдэхгүй... Тухайн үед цус нөж урссан хавдсан зүйл бол байгаагүй толгойгоо бариад л орж ирсэн. Хувцас хунар нь шороо болсон байдалтай байсан тэгэхээр нь би газар унаж дээ гэж бодсон өөр зүйл бол анзаарч хараагүй...” гэжээ /хх-32-33/,

Гэрч М.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд би Мөнхцолмонгийн хамт үсчин орчихоод ажил руугаа явах замдаа Түшиг дэлгүүрийн гадаа дөнгөж очоод зогсож байтал Б тухайн дэлгүүрээс гарч ирээд намайг хүргээд өг гээд машинд суусан тэгэхээр нь би хаашаа явах юм бэ гэж асуухад хүргээд өг гээд л байсан өөр юм хэлээгүй тэгээд хөдлөх гэж байтал Энхмэнд мотоцикльтой хажууд ирж зогсоод Мөнхцолмонтой мэндэлж байтал араас Баянмөнх Энхмэндийг чамайг ална шүү гээд баахан хараагаад загнаад байсан тэгтэл Мэндээ мотоциклиосоо бууж ирээд машины зүүн талын арын хаалга татаад нээтэл Баянмөнх газар уначихсан Баянмөнхийг газар унахад нь шилтэй архи өврөөс нь унасан би машины урд талд сууж байсан учраас буугаад арын суудал руу очтол Э шилтэй архийг аваад шидчихээд мотоциклио унаад хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь би очиж тэр архийг нь авчихаад Б-ийг явъя гэхэд би явахгүй гээд байхаар нь тэнд нь орхичихоод Мөнхцолмонгийн хамт ажил руугаа явсан. Ажилдаа дөнгөж очоод байж байхад манай нөхөр Батсайхан над руу залгаад Б эмнэлэг дээр оччихсон байна би тийшээ явж байна гэхээр нь би эмнэлэг рүү очтол эмнэлэгт хүчилтөрөгч залгуулчихсан хэвтэж байсан. Тухайн үед сувилагч өвчин намдаах тариа хийгээд дахиад тариа хийх гэтэл хийлгэхгүй гээд уурлаад тариа хийх гэж байсан сувилагчийг хүртэл хэл амаар доромжлоод тариагаа хийлгээгүй. Тариа хийлгэхгүй гээд байхаар нь гэрт аваачиж унтуулж байгаад эрүүл болгоё гэж бодоод гэр лүүгээ аваад явсан. Ер нь Б архи уухаараа ааштай авиртай бахираад байдаг юм. Тэгээд манай гэрт очоод хувцсаа тайлаад цай уучихаад би ор засаж хэвтүүлээд толгой дээр нь хүйтэн жин тавиад унт гэж хэлчихээд би гэрээсээ гараад айл руу оччихоод 19 цагийн үед гэртээ буцаад очтол манай хашаанд байдаг гэрт ороод унтчихсан байсан. Тэр гэрт хүн байдаггүй юм тэгээд би унтаж байхаар нь сэрээгээгүй бүр орой 12 цагийн үед дахиж ороод харахад унтаж байхаар нь би гэртээ ороод унтчихсан. Маргааш өглөө нь эртхэн хөдөө явуулъя гэж бодоод гэр лүү ороход бие нь сонин байдалтай байсан тэгээд эмч дуудаад эмнэлэгт хүргэгдэж ирсэн...Яг цохиж байхыг нь бол хараагүй. Э машины ард хаалга нээхэд Б газар унаад би машинаас буугаад очтол Э шилтэй архийг цааш нь шидчихээд мотоцикльтойгоо хөдлөөд явчихсан...Б тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Их согтуу байсан...Гэрийн голд байх зуухны баруун талд доошоо хараад хэвтчихсэн хөнжлөө дэрлэчихсэн хэвтэж байхаар нь би хөөе Б сэрээрэй гэтэл өөдөөс юм дуугарахгүй татаад байхад ерөөсөө хариу үйлдэл хийхгүй өмдөндөө шээчихсэн байсан. Тэгээд би буцаж гараад өөрийнхөө гэр лүү орж ээжийгээ дуудаж харуулчихаад Б ах Баяржаргал руу утсаар залгаж Б бие сонин байна хурдан хүрээд ир гэж дуудаад Баяржаргал ирж харчихаад яаралтай түргэн дуудахгүй бол болохгүй гээд өөрийнхөө машинтай явж түргэн дуудаж ирж үзүүлсэн...” гэжээ /хх-34-35/,

Гэрч М.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Тэр өдрийн 16 цагийн үед хамт ажилладаг Мөнхцолмон гэж хүнтэй би “Түшиг” дэлгүүр орохоор Мөнхцолмонгийн машинтай дэлгүүрийн гадаа очиж зогссон. Тэгсэн тэнд талийгаач ганцаараа дэлгүүрээс гараад ирсэн. Нилээн согтуу байсан. Дэлгүүрээс талийгаач шууд гарч ирээд Мөнхцолмон бид хоёрын сууж байсан машинд орж ирж суугаад хүргээд өг гэж хэлсэн. Хаашаа хүргэх юм гэж Мөнхцолмон бид хоёр хоёулаа асуухад дугарахгүй байж байтал Энхмэнд гэж залуу мотоцикльтой ирж зогссон. Тэгэхээр нь Мөнхцолмон машиныхаа цонхыг нээгээд Энхмэндтэй мэндэлсэн. Тэгтэл машины зүүн хойд талын суудал дээр сууж байсан талийгаач Энхмэнд рүү хандаад ална шүү пизда минь муу лалар гэл үү тиймэрхүү утгатай зүйл хэлсэн. Тэгтэл Энхмэнд мотоциклиос буугаад талийгаачийн сууж байсан талын хаалгыг татсан. Би урагшаа хараад сууж байсан болохоор ямар нэг зүйл анзаараагүй би өөрийнхөө талын хаалгаар буугаад харахад Энхмэнд талийгаачийн авч явж байсан архийг машины хойшоо газар шидэж байсан. Харин талийгаач машины зүүн хойд хаалганы харалдаа гадаа доошоо түрүүлгээ хараад хэвтэж байсан. Би тэгэхээр нь архийг нь очиж аваад Хаашаа хүргүүлэх юм гээд татсан чинь явахгүй гээд эсэргүүцээд явахгүй байсан. Тэгэхээр нь талийгаачийг тэнд нь хэвтсэн чигээр нь орхиод яршиг явахгүй бол бид хоёр явлаа шүү гэж хэлээд архийг нь өөрт нь өгчихөөд явсан...маргааш нь өглөө эрт хөдөө явуулъя гэж бодоод 07 цаг өнгөрөөгөөд ортол гэрийн баруун урд талд түрүүлгээ харчихсан хөнжлөө хумиад дэрлэчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь хөөе одоо бос гээд дуудсан чинь хариу дугараагүй. Тэгэхээр нь анзаараад харсан чинь өмдөндөө шээчихсэн байсан. Тэгээд би буцаж яваад ахыг нь дуудаад түргэн дуудаад эмч ирж үзээд аваад оч гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр өргөөд аваад очсон... Хархад нүүр ам нь зүв зүгээр байсан болохоор ямар нэг зүйл бодолгүй орхиод явсан... Эмнэлэг дээр очсон. Тэгсэн чинь Мядагмаа эмч архины шилээр цохиулсан гээд согтуу ийм байдалтай ирсэн гэж хэлсэн. Хэн анх эмчид тэгж хэлсэн мэдэхгүй байна... Талийгаач Түшиг дэлгүүрээс гарч ирээд Мөнхцолмон бид хоёрын машинд суусан. Тэгэхэд нь гадуур хувцасных нь энгэрийн халаасанд тэр архи байсан. Тэр архи бол талийгаачийн авч явсан архи байсан. Түүнийг нь Энхмэнд шидчихээр нь би аваад талийгаачид өгсөн. Дараа нь эмнэлэгт эмчилгээ хийлгэхгүй эсэргүүцээд байхаар нь нөхөр бид хоёр гэр лүүгээ аваад явсан. Тэгсэн чинь талийгаач би архиа авна энд үлдээчихсэн би архиа авч Э-тэй хувааж ууна гээд Түшиг дэлгүүрийг заасан. Тэгэхээр нь Түшиг дэлгүүрийн гадаа зогсоод би дэлгүүр ороод талийгаачийн архийг асуусан чинь цонхны тавцан дээр тавьчихсан тэр байна гээд зааж өгсөн. Тэгээд дэлгүүрийн дотор цонхны тавцан дээр тавиатай АРХИ гэсэн латин бичигтэй хөх шошготой архи байсныг авч явсан. Талийгаач түүнийгээ уугаагүй бүтэн гэрт байсныг би хэсгийн төлөөлөгчид өгсөн.” гэжээ /хх-36-37/,

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд би Үүрийнтуяагийн хамт үсчин орчихоод ажил руугаа явах замдаа Түшиг дэлгүүрийн гадаа зогссон юм. Тэнд очоод зогстол Б дэлгүүрээс гарч ирээд машинд суугаад хүргээд өг гэхээр нь хаана хүргүүлэх юм бэ гэж асуугаад байж байтал Э мотоцикльтой ирж зогсоод би цонхоо нээгээд мэндэлж байтал араас “Мэндээ гөлөг минь чамайг ална шүү” гээд Б бархирсан. Тэгээд Энхмэнд мотоциклиосоо буугаад машины ар талын хаалгыг нээтэл Б машинаас уначихсан тухайн үед би жолоо барьж явсан учраас Энхмэндийг цохиж байхыг нь сайн хараагүй тэгсэн Үүрийнтуяа машинаас буугаад архийг нь шидчихлээ Энхмэнд мотоцикпьтойгоо хөдлөөд явчихлаа гээд машинаас буугаад архийг авч ирж өгөөд Баянмөнхийг явах уу гэсэн чинь явахгүй гээд уурлаад байхаар нь бид 2 тэнд нь орхичхоод машинтайгаа хөдлөөд явсан. Тэндээсээ шууд ажил дээрээ очсон. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэжээ /хх-38-39/,

Гэрч Б.Мөнхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...бид хоёр “Түшиг” дэлгүүрийн гадаа буюу дэлгүүрийн урд талд ертөнцийн зүгээр баруун тийшээ хараад очоод зогстол уг дэлгүүрээс Үүрийнтуяагийн нөхрийнх нь дүү талийгаач Б гарч ирсэн. Тэгээд машины урдуур тойроод зүүн хойд талын хаалгаар орж ирж зүүн хойд талд суусан. Тэгээд суучихаад хүргээд өгөөч гэж хэлсэн. Хаашаа хүргүүлэх юм гэж хоёр дахин асуусан боловч яг тийшээ ийшээ гэдгийг хэлээгүй байж байтал миний баруун гар талд буюу ертөнцийн зүгээр машины хойд талд манай сумын Энхмэнд мотоцикльтой ирж зогссон. Тэгэхээр нь би цонхоо нээсэн чинь Э сонин юу байна гээд надтай мэндэлсэн. Тэгтэл талийгаач Баянмөнх араас Мэндээ муу гөлөг, пизда минь гээд бэлэн салаавч гаргасан. Тэгсэн чинь Энхмэнд өмнөөс нь ямар нэг зүйл хэлээгүй мотоциклиосоо буугаад талийгаачийн сууж байгаа талын хаалган дээр очоод хаалгыг онгойлгосон. Тэгтэл хаалга налаад сууж байсан талийгаач хаалга онгойлгоход цаашаагаа налаад зүүн мөр хэсгээрээ газарт унасан. Яг тэр үед миний утас дугарсан. Тэгээд би утсаа аваад урагшаа хараад утсаар ярьсан. Тэгтэл Үүрийнтуяа шилтэй архийг нь аваад шидчихлээ гэж хэлээд машинаас буусан. Тэгэхэд би эргээд харсан чинь талийгаач машины зүүн хойд хаалганы хажууд гадаа түрүүлгээ хараад хэвтэж байсан. Энхмэнд болохоор машины тойроод мотоцикль дээрээ ирээд мотоциклио унаад яваад өгсөн. Э-ийг талийгаач Б-ийг цохиж зодсоныг хараагүй. Хэрвээ цохиж зодсон бол маш хурдан болж өнгөрсөн зүйл байх гэж бодож байна. Тэгээд Үүрийнтуяа шидсэн архийг нь Түшиг дэлгүүрийн зүүн урд талын булангаас очиж аваад талийгаачийг явъя гээд татсан. Тэгтэл талийгаач Үүрийнтуяад нэг юм хэлэх шиг болсон. Би гэхдээ тэрийг нь сонсоогүй. Тэгээд Үүрийнтуяа яршиг яршиг явъя гэж хэлээд машинд суусан. Тэгээд бид хоёр талийгаачийг тэнд нь орхиод ажил руу явсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэжээ /хх-40-41/,

Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний 16 цаг 15 минутын орчимд Э, Б бас нэг хүний хамт ажил дээр ирсэн. Б нь баруун гараа өргөчихсөн толгой руугаа гараа хүргэж чадахгүй ёолоод орж ирсэн. Юу болсныг нь асуухад хэн цохисныг нь хэлэхгүй архиар цохигдсон гэж хэлж байсан тэгээд яаралтай тусламж руу аваачиж үзлэг хийгээд гэмтлийн механизм, гаднын үйлчилсэн хүчийг үнэлээд гавал тархины хүнд гэмтэл байж болзошгүй гэж урьдчилсан онош тавиад яаралтай тусламжид эмчлэхээр эмчилгээний заалт гаргасан. Гавал тархины хүнд гэмтлийн цонх үеийн хугацаанд яаралтай тусламж дээр ажиглаж эмчилгээ хийхээр шийдвэрлэсэн. Амин үзүүлэлтүүдийг хянаад эмчилгээгээ сувилагчдаа бичиж өгчихөөд би өөрийнхөө өрөө лүү орсон. Гэтэл төд удалгүй сувилагч энэ хүн эмчилгээгээ хийлгэхгүй эсэргүүцээд байна гээд ороод ирсэн тэгээд би яваад очтол орон дээр хэвтэхгүй босоод суучихсан эсэргүүцэж байсан манай сувилагчийг хэл амаар доромжилж байсан. Тэр үед төрсөн ах Батсайхан эхнэр Үүрийнтуяа нарын хамт ирчихсэн байсан. Тэгээд би дахин үзлэг хийхэд маш их эсэргүүцэл үзүүлж байсан намайг гараараа түлхээд эмчилгээ хийлгэхгүй гээд эсэргүүцээд байсан. Эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг өөрт тайлбарлаж хэлсэн боловч согтуу байсан учраас ойлгоогүй байх. Ах эгч нар нь ирчихсэн байсан учраас эмчилгээгээ хийлгэчих байх гэж бодоод орхиод явчихсан. Нээх удаагүй 5 минут болоод ах эгч 2 нь бид нар аваад явлаа энэ эмчилгээ хийлгэхгүй гэртээ харина гээд байна гэж хэлээд аваад явсан. Маргааш өглөө нь 09 цаг 30 минутын орчимд ах нь ирж дуудлага өгөхдөө Баянмөнх унтчихаад сэрэхгүй байна гэхээр нь 5 минутын хугацаанд дуудлагандаа очоод үзэхэд ухаан алдчихсан зүрх судас амьсгалын үйл ажиллагаа хадгалагдаж байгаа хэр нь ухаан алдсан байсан тэгээд нойтон шээстэй хувцсыг нь солиод эмнэлэгт авчирч яаралтай эмчилгээ хийсэн. Эмнэлэгт ирээд шалтгааны эсрэг эмчилгээ, шинж тэмдгийн эсрэг бүх эмчилгээ хүндрэлийн эсрэг эмчилгээг цогцоор нь эхлүүлсэн...Анх ирэхдээ өөрөө толгойн баруун чамархай хэсэг рүүгээ заагаад ёолоод байсан архиар цохигдсон гэх хэсэгт нь ажиглалт, тэмтрэлт үзлэг хийхэд шарх шалбархай байхгүй хаван, хавдар байхгүй ясанд илт цөмөрсөн шинж тэмдэг илрээгүй...” гэжээ /хх-42-43/,

Шүүгдэгч А.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Түшиг дэлгүүрийн гадаа мотоцикльтой очтол тэнд Мөнхцолмон, Үүрийнтуяа, Б нар Мөнхцолмонгийн машинд сууж байсан. Мөнхцолмон цонхоо нээгээд надтай мэндэлж байтал Баянмөнх нь машины ард талын суудал дээрээс Мэндээ муу гөлөг шээс минь ална хядна гэж хэлээд салаавч гаргаж намайг доромжилсон тэгэхээр нь би мотоциклиосоо буугаад машины зүүн талын арын хаалгыг нээхэд Баянмөнх машинаас унасан. Баянмөнхийг газар унаж байхад би толгойн хэсэг хүү нь баруун хөлөөрөө өшиглөсөн юм...” гэжээ /хх-45-46/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би анх 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ах Батсайханаас дуулсан. Ах хэлэхдээ талийгаачийг урд орой нь хүнд толгой руугаа цохиулаад ухаангүй байдалтай Номгон сумын эмнэлэгт хэвтэж байна шинжилгээнүүд аваад наад руу чинь явуулчихсан гэж хэлсэн. Хэн цохисон юм бэ гэж асуусан. Тэгэхэд Адъяа овогтой Э тархи руу нь шилтэй архиар цохисон гэсэн гэж байсан....” гэжээ /хх-47/,

Гэрч Б.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...А.Э бид хоёр нэг суманд төрсөн. Багаасаа найз нөхөд болсон. 1-р ангид анх элсэн орох үед А.Энхмэнд манай нөгөө ангид элсэн орж байсан. Бид хоёр бүр багын найзууд байгаа юм. Бусдаар ах дүү хамаатан садангийн холбоо бол байхгүй. Би амралтаараа энд хэдэн хоног ирчихээд байж байгаа юм. Бусдаар Дорнод аймагт байдаг юм. А.Э-ийн аав нь бид нарыг 6-р ангид байхад билүү сайн санахгүй байна. Тэр хавьд л нас барчихсан юм. А.Э бараг ээж дээрээ өссөн хүүхэд байгаа юм. Ээж нь хувиараа бизнес эрхэлдэг хүн байдаг юм. Бэлэн хувцас худалдаалдаг хүн байдаг юм. А.Э нь дээрээ хоёр ахтай, айлын бага хүүхэд байгаа юм. Тэгээд А.Энхмэнд нь 9, 10-р ангиа Улаанбаатар хотод сурч төгссөн. Мөн Отгонтэнгэр их сургуулийг 2011 онд төгссөн. А.Э нь Гүнжидмаа гэдэг манай сумын хүүхэнтэй гэр бүл болсон. Би Гүнжидмааг мөн багаас нь танина. Манай дээд ангид сурдаг хүүхэд байсан юм. Энэ хоёр оюутан байхдаа л үерхэж эхэлсэн байх. Тэгээд энэ хоёр одоо нэг хүүхэдтэй юм. А.Э нь тийм айхтар янз бүрийн зан ааш гаргаад байдаггүй төлөв даруу зантай хүн байгаа юм. Хүнд тусархуу зантай хүн байдаг. Муу зуршил гэвэл тамхи татдаг. Архийг бол хаяа баяр ёслолын үеэр бол уучихдаг. Бусдаар архинд дурлаж уугаад байдаг хүн бол биш. А.Э нь сэтгэцийн хувьд эрүүл...” гэжээ /хх-48-49/,

Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...А.Э нь даруу төлөв зантай. Хүнтэй их нийтэч зантай хүн байгаа юм. Ар гэр нь гэхээр эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. Дундаж амьдралтай хүн байгаа юм байна. Ер нь бол их даруу төлөв зантай юм байгаа юм. Хүнтэй муудалцаад байдаггүй хүн чинь ийм хэрэгт холбогдсон гэхээр би эхлээд сонсоод их гайхаж л байсан юм. Ер нь бол өөрөө их аймхай хүн байгаа юм ш дээ. Хэрүүл маргаан болбол зугтаагаад явчихдаг хүн байгаа юм... Ер нь бол танина. Манай сумын хүн байсан юм. Архи уухаараа жаахан ааш муутай хүн амьтан өдөж хоргоогоод байдаг хүн байсан юм. Талийгаач мөн хүн их тусархуу хүн байсан юм. Архи уухгүй бол зүгээр зан ааштай хүн байсан...” гэжээ /хх-50/,

Гэрч Б.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...А.Э нь ер нь их даруу төлөв зантай л хүн байдаг юм. Ажилд сонгож авсан шалтгаан нь болохоор А.Э-ийн зан харилцаа, нийгмийн идэвх сайтай орон нутгаа сайн мэддэг, дээд боловсролтой гэх шалгуурыг хангасан учраас ажилд авсан. Суман дээр А.Э нь архи дарс уугаад хүнтэй маргалдаж муудалцаад яваад байдаггүй хүн байгаа юм. А.Э нь эхнэр 1 хүүхэдтэй амьдардаг Хоёулаа төрийн алба хаагч байгаа юм. Амьдрал нь хэвийн гайгүй дундаж амьдралтай. Нарийн ширийн зүйлийг нь бол сайн мэдэхгүй...А.Э нь ажилдаа их идэвх санаачилгатай ажилдаг. Цаашид энэ байгууллагад олон жил манлайлан ажиллах болов уу гэж бодож байсан. Ийм хэрэгт холбогдсон гэдгийг нь дуулаад үнэмшиж өгөхгүй л байсан. Их харамсаж байна...” гэжээ /хх-51/,

Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай сумын дэлгүүр ажиллуулдаг Ербиш эгч үдээс хойш оройхон би одоо цагийг нь сайн санахгүй байна. Над руу утсаар яриад Баянмөнх манай дэлгүүрт байна. Толгой тархиа бариад юм ярихгүй хачин царайтай юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн портер машинтай очсон. Очоод дэлгүүрт ороход талийгаач Баянмөнх дэлгүүрийн баруун урд талд хураалттай гурилууд дээр хашхирсан байдалтай толгойгоо бариад сууж байсан. Би очоод юу болов яав ийв гэсэн чинь толгойныхоо баруун хэсэг рүү заагаад дараад орилоод байсан. Яасан талаараа огт юм хэлээгүй. Тэгэхээр нь би талийгаачийг түшиж босгоод дэлгүүрээс гараад машины хаалгыг онгойлгосон чинь талийгаач өөрөө ороод суусан. Тэгэхээр нь би машиндаа суугаад эмнэлэг рүү хүргэж өгсөн. Эмнэлэг уг дэлгүүрээс ойрхон зайтай байдаг юм. Дэлгүүрээс хөдөлж яваад 100 орчим метр явсан чинь Энхмэнд мотоцикльтойгоо замын хажууд зогсож байсан. Нэг хүнтэй уулзаад зогсож байсан юм. Тэр хүн нь хэн байсныг мэдэхгүй байна. Тэгсэн чинь талийгаач толгойгоо дараад, Энхмэнд рүү заагаад намайг зогс гээд байгаа бололтой дохиод орилсон. Тэгэхээр нь би Энхмэндийн хажууд очоод зогссон. Тэгээд би Энхмэндээс та хоёр яасан юм муудалцсан юм уу гэсэн чинь Энхмэнд тийм гэсэн тэгэхээр нь би Энхмэндэд энэ хүн чинь толгойгоо дараад юм ярихгүй байна эмнэлэг рүү явж байна дагаад яв гэж хэлээд эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод талийгаачийг эмч Мядагмаагийн өрөөнд дагуулж очоод энэ хүн хүнд зодуулсан юм уу яасан юм мэдэхгүй толгойгоо дараад орилоод байна гэж хэлсэн чинь Мядагмаа эмч цаашаа очоод өвчин намдаах тариа хийлгэж бай гэж хэлсэн. Тэгээд сувилагч дээр нь очсон чинь сувилагч нь хүчилтөрөгч залгана гээд цаашаа өрөө рүү аваад орчихсон. Энхмэнд болохоор араас мөн дагаад ирчихсэн байсан. Би тэндээс тэгээд удаагүй явсан. Намайг явахад талийгаач тэр эмчийн өрөөнд хашхираад л байсан. Ямар нэг үг хэлэхгүй орилоод хашхираад байсан. Намайг эмнэлгээс гарах үед талийгаачийн төрсөн ах Батсайхан орж ирсэн. Тэгээд би удаагүй 10-20 минутын дараа гадуур явж байгаад буцаад эмнэлэг дээр ирсэн чинь талийгаач эмнэлгээс гараад ирчихсэн төрсөн ах Батсайханыхаа машинд суучихсан байсан. Би Батсайханаас яав ийв бие нь яасан байна гэж асуусан чинь хашхираад эм тариа хийлгэхгүй гээд байна. Гэрт аваачиж унтуулдаг юм билүү гээд аваад явсан...Талийгаачаас би яасан талаар асуусан боловч юу ч яриагүй. Толгойгоо дараад ёолоод орилоод байсан. Энхмэндтэй муудалцсан юм шиг байсан. Талийгаач Энхмэндийг харчихаад зогс гээд дохиод байхаар нь би Энхмэнд дээр очоод та хоёр яасан юм муудалцсан юм уу гэсэн чинь Энхмэнд тийм гэж байсан. Яг юунаас болж тэр хоёр маргалдсан юу болсон талаар бол огт мэдээгүй...” гэжээ /хх-52-53/,

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Тухайн үед Э-ээс яасан талаар асуусан боловч Э орилоод юм хэлээгүй. Тэгээд сүүлд нь асуухад би нэг өшиглөчихсөн гэлүү цохичихсон гэлүү нэг зүйл хэлсэн. Нарийн бол яриагүй...А.Э айлын бага хүү байгаа юм. Эхээс гурвуулаа би хамгийн том нь байгаа юм. Дундах нь Улаанбаатар хотод байдаг юм. А.Э нь 1989 онд Номгон суманд төрсөн. Бага нас эцэг эхтэйгээ хамт байж байгаад цэцэрлэгт явж байгаад 1997 онд Номгон сумын сургуульд анх 1-р ангид элсэн орсон. Манай аав 2006 онд өвчний улмаас нас барчихсан юм. Тэгээд түүнээс хойш ээжтэйгээ 2 дүүтэйгээ хамт амьдарч байгаад би удаагүй тусдаа айл болоод гарсан. Тэгээд дүү Э Номгон сумын сургуульд 8 дугаар анги хүртлээ сурч төгсөөд Улаанбаатар хот руу шилжээд тэндээ 9, 10 дугаар ангиа сурч төгсөөд тэгээд Отгонтэнгэр Их сургуульд орж эрх зүйч мэргэжилтэй төгссөн. Тэгээд төгсөж ирээд 2 жил болоод энэ эхнэртэйгээ нэг гэрт орсон байх. Одоо А.Э нь эхнэр 1 хүүхдийн хамт Номгон суманд амьдардаг. Амьдрал ахуй гайгүй. Эхнэртэйгээ хоёулаа төрийн албанд ажилладаг юм. Зан аашны хувьд бол нийтэч, тусч, даруу төлөв зантай. Зөв хүмүүжилтэй. Уур уцаар багатай хүн байгаа юм. Хүнтэй харьцах харилцааны хувьд сайн. Ямар ч хүнтэй сайхан харьцаад явчихдаг. Бүх зүйлдээ манлайлагч хүүхэд байгаа юм. Спортод дуртай анги хамт олондоо нэр хүндтэй хүн байгаа юм. Би Э-ийг архи уусан байхыг нэг ч удаа хараагүй. Ээж бид хоёроос тамхиа нууж татдаг. Би бол тамхи татдагийг нь мэдчихсэн боловч надаас одоо болтол нуугаад байдаг юм...” гэжээ /хх-54-55/,

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Түшиг дэлгүүрийн Ербиш эгч над руу утсаар яриад Б хүнд зодуулчихсан юм шиг байна. Нэг л сонин байна. Тэгээд сая Амараа Б-ийг эмнэлэг рүү аваад явлаа гэж хэлсэн Тэгэхээр нь би эмнэлэг рүү ганцаараа явж очсон. Би эмнэлэг рүү явж байхдаа эхнэр Үүрийнтуяа руу залгаад Б хүнд зодуулчихсан байна би эмнэлэг рүү явлаа гэж хэлээд тасалсан. Тэгээд намайг эмнэлэг дээр очиход Э ирчихсэн байж байсан. Мөн Амараа байж байсан. Талийгаач хүлээн авахын сандал дээр суучихсан жаахан халамцуухан толгойн баруун хэсэг рүүгээ заагаад орилоод толгой ингээд байхгүй болчихлоо гэх утгатай сонин зүйл яриад байсан. Тэгтэл араас манай эхнэр Үүрийнтуяа орж ирсэн. Мядагмаа эмч надад дөрвөлжин цаасан дээр эм тариа бичиж өгөөд аваад ир гэж хэлсэн. Тэгээд би тэр эм тариаг нь эмийн сангаас очиж авч ирж өгөөд коридорт нь хүлээгээд байж байсан. Талийгаач болохоор эмнэлгийн хүлээн авах дээр манай эхнэрийн хамт байж байсан. Мөн Энхмэнд бас байж байсан. Амараа бол яваад өгчихсөн байсан. Түүний дараахан Энхмэндийн эхнэр нь ирчихсэн байсан. Энхмэндтэй л холбоотой болох нь мэдэгдсэн. Чухам яг хэн надад Энхмэнд талийгаачид гэмтэл учруулсан талаар хэлснийг санахгүй байна. Тэгсэн чинь талийгаач архи уусан байсан болохоор том том дуугараад байгаа сонсогдсон. Тэгэхээр нь би яваад орсон. Тэгсэн чинь талийгаач эмч сувилагчид хандаж та нар надад хортой тариа хийх гэж байна уу би тариа хийлгэхгүй гэх зүйл хэлээд тариагаа хийлгэхгүй байсан. Өмнө нь бол өвчин намдаах нэг тариа хийчихсэн юм шиг байгаа юм. Тэгээд дараагийн тариагаа хийлгэхгүй гээд байсан юм. Тэгээд эмч нар яасан муухай үнэртэй юм гэх зэрэг зүйл яриад дээрээс нь манай талийгаач бас тариа хийлгэхгүй гээд байхаар нь төвөг юм болов уу аваачаад гэрт унтуулчихъя гэж хэлээд талийгаачийг аваад гарсан. Тэгээд машинд суулгаад эхнэр бид хоёр талийгаачийг аваад гэр лүү явсан. Тэгсэн талийгаач гэр лүү явах замдаа Энхмэндтэй хамт архи ууна гээд байсан. Тэгж байгаад хэн ч билээ талийгаач билүү эхнэр хоёрын нэг нь архи нь энэ дэлгүүрт байгаа гээд байхаар нь Түшиг дэлгүүр орсон. Тэгээд манай эхнэр дэлгүүр лүү ороод талийгаачийн үлдээсэн байх гэх архийг нь аваад гараад ирсэн. Тэгээд шууд гэрт ирээд би эхнэр талийгаач Баянмөнх хоёрыг буулгаад архи уулгаад яахав унтуулчихаараа гэж хэлээд би өөрөө явсан. Тэгэхэд 18-19 цагийн үе л байсан байх. Цагийг нарийн хэлж мэдэхгүй байна. Тэгээд би гадуур суман дээгүүр хүн амьтантай уулзаж явж байгаад 20-21 цагийн үед гэртээ ирсэн. Тэгсэн чинь байшинд эхнэр байж байсан. Талийгаачийг яасан гэсэн чинь урд гэрт унтаж байгаа би сая хөнжил нөмрүүлчихлээ гэж хэлж байсан. Би ч орж хараагүй. Тэгээд байшиндаа эхнэр бид хоёр хоносон. Тэгээд өглөө унтаж байсан чинь эхнэр намайг дуудаад талийгаач их сонин байна сэрэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би урд гэр лүү явж орсон чинь талийгаач орон дээрээсээ буугаад зуухны баруун талд хойшоо хараад хөнжил дэрлээд хэвтчихсэн ухаангүй байдалтай байсан. Дуудаад ямар нэг хариу байхгүй байсан. Тэгэхээр нь эмч дуудсан. Эмч нь Мядагмаа эмч ирсэн. Тэгээд ирж үзчихээд эмнэлэг рүү аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд талийгаачийг аваад эмнэлэг дээр ирсэн. Тэгээд эм тариа хийгээд эмчилгээ эхэлсэн. Тэгээд талийгаач Номгон сумын эмнэлэгт 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ухаангүй хэвтсэн. Аймаг руу аваад явъя гэхэд эмч нар хөдөлгөж болохгүй гээд байсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аймгийн эмнэлэг дээр авч ирсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тархины хагалгаанд орсон. Тэгээд ухаан огт ороогүй байж байгаад 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нас барсан... Сумын зарим хүмүүс Энхмэнд талийгаачийг шилтэй архиар цохисон гэх яриа гарсан байсан. Хэн тийм яриа гаргасан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Энхмэнд бол гар хүрсэн байна гэж ойлгоод яваад байгаа. Чухам шилтэй архиар цохисон үгүйг бол мэдэхгүй байна...” гэжээ /хх-56-57/,

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03-р сарын 22-ны өдөр намайг нэг өвчтөн аваад Улаанбаатар хот руу явж байхад Номгон сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Мядагмаа эмч над руу залгаад зөвлөгөө авъя манай эмнэлэг дээр хүнд зодуулсан хүн ирлээ. Өмнөх өдөр нь уг нь ирсэн юм. Тэгэхэд нь цус тогтоох эмчилгээ хийх гэсэн чинь согтуу агсан тавиад эмчилгээ хийлгэлгүй яваад өгсөн юм гэж байсан. Тэр хүнийг Баянмөнх гэдэг 1976 онд төрсөн эрэгтэй хүн гэж байсан. Тэгээд өвчтөнөө танилцуулсан. Танилцуулахдаа тухайн хүнийг хүүхэн хараа хоёр талдаа өргөссөн гэрлийн урвалгүй, эвэрлэг рефлекс байхгүй, амин үзүүлэлт нь уначихсан, хүчилтөрөгчийн хэрэгцээ унасан, бие хөхөрсөн ер нь маш хүнд хүн байна гэж танилцуулсан. Тэгээд би Мядагмаад эмийн эмчилгээний зөвлөгөө өгч 1-3 хоног эмийн эмчилгээ хийгээдэх гэж хэлсэн. Тэгээд би бас мэдрэлийн эмчээс мөн зөвлөгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд 2019.03.24-ний өдөр би өөрөө Мядагмаа эмч рүү залгаж холбогдоод яаж байгаа талаар асуусан. Тэгэхэд ямар ч байсан эмийн эмчилгээний үр дүн нөлөөлсөн байсан. Тэгээд амин үзүүлэлтүүд нь гайгүй тогтвортой байсан. Тэгээд биеийн байдал нь тогтвортой байхаар нь ар гэрээс нь дуудлага өгүүлээд аймгийн төвөөс хагалгааны баг гарсан. Тэгээд Номгон суманд очоод уг өвчтөний биеийн байдлыг үзсэн. Тэгэхэд биеийн байдал хүнд, хүүхэн хараа хоёр талд нарийссан. 2 уушиг битүү хатгаатай байсан. Тэгээд тэндээ хагалгаанд ороход эрсдэл их өндөртэй байсан тул 2 хоног эмийн эмчилгээ хийлгээд аймаг руу татаж авахаар болсон. Тэгээд хоёр хоног эмийн эмчилгээ дахин хийлгээд 2019.03.27-ны өдөр аймаг дээр авч ирүүлсэн. Тэгээд томографийн шинжилгээ хийсэн чинь толгойн баруун талд ар дагз хэсгийг хамарсан том хэмжээний хатуу хальсан дээрх цусан хураа үүссэн байсан. Тэгээд 2019.09.28-ны өдөр яаралтай тархины хагалгаа хийж цусан хурааг авч тархийг чөлөөлсөн. Хагалгааны явцад ямар нэг хүндрэл учраагүй. Ингээд хагалгааны маргааш орой нь нас барсан байсан... Тархинаас 600-800 грамм цусан бүлэн авсан... Баруун талын чамархайн хэсэгт хаван хавдартай. Хуйхыг сөхөж үзэхэд хуух хавантай гавал яс цөмөрсөн хугаралтай байсан. Тухайн үед зургийг нь аваад ар гэрийнхэнд нь үзүүлж байсан юм...Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаална. Хэр их цусан бүлэн үүссэн байдлаас шалтгаална. Талийгаачийн биед учирсан гэмтлийн тухайд бол маш их цусан бүлэн үүссэн. Бага тархи гүүр, уртавтар тархиудыг дарчихсан байсан болохоор тархи сэргэхэд бас хэцүү байсан...Номгон сумын эмнэлэгт хагалгаанд орох гэхээр талийгаачийн хоёр уушги битүү хатгаатай байсан учир унтуулгын талаас хүндрэлтэй байсан. Амьсгал зүрх судас шууд зогсох магадлалтай байсан. Ар гэрийнхэн бол зөөвөрлөе гээд байсан юм. Зөөвөрлөх гэхэд ерөнхийдөө амьсгал зүрх судас зогсох магадлалтай байсан. Тэгээд унтуулгынхаа эмчтэй зөвлөлдөөд ямар ч байсан 2 хоног эмийн эмчилгээ хийлгээд замын ая даахтай болохоор нь аймаг руу авъя гэсэн шийдэлд хүрч тэндээ хагалгаанд ороогүй, аймгийн төв рүү яаран аваагүй юм. Тэгээд 2 хоногийн дараа сумын эмч хүргэж ирсэн...” гэжээ /хх-58-59/,

Шүүгдэгч А.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би найз Буянбат, Батсайхан нарын хамт хөдөө явах гээд Номгон сумын төвд байх “Түшиг” дэлгүүрийн гаднаас Буянбатыг авахаар 16 цагийн үед мотоцикльтой гэрээсээ гараад “Түшиг” дэлгүүр дээр очсон. Намайг “Түшиг” дэлгүүрийн гадаа очих үед манай сумын хүмүүс болох Мөнхцолмон өөрийнхөө Тоёота Королла Аврес маркийн машинтай Үүрийнтуяа, талийгаач хоёртой хамт сууж байсан. Тэр машин нь дэлгүүрийн урд талд ертөнцийн зүгээр баруун тийшээ хараад зогсож байсан. Би ирээд шууд тэр машины хажууд буюу баруун гар талд нь очоод зогссон. Тэгсэн чинь Мөнхцолмон машиныхаа цонхыг онгойлгоод надтай мэндэлсэн. Мөнхцолмон машины жолооны ард буюу баруун талд нь сууж байсан. Харин зүүн урд талын суудал дээр Үүрийнтуяа сууж байсан. Талийгаач Н.Баянмөнх болохоор машины зүүн хойд талын суудалд сууж байсан. Мөнхцолмон дөнгөж машиныхаа цонхыг онгойлгоод надтай мэндлэх үед талийгаач Н.Б араас намайг “Мэндээ муу гөлөг минь, шээс минь, ална шүү пизда минь” гэж хэлээд над руу салаавч гаргасан. Тэгэхээр нь би мотоциклиосоо буугаад машины араар нь тойроод зүүн талын арын хаалгыг онгойлгосон. Тэгэхэд Баянмөнх нь хаалга налаад сууж байсан бололтой хаалга татаж онгойлгоход наашаа унасан. Унах үед талийгаачийн өврөөс шилтэй архи унасан. Тэгэхээр нь би түүнийг аваад талийгаачийн толгойн хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхэд талийгаач Н.Б арагшаа саваад машин налаад унасан. Тэгээд би шилтэй архийг нь машины хойд хэсэг рүү газар шидчихээд тэгээд мотоцикль дээрээ очоод мотоциклио унаад дэлгүүрээс зүүн тийшээ хөдлөөд явсан. Тэгсэн замд Буянбат Ариука гэж согтуу хүнтэй уулзаад зогсож байсан. Тэгээд би тэнд очиж зогсоод Буянбаттай уулзаад Буянбатыг авч явах гээд зогсож байхад тун удаагүй манай сумын Амараа гэж портертой залуу портертойгоо хажуугаар явахдаа цонхоороо Б эмнэлэг рүү аваад явж байна гэж хэлчихээд явсан. Тэгэхээр нь би араас нь эмнэлэг рүү очсон. Тэгэхэд эмч сувилагч ирчихсэн Б үзээд байж байсан...Баянмөнхөд эмч сувилагч нар тариа хийх гээд байж байсан. Тэгэхэд талийгаач Б нь тариа хийлгэхгүй гээд эмч сувилагч нар луу дунд хуруу гаргаад байсан. Тэгэхээр нь Баянмөнх Үүрийнтуяа нартай нийлж талийгаачийг дарж байгаад өвчин намдаах тариа тарьсан. Тэгээд талийгаач ерөөсөө эмчилгээ хийлгэхгүй авирлаад байхаар нь талийгаачийн ах Батсайхан эхнэр Үүрийнтуяа нар нь талийгаач Баянмөнхийг гэр лүүгээ аваад явсан...маргааш өглөө нь Батсайханы эхнэр Үүрийнтуяа манай эхнэр лүү залгаад Баянмөнх их сонин байна. Баянмөнхийг аваад эмнэлэг рүү явж байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очсон. Тэгсэн Баянмөнх эмнэлэгт ухаангүй байдалтай тариа хийлгэсэн байдалтай байж байсан. Номгон сумын эмнэлэгт зөөвөрлөж болохгүй гээд 5 хоног байж байгаад 2019 оны 03-р сарын 27-ны өдөр аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 2019 оны 03 дугаар сарын 28-ний өглөө тархины хагалгаанд ороод тэгээд 29-ний орой 20 цагийн үед нас барчихсан...Талийгаач машины зүүн хойд талын хаалгыг налаад сууж байсан юм шиг байгаа юм. Тэгээд намайг очоод машины хаалга татах үед талийгаач хаалга дагаад наашаа унасан. Унахдаа бол газар эхлээд гараараа тулсан. Тэгээд би талийгаачийг унах үед нь буюу газар толгой нь хүрээгүй байхад толгой руу нь цохисон юм. Нэг л удаа цохисон... 0,5 литрийн хар өнгийн шошготой АРКНI гэсэн бичигтэй хүмүүсийн ярьдгаар хар экс гэх архи байсан. Түүгээр нь би талийгаачийг цохичихоод машины ар луу газар шидчихээд явсан...” гэжээ /хх-72-73/,

Шүүгдэгч А.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт: “...Би 1989.11.07-ны өдөр Номгон сумын эмнэлэгт төрсөн. Би айлын хамгийн бага нь байгаа юм. Дээрээ 2 ахтай. Бага насандаа Номгон сумын цэцэрлэгт хүмүүжсэн. 1997 онд Номгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид анх орж байсан. Тэгээд 2005 онд Номгон суманд 8-р анги төгсөөд 2005 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуульд 9-р ангид элсэн ороод 2007 онд 10-р ангиа төгсөөд тэр ондоо Отгонтэнгэр Их сургуулийн Эрх зүйн ангид элсэн орж 2011 онд төгссөн. Би оюутан байхдаа өөрийн эхнэр Өлзийдэлгэр овогтой Гүнжидмаатай үерхэж байгаад 2011 онд нэг гэрт орсон. Тэгээд бид хоёр Өмнөговь аймгийн Номгон суманд амьдардаг юм. Бид хоёрын дундаас 2016 онд хүү төрсөн. Хүү одоо 4 настай. Би 2018 оны 08 дугаар сард Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын Захиргаанд байгаль хамгаалагчаар ороод одоог хүртэл ажиллаж байна. Тэрнээс өмнө би ээждээ туслаад хувийн бизнес эрхэлдэг байсан юм... Би одоо ганц хүүтэй. Хүү маань одоо 4 настай Номгон сумын цэцэрлэгт сурч байгаа. Эхнэр Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргын тамгын газарт Нийгмийн даатгалын улсын байцаагч ажил эрхэлж байна...” гэжээ /хх-74-75/,

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Талийгаачийн биед гавлын баруун чамархайд цөмөрсөн хугарал, баруун урд хонхорт шугаман хугарал, баруун чамархай дагз хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун дэлбэнгийн чамархайн хэсэгт аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, эдийн няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, баруун чамархайд шарх, зулай, зүүн сарвуу, зүүн шилбэнд зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт, баруун шуу, сарвуу, зүүн шуу, баруун шагай хэсэгт тариурын зүүний ором бүхий зулгаралт, цус хуралт, Баруун, зүүн өсгийнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гавал тархины битүү гэмтэл, зүүн сарвуу, шилбэний зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, шилбэний цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, бусад гэмтлүүд нь эмчилгээний явцад үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин болон тухайн хэргээс өмнө авсан байх гэмтэл тогтоогдсонгүй. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримттай танилцахад задлан шинжилгээний оноштой нийлсэн, мэс засал болон эмийн эмчилгээ оношны дагуу стандартаар хийгдсэн байна. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тул химийн шинжилгээ хийх шаардлагагүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархайн цөмөрсөн хугарал, баруун урд хонхорт шугаман хугарал, баруун чамархай дагз хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун дэлбэнгийн чамархайн хэсэгт аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна...” гэжээ. /хх-61-64/,

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 889 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.Б биед баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, баруун урд хонхорт шугаман хугарал, баруун чамархай дагз хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун дэлбэнгийн чамархайн хэсэгт аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, эдийн няцрал, толгойн хуйхан доорхи цус хуралт, баруун чамархайд шарх, зулай, зүүн сарвуу, зүүн шилбэнд зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун зүүн өсгийд шарх гэмтэл учирсан байсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдийг авсны дараа цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой. Өмнөговь аймгийн ШША-ны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэжээ. /хх-231-233/,

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Эмч нараас шалтгаалсан зүйл бол байхгүй. Харин Э-ийн үйлдлээс болж талийгаач нас барсан гэж бид нарын зүгээс бодож байна гэжээ.” /хх-100/,

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийг хүртэл өдрийг хүртэл чөлөө аваад хөдөө явчихаад Номгон суманд 23-ны өдрийн орой ирсэн тэр оройноо ажлаараа орсон чинь гэмтэлтэй хүнд хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 24-ний өглөө аймгаас эмч ирээд Б-ийг үзээд биеийн байдал зөөвөрлөх боломжгүй хүнд байна хэвтсэнээс хойш 5 хоногийн дараа биеийн байдлыг харж байгаад зөөвөрлөх талаар ярина гэсэн...Би тэгээд Б-ийг эмчээр үлдээд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аймгийн эмнэлэгт Баянмөнхийг шилжүүлсэн.” гэжээ. /хх-101-102/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/

Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10/,

Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-19/

Н.Баянмөнхийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-77-78/

Н.Баянмөнхийн өвчний түүхийн хуулбар /хх-79-84/

Сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай хуудас /хх-85-97/

Н.Баянмөнхийн өвчний түүхийн хуулбар /хх-99-128/

Шүүгдэгч А.Энхмэндийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-130/,

Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн засаг даргын тодорхойлолт /хх-131/,

Номгон сумын засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт /хх-132/

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажил байдлын тодорхойлолт /хх-133/

Шүүгдэгч А.Энхмэндийн эрх зүйч мэргэжлийн дипломын хуулбар /хх-134-135/

Шүүгдэгч А.Энхмэндийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-136/

Номгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-139/

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын тушаалын хуулбар /хх-140/

Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын даргын тушаал /хх-141-142/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-152/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн мэдэгдэл /хх-151/

Н.Баянмөнхийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-147/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Батчимэгт хохирол төлбөр барагдуулсан талаарх өргөдөл /хх-159/,

Эд мөрийн баримтаар 0,5 литрийн савлагаатай хар хөх өнгийн АRKHI гэсэн бичигтэй шошго бүхий шилтэй архийг шинжлэн судлав.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Энхмэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Энхмэндийн гэмт үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Э холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Шүүгдэгч А.Э-ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Э нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Номгон сумын төвд байрлах “Түшиг” дэлгүүрийн урд Н.Б-ийн толгойн тус газарт шилтэй архиар цохиж амь насыг хохироосон болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож  байна гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүн бүр амьд явах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан ба хүний хамгийн үнэ цэнэтэй чухал эрхийн нэг нь амьд явах эрх юм.

Монгол улсын үндсэн хуульд амьд явах эрхийг баталгаажуулж, энэ эрхийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан. Өөрөөр хэлбэл хүний амьд явах эрхэд халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар амьд явах эрхийг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авсан. 

Шүүгдэгч А.Э нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан.

Шүүгдэгч А.Э талийгаач Н.Б-ийг “...Мэндээ гөлөг минь чамайг ална шүү...” гэж хэлэхээр нь машины хаалгыг онгойлгож талийгаач Н.Б-ийг газарт унаган түүний энгэрээс нь унасан шилтэй архиар толгойн тус газарт цохих үйлдлээ хүсч үйлдэн хүний амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзэв. 

Шүүгдэгч А.Э-ийн санаатай үйлдлийн улмаас талийгаач Н.Б учирсан гавал, тархины гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай, амь тэнссэн хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн  2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай шинжээчийн “...Талийгаачийн биед гавлын баруун чамархайд цөмөрсөн хугарал, баруун урд хонхорт шугаман хугарал, баруун чамархай дагз хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун дэлбэнгийн чамархайн хэсэгт аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, эдийн няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, баруун чамархайд шарх, зулай, зүүн сарвуу, зүүн шилбэнд зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт, баруун шуу, сарвуу, зүүн шуу, баруун шагай хэсэгт тариурын зүүний ором бүхий зулгаралт, цус хуралт, Баруун, зүүн өсгийнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гавал тархины битүү гэмтэл, зүүн сарвуу, шилбэний зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, шилбэний цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, бусад гэмтлүүд нь эмчилгээний явцад үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин болон тухайн хэргээс өмнө авсан байх гэмтэл тогтоогдсонгүй. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримттай танилцахад задлан шинжилгээний оноштой нийлсэн, мэс засал болон эмийн эмчилгээ оношны дагуу стандартаар хийгдсэн байна. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тул химийн шинжилгээ хийх шаардлагагүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархайн цөмөрсөн хугарал, баруун урд хонхорт шугаман хугарал, баруун чамархай дагз хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун дэлбэнгийн чамархайн хэсэгт аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-61-64/, Яаралтай тусламжийн тасгийн эмчийн анхны үзлэгт “...толгой өвдлөө гэж хашхирна. Хүнд цохиулсан гэж хэлнэ.” гэж 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 15 минутад нээсэн хуудас /хх-77-78/, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 00   Н.Б өвчний түүх нээхэд “...Ухаангүй, ярихгүй, нүдээ нээж харахгүй, хөдлөхгүй...”зовуурьтай байсан өвчний түүхийн хуулбар /хх-79-84/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна гэж шүүх дүгнэлээ. 

Өмнөговь аймгийн Номгон сумын эрүүл мэндийн төвд талийгаач Н.Б нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 15 минутад хүргэгдэн очиж анхны тусламж авахад толгой өвдөж байна...гэж гол зовууриа заасан байдалтайгаар илэрхийлэн анхны тусламж үйлчилгээг авч маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт эмчийн үзлэг хийж өвчний түүх нээхэд биеийн байдал ухаангүй, ярихгүй, нүдээ нээж харахгүй, хөдлөхгүй, орчиндоо ямар нэг харьцаагүй байдалтай эм тариа, эмчилгээг хийлгэж,  2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр  Бүсийн оношилгооны төвөөс хагалгааны баг газар дээр нь очиж хагалгаа хийх боломжгүй, биеийн байдал дийлэхгүйн улмаас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл эмчилгээг үргэлжлүүлэн хийхээр заавар, зөвлөгөөг өгсөн болох нь  гэрч Х.Мядагмаа, Ц.Бямбачулуун нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр талийгаач Н.Баянмөнхөд эмнэлгийн тусламж үйлчилгээг анхан шатны эмнэлэг зохих журмын дагуу үзүүлсэн боловч биеийн байдлын үнэлгээ нэмэгдэхгүй байсаар дараагийн шатлалын эмнэлэгт хүргэгдэн ирж хагалгаанд орсон байх тул  цаг хугацаа алдаж эмнэлгийн тусламж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл талийгаач Н.Б нь шүүгдэгч А.Э шилтэй архиар цохиулснаас хойш бүрэн ухаан орохгүй, биеийн байдал нь дээрдэхгүй, дараагийн шатлалын эмнэлэг рүү зөөвөрлөх боломжгүй байсаар Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэвтэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хагалгаанд орж 2019 оны 03 дугаар сарын 29-нд нас барсныг хугацаа алдсан гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч А.Э-ийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд “...Энэ хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 47 тоот шинжээчийн дүгнэлт, мөн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 889 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр энэ хүнийг хүнд гэмтлийн улмаас нас барсан. Уг гэмтэл авсны дараа цаг алдалгүй эмчилгээ үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байна гэсэн дүгнэлтүүд гарсан…Хугацаа алдсанаас болж эмчилгээ үр дүнгүй болж гэсэн дүгнэлт хийсэн байгаа. Эмнэлгийн байгууллагад хандсанаас хойш ямар зүйл болоод эцэст нь аймгийн эмнэлэг рүү зөөвөрлөж ирээд, 28-нд хагалгаанд ороод 29-нд амь нас нь хохирсон харамсалтай үйл явдал болсон. Энэ 9 хоногийн хугацаанд ямар эмнэлгийн байгууллагад хандаад, амь насыг нь аврах боломж нөхцөл байсан гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурдаж өгсөн байгаа учраас хохирогчийг шууд санаатайгаар алсан гэж үзэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлгүй байгаа учир зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хүнд хохирлын улмаас хүний амь нас хохирсноор зүйлчилж өгнө үү гэсэн,

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх нь илүү бодит үнэнд нийцсэн шийдвэр болно гэж үзэж байна. 889 тоот шинжээчийн дүгнэлтэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан гэж гарсан. Хаана цаг алдсан гэдгийг шалгаж тогтоо гэж шүүх 3 удаа буцаасан. Эмнэлэгт очоод амь нас нь эрсэдсэн байхад хэний буруутай үйлдлээс болоод байгааг тогтоох шаардлагатай. Тухайн үед цаг алдалгүй аймгийн эмнэлэгт авч ирсэн бол энэ хүний амь нас аврагдах бүрэн боломжтой байж гэж үзэж байна. Иймд шүүгдэгч А.Энхмэндэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хүнд гэмтлийн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэнд тооцож өгнө үү гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Учир нь: Шүүгдэгч А.Э-ийн талийгаачийн толгойн тус газарт нь шилтэй архиар цохисон үйлдэл амь нас хохирсонтой шалтгаант холбоотой болох нь гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 889 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...дээрх гэмтлүүдийг авсны дараа цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой. Өмнөговь аймгийн ШША-ны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар цаг хугацаа алдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрч Н.Батсайханы “... Эмч нараас шалтгаалсан зүйл бол байхгүй. Харин Э-ийн үйлдлээс болж талийгаач нас барсан гэж бид нарын зүгээс бодож байна гэх мэдүүлэг /хх-100/, гэрч Б.Нэргүйн “...Би 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийг хүртэл өдрийг хүртэл чөлөө аваад хөдөө явчихаад Номгон суманд 23-ны өдрийн орой ирсэн тэр оройноо ажлаараа орсон чинь гэмтэлтэй хүнд хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 24-ний өглөө аймгаас эмч  ирээд Б-г үзээд биеийн байдал зөөвөрлөх боломжгүй хүнд байна хэвтсэнээс хойш 5 хоногийн дараа биеийн байдлыг харж байгаад зөөвөрлөх талаар ярина гэсэн...Би тэгээд Б-г эмчээр үлдээд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аймгийн эмнэлэгт Баянмөнхийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-101-102/,

Шинжээч М.Энхбаярын “...Гэмтэл авсан тэр даруйд яаралтай оношилж нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн, тэр дундаа яаралтай мэс эмчилгээ хийсэн бол амь насыг аврах боломжтой байсан. Гэхдээ сумын эмнэлгийн түвшинд ийм эмчилгээ хийх боломжгүй. Сумын эмнэлгийн түвшинд тархины цусан хураа гэсэн онош тавьж дээд шатны эмнэлгээс эмч дуудан зөвлөгөө авч эмчилсэн байна. Талийгаач гэмтэл авснаас хойш 7 хоногийн дараа Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засалд орсон. Уг эмчилгээ нь стандартын дагуу хийгдсэн. Тархины гэмтэл нь маш хурдан хугацаанд мэс засалд орох шаардлагатай байдаг. Хугацаа алдсанаас болж эмчилгээ үр дүнтэй болж чадаагүй. Тиймээс эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна. Тархины гэмтэл авсан хүнийг зөөвөрлөхдөө маш болгоомжтой зөөвөрлөх ёстой. Талийгаачид учирсан гэмтлийг сумын эмч нараас оношлох боломжгүй. Өвчтөний зовууриас шалтгаалан онош тавьдаг. Уг цаг хугацаа алдсан нөхцөл байдал нь орон нутгийн онцлогоос шалтгаалсан байна. Тиймээс эмч эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна. Тухайн үеийн нөхцөл байдалд эмнэлгийн ажилтан эмчилгээ зааж өгөх эсвэл тэмдэглэл бичээд үлдэхээс өөр арга байхгүй гэх мэдүүлэг /2-р хх-94-96/,

гэрч Ц.Б “...Сумын эмнэлэгт ийм гэмтлийг эмнэл зүйн шинж тэмдгээр нь эмч тархины гэмтэл байна гэдгийг мэдэх боломжтой. Харин нарийвчилсан буюу аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэх мэтээр оношлох боломж байхгүй. Яагаад гэвэл нарийвчилсан оношилгоо хийх төхөөрөмж байхгүй учраас дараагийн шатлалын эмнэлэгт нарийвчилсан эмчилгээ хийх зорилгоор хандах шаардлага бий болдог. Сумын эмч суманд огт хагалгаа хийх боломж байхгүй. Нарийн мэргэжил эзэмшээгүй байдаг. Харин аймгийн төвийн эмч нар очиж хагалгаа хийх тохиолдол байдаг хэдий ч нарийн техник тоног төхөөрөмжөөр нарийн оношилж байж хагалгаа хийвэл илүү үр дүнтэй байдаг. Ийм оношилгоо хийхгүйгээр тааж хагалгаанд орно гэдэг маш эрсдэлтэй байдаг гэх мэдүүлэг /2-р хх-106-107/ зэргээр Номгон сумын эрүүл мэндийн төв талийгаач Н.Баянмөнхөд хагалгаа хийх боломж бололцоо байхгүй. Сумын эмнэлэг дээд шатны эмнэлгээс зөвлөгөө авч ажилласан, уг цаг хугацаа алдсан гэх нөхцөл байдал нь орон нутгийн онцлог болон талийгаачид учирсан гэмтлийн шинжээс шалтгаалсан тул эмч, эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагаа болон цаг хугацаа алдаж хүний амь нас хохирсон гэж үзэх боломжгүй юм.

Мөн талийгаач Н.Б-ийн амин үзүүлэлтүүд тогтворгүй байсан болох нь эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /хх-89/, гэрч Х.Мядагмаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Талийгаач Н.Б-ийг дараагийн шатлалын эмнэлэг рүү зөөвөрлөх тохиолдолд өвчтөний амин үзүүлэлт болон гэмтлийн нөхцөл байдлаас шалтгаалж зөөвөрлөх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Зөөвөрлөх боломжгүй тохиолдолд дараагийн шатлалын эмнэлгээс заавар зөвлөгөө чиглэл авч ажиллах бөгөөд сумын эмч зөөвөрлөх  шийдвэр гаргах эрхгүй талаар гэрч Ц.Б, Х.М, Т.Б нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Мядагмаагаас “Эмч хүний эрх, үүрэг байдаг. Тэр дундаа эмнэлгийн яаралтай тусламжийн дүрэм журам гэж мөрдөгддөг. Тухайн хууль, дүрэм, журамд эмч хүн тухайн өвчтөн гадны нөлөөтэйгөөр гэмтэл нь үүсгэгдсэн гэмт хэргийн шинжтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэнэ гэсэн зүйл байдаг. Та 21-ний өдөр яагаад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй вэ? Яагаад эмчилгээ хийхгүйгээр талийгаачийг явуулсан юм бэ” гэж тодруулсан асуусан бөгөөд гэрч Х.Мягдагмаа “Би ажлынхаа өрөөнд сууж байхад нэлээн чанга дуутай хоёулаа билүү гурвуулаа ороод ирсэн. Баянмөнх нэлээн согтуу байдалтай, уйлсан чанга дуугарсан орж ирсэн. Дахиад хоёр хүн байсан санагдаж байна. Нэг нь Энхмэнд байсан байх. Баянмөнх орж ирэхдээ энэ намайг цохичихлоо гэж орж ирсэн санагдаж байна. Тэр залуу нэлээн согтуу байсан. Анх харахад тархи толгойноос нь цус гарсан зүйл байхгүй байсан. Энэ намайг цохисон гэхэд хамт явсан Энхмэнд нь үгүй гэсэн. Би эрүүл хүнд нь итгэнэ. Ямар ч байсан яаралтай тусламж үзүүлээд, нэлээн удаан цагаар ажиглаж тусламж үзүүлнэ гэсэн бодолтойгоор яарч хуулийн байгууллагад хандаагүй. Анх ирэхдээ А.Э архитай шилээр цохисон эсэхээ хэлсэн бол яаралтай эмч дуудах эсэх асуудлыг шийдвэрлэж болох байсан байх гэжээ.

Талийгаач Н.Б-ийн их тархины баруун дэлбэнгийн чамархайн хэсэгт аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт бүхий хүнд гэмтэл учирсан болохыг Номгон сумын эрүүл мэндийн төвд нарийвчлан бүрэн оношлох техник, тоног төхөөрөмж байхгүй.

Шүүгдэгч А.Э нь Н.Б-ийн толгойн тус газарт цохисон үйлдлээ анхны тусламж үзүүлсэн эмч, сувилагчид хэлээгүй, мөн тус төвийн эмч, сувилагч нар нь дээрх гэмтэлд Эмнэлгийн шатлалын хувьд хагалгаа хийх боломжгүй юм.

2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Номгон сумын эрүүл мэндийн төвийн эмч Х.Мягдагмаа талийгаач Н.Б-д анхны тусламж үзүүлэхээр деклодинк, 100-тай натри, магнизм гэх эмчилгээг түргэн тусламжийн хуудсанд бичсэн.

Уг эмчилгээг талийгаач Н.Б-д хийсэн ч их тархины баруун дэлбэнгийн чамархайн хэсэгт аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт бүхий хүнд гэмтэл нь эмчлэгдэх боломжгүй болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул талийгаач Н.Б-ийн амь насыг аврахад цаг хугацаа алдсан гэх эмч, эмнэлэгийн ажилтны буруутай  үйл ажиллагаа тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч А.Э-ийг хүний алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.    

Шүүгдэгч А.Э нь хувийн байдлын хувьд 30 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Говийн бага дархан цаазат газрын Номгон сумын А хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Номгон сум, 3 дугаар баг, Жирмийн 08-07 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-130/, Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн засаг даргын тодорхойлолт /хх-131/, Номгон сумын засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт /хх-132/, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажил байдлын тодорхойлолт /хх-133/, эрх зүйч мэргэжлийн дипломын хуулбар /хх-134-135/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-136/ Номгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-139/, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын тушаалын хуулбар /хх-140/, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын даргын тушаал /хх-141-142/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-152/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Э-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Э-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч А.Э-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийн тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

Тус гэмтхэргийн улмаас Н.Б-ийн амь нас хохирч хор уршгийг арилгах боломжгүй байдал бий болсон.

Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан эмчилгээ, сэтгэл санааны хохирол, оршуулгын зардалд нийт 19.321.100 төгрөгийг шүүгдэгч А.Э төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батчимэгийн “... хохирол төлбөрт 19.321.100 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт /хх-159/ зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 литрийн савлагаатай хар хөх өнгийн ARKHI гэсэн шошго бүхий шилтэй архийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүх эмнэлгийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Э хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч А.Э хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Батчимэгт оршуулгын зардал, эмчилгээ, сэтгэл санааны хохирол төлбөрт 19.321.100 /арван есөн сая гурван зуун хорин нэгэн мянга нэг зуу/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч А.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 литрийн савлагаатай хар хөх өнгийн ARKHI гэсэн шошго бүхий шилтэй архийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүх эмнэлгийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг  тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Т.ДЭЛГЭРМАА

                                      ШҮҮГЧИД                                            П.ПАГМА

                                                                                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ