Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 03

 

 

С.Чимэгтогоогийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн

 Өмнөдэлгэр сумын 14 дүгээр цэцэрлэгт   холбогдох

иргэний хэргийн талаар

 

                                                                                                                                             226/2017/00002/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга, нэхэмжлэгч С.Чимэгтогоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Болдбаатарын даргалж шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 635 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Чимэгтогоогийн давж заалдах гомдлоор “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Чимэгтогоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халагдсан. Эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам бүх ажилчдын хурлаар орж батлагдаагүй, гомдол гаргасан гэх эцэг, эх өргөдлөө өөрсдөө бичээгүй, эрхлэгч хүнээр бичүүлээд ир гээд шахаж байж бичүүлсэн өргөдөл нь он, сар, өдөр тодорхойгүй, тухайн иргэд нь гомдлоо буцаан авсан байхад шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би урьд нь  сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Мөн хамт зөрчил гаргасан хэмээн үзэж арга хэмжээ авахдаа ялгаварлан хандаж шат дараалсан арга хэмжээ авалгүй, батлагдаагүй хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэж ажлаас халсанд гомдолтой байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 461 540 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч С.Чимэгтогоо нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд Өмнөдэлгэр сумын Хэнтий бригадад байрлах гэр цэцэрлэгт тогоочоор ажилласан.  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэр цэцэрлэгийн бүлгийн багш байхгүй би туслах багштай хамт ажиллаж байсан. Тухайн өдөр нэг хүүхэд нэг хүүхдийг хазсан юм.  Би хүүхэд хазчихлаа гэж туслах багшид хэлсэн. Би хазуулсан хүүхдийг аваад хацрын хонхорхойг нь сорж гаргасан. Тэгэхэд туслах багш Ууганбаяр хүүхэд хаздаг хүүхдийг давсаар домнодог, манай дүүгийн хүүхэд ингээд хазаад байхаар нь аманд нь давс хийсэн чинь зүгээр болсон гэж хэлсэн. Би хазсан хүүхдийн аманд чимх давс хийгээд дараа нь цай уулгаад орхисон. Энэ санаачлагыг туслах багш Ууганбаяр гаргасан. Намайг хүүхдийн аманд давс хийх үед Ууганбаяр багш хажууд байсан. Аманд нь давс хийсэн хүүхэд тэр өдөр зүгээр байсан ямар нэгэн эвгүй байдал ажиглагдаагүй. Гэртээ очоод халуурсан гэж хэлсэн. ... Үүнээс хойш би ямар нэгэн юм сонсоогүй. 8 сарын дундуур ажил цугласан 8 дугаар сарын 23-ны өдөр дарга ирээд тантай уулзана гэсэн. Тэгтэл эцэг эхээс гомдол ирсэн хүүхдийн аманд давс хийсэн байна гэж  хэлээд багш нар цуглаж хурал хийсэн. Би хурал дээр “Ууганбаяр багш давс хий гэсэн” гэж хэлсэн чинь “би тэгэж хэлээгүй”  гээд байсан. Намайг үг хэлүүлэхгүй байсан. Өмнөх арга хэмжээг авахдаа ч гэсэн тушаал гаргаж надад өгч байгаагүй. Хамт зөрчил гаргасан хэмээн үзэж арга хэмжээ авахдаа ялгаварлан хандаж шат дараалсан арга хэмжээ авалгүй, батлагдаагүй хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэж ажлаас халсанд гомдолтой байгаа тул ажилд эгүүлэн тогтоож,    ажилгүй байх хугацааны 1.384.620 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.  

Хариуцагч О.Ганцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч Чимэгтогоо хүүхдийн аманд давс хийсэн гэдгээ хүлээсэн. Би түүнийг шууд ажлаас халалгүйгээр албан тушаал бууруулаад ажиллуулъя гэхэд үгүй цалингийн арга хэмжээ авахуулья гэсэн. Өмнө нь хүүхдийн баасыг цэвэрлэхгүй удаан хугацаанд суулгаж нойтон даавуугаар гуядаж зөрчил гаргаж байсан. Тухайн үед энэ зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байсан. Арга зүйч бид хоёр ангийнх нь  камерын бичлэг үзэж өөрт нь харуулан хүлээн зөвшөөрүүлж байсан юм. Гэтэл өмнөх алдаагаа дахин давтаж хүүхдийн эрхэнд халдсан зүйл хийж байна. Чимэгтогоог зөрчил гаргах үед  цуг ажиллаж байсан туслах багш Ууганбаярыг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулж, бүлгийн багшид нь сануулах арга хэмжээ авсан. Тухайн үед ийм зүйл болсон тухай Чимэгтогоо багш болон Ууганбаяр багш нар надад огт хэлээгүй. Хүүхдийн аманд давс хийсэн тухайгаа хүүхдийн эцэг эхэд ч хэлээгүй байсан. Гэр цэцэрлэгт хүүхдийн нас хамаарахгүйгээр авдаг.  Давс хийлгэсэн хүүхдийн таван настай эгч нь нэг ангид  байсан учраас гэртээ хариад багш дүүгийн маань аманд давс хийсэн гэж ээж, аавдаа хэлснээр эцэг эх нь мэдсэн байсан.  Багш хүн хүүхдийн насны онцлогт тааруулан эерэг байдлаар хандах ёстой байсан. С.Чимэгтогоог ажлаас чөлөөлөх тушаал гарахаас өмнө 8 дугаар сарын цалин бүтэн тавигдсан байсан тул 8 сар дуустал хугацаанд ажиллах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь хот яваад 8 хоног ажилдаа ирээгүй. 8 дугаар сарын 31-ний өдөр ирээд даргаа би яах вэ гэсэн би “танд найман сарын цалинг бүтэн бичсэн”, гэтэл та найм хоног ажил тасалсан байна. Мөн та миний тавьсан саналыг хүлээж аваагүй тул би шийдвэрээ гаргая гэсэн.  Давс бол химийн бүтээгдэхүүн, биеэ хамгаалах чадваргүй хүүхдэд давс өгсөн үйлдлийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан тушаал гаргасан. ... Байгууллагын дотоод журмын 7.2-д ноцтой зөрчлийг тодорхойлсон. Хүүхдийн хийсэн зүйлийн буруу, зөвийг багш сурган хүмүүжүүлэгчид зааж сургаж байдаг. Хүүхдэд хүчирхийллийн аргаар шийтгэл ногдуулахгүй байх ёстой. Давс нь химийн бодис. Хоёр настай хүүхдэд давс өгөх нь өөрөө хүчирхийллийн хэлбэр юм. Иймд гаргасан шийдвэрээ дэмжиж байна гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар  сарын 09-ний өдрийн 635 дугаартай шийдвэрээр:  Нэхэмжлэгч С.Чимэгтогоогийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд тооцож 1 384 620 /нэг сая гурван зуун наян дөрвөн мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Чимэгтогоог улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч С.Чимэгтогоод буцаан олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Чимэгтогоо нь давж заалдах гомдолдоо: Би хүүхдийг тухайн буруу үйлдлээ дахин гаргуулахгүй болгохоор түүний аманд давс хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч  албан ёсоор эцэг эхээс нь уучлалт гуйж, эрүүл мэндийн хувьд хүүхдэд ямар нэгэн хор нөлөөгүй гэдгийг эмч тодорхойлсон. Ер нь хүүхдүүд нэг нэгнийгээ хазаж гэмтээнэ гэдэг бол тухайн ангийн багш, туслах багшийн хариуцлагагүй үйлдэлтэй шууд холбоотой. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг. Гэтэл миний бие хариуцлага алдсан туслах  багш В.Ууганбаярын хэлж, ярьснаар хүүхэд хазсан хүүхдийн аманд чимх давс хийснийхээ төлөө ажлаас чөлөөлөгдөх арга хэмжээ авахуулсан. Харин бүлгийн багш, туслах багш нарт сахилгын өөр шийтгэл ногдуулж ялгаварлан гадуурхаж байна гэж нэхэмжлэлд дурьдсаныг анхан шатны шүүх огт хэлэлцээгүйд гомдолтой байна. Намайг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээнд шууд ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлах талаар заагаагүй заалтыг барьж өөр төрлийн сахилгын шийтгэл оногдуулах боломж нөхцлийг хайлгүй шууд ажлаас халсан нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  хуулийн  шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна..

Нэхэмжлэгч С.Чимэгтогоо нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

   Шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ “С.Чимэгтогоог ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 09 сарын 01 ний өдрийн Өмнөдэлгэр сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн Б/30 дугаар тушаал, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогч ажилтны хооронд 2014 оны  8 дугаар сарын 22- ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудын хэмжээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн гэрээнд заасан заасан ноцтой зөрчил гэдгийг гэрээний талууд ажлын байр, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн зааж тодорхойлсон байдаг.

            Ажил олгогчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30дугаар тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 14 дүгээр цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 7.2-т заасан “багш  ажилтан хүүхдэд шийтгэлийн буруу арга хэрэглэсэн, хүүхдийг бие болон сэтгэл санааны дарамтанд оруулсан”, мөн ажилтан С.Чимэгтогоотой байгуулсан  хөдөлмөрийн гэрээний 2.3-т “ хөдөлмөрчдөөс ёс зүйн соёлгүй харьцсан талаар мэдээлэл ирсэн” тохиолдолд  ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан байна.

Ажилтан С.Чимэгтогоо нь 2016 оны 06 сарын  30 ны өдөр “2 настай хүү Ц.Наранзулыг хүүхэд хазлаа гэж аманд нь давс хийж ёс зүйн зөрчил гаргасан талаар хүүгийн эцэг эхээс гомдол гаргасан /хх 8 тал/ мөн тэрээр  цэцэрлэгийн багш нарын зөвлөлийн хурал дээр сахилгын зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрчээ.

Иймд  хөдөлмөрийн гэрээнд заасан   ноцтой зөрчил гаргаагүй байхад шат дараалсан арга хэмжээ авалгүй хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан  ажил олгогчийн тушаалыг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэгч С.Чимэгтогоогийн  давж заалдах гомдлыг хүлээн авах  боломжгүй байна.

Анхан шатны шүүх  шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн зохих зүйл заалтыг баримтлаагүй байх тул зөвтгөх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч С.Чимэгтогоогийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 09 ний өдрийн 635 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нэхэмжлэгч” гэсний өмнө “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар” гэснийг нэмж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч С.Чимэгтогоо нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

 

                                      ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Я.АЛТАННАВЧ