| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2017/0030/и |
| Дугаар | 20 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 20
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2017 оны 01 дүгээр
сарын 09-ний өдөр Дугаар 20 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багт оршин суух, /РД:ЛБ67011824, утасны дугаар 99622731/, Баруун-Урт овогт Галсандоржийн Түмэн-Өлзийгийн
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Түмэн-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Түмэн-Өлзий нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1983-1990 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Гэтэл энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч гарын үсэг нь өөр хүний гарын үсгээр бөглөгдсөн, тамга тэмдэг тод биш гэсэн учир шүүхээр баталгаажуул гэсэн юм. Иймд 1983-1990 онуудад “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Баруун-Урт овогт Галсандоржийн Түмэн-Өлзий нь 1983-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Г.Түмэн-Өлзий 1983 оны 6 дугаар сарын 16-наас 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны 282/15 тоот лавлагаа, 1983 оны 6 дугаар сарын 17-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа,
-гэрч Гэдгэр овогт Гэндэнжамцийн Адъяа /РД:ЛБ47111205/-гийн “Г.Түмэн-Өлзий нь 1983 онд 8-р ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн Дэлгэр бригадад аав, ээж дээрээ илгээлтийн эзнээр 1983-1990 оныг дуустал бог мал малладаг байсан. Түмэн-Өлзийн ээжийг Аюурзана, аавыг нь Галсандорж гэдэг хүмүүс байсан. Түмэн-Өлзий 1985 онд нутгийнхаа Аваадорж гэдэг хүнтэй суусан. Эднийх 4 хүүхэдтэй. Түмэн-Өлзий нь тухайн нэгдэлдээ тасралтгүй ажилласан. Тухайн үед цалингаа аваад дор дор нь бөглөлтөө хийлгүй дараа нөхөж бичихдээ нэг дор бүгдийг нь нэг гарын үсгээр бөглөх үе байдаг байсан. Энэ нь тухайн үеийн дарга нартай холбоотой байх. Би сумынхаа худалдаа бэлтгэлийн ангид худалдагч хийж байгаад сүүлд эдийн засагчаа ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-гэрч Тэмээчин овогт Цэндийн Нямсүрэн /РД:ЛЮ66061216/-ийн “Г.Түмэн-Өлзий нь 1983 онд сургуулиа төгсөөд илгээлтээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1983-1990 оныг дуустал эм хонь маллаж байсан. Би 4 дүгээр ангиа төгсөөд 1984 онд цэрэгт яваад 1987 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажилласан. Г.Түмэн-Өлзий тус нэгдэлд тасралтгүй ажилласан. Түмэн-Өлзийгийн нөхрийг нь Дагаарагчаагийн Аваадорж гэдэг хүн байдаг. 4 хүүхэдтэй. 3 охинтой нэг хүүтэй айл юм. Түмэн-Өлзийтэй нэг нэгдэлд ажиллаж байсан болохоо ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Иймд Г.Түмэн-Өлзийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Баруун-Урт овогт Галсандоржийн Түмэн-Өлзий нь 1983 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Түмэн-Өлзийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ