Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 46

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Т.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-д холбогдох 2028000120034 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдсэн,

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ХМШЗ/94 дугаартай шүүгчийн захирамжаар 5 сар 12 хоногийн хорих ялын хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал сумын Мандал багийн нутаг дэвсгэр “Ханын хэц сэгстийн бууц” гэх газарт оршин суух иргэн Э.Баясгалангийн гэрийн гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоцикль, гэрт нь байсан саарал даавуун хөвөнтэй дээл, үнэгэн малгай, эрээн өнгийн ноосон ороолт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч Э.Баясгаланд 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр согтуугаар Өмнөговь аймгийн Цогт- Овоо сумын Найз багийн Шар толгой гэх газарт нутаглах иргэн Х.Д гэрийн гадна байсан Д.Б-н эзэмшлийн 19-12 ӨМА улсын дугаартай Тоёота Фит маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.568.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өгөхгүй, сая прокурор яллах дүгнэлтэдээ уншчихсан учир мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ‘’...Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Цогт-Овоо сум Найз баг Шар толгой гэх газарт гэртээ байсан. Тэгсэн манай аав Доржтовуу 11 цагийн үед нэг хүнтэй хамт ирсэн. Тэгээд аав тэр хүнтэй Ерөөл нэртэй 0.5 граммын нэг шил архи хувааж уусан. Тухайн үед би аймаг явах ажилтай байсан учраас аавд аймаг явах гэж байгаагаа хэлсэн тэгсэн аав хамт ирсэн хүнээ аймаг руу явахдаа аваад яв гэсэн тэгээд би аймаг явахдаа О гээд залууг аваад явсан юм. Би гэрээс гараад баруун хойшоо засмал зам дээр нөгөө хүнийг буулгаж орхисон. Тэгээд би чигээрээ аймаг явсан. Тэгсэн сүлжээ ороход аав утсаар залгаад гэрийн гадаа байсан машин алга болсон байна гэсэн. Тэгээд би эргээд хөдөө гэрээр ороод цаашаа Цогт-Овоо сум орсон... Миний машиныг О гэдэг хүн хулгайлж унаж яваад унагаж эвдэлсэн байсан. Одоогоор бол миний машиныг урд салхины шил, урд 2 хаалга, машин кабин гажиж эвдэрсэн байсан. Мотор асахгүй байсан. Уг нь би машиныхаа мотор кроп эд ангийг бүхэлд нь сольсон байсан. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр бол 2.568.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Би энэ хүнээс энэ үнэлгээний дагуу мөнгөө гаргуулан авмаар байна...’’ гэжээ /хх-24-25/

Гэрч Х.Д мөрдөн байцаалтын шатанд  өгсөн мэдүүлэгтээ: ‘’...2019 оны 12-р сарын 31-ний өглөө 10 цагийн үед аймгаас Цогт-Овоо сум, Найз баг руу хөдөө гэр лүүгээ 19-12 өма улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байтал аймгийн зүүн талд хаалганы зүүн талд замын хажууд цүнх үүрсэн хар куртикатай нэг хүн гар өргөөд зогсож байсан. Тэгээд зогсоод тэр залуутай уулзахад би хот явж байна. Жаахан дөхөөд бууя гэсэн. Тэгэхээр нь за тэг гээд машиндаа суулгаад хөдөө гэртээ очсон. Ер нь бол гэрийн гадуур машин их явдаг байсан болохоор унаа олдох байх гэж бодсон. Тэгээд гэрт ирээд манайд нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи тэр залуутай хувааж уусан. Тэгээд манай хүү Бат-Эрдэнэ аймаг явах ажилтай байсан болохоор хүүтэй хамт зам руу портер машинтай явуулсан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдээд нойр хүрээд жаахан унтсан байсан. Тэгээд сэрээд гадаа гартал гэрийн гадаа байсан машин алга болсон байсан тул сумын цагдаад мэдэгдсэн...’’ гэжээ. /хх-26-27/

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ’’...Би Цогт-Овоо сум Найз 3-р багт хөдөө Шар толгой гэх газар гэртээ байж байсан. Тэгсэн үдээс өмнө аав Доржтовуу 11 цагийн нэг хүнтэй хамт ирсэн. Тэгээд аав тэр хүнтэй Ерөөл нэртэй 0.5 граммын нэг шил архи хувааж уусан. Тэгээд би аймаг явах ажилтай байсан. Тэгсэн аймаг явах үед аав Огтбиш гээд залууг аваад яв гээд надтай хамт явуулсан. Тэгээд би машинтай яваад гэрээс баруун хойшоо засмал зам дээр буулгаж орхисон. Тэгээд би чигээрээ аймаг явсан. Тэгсэн сүлжээ ороход аав утсаар залгаад гэрийн гадаа байсан машин алга болсон байна гэсэн. Тэгээд би эргээд хөдөө гэрээр ороод цаашаа Цогт-Овоо сум орсон...’’/хх-28/

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ‘’ ... 2020 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө эзгүй орхисон гэрийн гаднаас мотоцикль алга болсныг би өөрийн эцэг Эрдэнэбуянгаас мэдсэн надаа хэлэхдээ утсаар яриад чиний мотоцикль алга болсон байна гэсэн тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчид мэдүүлж ойр хавийн айлаас утсаар сурагласан. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчтэй гэртээ ирэхэд миний гэрт байсан саарал өнгийн даавуун хөвөнтэй дээл, үнэгэн малгай, эрээн өнгийн ноосон ороолт зэрэг байхгүй болсон байсан. Манай гэр эзгүй байсан бөгөөд би эхнэр хүүхдүүдийн хамт Мандал-Овоо сумын төв орж эмчид үзүүлэхээр явсан байсан...’’ гэжээ /хх-51/,

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ’’... Би 2020 оны 01 сарын 04-ний өдөр гэрээ эзгүй орхиж сумын төв орсон 2020 оны 01 сарын 06-07-нд шилжих шөнө хөдөө гэрийн гадаа байсан мотоцикль алга болсон байсныг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүн утсаар хэлсэн мотоцикль чинь алга болсон байна гэж хэлсэн тэгээд би ойр хавийн айлуудаар утсаар сурагласан тэгсэн манайхаас хойш 40 километрийн зайд шөнө 02 цагийн үед Ганбат гэх айлаар миний мотоцикольтой адилхан шинж тэмдэг нь даарч байсан тухайн хүн нь танихгүй хүн байсан гэж дуулсан. Тэгээд сумын цагдаад мэдэгдсэн таны хамт гэрт очиход миний мотоцикль байсан газраа байхгүй болсон мөн гэр байсан дээл, малгай, ороолт алга болсон байсан...’’ гэжээ. /хх-52-53/,

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:’’...Би 2020 оны 01 сарын 06-ны орой гэртээ ганцаараа байж байсан юм тэгсэн манайд үл таних хүн явган гэрийн гадаа ирээд нохойгоо аваарай гэсэн тэгээд би гарч гар чийдэн тусгаж харахад танихгүй хүн зогсож байсан би битий хөдлөөрөй нохой урна гээд хувцасаа өмсөөд гараад нохой хориж гэртээ оруулсан орж ирсэн хүнд цай халааж бууз өгөөд хаанаас яваа хүн бэ гэж асуухад би Ёлын амны тэндээс Мөнхбаяр гэх айлд малчин байж байгаад хөлсөн дээрээсээ муудалцаад хар хорин сум яваж байна гэж хэлсэн би та хоноод яв гэсэн би газар дөхөж байя явна гээд зам асуусан тэгэхэд нь манай гэрийн гаднаас Мандал баг орох замыг зааж өгсөн тэгээд гараад явсан... 30 орчим насны шар царайтай, толгойдоо тачирхан хусаад ургаж байгаа болтой үстэй, онигор бор ногоон нүдтэй, унжгардуу хамартай, зуувандуу эрүүтэй, шар өнгийн ёрсгой шүдтэй, өндөр нь 168-170 орчим өндөртэй туранхайвтар хүн байсан. Хар өнгийн малгайтай цамц өмссөн гадуураа хар, бараан өнгийн куртектэй бараан өнгийн өмдтэй, богинохон түрүүтэй арзгар ултай гуталтай байсан тухайн хүн манай гэрийн гадаа явган ирсэн байсан би нохой хориж өгөхдөө гархад ямарч унаа байгаагүй. Мөн байна энэ өмссөн цамц нь адилхан энэ зургийг авхуулаад удаагүй зураг байна, царай зүс яг мөн байна.’’ гэжээ /хх-54-55/,

Гэрч А.Г мөрдөн байцаалтын гатанд өгсөн мэдүүлэгтээ: ’’...Би 2020 оны 01 сарын 06-07-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Саарал дээлтэй, Хар малгайтай цамц давхарлаж өмссөн тачирхан үстэй шар царайтай сахалгүй оросгой шүдтэй туранхай хүн булган сумаас Өвөрхангай аймгийн Богд сум орох гэж яваад замдаа төөрчлөө гээд намайг гэртээ унтаж байхад орж ирсэн зам асууя гээд гэрэл асаасан тэгээд би босоод гэрэл асааж гал түлээд мах чанасан байснаа тэр хүнд өгсөн тэр хүн манайд хоол идээд би Өвөрхангайн Богд орох зам зааж өгсөн тэр хүнд зам зааж өгөх гээд хамт гарч ирэхэд Баясгалангийн мотоциколтой адилхан мотоцикль байсан би тэр үед мотоциклио зарсан юм байх гэж бодоод өнгөрсөн тэр хүн манай гэрийн тэндээс ертөнцийн зүгээр баруун тийш 03 цаг өнгөрч байхад явсан...Таниж байна тухайн шөнө манайд ирсэн хүн мөн байна. Тухайн үед манайд ирэхдээ нэлээд даарсан шинжтэй орож ирээд зуухны ард 01 цаг орчим мах идэж дулаацаж суусан, манайд ирэхдээ энэ цамцныхаа гадуур бор өнгийн куртек бололтой зүйл өмссөн мөн гадуур нь хуучин саарал дээлтэй хар цагаантай алаг ороолт бүсэлсэн, цамцны малгайгаа өмсчихөөд тайлахгүй байсан явах гээд гарахад тухайн хүний унаж явсан мотоцикль дээрээс хуучин үнэгэн жолооч малгай өмсөж байсан, царай зүс яг мөн байна.’’ /хх-56-57/

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 234 дугаартай  үнэлгээний тайланд: ’’...Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн 19-12 ӨМА улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд монгол улсад орж ирсэн Хонда пит маркийн автомашин техникийн эвдрэл хохирол 2.568.000 төгрөг гэжээ. /хх-32/

Загсүүжинговь ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн оношилгооны хуудсанд Хонда пит маркийн 19-12 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн “мотор цохисон” гэжээ. /хх-33/,

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ӨМА:1000379 дугаартай үнэлгээний тайланд: ’’...Э.Баясгалангийн эзэмшлийн 2018 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд монгол улсад орж ирсэн Мустанг маркийн тээврийн хэрэгсэл 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1,000,000 төгрөгийн ханштай болохыг тодорхойлов.” /хх-67-68/,

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ӨМ 20/11 дугаартай  үнэлгээний тайланд: ’’...гар хийцийн Монгол дээл 20.000 төгрөг, гар хийцийн үнэгэн малгай 10.000 төгрөг нийт 30.000 төгрөг...” гэжээ. /хх-71/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-21/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-43-44/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-45-49/,

Гурвантэс сумын тост багийн засаг даргын тодорхойлолт /хх-98/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-99/,

Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-102/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-108/,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-110-115/,

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-117-122/,

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-123-126/,

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-133-135/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Т.Огтбишид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд шүүгдэгч Т.О-ийн уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Т.О-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал сумын Мандал багийн нутаг дэвсгэр “Ханын хэц сэгстийн бууц” гэх газарт оршин суух иргэн Э.Б-ийн гэрийн гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоцикль, гэрт нь байсан саарал даавуун хөвөнтэй дээл, үнэгэн малгай, эрээн өнгийн ноосон ороолт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч Э.Б-д 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Мөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр согтуугаар Өмнөговь аймгийн Цогт- Овоо сумын Найз багийн Шар толгой гэх газарт нутаглах иргэн Х.Д-ийн гэрийн гадна байсан Д.Б-ийн эзэмшлийн 19-12 ӨМА улсын дугаартай Тоёота Фит маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.568.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдснийг ойлгохоор тайлбарласан.

Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улаанбаатар хот явах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн Шар толгой гэх газарт нутаглах иргэн Х.Д-ийн гэрийн гадна байсан Д.Б-ийн эзэмшлийн 19-12 ӨМА улсын дугаартай Тоёота Фит маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр жолоодон явж тээврийн хэрэгслийг онхолдуулж хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг дэвсгэр “Ханын хэц сэгстийн бууц” гэх газарт оршин суух иргэн Э.Б-гийн гэрийн гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоцикль, гэрт байсан саарал даавуун хөвөнтэй дээл, үнэгэн малгай, эрээн өнгийн ноосон ороолт зэрэг эд зүйлийг гэрийн хаалга цоожгүй байхад нь орж эд хөрөнгийн хохирол учруулсан нь хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 02 сарын 18-ны өдрийн ӨМА:1000379 дугаартай: ’’...Э.Б-ийн эзэмшлийн 2018 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол улсад орж ирсэн Мустанг маркийн тээврийн хэрэгсэл 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1.000.000 төгрөгийн ханштай болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-67-68/,

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 01 сарын 18-ны өдрийн ӨМ 20/11 дугаартай: ’’...гар хийцийн Монгол дээл 20.000 төгрөг, гар хийцийн үнэгэн малгай 10.000 төгрөг нийт 30.000 төгрөг гэх дүгнэлт /хх-71/, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 01 сарын 04-ний өдрийн 234 дугаартай: ’’...Д.Б-ийн  эзэмшлийн 19-12 ӨМА улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн Хонда фит маркийн автомашин техникийн эвдрэл хохирол 2.568.000 төгрөг гэх дүгнэлт /хх-32/,

Загсүүжинговь ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн оношилгооны хуудсанд Хонда пит маркийн 19-12 өма улсын дугаартай тээврийн хэрэгслийн “мотор цохисон” гэх /хх-33/ зэрэг дүгнэлтүүд нь тусгай мэдлэг бүхий шинжээчид зах зээлийн жижиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглан хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хохирол төлбөрийг дүгнэлтэд заасан дүнгээр тооцож шийдвэрлэв.

Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 36.850 төгрөгийн эд зүйлийн үнэлгээ гарсан хэдий ч уг эд зүйлийг шүүгдэгч Т.О-ийг хулгайлсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож хохирлыг гаргуулах үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Т.О-ээс 2.568.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д, 1.030.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б-д тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.О нь хувийн байдлын хувьд 1989 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдсэн, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай нагийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ХМШЗ/94 дугаартай шүүгчийн захирамжаар 5 сар 12 хоногийн хорих ялын хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь Гурвантэс сумын тост багийн засаг даргын тодорхойлолт /хх-98/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-99/, Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-102/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-108/, Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-110-115/, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-117-122/, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-123-126/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-133-135/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт “Хэнтий, Сүхбаатар аймагт хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн боловч хавтаст хэргийн хүрээнд авагдсан “Т.О нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаагүй” гэх Булган аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг /хх-147/, Увс аймаг дахь цагдаагийн газрын албан бичиг /хх-148/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдаагийн хэлтсийн албан бичиг /хх-149/, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын албан бичиг /хх-150/, Архангай аймаг дахь цагдаагийн газрын албан бичиг /хх-51/, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн албан бичиг /хх-152/, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын албан бичиг /хх-153/, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын албан бичиг /хх-154/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн албан бичиг /хх-155/, Орхон аймаг дахь цагдаагийн газрын албан бичиг /хх-156/, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын албан бичиг /хх-157/-ээр тус аймгуудад гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Т.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Т.О урьд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ХМШЗ/94 дугаартай шүүгчийн захирамжаар 5 сар 12 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Т.О-д Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ял болох 5 сар 12 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2  жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 5 сар 12 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Т.О-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 2 жил 5 сар 12 хоногийн хугацаагаар хорих хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шүүгдэгч Т.О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн ба 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 35 хоног цагдан хоригдсон байх тул тус хугацааг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д оногдуулсан 2  жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/  жил 5 /тав / 12 /арван хоёр/  хоногийн хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялаас хасаж тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ээс 1.030.000 /нэг сая гучин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б /Мандал-Овоо сумын Мандал багт оршин суух регистрийн дугаар КД90050910/-д, 2.568.000 /хоёр сая таван зуун жаран найман мянга/  төгрөгийг гаргуулан хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Б /Цогт-Овоо сумын Найз багт оршин суух, регистрийн дугаар КМ92050518/-д тус тус олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ