Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 19

 

 

 

    СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2017 оны 01 дүгээр

сарын 09-ний өдөр                                  Дугаар 19                                     Баруун-Урт

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар баг, “Шандан толгой” гэх газар нутаглах, /РД:ЛК56112218, утасны дугаар 98838401/, Шүнгээ надал овогт Лхамзавын Амгаланбаатарын 

 

“Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 281/15 тоот лавлагааны эзэмшигч мөн болохоо тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Амгаланбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.Амгаланбаатар миний бие 1972 оны 7 дугаар сараас 1974 оны 4 дүгээр сар хүртэл, 1978 оны 7 дугаар сараар 1989 оны 12 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир энэ ажилласан хугацааг шүүхээр баталгаажуул гэсэн. Иймд Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 281/15 тоот лавлагааг үндэслэн миний 1972 оны 7 дугаар сараас 1974 оны 4 дүгээр сар, 1978 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. 

 

Мөн зарим онуудад миний овгийг өвөг эцэг Надал гэдэг нэрээр, нэрийг хагас бичиж Амгалан гэж бичсэнийг зөвтгөж Аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 281/15 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү.

 

Миний бие нь хөдөө мал маллаж амьдардаг. Баруун-Урт сумаас 117 километрт нутагладаг. Шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул миний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч Шүнгээ надал овогт Лхамзавын Амгаланбаатар нь Аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 281/15 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1972 оны 7 дугаар сараас 1974 оны 4 дүгээр сар хүртэл, 1978 оны 7 дугаар сараар 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Л.Амгаланбаатар нь “Миний бие нь хөдөө мал маллаж амьдардаг. Баруун-Урт сумаас 117 километрт нутагладаг тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул миний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү  гэсэн хүсэлт ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Шүнгээ надал овогт Лхамзавын Амгаланбаатар нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 281/15 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болох нь, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1972 оны 7 дугаар сараас 1974 оны 4 дүгээр сар хүртэл, 1978 оны 7 дугаар сараар 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 281/15 тоот лавлагаа,  иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,

 

-гэрч Жигд овогт Долгорын Гантөмөр /РД:ЛК56060815/-ийн Л.Амгаланбаатар нь 5 дугаар ангиасаа сургуулиас гараад Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Дэлгэр” бригадад ээжтэйгээ мал маллах болсон. Ээж нь ганц бие хүн байдаг. Өөрөө хүний ганц хүү. Тэгээд 1974 оны 6 дугаар сард цэрэгт татагдаж 1977 онд цэргээс халагдаж ирсэн. 1978 оноос 1979 оныг хүртэл тус нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт жолоочоор ажиллаж байгаад дараагаар нь ээжийнхээ хамт үхэр маллаж байсан. Нэгдлийг тартал буюу 1991 оныг дуустал ажилласан. Би 1978 оноос тус нэгдэлд тоо бүртгэгчээр 1992 оныг дуустал ажиллаж байсан учраас Амгаланбаатарын ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлэг, 

 

-гэрч Мядаг овогт Даваадоржийн Лхамсүрэн /РД:ЛК46111711/-гийн “Л.Амгаланбаатар нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд ээжтэйгээ хамт мал малладаг байсан. Ээжийг нь Лхамсүрэн гэдэг хүн байсан. Л.Амгаланбаатар нь айлын ганц хүүхэд. 7 дугаар анги төгсөөд ээжтэйгээ Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1972 оноос эхлэн нэгдэлд тартал буюу 1990 он хүртэл малчнаар буюу нэгдлийн туслах ажилтнаар ажиллаж байсан. Л.Амгаланбаатар нь голдуу хонь, үхэр маллаж байсан. Ээж нь саальчин байсан. Л.Амгаланбаатар нь цэргийн алба хаасан. Яг хэдэн онд хаасныг сайн мэдэхгүй байна. Цэрэгт яваад жолооч болоод ирсэн. Амгаланбаатар нь ганц бие хүнтэй сууж байгаагүй. Одоо Уулбаян сумын 4 дүгээр багт хөдөө малаа маллан амьдарч байгаа. Амгаланбаатар нь Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд тасралтгүй ажилласан. Би бригадын дарга тоо бүртгэгчээр ажиллаж байсан” гэх  мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагч Л.Амгаланбаатарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч  нь  улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Шүнгээ надал овогт Лхамзавын Амгаланбаатар нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 281/15 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болох, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1972 оны 7 дугаар сараас 1974 оны 4 дүгээр сар хүртэл, 1978 оны 7 дугаар сараар 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Амгаланбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ