| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0047/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 47
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,
Шүүгдэгч Р.О,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.О-д холбогдох 2028000520033 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Монгол Улсын иргэн, эрэгтэй, 43 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Р.О нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Аргалантын 3-9 тоотод оршин суух Ч.Жаргалсайханы хашаанд У.Б-ийн төмсөг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Жаргалсайханы гэрт очиход Баярхүү гэдэг хүн согтуу сууж байсан. Өглөө нь би дүүтэйгээ очиход тэд нар архи уугаад сууцгааж байсан. Би архийг нь аваад хаячихсан чинь өөдөөс босож ирээд миний сахалнаас зулгаагаад байхаар нь боль гэсэн чинь гаръя чи яасан овоо юм гээд байсан. Хүүе чи боль яах гээд байгаа юм гэсэн чинь гараад ир чи муу гэсэн. Гараад очиход өөдөөс дайрсан тэгэхээр нь би түлхээд жийсэн. Тийм л зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би Аргалантын 3-9 тоотод найз Жаргалсайхантай гэрт нь бас Чойдорж гэдэг залуутай хамт архи ууж байтал өглөө 10-11 цагийн үед манай найз Мөнхмандах, Багахүү нар ирсэн тэгээд Мөнхмандах нь намайг одоо болиоч гэртээ хариач гэж хэлээд бид нарын ууж байсан шилтэй архийг аваад тэр хоёр явсан тэгээд би Чойдоржтой хамт дэлгүүр орж 2 шил архи авч ирээд хувааж уусан тэгээд бид нар 2 шил архийг ууж дуусаагүй байхад Багахүү ганцаараа ирсэн тэгээд бид нар юм ярьж байгаад би Багахүүтэй муудалцсан санагдаж байгаа тэгээд зодолдох гээд Багахүү бид хоёр гэрээс гарсан би түрүүлж гарсан тэгээд Багахүү гарч ирээд шууд миний давсаг руу өшиглөсөн тэгээд миний толгой руу гараараа 2 удаа цохисон тэгээд хажуугаас Чойдорж ирээд салгасан тэгээд намайг аваад тэндээс яваад Чойдоржийн гэрт нь очиж хоносон. Багахүүд өшиглүүлснээс болоод миний төмсөг өвдөөд байсан Чойдоржийнх руу замаас такси авч яваад хүргүүлсэн...Багахүү гэдэг нэр Олзвойгийн цээрлэж дууддаг нэр юм...Олзвой миний нэхэмжилсэн 760.500 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн...” гэжээ /хх-8-9/,
Гэрч Ч.Ж мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Баярхүү сүүлийн хоёр өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа ирлээ гээд манай гэрт ирсэн. Тэгээд хамтдаа архи ууж байж байгаад 09-ний өдөр бүтэн архи ууж өнжсөн маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед манай найз болох Мөнхмандах, Багахүү нар хамт манайд ирсэн тухайн үед бид нар дөнгөж босоод шартаад нэг шил архи задлаад ууж эхэлж байсан тухайн үед манайд Баярхүү, Чойдорж бид 3 байж байсан өөр хүн байгаагүй тэгсэн чинь Мөнхмандах та нар архиа боль, яасан их уудгийн гээд ууж байсан шилтэй архийг гаргаж хаяна гээд аваад гарсан Багахүү бас хамт явсан. Тэд нарыг явсны дараа Баярхүү, Чойдорж нар хамт гарч дэлгүүрээс 3 шил архи авч ирээд 3 лаа хувааж уугаад би согтоод унтчихсан нэг сэргэсэн чинь би гэртээ баруун орон дээрээ унтаж байсан Баярхүү зүүн орны хажууд унтаж байсан тэгэхэд цаг өдрийн 15 цаг өнгөрч байсан байх, тэгээд Баярхүү, Чойдорж бид 3 үлдсэн байсан нэг шил архийг хувааж уусан тэгсэн чинь би тасраад унтчихсан байсан сэргээд харсан чинь орой болчихсон би гэртээ ганцаараа унтаж байсан, Баярхүү, Чойдорж 2 гараад явсан байсан тэгэхэд гэрийн хаалга онгорхой, хашааны хаалга онгорхой орхиод явсан байсан тэгээд би гэртээ ганцаараа хоносон, түүнээс хойш Баярхүүтэй уулзаагүй. Өнөөдөр өдөр намайг гэртээ байж байтал Мөнгөн гэдэг Баярхүүгийн найз нь болох залуу над руу утсаар яриад Баярхүүгийн төмсгийг яасан юм өөрөө Багахүү өшиглөсөн гээд байна гэж асуусан тэгэхээр нь би мэдэхгүй, манайхаас явсан байна гэж хэлсэн....” гэжээ /хх-11-12/,
Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байж байтал Жаргалсайхан, Баярхүү нар манайд ирээд хамт явъя гэхээр нь би хамт яваад Жаргалсайхан ахынд очсон тэгээд тэнд архи ууцгаасан нийт 3 шил архи авсан байснаас 2 шил архийг бид гурав хувааж уусан тэгээд шөнө болгоод унтацгаасан, маргааш нь өглөө 10 цаг өнгөрөөж босоод үлдсэн 1 шил архиа задлаад ууж байтал гаднаас танилууд болох Мөнхмандах, Багахүү гэдэг хүмүүс орж ирээд бид нарыг архиа больцгоо гээд ууж байсан шилтэй архийг аваад явцгаасан, тэгсэн чинь Баярхүү ах надтай хамт явж дэлгүүрээс 3 шил 0.750 гр архи авчирсан тэрийг Жаргалсайханы гэрт Баярхүү, Жаргалсайхан бид 3 хувааж ууцгаасан, тэгээд сүүлийн архи бараг дуусаж байхад үдээс хойш 17-18 цагийн үед гаднаас Багахүү ах ороод ирсэн тэгсэн чинь Баярхүү ах Багахүү ах руу уурлаад чи муу миний архийг авч явсан хаана байна гэсэн чинь Багахүү ах би авсан юм уу гэсэн чинь Баярхүү ах Багахүү ахыг үзье зодолдъё гээд байсан тэгээд тэр хоёр хамтдаа гэрээс гарцгаасан тэгээд би араас нь дагаад гарсан чинь гадаа Багахүү ах Баярхүү ахыг тийрэх шиг болсон чинь Баярхүү ах зогсож байгаад шууд хажуу тийшээ унасан тэгэхээр нь би Баярхүү ахыг аваад хашаанаас нь гараад зам дээр гар өргөөд явж байсан машинаар манай гэр лүү таксидаж хүргүүлсэн. Багахүү ах бид нартай зэрэгцээд тэндээс явж байгаа харагдсан. Тэгээд манай гэрт очсоны дараа Б ах төмсөг өвдөөд байна гээд байсан тэгээд манайд хоноод маргааш өглөө нь Б ах гэр лүүгээ харина гээд гараад явсан....” гэжээ. /хх-14-15/,
Гэрч Ж.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө Аргалантын 3-9 тоотод байдаг найз Түвшинжаргалтай уулзах санаатай хүргэн ах О-той хамт явж байгаад гэрт нь очсон юм тэгэхэд Түвшинжаргал, Б нар нэг танихгүй залуутай архи уугаад сууж байсан тухайн үед би тэд нарыг 2-3 хоног бүтэн архи уусан гэснийг өмнө нь сонсож байсан, Түвшинжаргал, Б нар ч над руу утсаар согтуу яриад байсан болохоор тухайн үедээ тэд нарыг архиа боль одоо гэртээ харь гэж Б-д хэлчихээд ууж байсан хагас шил архийг нь авч гараад шидчихсэн тэгээд явсан түүнээс хойш би эргэж тэнд очоогүй....” гэжээ. /хх-16-17/,
2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...У.Б-ийн биед зүүн төмсгийн бүтэц нь алдагдан бяцарч задарсан, тэр төмсгийн орон зайд цусан хураа үүссэн, баруун төмсгийн гадаргууд цус хуралт үүссэн гэмтлүүдтэй байна. У.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. У.Б-ийн биед учирсан гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. У.Б-ийн баруун төмсгийн гадаргууд арьсан доор цус хурсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’’-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. У.Б-ийн зүүн төмсөгөнд учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.5.2-т зааснаар гэмтлээс үүссэн үлдэц уршиг гэдэг шалгуур шинжинд хамрагдах учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэжээ /хх-21/,
Үл хөдлөх хөрөнгийн талаарх улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-50/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-58/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/,
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-81-90/,
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, депозит дансны хуулга зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Р.О-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.О нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Аргалантын 3-9 тоотод оршин суух Ч.Жаргалсайханы хашаанд У.Б төмсөг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайгаар учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Багахүүтэй /Олзвойтой/ муудалцсан санагдаж байгаа тэгээд зодолдох гээд Багахүү бид хоёр гэрээс гарсан би түрүүлж гарсан тэгээд Багахүү гарч ирээд шууд миний давсаг руу өшиглөсөн тэгээд миний толгой руу гараараа 2 удаа цохисон тэгээд хажуугаас Чойдорж ирээд салгасан тэгээд намайг аваад тэндээс яваад Чойдоржийн гэрт нь очиж хоносон...” гэх мэдүүлэг /хх-8-9/, гэрч Б.Чойдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баярхүү ах Багахүү /Олзвой/ ахыг үзье зодолдъё гээд байсан тэгээд тэр хоёр хамтдаа гэрээс гарцгаасан тэгээд би араас нь дагаад гарсан чинь гадаа Багахүү ах Баярхүү ахыг тийрэх шиг болсон чинь Баярхүү ах зогсож байгаад шууд хажуу тийшээ унасан....” гэх мэдүүлэг /хх-14-15/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.О үйлдлийн улмаас хохирогч У.Б-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...У.Б-гийн биед зүүн төмсгийн бүтэц нь алдагдан бяцарч задарсан, тэр төмсгийн орон зайд цусан хураа үүссэн, баруун төмсгийн гадаргууд цус хуралт үүссэн гэмтлүүдтэй байна. У.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. У.Б-ийн биед учирсан гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. У.Б-гийн баруун төмсгийн гадаргууд арьсан доор цус хурсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’’-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. У.Б-гийн зүүн төмсөгөнд учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.5.2-т зааснаар гэмтлээс үүссэн үлдэц уршиг гэдэг шалгуур шинжинд хамрагдах учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...“ гэснээр /хх-21/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.О-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Баярхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмчилгээ хийлгэсэн эм тарианы мөнгө 760.452 төгрөгийг шүүгдэгч Р.О нь төлж барагдуулсан болох нь Хаан банкны дипозет дансны хуулга /хх-81-90/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Б-ийн “Одоо миний зүгээс одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-10/ зэргээр тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.Олзвойтой /Багахүүтэй/ “чи муу миний архийг авч явсан хаана байна. Үзье зодолдъё” гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар шүүгдэгч Р.О нь хохирогч У.Б төмсөг рүү өшиглөсөн үйлдлийн улмаас эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг гэм буруугийн санаатай гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ гэж хуульд заасан.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нотлох баримтаар /хх-63-75/ нийт 760.452 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч хохирогчийн Хаан банкны дансаар шилжүүлсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Б-ийн “...Р.О миний нэхэмжилсэн 760.500 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн би хүлээн авсан. Одоо миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-10/ , шүүгдэгчийн хохирол төлбөр төлсөн талаарх мэдүүлэг, 760.500 төгрөг шилүүлсэн гэх шүүгдэгч Р.О Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-81/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.О болон түүний өмгөөлөгч Б.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Б-ийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хохирогч У.Б-д учирсан гэмтлийн үлдэц уршиг шинжийг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.О-д холбогдох гэмт хэрэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй үндэслэл тогтоогдохгүй байх тул Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.О-н үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож прокурорын санал болгосон 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд шүүгдэгч дээрх хүсэлтээсээ татгалзсан нөхцөл байдал үүсгээгүй тул шүүх шүүгдэгч Р.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Р.О нь хувийн байдлын хувьд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 1977 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн, 43 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Мод үржүүлэхийн 3-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй болох нь Үл хөдлөх хөрөнгийн талаарх улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-50/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-58/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.О-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна гэж үзэв.
Улсын яллагч Л.Солонго тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч Р.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.
Шүүх шүүгдэгч Р.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Р.О-н цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Р.О мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Р.О торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй хийсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Р.О хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Б-д эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 760.452 /долоон зуун жаран мянга дөрвөн зуун тавь / төгрөг төлсөн болохыг, хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Р.О цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Р.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ