Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 51

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Өсвөр насны шүүгдэгч Э.Б, Ц.А,

Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.У, Г.О,

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А, Э.Б нарт холбогдох эрүүгийн 2028000000026 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 16 нас, 8 сар, 13 хоногтой, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас, 6 сар, 13 хоногтой байсан, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Баяндалай суманд 2003 оны 05 дугаар сарын 20-нд төрсөн, эрэгтэй, 16 нас, 10 сар, 17 хоногтой, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас, 8 сар, 17 хоногтой байсан, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

/Яллах дүгнэлтэд бичигдснээр/

Өсвөр насны шүүгдэгч Э.Б нь өсвөр насны шүүгдэгч  Ц.А-тай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багт байрлах “Таван-Эрдэнэ” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, бэлнээр 880.000 төгрөг, 4 ширхэг тамхи зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Д.Баярцэнгэлд 907.000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Ц.А нь өсвөр насны яллагдагч Э.Б-тай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багт байрлах “Таван-Эрдэнэ” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, бэлнээр 880.000 төгрөг, 4 ширхэг тамхи зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Д.Баярцэнгэлд 907.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Ц.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө би Б-нд хоносон. 12 цагийн үед Б бид 2 хашаан доторх алхыг авч явсан. Таван-Эрдэнэ дэлгүүрт ороод лангуун доор байсан цаасан хайрцагтай мөнгийг Б авсан. Баригдвал яана гэж хэлсэн. Мөнгө болон тамхийг авчихаад бид 2 шууд гэр рүү гүйсэн. Тухайн үед бид 2 авсан зүйлээ буцааж цагдаад өгөх гэж байсан боловч хэнд хэлэхээ мэдэхгүй байсан учир унтсан. Маргааш нь өглөө эрт цагдаа орж ирээд бид 2 авсан бүх зүйлийг хурааж авсан. Цагдаад эргүүлж өгсөн гэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 12 цагийн үед Ц.А-тай хамт хашаанд байсан нүүрсэн дээрээс алх аваад Таван-Эрдэнэ дэлгүүрийн гаднах болон доторх цоожийг эвдээд дэлгүүрийн лангууны доор байдаг шүүгээнээс 20.000-тын дэвсгэртээс атгаж аваад гэртээ харьсан. Гэртээ очоод тоолоход 44 ширхэг бөгөөд 880.000 төгрөг байсан. Тэр мөнгөө үрээгүй унтсан.  Маргааш цагдаа ирэхэд бүх мөнгийг нь гаргаж өгсөн. Бас 4 ширхэг тамхи авсан байсан. Тэр тамхиа бас хэрэглээгүй буцааж өгсөн гэв.

Өсвөр насны шүүгдэгч Ц.А-ийн хууль ёсны төлөөлөгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт: Маш их харамсалтай байна. Би хүүхдээ хулгай хийнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Айлд хэдэн мал байдаг би хувиараа оёдол хийдэг. Өдөржин юм угаачихаад хичээлээ хийх гэж байгаа байх гээд үлдээчихсэн. Хүүхдээ буруу хүмүүжүүлснээс боллоо гэж бодож байна. Миний хүүг эрдэм номтой сайн хүн болоход нь итгэл өгөөч гэв.  

Өсвөр насны шүүгдэгч Э.Б-ын хууль ёсны төлөөлөгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт:  Миний хувьд хөдөө байсан. Тухайн үед эмээ дээрээ байдаг. Эмээ дээрээ өссөн. Хөдөө аавтайгаа цуг явсан гэж бодсон. Тамхи татдаг гэдгийг нь мэдээгүй байж байгаад одоо мэдэж байна.  Өмнө нь надаас мөнгө хэрэгтэй байна гэхэд би өгөөгүй. Манай хүүхэд спортоор хичээллэдэг, дахин гэмт хэрэг зөрчил гаргахгүй. Гэнэн санаандгүй байдлаас болоод хүүхдүүдийн маань ийм асуудалд орлоо гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Өмнөговь аймаг Баяндалай сум худалдааны төвд Таван-Эрдэнэ нэртэй манай дэлгүүрт 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хулгай орсон байсан. Манай эхнэр Д.Цэенхорол тэр дэлгүүрийг ажиллуулдаг. 2020 оны 02 сарын 07-ны өглөө 09 цагт манай эхнэр Цэенхорол дэлгүүрт хулгай орсон байна. Цагдаа дуудаад ир гэж утсаар ярьсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөх гээд сумын цагдаагийн байранд очсон чинь төлөөлөгч аймаг руу ажлаар явсан гэсэн. Тэгээд цагдаа дагуулж очсон. Тэгсэн дэлгүүрийн гадна талын 1 цоожийг эвдээд, дотогш орж давхар хаалганы 2 цоожийг эвдэж, лангууны доод талд байх шүүгээ дотор байсан цаасан хайрцагтай мөнгөний хайрцагнаас мөнгө алга болсон байсан... Нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан бэлэн мөнгөө бэлнээр нь хүлээн авсан мөн 4 хайрцаг тамхи авсан. Гадна хаалганы 1 цоож, дотор хаалганы 2 цоож нийт 3 ширхэг цоожийг хөрөнгө үнэлгээний гаргасан 4000 төгрөгөөр үнэлж 3 ширхэг цоожны үнэ 12000 төгрөг хүлээж авсан.” гэжээ. /хх-22-23/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өлгөө 09 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвд байрлах өөрийн Таван-Эрдэнэ нэртэй дэлгүүрт очиход дэлгүүрийн гадна талын цоожийг эвдэж ороод дотор талын нууц цоожийг хүн эвдээд дэлгүүр дотроос бэлэн мөнгө алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ. /хх-24-25/,

Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой 19 цаг 30 минутын үед Баяндалай сумын төвд байх Таван-Эрдэнэ нэртэй дэлгүүрээ цоожлоод гэр лүүгээ явсан юм. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 10 минутад дэлгүүр дээрээ ирэхэд дэлгүүрийн гадна талын 2 цоожийг эвдэж хүн орсон байдалтай цоожийг нь буцаагаад зүүсэн байсан. Тэгээд цааш яваад дэлгүүрийн дотор хаалгыг үзэхэд цоожийг эвдээд буцаагаад цоожилсон, нууц цоожийг эвдэж хүн орсон шинжтэй байсан. Тэгээд би хамгийн түрүүнд мөнгө байсан газраа үзсэн. Дэлгүүрийн лангууны доод талд шүүгээнд цаасан хайрцагт хийсэн мөнгө үзсэн би тэр хайцагт мөнгөө урд орой нь 20000, 10000, 5000 дэвсгэртийг нэг тасалгаанд 1000, 500-тын дэвсгэртийг нэг тасалгаанд, 100, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг нэг тасалгаанд хийсэн байсан юм. Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой ажлаа тараад явахдаа тэр тасалгаанд мөнгөө тоолж хийхэд 20000 дэвсгэрт 45 ширхэг 10000 төгрөг ширхэг 8 ширхэг 5000 төгрөг нэг ширхэг үлдсэн бусад мөнгөн дэвсгэртийг оролдоогүй байсан. Тэгээд би мөнгөө аваад тоолоод үзэхэд 10000 төгрөг, 5000 төгрөг нь бүрэн байсан 20000 төгрөгөөс 44 ширхэг дутаж байсан 1 ширхэг 20000 төгрөг үлдсэн байсан. Дэлгүүрээс өөр эд зүйл алга болоогүй байсан. Тэгээд манай нөхөр Баярцэнгэл цагдаад хэлнэ гээд явсан...” гэжээ /хх-26-27/,

Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Баяндалай сумын төвд байх Таван-Эрдэнэ дэлгүүрийн урд хааганд хувиараа дэлгүүр ажилуулдаг юм. Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой дэлгүүрээ 17 цагийн үед хаагаад гэр лүүгээ явсан. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутын үед дэлгүүртээ очиход манай эгч Цэенхорол манай дэлгүүрт хулгай орсон байна гээд нөхөр Баярцэнгэлийн хамт байж байсан. Манай дэлгүүр зүгээр байсан...” гэжээ. /хх-27-28/,

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ӨМ 20/20 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт “Parlament тамхи 2 ширхэг 9.400 төгрөг, LD club тамхи 2 ширхэг 5.600 төгрөг, Хятад цоож 1 ширхэг 12.000 төгрөг нийт 27.000  төгрөг ” гэжээ. /хх-35-36/,

Өсвөр насны шүүгдэгч Э.Б-ын хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-56/,

Өсвөр насны шүүгдэгч Э.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-57/,

Өсвөр насны шүүгдэгч Ц.А-ийн хууль ёсны төлөөлөгч Д.У-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-58/,

Өсвөр насны шүүгдэгч Ц.А-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-63/,

Сурагчийн хувийн хэрэг /хх-64-70/,

Өмнөговь аймаг Баяндалай сумын Төхөм багийн засаг даргын тодорхойлолт /хх-71/,

Сурагчийн хувийн хэрэг /хх-72-77/,

Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-81/,

Төрсний гэрчилгээний хуулбар /хх-82/,

Өсвөр насны шүүгдэгчийн зан төлөвийн тодорхойлолт /хх-83/,

Төрсний гэрчилгээний хуулбар  /хх-84/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шаглгах хуудас /хх-88/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-89/ зэрэг болно.

Өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18  дугаар бүлэгт заасан өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх журмын шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Ц.А, өсвөр насны шүүгдэгч Э.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багт байрлах “Таван-Эрдэнэ” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, бэлнээр 880.000 төгрөг, 4 ширхэг тамхи зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Д.Б-д 907.000 төгрөгийн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-24-25/, гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-26-27/, өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-47-49, 51-53/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.17 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны яллагдагч, шүүгдэгч гэж тодорхойлсон байх тул шүүгдэгч Ц.А нь 2003 оны 05 дугаар сарын 20-нд Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 8 сар 17 хоногтой байсан болох нь  иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-84/, суралцагчийн хувийн хэрэг /хх-63-70/ зэрэг,  

Шүүгдэгч Э.Б нь 2003 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 6 сар 13 хоногтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар /хх-57/, суралцагчийн хувийн хэрэг /хх-71-77/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч гэж үзэх үндэслэлтэй байна.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг,

Хууль бусаар авах гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг  тус тус ойлгоно гэж тайлбарласан. 

Өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нар нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багт байрлах” Таван-Эрдэнэ” нэртэй хүнс, барааны дэлгүүрээс бэлэн мөнгө, тамхи  авсан үйлдлийг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх хууль зүйн  үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нар нь амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилгоороо нэгдэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нар амар хялбар аргаар мөнгө олж гар утсаараа төлбөртэй тоглоом тоглохын тулд нүүрсэн дээр байсан алхыг цүнхэндээ хийж авч яваад өсвөр насны шүүгдэгч Э.Базар нь “Таван-Эрдэнэ” дэлгүүрийн хаалганы цоожийг алхаар эвдэн орсон нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алх зэргээр тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн тул шүүх өсвөр насны шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулан зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэснийг дурдаж цаашид хэргийн зүйлчлэлийг улсын яллагч анхаарах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нарын үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нарыг бүлэглэн бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нар нь анги хамт олондоо нэр хүндтэй, хичээлээс гадуурх зохион байгуулсан нийгмийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д алдагдсан эд зүйлүүдийг буцаан өгч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг тус тус харгалзан өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нарт ял оногдуулахыг тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нарын гэм бурууг ухамсарлуулах амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нарыг уг хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эцэг, эхийн санал хүсэлтийг харгалзан тус тус даалгаж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Б, Ц.А нар үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах, хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг өсвөр насны шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.  

Өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нарын хууль бус үйлдлийн улмаас 880.000 төгрөг, 4 ширхэг тамхи зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Д.Б-д 907.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол төлбөрийг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/-ээр тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Г.О, Д.У нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.О хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй төмөр алхыг буцаан авах тухай хүсэлтээ шүүхэд өгсөн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-д модон иштэй төмөр алхыг буцаан өгөхөөр шийдвэрлэв.  

Өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгчтэй холбогдох хэрэг тул шүүх хуралдааныг хаалттай явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.1, 18.2, 18.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Ц.А,  Э.Б нарыг бүлэглэн бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нарт ял оногдуулахыг тус тус тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эцэг, эхэд нь тус тус даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б, Ц.А нарыг зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг тус тус хүлээлгэсүэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  5, 6 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б, Ц.А нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, мөн хугацаанд  болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхийг  тус тус өсвөр насны шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
  6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б нь өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Г.О, Д.У нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй  болохыг дурдсугай.
  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй төмөр алхыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-д буцаан олгосугай.
  8. Өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нар бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, өсвөр насны шүүгдэгч Ц.А, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус  мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ