| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0053/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 52
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч С.Ц,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-т холбогдох 2028000000046 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эрэгтэй, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч С.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд Цогт-Овоо сумын Найз баг, сумаас баруун тийш 50 километрт Шар тээгийн урд Хонд гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Г-ийн бие эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Г-д эрүүл очсон байгаа. Тэгэхэд айлд очоод согтуу ирсэн гэж мэдүүлэг өгсөн байна. Өөр ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Цогт-Овоо сумаас баруун тийш 50 км-т Ханан гэдэг газар нөхөр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2020 оны 03-р сарын 05-ны өглөө гэрт байж байтал манай хүргэн Цмотоцикльтой 09 цагийн үед ирсэн. С.Ц манай малыг ялгалцаад зүүн тийшээ тэмээнд явж байна замаараа айлаар орно гээд манайхаас зүүн тийшээ явсан. Тэгээд манай нөхөр Баяа хөдөө тэмээ цугруулна гээд мотоцикльтой яваад өгсөн. Тэгээд би ганцаараа үлдэж гэрт ойр зуурын ажлаа хийж байтал Ц өдөр бага зэрэг согтуу буцаад айлд нэг шил архи уулаа гээд манайд ирсэн. Тэгээд Ц надаас архи байна уу гэхээр нь би байхгүй гэсэн. Тэгсэн Ц гараад мотоциклийн ганзаганаас 0.5 граммын ерөөл нэртэй архи оруулж ирээд уусан. Ц надад архи аягалж өгсөн. Гэхдээ би тэр архинаас нээх уугаагүй. Ц тэр архийг уугаад дуусгасан. Тэгээд Ц надаас ахиж архи нэхээд байсан. Тэгэхээр нь манайд 0.5 граммын Шар чингис нэртэй нэг шил архи гаргаж өгсөн. Ц нэлээд согтсон. Тэр үед Ц бид 2 гэрийн зүүн талд сууж байсан. Тэгсэн Цнамайг чи манай хүүг зөөлөн явж гэж хэлээүй. Муухай санаатай гээд миний баруун мөр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Ц-ыг агсан тавих нь гэж бодоод гэрээсээ гараад машинаараа хонь харах гээд гарсан. Тэгэхэд Ц гэрт үлдсэн. Тэгээд манай хонь 2 хэсэг байдаг болохоор төл хонио буцаачаад засмал замын урд талд сувай хонь байгаа хонио харчаад засмал замаас урагшаа хондонд айл байгаа байх гээд очиход айл буугаагүй байсан. Тэгээд хондоны хажууд зогсоод машин дотроо уйлаад байж байсан. Тэгсэн Ц гэнэт машины арын хаалгаар орж ирээд өвөр дотроосоо ундааны савтай архи гаргаж ирээд надад аягалсан. Тэгэхээр нь би тэр архинаас уугаагүй 2 удаа асгасан. Тэгсэн Ц намайг чи архи асгалаа гээд намайг зодож хэлэх хэлэхгүй үгээр хэлж хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би Ц-ыг машинаас буу гэхэд буухгүй байсан. Тэгээд би машинаа асаагаад жаахан яваад зогсоход Цнамайг мотоцикль дээр хүргэж өг гэхээр нь би түрүүн буу гэхэд буухгүй байсан одоо буугаад өөрөө алхаад явахгүй юу гэхэд Ц чи намайг явган явуулдаг хэн бэ гээд зодоод үснээс зулгаагаад татаад миний суудлын толгойн дэрний 2 нарийн төмөрний нэгээс нь үсийг минь уяад татаад байсан. Тэгэхээр нь Ц-ыг үс тавиач, яагаад намайг зодоод байгаа юм бэ гэхэд би чамайг ална 2 охинтой чинь ална гээд нүүр, толгой руу гараараа цохиод байсан. Суудлын араас болон хажуугаар нь хөлөөрөөр тийрч өшиглөөд байсан. Тэгээд би машинаас асаагаад уяатай үстэйгээ явж байтал засмал зам хөндлөн гарах гэж байхад замаа хараач гээд намайг урагш нь түлхэхэд миний толгойны оройн хэсгийн үс хуйгаараа мулзраад ирсэн. Тэгээд замдаа Ц намайг яасан их донсолгож явдаг юм, зөөлөн яв гэх мэтээр үглэж миний араас үснээс зулгааж явсаар толгой арагш татаатай байсан болохоор гэрийн гадаа жалга гатлахад зам харагдалгүй манай нэг хээлтэй ямааг бөгсөн хэсгээр машинаар дайраад гарсан. Тэгээд би гэрийн гадаа ирээд зогсож машинаасаа буугаад хорооны хойгуур Ц-с зугтаад гүйж орсон. Тэгээд би хорооны ард 20-30 минут орчим сууж байсан. Тэгээд нэлээд орой болж байхад гэрийн зүүн талаас мотоциклийн дуу гарахаар нь гараад нь очиход манай нөхөр Баяа ирсэн. Тэгээд би гэр рүү орсон. Тэгсэн Ц гэрт ирсэн гэрийн баруун хойно сууж байсан. Тэгээд манай нөхөр гэрт орчоод над руу нэг муухай харсанаа архи уусан юм гэсэн. Тэгэхээр нь би архи уусан гэж хэлсэн. Тэгсэн нөхөр гараад мотоциклиороо хонь руу явсан. Тэгээд би үхрийн хороо руу гараад явсан. Тэгэхэд Ц гэрт үлдсэн. Тэгээд удалгүй эргээд харахад Ц гэрээс урагш овоон дээр утсаар яриад алхаж байгаа харагдсан. Тэгээд нэг машинтай хүн эхнэр нь бололтой машиндаа суулгах гээд байгаа юм шиг харагдсан. Ц суухгүй байгаа харагдсан. Тэгээд удалгүй нөхөр ирж би гэртээ орсон. Түүнээс хойш Цяаж явсаныг би мэдээгүй. Тэгээд би гэртээ хэвтэж байсан чинь нэлээд аажуухан миний төрсөн дүү, Ц-ын эхнэр Г-г манайд ирсэн. Тэгээд Ц танайд архи уусан уу гэж Г асуусан тэгэхэд нөхөр Баяа тэгсэн юм байлгүй, би тэмээнд явж байгаад ирлээ гэсэн. Тэгсэн Г төд удалгүй гараад явсан. Тэгээд 2 хоногийн дараа нөхөр Баяа Ц руу утсаар залгаж дуудсан. Тэгээд удалгүй Ц ирсэн. Тэгээд нөхөр бид 2 аймаг явсан...” гэжээ /хх-12-13/,
2020 оны 03 дугаар сарын 16-ны 188 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: П.Г-ийн биед толгойн оройн үс халцарч унаж, хуйх хавдсан, духны баруун хэсэгийн хавдалт, баруун нүдний дээд доод зовхины хөхрөлт, тархины доргилт, хамрын таславчны зүүн тийш муруйлт, баруун гарын арын шалбаралт зэрэг гэмтлүүд учирсан байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. П.Г-ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-21/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-33/,
Хаан банкны төлбөр төлсөн баримт /хх-37/,
Хохирол төлбөр барагдуулсан бичиг /хх-38/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-39/,
Тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-41-42/,
Цогт-Овоо сумын Найз багийн засаг даргын тодорхойлолт /хх-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Цогтбаатарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ц-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч С.Ц-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд Цогт-Овоо сумын Найз баг, сумаас баруун тийш 50 километрт Шар тээгийн урд Хонд гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Г-ийн бие эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч П.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-12-13/, хохирогч П.Г-ийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогт-Овоо сумын хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан тэмдэглэл, гомдол /хх-4-5/, гэрч Б.Баяагийн “...орой 18 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр Гантуяагийн нүүр нь шалбарсан, баруун нүд хавдаж хөхөрсөн, үс нь зулгарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-17/, эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн үс, 2020 оны 03 дугаар сарын 16-ны 188 дугаартай шинжээчийн: П.Г-ийн биед толгойн оройн үс халцарч унаж, хуйх хавдсан, духны баруун хэсэгийн хавдалт, баруун нүдний дээд доод зовхины хөхрөлт, тархины доргилт, хамрын таславчны зүүн тийш муруйлт, баруун гарын арын шалбаралт зэрэг гэмтлүүд учирсан байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. П.Г-ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-21/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч С.Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч П.Г “...Ц мотоциклийн ганзагнаас 0,5 граммын Ерөөл нэртэй архи оруулж ирээд уусан...мөн манайд 0,5 граммын Шар Чингис нэртэй архи уусан...” гэх мэдүүлэг /хх-12-13/, шүүгдэгч С.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...би согтоод юу болсноо мэдээгүй...Г-д ямар гэмтэл учруулснаа санахгүй байна...” /хх-29-30/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ “ чи манай хүүг зөөлөн яв гэж хэлээгүй, муухай санаатай...” гэсэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч П.Г-ийн бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч С.Ц анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-33/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа учруулсан хохирлыг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-37/, нийт 490.000 төгрөг өгсөн талаарх тодорхойлолт /хх-38/, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг хохирогч П.Г-д шилжүүлсэн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-2-т зааснаар учруулсан хохирлыг төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч С.Ц нь 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 3 дугаар багт Хар цоо гэх газарт оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-39/, Тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-41-42/, Цогт-Овоо сумын Найз багийн засаг даргын тодорхойлолт /хх-43/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-33/ зэргээр тогтоогдсон.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Г мөрдөн байцаалтын шатанд “...С.Ц өмнө нь надад хохирол төлбөрт 490.000 төгрөг төлсөн. Нэмж хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх боловч шүүгдэгч С.Ц нь нэмж 1.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт төлж нийт 1.490.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт төлсөн байх тул шүүгдэгч С.Ц-ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч С.Ц-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч С.Ц-ын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч С.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Ц 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч С.Ц торгох биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ц өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Ц 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Ц хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Г-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.490.000 /нэг сая дөрвөн зуун ерин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч С.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ