Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 54

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин

Улсын яллагч Ц.Ариунжаргал

Хохирогч П.Г

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамаа овогт Энхбаярын Батжаргалд холбогдох эрүүгийн 2028000660049  дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага, механизмын засварчин, оосорлогч дохиочин мэргэжилтэй,

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 7 дугаар гудамжны 28 тоот хашааны гадна П.Г-тэй маргалдан баруун гарын шуу руу нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийн талаар нэмж мэдүүлэг өгөхгүй. ...Би П.Г-ийн гар руу өшиглөсөн нь үнэн. Тийм учраас Г-ийг гараа эмчлүүлэхэд нь зориулж 850.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Энэ мөнгийг ямаагаа самнаад 7 хоногийн хугацаанд төлөхийг зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч П.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Надад нэг их ярих зүйл байхгүй. Нэг нутгийн хүн бас найз нөхөд учир гомдол байхгүй. Гарыг минь эмчлүүлэх мөнгийг өгнө гэсэн. Одоогоор өгөөгүй байгаа. Батжаргал надад гар эмчлүүлэхэд зориулж 850.000 төгрөгийг төлөхөөр хоорондоо тохиролцсон” гэв.

Хохирогч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед манай найз Пүрэвсүрэн миний утас руу залгаад Б чамайг манай гэрээс 2 мөнгөн аяга аваад гарсныг харсан гэж байна, манайд хүрээд ир гэсэн. Би гэрээсээ гараад тэдний хашааных нь үүдэнд очиход Б хашаагаа налаад гадна талд нь сууж байсан. Би Б дээр очоод юун аяга авсан талаар асуухад намайг чи муу янхан, гичий авсан биз дээ гээд дайрахад эхнэр Пүрэвсүрэн дундуур орж салгасан. Тэгэхээр нь би цагдаагаар шалгуулъя гээд цагдаа дуудахад Б зугтахыг завдсан. Би явуулахгүйн тулд гадуур хүрэмнийх нь захнаас барьсан. Гэтэл миний баруун гарын шуу руу хөлөөрөө өшиглөж гар тавиулаад цааш явсан. Тэгэхээр нь би Пүрэвсүрэнгийн хамт араас нь явж байтал цагдаагийн машин ирсэн. ...Б нилээн согтуу байсан. ...Надад гомдол санал гэх юм алга, найз нөхдийн холбоотой сайхан найзалж байсан болохоор би энэ хүнийг бодож байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 13-14-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 165 тоот дүгнэлтэд:                                                                  

1. П.Г-ийн баруун гарын шуунд зөөлөн эдийн няцралт үүссэн гэмтэлтэй байна.  

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. П.Г-ийн биед учирсан гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. П.Г-ийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 19-р хуудас/

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр найзынхаа гэрт 2 пиво уучихаад гэртээ очсон юм. Тэгж байтал манай эхнэр гэрт байсан 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байна гэж намайг загнаад байхаар нь би танай найз Ганчимэг авчихсан юм байгаа биз гээд хэлчихсэн чинь эхнэр Г-ийг дуудаж ирээд хэлсэн. Тэгтэл Г намайг загнаад элдвээр хэлж хувцаснаас зууралдаад байхаар нь би гэрээс гараад зугтаасан чинь араас туулгаж байгаад гудамжинд намайг барьж аваад толгой нүүр лүү алгадаад байсан. Тэгээд куртикнээс зуураад тавихгүй байхаар нь би гарыг нь өшиглөсөн юм” гэжээ. /хх-ийн 28-р хуудас/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/

П.Г-ийн амбулаториор эмчлүүлэгчийн картны хуулбар /хх-ийн 24-р хуудас/

Э.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 33-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/

Мал, тэжээвэр амьтад хашаа, худгийн 2019 оны тооллогын баримт /хх-ийн 35-38-р хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 7 дугаар гудамжны 28 тоот хашааны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Г-тэй маргалдан, улмаар түүний баруун гарын бугуй руу өшиглөж, гарын шуунд нь зөөлөн эдийн няцралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Г миний куртикнээс зуураад тавихгүй байхаар нь би гарыг нь өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийн давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч П.Г-ийн “...Би явуулахгүй гэж гадуур хүрэмнийх нь захнаас барьж байхад Батжаргал миний баруун гарын шуу руу хөлөөрөө өшиглөж тавиулаад цааш явсан…” гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 165 тоот дүгнэлт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, хохирогч П.Г-ийн амбулаториор эмчлүүлэгчийн картны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Э.Б-ын үйлдлийн улмаас хохирогч П.Г-ийн баруун гарын шуунд зөөлөн эдийн няцралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 165 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

 Шүүгдэгч Э.Б холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Энхбаярын Батжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Энхбаярын Э.Б-ыг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд  шүүхээс шүүгдэгч Э.Б-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Э.Б-ын үйлдлийн улмаас хохирогч П.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Э.Батжаргал нь хохирогч П.Г-ийн баруун гарын шуунд учирсан гэмтлийг эмчлүүлэх зардалд 850.000 төгрөгийг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс хойш 7 хоногийн дотор П.Г-т төлөхөөр харилцан тохиролцсон талаар шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нар мэдүүлсэн. Ийм учраас шүүгдэгч Э.Б-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзээд  тогтоосон хугацаанд эмчилгээний зардал 850.000 төгрөгийг хохирогчид төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Пүрэвийн Ганчимэгт олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын  хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шүүгдэгч Э.Б хохирогч П.Г-т эмчилгээний зардалд 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг долоо хоногийн хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч илэрхийлж байх бөгөөд тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Удамж овогт П.Г-т /РД: КЛ 81042604/-т олгохоор тогтоосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ПАГМА