Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 90

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Нид холбогдох 2030001030119 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн мал ахуй эрхлэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, М.Н,
 
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 18-ны шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд өөрийн эхнэр Ц.Уг зодож эрүүл мэндэд нь “нүүрэнд, хацарт, хамарт болон хүзүүнд цус хуралт, дээд уруулд няцралт, цээжинд зулгаралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020.02.18-ны орой эхнэр Ц.У төрсөн өдрөө тэмдэглээд ажлын газрын хүмүүстэйгээ хамт явж байсан. Би тэр өдөр 17 цагийн үед хөдөөнөөс орж ирээд эхнэр рүүгээ ярихад манай ажлын газрынхан миний төрсөн өдрийг тэмдэглэж байна гэж хэлсэн. Шатахуун түгээх станцийн хажууд явж байхад нь би тэд нартай таарсан. Тэгээд машинаа тавьчхаад хамт явах уу гэхээр нь би машинаа жолоочийнх нь хашаанд тавиад хамт яваад архи уусан. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо маргалдаад, би эхнэрээ алгадсан. Миний буруу. Эхнэртэйгээ эвлэрсэн...гэв.

- Яллагдагч М.Нийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2020 оны 02 дугаар сарын 18-ний 09 цагийн үед өөрийн эзэмшлийн 08-22 сүэ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Ширээ уул гэх газар руу хөрзөн авч ирэхээр ганцаараа явсан юм.Тэгээд их цастай, цасан суугаад байхаар нь буцаад Мөнххаан сум руу 16 цагт ирсэн. Тэгээд сумын төвийн дэлгүүрээс идэх юм аваад гэр рүүгээ явж байхад манай эхнэр Ц.У ажил тарсан гээд сумын Эрүүл мэндийн төвийн гадна талд зогсож байсан. Манай эхнэр Ц.Утай  хамт Эрүүл мэндийн төвийн бага эмч Ч, жолооч Б, нягтлан бодогч А нарын хамт байсан. Ц.У манай ажлын энэ хүмүүс надаар гэртээ буулгуулна  гээд байна, би ажлын хүмүүсийг гэрт нь буулгаж өгөөд гэртээ очлоо гэхээр за за би дэлгүүрээс идэх юм аваад гэр рүүгээ явж байя гэж хэлээд би гэр рүүгээ явсан. Би гэртээ ээж, хүү нартайгаа хамт ундаа уугаад байж байхад цаг 19 цаг болж байхаар нь би Ц.У руу залгахад манай эхнэр Ц.У архи уусан байдалтай, би айлд байна,  байж бай гээд утсаа тасалсан. Тэгээд би 21 цагийн үед эхнэр Ц.У руу 8 удаа залгахад утсаа аваагүй. Мөнх-Ойл шатахуун түгээх станцын хажууд зогсож байхад Ц.У нь өөрийн эзэмшлийн 17-18 сүэ улсын дугаартай ниссан экстрал маркийн тээврийн хэрэгсэлтэй миний хажуугаар ертөнцийн зүгээр хойш нь явахаар би араас нь очиж уулзахад сумын эрүүл мэндийн төвийн жолооч Б машиныг нь барьж явж байсан. Тэгээд би чи харих болоогүй юм уу гэхэд манай эхнэр Ц.У би ажлынхаа хэдтэй төрсөн өдрөө тэмдэглэж байна гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэрийн ажлын бага эмч Ч болон манай эхнэрийн машин дотор байсан хүмүүс намайг чи машинаа нэг газар үлдээчих хэдүүлээ хамт явъя гэхээр нь би өөрийн машинаа эрүүл мэндийн төвийн жолооч Б гэх хүний хашаанд орхиод эхнэр Ц.Угийн машинд суусан. Ингээд Б нь гэртээ буугаад үлдэхээр нь би эхнэрийн машиныг барьсан. Сумын хойд талд байх  ногооны Анхбаяр гэх хүний хашааны тэр хавьд машинтай очиж зогсоод дэлгүүрээс авсан нэг шил архиа Ч, А, Адъяасүрэн болон манай эхнэр Ц.У бид тав хувааж уусан. Тэгээд тухайн зогсож байсан газраас машинтайгаа хөдлөөд Адъяасүрэн гэх хүнийг, дараа нь А гэх хүнийг гэрт буулгаж өгөхөд Ч нь Атэй хамт гэр рүү нь орсон. Тэгээд би машин дотор эхнэр Ц.Утай хамт үлдсэн юм.  Тэгтэл  Ц.У нь чи машинаас буугаад явган яв гэхээр би 2-лаа хамт явъя гэж хэлэхэд чи буугаад яваа гэхээр нь би машин дотор ууж байгаад үлдсэн нэг шил архины талаас доогуур байхаар нь ганцаараа уугаад байж байхад манай эхнэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нэг удаа нүүрэн хэсэгт алгадсан.  Ц.У нь миний хүзүү болон нүүрэн хэсэгт гараараа маажаад хашхираад, тийчгэнээд байхаар нь би татах гэж байгаад гараараа санаандгүй уруул хэсэгт нь гараараа нэг удаа нидэрсэн. Би Ундармаагийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

- Хохирогч Ц.Угийн: 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдөр манай ажлын А, Ч, Б нар миний төрсөн өдрийг тэмдэглэж өгнө гэхээр би өөрийн эзэмшлийн 17-18 сүэ улсын дугаартай Ниссан Экстрал маркийн машинтайгаа ажлын гадаа байж байхад манай нөхөр М.Н ирээд чи харих болоогүй юм уу? гэхээр нь би ажлын ах нарыг буулгаж өгөөд очноо гэж хэлсэн. Тэгээд 21 цагийн үед Мөнххаан сумын 4 дүгээр баг буюу сумын төвд байх үйл ажиллагаа явуулдаг Мөнх-Ойл шатахуун түгээх станцын тэр хавьд явж байхад манай нөхөр М.Н нь өөрийн 02-22 сүа улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ миний машины хажуугаар ирж зогсоход манай ажлын А, Ч, Б нар манай нөхрийг суучих машинаа Б ахынхаа хашаанд оруулаад тавьчих гэж хэлээд Б ахын хашаанд М.Н нь өөрийн 02-22 сүа улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг оруулж тавихад манай ажлын газрын жолооч Б гэх хүн би гэртээ үлдлээ гээд буугаад явсан. Харин миний машиныг манай нөхөр М.Н жолоодоод Мөнххаан сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Гал түшиг” гэх дэлгүүрийн үүдэн зогсоход манай ажлын газрын А гэх дэлгүүр рүү орж нэг шил архи авч гарч ирсэн.  М.Н, Ч, А бид хэд Мөнххаан сумын хойд талд байх худгийн хажуу талд очиж зогсоод дэлгүүрээс авсан нэг шил архинаасаа бүгд ганц хоёр татаад  байж байхад А, Ч гэх хоёр хүн одоо явлаа гэхээр нь манай нөхөр  бид хоёр А, Ч хоёрыг Мөнххаан сумын Банзар толгойн ар талд байх А ахыг хүргэж өгөхөд Ч, А хоёр буугаад явсан. Машин дотор Намжилдорж бид хоёр үлдсэн, гэтэл Намжилдорж  миний толгойтой үснээс зулгаагаад миний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би машинаас буугаад хашааны буланд байж байхад М.Н нь дахин ирж намайг машины руу чирч суулгаад миний цээжний хэсэгт дахин 2-3 удаа цохисон. Надад гаргах гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-05-06 хуудас/,

- Гэрч Т.Хгийн: Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр А, Ч нар гэрт орж ирсэн. Би гэрээсээ гарч гадаа юм тавих гээд гарахад манай хашааны үүдэнд эмэгтэй хүн хашхирахаар нь би юу болж байгаа юм бол гээд хүү Зоригийн хамт очоод хашааны хаалга онгойлгоод харахад Ц.У эмч зүрхээ цохиод бие өвдөөд байна хашхираад байсан. Харин Ц.У эмчийн нөхөр нь машиныхаа жолооны ард талд суугаараа унтаж байсан.  Ц.У эмч надад утсаа өгөөд та энэ хүн рүү залгаад дуудаад өгөөч гэхээр нь би Ц.У эмчийн гар утсыг авч дуудаад өг гэсэн хүний дуудахад цагаан машинтай нэг хүн ирээд байж байхад би гэр рүүгээ ороод явсан. Биеэ өвдөөд байна түргэн дуудаад өгөөч гэж байсан...гэх мэдүүлэг/хх-12-13 хуудас/,

-Гэрч Н.Аийн: Манай ажлын их эмч Ц.Угийн төрсөн өдөр 02 дугаар сарын 17-ний өдөр болсон байсан. Тэгээд тухайн үед төрсөн өдрийн тэмдэглэж чадаагүй юм.  2020 оны 02 дугаар сарын 18-ний орой 17 цагийн үед ажил тараад ажлынхаа Б, Ч, Ц.У бид нар Ц.Угийн төрсөн өдрийн тэмдэглэх гээд түүний машинтай ажлын гаднаас хөдлөөд явсан юм. Б архи уухгүй гэхээр нь Ц.Угийн машиныг Баар бариулсан юм. Б бид хоёр ажил тарахаас өмнө дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Экс нэртэй архи болон төрсөн өдрийн бэлэг гээд ганц хоёр зүйл авсан байсан юм.Тэгээд Ц.Угийн машинтай хөдлөх гээд байж байхад Ц.Угийн нөхөр Намжилдорж ирээд Ц.Утай уулзаж байсан. Удалгүй Ц.У машинд орж ирээд би нөхөртөө 3-н ахыг буулгаж өгөөд ирье гээд хэлчихлээ гэхээр бид хэд Ц.Угийн машинтай Мөнххаан сумын 4 дүгээр баг Банзар толгойн хойд талд очоод дэлгүүрээс авсан нэг шил архийг Ц.У, Ч бид гурав хувааж уусан юм. Дэлгүүрээс дахин юм авахаар хөдлөөд Мөнх-Ойл шатахуун түгээх станцын хойд талд явж байхад Ц.Угийн нөхөр Намжилдоржтой таарсан юм. Ц.У, Ч, Намжилдорж бид дөрөв Мөнххаан сумын ертөнцийн зүгээр баруун хойд талд машинтайгаа очиж зогсоод  авсан нэг шил архиа задлаад машинд явж байсан бүх хүмүүс нэг, нэг хундага татсан.Тэгээд би ах нь  гэртээ харилаа, чи хүргээд өгөө гэхэд Намжилдорж нь эхнэр Ц.Угийн машиныг бариад манай гэрийн гадаа очиход би Ц.Угийн машинаас буугаад гэр рүүгээ орсон.Өөр ямар зүйл болсон талаар сайн мэдэхгүй байна.  Би согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан”  гэх мэдүүлэг/хх-14-15 хуудас/,

-Гэрч Г.Хын: Би 2020 оны 02 дугаар сарын 18-ний орой 17 цагийн үед манай найз М.Нийн эхнэр Ц.У над руу залгаад найз нь төрсөн өдөр тэмдэглэж байна,  би чамайг дуудахаар чи ирээд миний машиныг барьчхаарай гэхээр нь би за гээд утсаа тасалсан юм.Тэгээд би шөнийн 23 цагийн үед айлд байгаад найз М.Н болон түүний эхнэр Ц.У хоёр  руу залгаад байхад утсаа авахгүй байсан. 20-30 минутын дараа Ц.У руу залгахад Ц.У утсаа авахаар би Мөнххаан сумын 4 дүгээр баг сумын төвд байх Банзарын ард талд гудманд байхаар очсон юм. Би Ц.Угийн машиныг бариад гэрт нь хүргэж өгсөн. Намайг Ц.Угийн байгаа газар очиход манай найз М.Н нь хамт байсан. Ц.Угийн дотуур цамц нь урагдсан,мөн уруул, хацар зэрэг нь хавдсан байсан “ гэх мэдүүлэг /хх-10-11 /,

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эрүүл мэндийн төвийн их эмч Б.Энхмаагийн Эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 24/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 116 дугаартай: 1. Ц.Угийн биед нүүрэнд хацарт, хамарт болон хүзүүнд цус хуралт, дээд уруулд няцралт, цээжинд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-20 /,

-    М.Нийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 40/

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай тодорхойлолт/хх- 38/

- Шүүгдэгч М.Нийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 39/

- Хохирогч Ц.Уд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-43 хуудас/,  

- М.Нид Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-44 хуудас/,  

- Шүүгдэгч М.Нийн Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай “ хүсэлт/хх-48 хуудас/,  
     
     - Ялын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 42 дугаартай санал/хх- 50/

-    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-36-37/ зэрэг болно.


Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Н нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төв 4 дүгээр багийн Банзарын ард талд гудамжинд машиндаа гэр бүлийн асуудал, маргааны улмаас эхнэр Ц.Уг зодож эрүүл мэндэд нь “нүүрэнд, хацарт, хамарт болон хүзүүнд цус хуралт, дээд уруулд няцралт, цээжинд зулгаралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  
түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “ 2020.02.18-ны орой эхнэр Ц.У төрсөн өдрөө тэмдэглээд ажлын газрын хүмүүстэйгээ хамт явж байсан. Би тэр өдөр 17 цагийн үед хөдөөнөөс орж ирээд эхнэр рүүгээ ярихад манай ажлын газрынхан миний төрсөн өдрийг тэмдэглэж байна гэж хэлсэн. Шатахуун түгээх станцын хажууд явж байхад нь би тэд нартай таарсан. Тэгээд машинаа тавьчхаад хамт явах уу гэхээр нь би машинаа жолоочийнх нь хашаанд тавиад хамт яваад архи уусан. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо маргалдаад, би эхнэрээ алгадсан. Миний буруу. Эхнэртэйгээ эвлэрсэн” гэх,
хохирогч Ц.Угийн “ Машин дотор Намжилдорж бид хоёр үлдсэн, гэтэл Намжилдорж  миний толгойтой үснээс зулгаагаад миний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь  би машинаас буугаад хашааны буланд байж байхад М.Н нь дахин ирж намайг машины руу чирч суулгаад миний цээжний хэсэгт дахин 2-3 удаа цохисон....” гэх,
гэрч Т.Хгийн “ Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр А, Ч нар гэрт орж ирсэн.  Тэгээд би гэрээсээ гарч гадаа юм тавих гээд гарахад манай хашааны үүдэнд эмэгтэй хүн хашхирахаар нь би юу болж байгаа юм бол гээд хүү Зоригийн хамт очоод  хашааны хаалга онгойлгоод харахад их эмч Ц.У эмч зүрхээ цохиод биеэ өвдөөд байна хашхираад байсан.Харин Ц.У эмчийн нөхөр нь машиныхаа жолооны ард талд суугаагаараа унтаж байсан. Ц.У эмч надад утсаа өгөөд та энэ хүн рүү залгаад дуудаад өгөөч гэхээр нь би Ц.У эмчийн гар утсыг авч дуудаад өг гэсэн хүний дуудахад цагаан машинтай нэг хүн ирээд байж байхад би гэр рүүгээ ороод явсан.” гэх
гэрч Н.Аийн  “2020 оны 02 дугаар сарын 18-ны орой 17 цагийн үед ажил тарахаар нь манай ажлын их эмч Ц.Угийн төрсөн өдрийн тэмдэглэх гээд ажлынхаа Б, Ч, Ц.У бид дөрөв Ц.Угийн машинтай ажлын гаднаас хөдлөөд явсан юм. Бид машинтай хөдлөх гээд байж байхад Ц.Угийн нөхөр Намжилдорж ирээд Ц.Утай уулзаж байсан. Дэлгүүрээс дахин юм авахаар хөдлөөд явж байхад Мөнх-Ойл шатахуун түгээх станцын хойд талд явж байхад Ц.Угийн нөхөр Намжилдоржтой таарсан юм. Ц.У, Ч, Намжилдорж бид дөрөв Мөнххаан сумын баруун хойд талд машинтайгаа очиж зогсоод авсан нэг шил архиа задлаад машинд явж байсан бүх хүмүүс нэг, нэг хундага татсан. Би ах нь  гэртээ харилаа, чи хүргээд өг гэхэд Намжилдорж нь эхнэр Ц.Угийн машиныг бариад гэрийн гадаа очиход би гэр рүүгээ орсон.Өөр ямар зүйл болсон талаар сайн мэдэхгүй байна ”  гэх
гэрч Г.Хын  “ Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой 17 цагийн үед манай найз М.Нийн эхнэр Ц.У над  руу залгаад найз нь төрсөн өдөр тэмдэглэж байна, би чамайг дуудахаар чи ирээд миний машиныг барьчхаарай гэхээр нь би за гэсэн. Би 23 цагийн үед найз М.Н болон түүний эхнэр Ц.У хоёр руу залгаад байхад утсаа авахгүй байсан. Тэгээд 20-30 минутын дараа залгахад Ц.У утсаа авахаар нь би Мөнххаан сумын 4 дүгээр багийн Банзарын ард талын гудамжинд байхаар очсон. Намайг очиход манай найз М.Н нь хамт байсан.  Ц.Угийн дотуур цамц нь урагдсан,уруул, хацар зэрэг нь хавдсан байсан “ гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эрүүл мэндийн төвийн их эмч Б.Энхмаагийн эмнэлгийн тодорхойлолт,
шинжээчийн 116 дугаартай “1. Ц.Угийн биед нүүрэнд хацарт, хамарт болон хүзүүнд цус хуралт, дээд уруулд няцралт, цээжинд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Хэргийн дээрх баримтаар М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Утай гэр бүлийн асуудлаас маргаан үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газар болон цээжин тус газарт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ гэр бүлийн маргаанаас үүдэн хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
    
Шүүгдэгч М.Нийн, хохирогч Ц.Уг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

М.Нийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Угийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс “ Надад гаргах гомдол санал байхгүй ” гэж хэрэгт мэдүүлжээ.  
Иймд шүүгдэгч М.Нийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

М.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Прокуророос М.Нид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч М.Нийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй гэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.  

Иймд М.Нид холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

    
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шатанд ялтан М.Нид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

4. Ялтан М.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.У гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН