| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0071/э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 70
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Шд холбогдох 2030000490076 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, хүүгийн хамт Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 8 дугаар баг Д гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Б.Ш.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг Д гэх газарт байх өөрийн гэртээ бусадтай архи уух явцдаа хохирогч А.Быг зодож, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн урд хэсэгт, баруун нүдний гадна буланд зүүн чихний дэлбэнгийн дээд ирмэгт, гэдэс хэсэгт, баруун шанаанд, баруун чихний дэлбэнгийн гэдэс хэсэг язарсан шарх, духны зүүн дээд хэсэгт, баруун хөмсөгний дээд хэсэгт, хамарт, баруун хацарт, баруун шанаанд, зүүн хацарт, зүүн шанаанд, эрүүний зүүн доод буланд, баруун бөөр орчим цус хуралтууд бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2030000490076 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Ш мөрдөн байцаалтанд өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн орчим А.Ба эхнэр Хэрээхүүхэн, Э гэх эмэгтэй Чука нар манайд хоёр шил архитай ирж бид нар хувааж ууцгаасан. Тэгээд архи нь 20 цаг өнгөрөөж дуусаад буцаж аймаг руу явж 3 шил архи авчирч тэрийгээ хувааж ууж дуусгахад шөнийн 3 цаг өнгөрч байсан бөгөөд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Тэгээд бүгд унтаж амрах гээд бүгд орондоо орж байхад миний хамтран амьдрагч Ц.Г намайг Чука гэх хүний хажууд унт гээд байсан. Юу яриад байгаа юм гэж Гтой маргалдаж муудсан. Гэтэл хажууд байсан А.Ба, Хэрээхүүхэн хоёр Г тэгж хэлээгүй гээд над руу дайрч хэрүүл болсон бөгөөд А.Ба нь намайг орон дээр дарж гарч суухаар нь би зүүн гарын шуу хэсгээс нь хазтал миний зүүн талын хацар шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Үүнээс болж би нүүрийг нь маажсан. Тэгээд босож шургуулганд байсан отверканы ишээр буюу бариул хэсгээр А.Бын зүүн чих орчимд цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
Хохирогч А.Бын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой эхнэр Хэрээхүүхэн, найз Э түүний охин Долгоржав мөн таксины жолооч Чука /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нарын хамт орой 17-18 цагийн үед Д гэх газарт нутаглах Б.Шгийн гэр рүү очсон юм. Тэнд 2 шил архи уугаад буцаад аймаг орж 3 шил архи авч бүгдээрээ хувааж ууцгаасан. Сүүлийн нэг шил архиа ууж байхад Шижиртуяагийн хамтран амьдрагч Г, Чука хоёр унтаад өгсөн. Тухайн үед шөнийн 04-05 цаг болж байсан. Гэтэл Б.Ш нь гэнэт уурлаж Этай маргалдаж муудаад манай эхнэр Хэрээхүүхэн рүү дайраад байхаар нь би дундуур нь орж хорьж байгаад дээр нь гарч суусан юм. Гэтэл Б.Ш нь миний зүүн гарын шуун дээрээс хазахаар нь би цохитол миний нүүрийг Б.Ш нь маажсан. Тэгээд би Б.Шгийн дээрээс бостол отверка аваад хүн хүн рүү дайрч байгаад миний чих, толгой орчим хэсэгт хатгаж урсан. Юунаас болсон талаар би хэлж мэдэхгүй байна. Гэнэт л муудаад эхэлсэн. Тухайн үед согтуу байсан ч гэсэн болж өнгөрсөн асуудлын талаар санаж байгаа. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05-р хуудас/,
Гэрч Б.Хий мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн орчим нөхөр А.Ба, найз Э, түүний охин Долгор мөн таксины жолооч /Чука/ гэж дууддаг хүнтэй хамт хуучин өвөлжөө буюу “Д” гэх газарт нутаглах Б.Шгийн гэрээр очсон бөгөөд Шижиртуяа нь хамтран амьдрагч Гийн хамт байсан. Бид нар 2 шил архи хувааж уугаад дараа нь буцаж аймаг орж 4 шил архи авчирч тэрийгээ хувааж ууцгаасан юм. Гэтэл Г, Чука хоёр эрт унтаад өгсөн бөгөөд гэнэт Б.Ш нь Г гэгчийг загнаж Эын охинтой янхандах гэлээ гээд байсан. Тэгээд Этай маргалдаж муудаад байхаар нь болиулах гэтэл мөн над руу дайраад байсан. Ингээд манай нөхөр намайг болон Эыг хамгаалах гэж Б.Шг орон дээр дарж дээр нь гарч суусан юм. Гэтэл Б.Ш нь А.Бын гарын шууг хазаж нүүрийг нь маажсан. Тэгээд манай нөхөр А.Ба бостол отверка авч дайраад А.Бын чих толгойг нь урсан. Эын охин Долгоржав гэх сэтгэцийн өвчтэй хүүхэдтэй Гийг хардаж маргалдаад байсан. Тухайн үед бол Г нь архиндаа согтоод тасарсан байсан. Б.Ш нь бид нарт ор засаж өгөөд гайгүй байсан юм. Гэнэт л уурлаад эхэлсэн. А.Ба нь согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/,
Гэрч Е.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би найзууд болох А.Ба, Хэрээхүүхэн нарын хамт Д гэх газарт очсон бөгөөд эхлээд бид нар 2 шил хувааж уусан бөгөөд дараа нь дахиж аймаг орж 3 шил архи авч тэрийгээ мөн хувааж уусан. Архиа ууж байтал Шижиртуяагийн нөхөр Г, жолооч Чука /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нар 00 цагийн орчим унтаад өгсөн. Бид нар 03 цагийн үед унтах гээд Шижиртуяа ор засаж өгсөн юм. Гэнэт Шижиртуяа муу янхан гээд намайг архины шилээр цохиж бид нарыг хөөж эхэлсэн. Гэтэл А.Ба намайг өмөөрч бостол та нарт хамаагүй гээд агсам согтуу тавьж эхэлсэн. А.Ба нь Шижиртуяаг орон дээр дарсан бөгөөд Шижиртуяа нь тухайн үед хазсан байна лээ. Тэгэхдээ би яг хазах үеийг нь бол хараагүй. Тэгээд А.Быг маажаад отверка авч хүн хүн рүү дайраад байсан. Бид хоёр хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй. Гэнэт л Шижиртуяа нь ирээд архины шилээр миний шуу руу цохисон. Ямар учраас ингэж байгаа талаар мэдэхгүй байна. Тухайн үедээ бага зэрэг хөндүүр байсан. Одоо зүгээр болсон. Ногоон иштэй, цэцгэн толгойтой отверка байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 92 дугаартай: “1. А.Бын зүүн чамархайн урд хэсэгт, баруун нүдний гадна буланд зүүн чихний дэлбэнгийн дээд ирмэгт, гэдэс хэсэгт, баруун шанаанд, баруун чихний дэлбэнгийн гэдэс хэсэг язарсан шарх, духны зүүн дээд хэсэгт, баруун хөмсөгний дээд хэсэгт, хамарт, баруун хацарт, баруун шанаанд, зүүн хацарт, зүүн шанаанд, эрүүний зүүн доод буланд, баруун бөөр орчим цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 3. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 12-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын Б.Шгийн ам бүл, оршин суугаа газрын талаарх тодорхойлолт /хх-ийн 24-р хуудас/
- Шүүгдэгч Б.Шгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 27-р хуудас/
-Хохирогч А.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 38-р хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 28 дугаартай санал /хх-ийн 40-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг Д гэх газарт гэртээ архидан согтуурч хохирогч А.Быг зодож, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн урд хэсэгт, баруун нүдний гадна буланд зүүн чихний дэлбэнгийн дээд ирмэгт, гэдэс хэсэгт, баруун шанаанд, баруун чихний дэлбэнгийн гэдэс хэсэг язарсан шарх, духны зүүн дээд хэсэгт, баруун хөмсөгний дээд хэсэгт, хамарт, баруун хацарт, баруун шанаанд, зүүн хацарт, зүүн шанаанд, эрүүний зүүн доод буланд, баруун бөөр орчим цус хуралтууд бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Шгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч А.Ба, гэрч Б.Х, Е.Э нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 92 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Шд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Шгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Шгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Шгийн учруулсан хөнгөн гэмтэл бүхий хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Шд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Ба гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Шд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Б.Ш энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Ба гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА